Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
Хэргийн индекс | 103/2018/00031/И |
Дугаар | 103/ШШ2018/00080 |
Огноо | 2018-03-23 |
Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2018/00080
2018 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2018/00080 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Ургамал суманд 1972 онд төрсөн, халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 34б байрны 2-41 тоотод оршин суух, хувийн компанид үйлчилгээний ажилтнаар ажилладаг, Сартуул овогт Думбаагийн Мядагмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1962 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар байрны 29 тоотод оршин суух, Цэцэн Сартуул овогтой Чулуунбатын Нямцогт,
Хариуцагч: 1959 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, халх, дээд боловсролтой, цэргийн командлагч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар байрны 29 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Очир овогтой Очирын Батболд нарт холбогдох хадгалалтын гэрээний үүргийн биелэлт 97.520.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч О.Батболдын үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, байрнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мядагмаа, өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагч Ч.Нямцогт, О.Батболд, нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мядагмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1991 онд Алтантүлхүүртэй гэр бүл болсон бөгөөд бидний дундаас охин Ч.Нансалмаа, хүү Мөнхсүлд нар төрсөн. 1999 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нөхөр маань Солонгос улс руу явж удалгүй 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би араас нь очиж ажиллаж байгаад 2003 онд эх орондоо эргэж ирсэн. Солонгост байхдаа оёдлын үйлдвэр, мебель тавилгын үйлдвэрт ажиллаж сардаа дунджаар 1.300.000 воны цалин авч байсан. Нөхөр бид 2 олсон цалингаа Алтантүлхүүрийн эгч Нямцогтод каргогоор буюу доллараар тухайн үеийн ханшаар 45-50 мянга гаруй доллар илгээсэн. 2003 онд ирээд эгчид нь хадгалуулсан мөнгөөрөө байр авах гэтэл мөнгө маань үрэгдчихсэн байсан. Түр хүлээж бай удахгүй байр авч өгнө гэсээр өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 34б байрны 2-41 тоот байрандаа амьдруулсан. Дараа нь Багануур дүүрэгт 2 өрөө байр авсан тэнд очиж амьдар гэхээр нь Багануурт очиж 3 жил амьдарсан. Гэтэл уг байр нь дүү Оргиохүүгийнх нь нэр дээр авсан байр байсан. 2014 онд хүү маань сургуульд орох болж, охин маань оюутан, жирэмсэн байсан болохоор эргээд Сонгинохайрхан дүүрэгт байрлах нөгөө байрандаа очиж амьдарсан. Энэ байрны төлбөрийг 10 гаруй жил тасралтгүй төлсөн. Одоо би хүү, охин, зээ охиныхоо хамт амьдардаг, эзэмшсэн мэргэжилгүй, тогтвортой ажилгүй байгаа тул Солонгос улсаас явуулж байсан 40.000 доллар буюу төгрөгийн ханшаар нийт 97.520.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөнд Нямцогт эгчийн явуулсан барааны үнэ гэж ерөөсөө байхгүй, орифлеймийн бараа нь 1.000.000 төгрөгийн хооронд эргэлдэж байсан байна лээ, надад баримт байгаа, шүүж үзсэн, бар ресторан ажиллуулаад олсон мөнгөө Нямаа эгч өрөндөө өгдөг байсан, бид хоёр тэр бар ресторанаас олсон орлого, ашиг байгаагүй, тэгээд сүүлдээ өрөнд орсон, ажиллуулж дийлэхгүй болоод 20.000.000 төгрөгөөр зараад байрны түрээсийн өрөндөө өгөөд дууссан, надад байгаа баримтуудаа хэрэгт өгсөн, 2002-2003 оны мөнгө шилжүүлж байсан баримтууд ерөөсөө олдохгүй болоод байна, одоо байгаа баримт нь 20.000 орчим ам долларын баримт байгаа, сайн тооцож үзээгүй, бусад нь баримтгүй болоод байна гэв.
