Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2020/00724

 

И.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00951 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1180 дугаар магадлалтай,

И.Т-ын нэхэмжлэлтэй,

МД ХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 88.695.484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...И.Т-, Г.Б- нар нь 2017 оны 9 сарын 07-ны өдөр МД ХК-тай Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар тохирсон. Даатгуулагч Г.Б- нь 2018 оны 6 сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд Г.Б-ын эхнэрийн хувьд И.Т- би 2018 оны 9 сарын 25-ны өдөр МД ХК-д хандаж Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр авах тухай хүсэлт гаргасан. Гэтэл МД ХК-аас 2018 оны 9 сарын 25-ны өдөр 18/2827 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Улмаар даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг гаргуулж өгөхийг хүсэж Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 9/533 дугаартай албан бичгээр үндсэн, эсхүл хамтран зээлдэгчид даатгалын тохиолдол учирсан нөхцөлд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг аль нэгд нь 100 хувиар тооцож олгогдохоор байна. Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл үүссэн эсэхэд талууд маргаж байх тул шүүхийн байгууллагад хандаж тогтоолгох нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. Нөхөр Г.Б- нь өвчний улмаас нас барсан бөгөөд даатгалын нөхөн төлбөр авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул даатгалын нөхөн төлбөр 88.695.484 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч МД ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан тайлбарт: ...Зээлдэгчийн гэнэтийн ослын №1603010996 тоот даатгалын гэрээний даатгуулагч И.Т-аас ирүүлсэн 2018 оны 8 сарын 16-ны өдрийн нөхөн төлбөр олгуулахыг хүссэн хүсэлт, түүнд холбогдох материалуудыг судлан үзэхэд даатгуулагч И.Т-ын нөхөр хамтран зээлдэгч Г.Б- нь 2018 оны 6 сарын 18-ны өдөр 09:40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 10 дугаар байр 125 тоотод өөрийн гэртээ усанд орж байгаад зүрхний архаг ишмет өвчний улмаас нас барсан байсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 сарын 06-ны өдрийн 210 тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3.8.1-д Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсан бол зээлийн үлдэгдэл дүн гэж заасан, Даатгалын гэрээний 8-д Гэнэт ослын даатгалын хамгаалалт түүний Нөхөн төлбөр хэсэг даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож төлнө. Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнд тусгасан үүргийн хувиар тооцно гэх заалтыг тус үндэслэн нөхөн төлбөрийн тооцооллыг гаргана. Харин нас барсан хамтран зээлдэгч Г.Б-ын зээл хариуцах хувь 0% буюу Голомт банкны орон сууцны зээлийн хурлын шийдвэр, өрхийн орлогын мэдээлэл хэсэгт зээлдэгч И.Т- нь өөрийн орлогын хэмжээг 2.251.638 төгрөгөөр нотолж тус зээлийг 100% дангаараа хариуцахаар тогтоосон байх бөгөөд 2018 оны 9 сарын 07-ны өдрийн Голомт банкны №04/184 тоот зээлдэгчид олгогдох даатгалын нөхөн төлбөрийн хувийг тодруулах тухай албан бичигт үндсэн зээлдэгч Иванов овогтой Туул 100%, хамтран зээлдэгч Гомбосүрэн овогтой Болдбаатар 0% гэж тодорхойлсны дагуу нас барсан зээлдэгч Г.Б-т оногдох нөхөн төлбөрийн хувь 0% байх тул Даатгалын компани нөхөн төлбөр хариуцах үүрэггүй болно. Мөн БЗД-ийн Прокурорын 2018 оны 6 сарын 28-ны өдрийн 2227 тоот тогтоолд Г.Б- нь зүрхний архаг ишмет өвчний улмаас эмчийн байнгын хяналтад байж байгаад гэртээ нас барсан гэж тогтоосон байх тул Даатгалын гэрээний 8 дугаар хэсгийн нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 7 дугаар зүйлд Архаг хууч өвчний улмаас үүдэх хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн байна. Иймд даатгалын гэрээний 8 гэнэт ослын даатгалын хамгаалалт түүний нөхөн төлбөр хэсэг даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож төлнө. Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнд тусгасан үүргийн хувиар тооцно гэх заалт болон 8 дугаар хэсгийн нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 7 дугаар зүйлд архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол нөхөн төлбөр олгохгүй гэх заалтыг үндэслэн хамтран зээлдэгч Г.Б-т нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй юм. Иймд И.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00951 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Т-ын хариуцагч МД ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 88 695 484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар И.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1180 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00951 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МД ХК-аас 44 347 742 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44 347 742 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтад ... хариуцагч МД ХК-аас 379 688 төгрөгийг гаргуулж И.