Хариуцагч Ч.Нямцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д.Мядагмаа нь миний төрсөн дүү Алтантүлхүүртэй суусан манай бэр юм. Д.Мядагмаа нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 34б байрны 2-41 тоотод байрлах манай хадам аав Ш.Очирын миний нөхөр болох О.Батболдод өвлүүлэн үлдээсэн бидний гал голомтод амьдарч байгаа бөгөөд энэ байр нь Мядагмаад огт хамааралгүй байр юм. Бид энэ байрыг 2020 он хүртэл банкны барьцаанд тавьсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа битүүмжилж хураах арга хэмжээ авах гэхэд бид бүхий л бололцоогоороо хойшлуулж байна. Миний дүү Алтантүлхүүр сүүлийн 4 жил түрээсийн байранд амьдарч байгаа, бидний эрхэлж байсан бизнес уналтанд ороод байгаа хэдий ч Мядагмаагийн ая тухтай амьдрах боломжийг харгалзан түрээсийн төлбөр төлүүлэхгүй байрандаа амьдруулсаар байхад ийм зан гаргаж байгаад гомдолтой байна. Алтантүлхүүр, Мядагмаа хоёрыг БНСУ-д 3 жил болоход охин Нансалмааг бид гэртээ авч үлдэн, энэ хоёрын явах зардал, визний төлбөр, зуучлалын хөлс гээд бүхий л төлбөрийг бид хоёр төлсөн. Тэд Солонгосоос каргогоор илгээмж, ачаа, зарим үед доллар явуулж байсан. Энэ нь өөрсдөө ирээд авах зорилготой явуулсан ачаа, охиндоо болон манай хүүхдүүд, дүү нартаа илгээсэн илгээмж байсан. Ингээд 2003 онд Монголд ирэхэд нь явуулсан 10 гаруй чемодантай зүйлийг тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн. Бидний хувьд дүү Алтантүлхүүртэй өр авлагын асуудал байгаа болохоос биш Мядагмаатай ямар ч өр төлбөрийн асуудал байхгүй. Энэ хоёр Солонгост ажиллаж байгаад 2003 онд Мядагмаагийн ээжийн бие нь муудаад гэнэт Монгол руу ирэх болсон. Ирсэн даруйдаа хүнд нөхцөлд байсан, ээжийн бие муудаагүй бол бид нар ирэхгүй байсан, цуглуулсан мөнгө ч байхгүй хүнд байдалд ирлээ гээд ирсэн. Алтантүлхүүрээс надад ирж байсан мөнгө бол надаас зээлж авсан мөнгө, миний явуулсан орифлеймийн барааны мөнгө л байсан, би өөрийнхөө авах ёстой юмыг л авсан, илүү юм аваагүй, тэр үед бид боломжийн амьдралтай байсан, хүний явуулсан хадгалуулсан гээд байгаа мөнгийг ашиглахаар тийм хүнд байдалд огт байгаагүй. Солонгосоос ирснийх нь дараа дүү Алтантүлхүүр бид хоёр ярилцаж байгаад хотод бар ажиллуулж эхэлсэн, би 35.000.000 төгрөгийн зээл аваад бар, ресторанаа тохижуулаад ажиллуулж эхэлсэн, 3 жил орчим ажиллуулаад Багануурт ирэх шаардлага гарсан учраас бар ресторанаа Алтантүлхүүр, Мядагмаа хоёрт орхиод ирсэн, нэг ширхэг ч халбага аваагүй, амьдарч байсан байраа ч үлдээсэн, байрнаасаа юу ч аваагүй гарсан, энэ хоёр бар ресторанаа ажиллуулж чадахгүй 20.000.000 төгрөгөөр зарчихсан байсан. Алтантүлхүүр одоо Мядагмаатай хамт амьдрахгүй байгаа, салаад бүтэн 7 жил болсон, өөр хүнтэй суусан. Солонгосоос ирээд надаас мөнгө авна гэж огт ярьж байгаагүй, би ч байр авч өгнө гэж ерөөсөө хэлээгүй, Мядагмаа өөрийнхөө төрсөн ах, хадам эгч хоёртоо үг зааж өгөөд гэрчийн мэдүүлэг өгүүлсэн, Алтантүлхүүрээс надад явуулсан мөнгөнд Мядагмаагийн цалин мөнгө байсан эсэх талаар мэдэхгүй, тэр мөнгөнд өөрийнх нь мөнгө байсан гээд байгаа бол нөхөр Алтантүлхүүрээсээ нэхэмжлэх хэрэгтэй, эд нарын хоорондын асуудал байх, энэ хүнээс авсан нэг ч төгрөг байхгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч О.