Т-д олгосугай гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Т-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Магадлалд “Талуудын хооронд байгуулсан орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйл 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно” гэжээ. Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч энэхүү орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ МД ХК нь даатгуулагчийг тулгаж гэрээ байгуулсан, гэрээний нөхцлийг танилцуулаагүй гэж тайлбарласан бөгөөд давж заалдах шатны шүүх гэрээний арын хуудас дахь гэрээний нөхцлийг даатгуулагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй тул даатгалын гэрээний 8 дугаар зүйл 7 дахь хэсэгт заасан архаг хууч өвчний улмаас үүдэх хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэснийг үндэслэл болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэж байгаа тухай шүүх хуралдааны магадлал уншиж танилцуулахдаа хэлсэн боловч бичгээр гарсан магадлалд энэ талаар маргаан байхгүй хэмээн дүгнэсэн байна. Магадлалд даатгуулагч Г.Б- 2018 оны 6 сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан байх бөгөөд анхан шатны шүүх талийгаач Г.Б- нь зүрхний архаг ишмет өвчний улмаас нас барсан эмчийн байнгын хяналтанд байдаг болох нь прокурорын газрын 2018 оны 6 сарын 28-ны өдрийн 22/27 тоот тогтоолоор тогтоогдсон байх бөгөөд дээрх өвчний улмаас нас барсан нь нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдийн 7-д хамаарч байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ”. Учир нь талийгаачийн нас барсан шалтгаан өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдсон байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэсэн үндэслэлд хамаарахгүй байна гэжээ. Анхан шатны шүүх Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2227 тоот тогтоолоор Г.Б-ыг эмчийн байнгын хяналтанд байдаг, зүрхний архаг ишмет өвчний улмаас нас барсанг тогтоосон баримтыг үндэслэн даатгалын гэрээний 8 “Нөхөн төлбөр олгохгүй байх нөхцлийн” 7-д “Архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол”-д хамаарч байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх эрх бүхий байгууллагын шалгаж тогтоосон нотлох баримтыг үгүйсгэж гэрээнд заагдсан нөхөн төлбөр олгохгүй эбхцлийн 7-д заасан “Архаг хууч өвчний улмаас үүдэх хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэсэн”-г үндэслэл муутай гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн байна. Мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх тайлбарыг хариуцагч талаас гараагүй, шүүхэд ийм тайлбар өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх 8.5.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэж магадлалын үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Хариуцагч талаас даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх 2 үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргасан байдаг. Үүнд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 сарын 06-ны өдрийн 210 тогтоолоор баталсан ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3.8-т “Даатгалын нөхөн төлбөрийг дараах дүнд үндэслэн даатгалын гэрээнд тусгасан үндсэн болон хамтран зээлдэгчийн зээлийн төлбөр хариуцах хувиар олгоно: 3.8.1-т “Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсан бол зээлийн үлдэгдэл дүн” гэж заасан болон Даатгалын гэрээний 8-д “Гэнэт ослын даатгалын хамгаалалт” түүний “Нөхөн төлбөр” хэсэг “Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож төлнө. Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнд тусгасан үүргийн хувиар тооцно” гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөрийн тооцооллыг гаргана. Харин нас барсан хамтран зээлдэгч Г.Б-ын зээл хариуцах хувь 0% буюу Голомт банкны орон сууцны зээлийн хурлын шийдвэр, өрхийн орлогын мэдээлэл хэсэгт зээлдэгч И.Т- нь өөрийн орлогын хэмжээг 2.251.638 төгрөгөөр нотолж тус зээлийг 100% дангаараа хариуцахаар тогтоосон байх бөгөөд 2018 оны 9 сарын 07-ны өдрийн Голомт банкны №04/184 тоот Зээлдэгчид олгогдох даатгалын нөхөн төлбөрийн хувийг тодруулах тухай албан бичигт “Үндсэн зээлдэгч Иванов овогтой Туул 100%, хамтран зээлдэгч Гомбосүрэн овогтой Болдбаатар 0%” гэж тодорхойлсны дагуу нас барсан зээлдэгч Г.Б-т оногдох нөхөн төлбөрийн хувь 0% байх тул Даатгалын компани нөхөн төлбөр хариуцах үүрэггүй болно. Мөн БЗД-ийн прокурорын 2018 оны 6 сарын 28-ны өдрийн 2227 тоот тогтоолд Г.Б- нь зүрхний архаг ишмет өвчний улмаас эмчийн байнгын хяналтад байж байгаад гэртээ нас барсан гэж тогтоосон байх тул Даатгалын гэрээний 8 дугаар хэсгийн нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 7 дугаар зүйлд “Архаг хууч өвчний улмаас үүдэх хохиролд нөхөн төлбөр олгохгүй” гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

И.Т-, МД ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 88.695.484 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч И.Т-, түүний нөхөр Г.Б- нар 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр МД ХК-тай 1 жилийн хугацаатай “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-г бичгээр байгуулж, даатгалын хураамжид 111.290 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Даатгалын хураамж төлөгдснөөр гэрээ хүчин төгөлдөр болсон ба гэрээний хугацаанд даатгуулагч Г.Б- 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зүрхний архаг ишмет өвчний улмаас нас баржээ.

Нэхэмжлэгч И.Т- даатгалын тохиолдол бий болсон гэж үзэн зээлийн төлбөрийн үлдэх хэсгийн хэмжээгээр даатгалын нөхөн төлбөр шаардсан бөгөөд МД ХК нь нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан, энэ тухай гомдлоо нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж, зохих хариу авчээ.

Анхан шатны шүүх, даатгуулагч Г.Б- архаг хууч өвчний улмаас нас барсан тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх гэрээний заалтад хамаарна гэж  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан дээрх үндэслэл нь хууль болон гэрээний зохицуулалтад нийцээгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Даатгалын гэрээний 2.1-д “даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах,” 2.2-т “гэнэтийн ослын улмаас зээлдэгч хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувиар алдах” тохиолдол тус тус даатгалд хамрагдахыг заажээ.

“Гэнэтийн осол, өвчин”-ий улмаас нас барах нь даатгагдсан зүйл болж байх бөгөөд энэ нь өвчний онош биш, харин даатгуулагчид өвчний улмаас гэнэтээр илрэх шинж тэмдэг гэж үзэхээр байна. Гэрээнд гэнэтийн өвчлөл, архаг хууч өвчний аль алины жагсаалтыг тодорхой заагаагүй бөгөөд талийгаач Г.Б- нь зүрхний өвчний улмаас эмнэлгийн хяналтад байсан, уг өвчин түүнийг үхэлд хүргэсэн нь “гэнэтийн өвчлөл”-ийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн “нөхөн төлбөр олгохгүй нөхцөл”-ийн 7-д заасан “архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол” гэж үзэх боломжгүй байна.

Харин Г.Б- нь хамтран зээлдэгч тул шүүх зээлийн төлөгдөөгүй хэсгийн 50 хувиар нөхөн төлбөр гаргуулсан нь буруу биш байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1180 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч МД ХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 379.690 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