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д.Мядагмаа бид хоёрын дунд ямар нэгэн өр төлбөр, садан төрлийн холбоо байхгүй. Би нэг ч төгрөг аваагүй, нэг ч төгрөгний өргүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч О.Батболд нь шүүх хуралдаанд өгсөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний эцэг Очир нь 1987 онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 41 тоот 3 өрөө орон сууцаа отгон хүү надад өвлүүлэн үлдээсэн. 1998 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 6 дугаар тогтоолоор уг орон сууцыг хувьчилж авсан бөгөөд байрны хамтран өмчлөгчөөр эхнэр Ч.Нямцогт, охин Б.Мөнх-Учрал, Б.Мөнх-Энэрэл нарыг бүртгүүлсэн. 2003 онд эхнэрийн дүү Алтантүлхүүр Солонгос улсаас ирээд эхнэр Мядагмаа, охин Нансалмаа нарын хамт бидэнтэй цуг амьдрах болсон. Ингээд бид 2006 оноос Багануур дүүрэгт амьдрах болсон тул байрандаа эхнэрийнхээ аав, дүү Алтантүлхүүрийг нь гэр бүлийнх нь хамт үлдээгээд ирсэн. Би тухайн үед эхнэрээ бодож л ийм шийдвэр гаргасан. Одоо энэ байранд Мядагмаа хүүхдүүдийн хамт амьдарч байгаа, эхнэрийн аав, дүү Алтантүлхүүр нар нь амьдрахаа больсон тул байрнаасаа нэн даруй албадан гаргуулах хүсэлтэй байна. 2003 оноос хойш огт түрээс төлөлгүй амьдарч байсан хэрнээ одоо ийм нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Мядагмаатай өр төлбөрийн ямар нэг тооцоогүй, би Мядагмаатай харьцдаггүй, ойлголцдоггүй, ойлголцохыг ч хүсдэггүй, нэхэмжлэл дээрээ бүгдийг бичсэн, миний шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна, миний нэхэмжлэлийн шаардлага бол байраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, байрнаас нэн даруй албадан гаргуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгч Д.Мядагмаа сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Алтантүлхүүр бид хоёр БНСУ-д ажиллаж байхдаа авсан хөлсөө Ч.Нямцогт, О.Батболд нарт хадгалуулах зорилгоор шилжүүлж байсныг хариуцагч нар нь завшин үрэгдүүлсэн болохоор байр авч өгөхөөр амлаж биднийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 41 тоот өөрсдийн байрандаа амьдрах санал тавьснаар бид өнөөдрийг хүртэл энэ байранд амьдарч байна. Иймд бидний байр авах зорилгоор хадгалуулсан мөнгийг үрчихээд, байрандаа амьдруулах санал тавьсан байж одоо байрнаас албадан гаргуулна гэж байгаа нь зүй бус үйлдэл гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, мөнгө төгрөг, байрны бололцоотой болтлоо энэ байранд байж бай гэсэн, энэ хүмүүсийг байр авч өгтөл энэ байрнаас гарах боломжгүй. Алтантүлхүүр хүүхдүүдээ харж ханддаггүй, миний 2 хүүхдийг орох оронтой болгосон цагт гарна, тэрнээс нааш гарахгүй гэж бодож байна, байртай болгож өгнө гэж хэлчихээд одоо яагаад сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мядагмаа нь хариуцагч Ч.Нямцогт, О.Батболд нарт холбогдуулан хадгалалтын гэрээний үүргийн биелэлт 97.520.000 төгрөг гаргуулах, хариуцагч О.Батболд нь нэхэмжлэгч Д.Мядагмаад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, байрнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Мядагмаагийн гаргасан 97.520.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ч.Нямцогт, О.Батболд нар нь Д.Мядагмаагаас нэг ч төгрөг аваагүй, дүү Алтантүлхүүрээс өөрийн авах ёстой авлагаа авсан, Мядагмаатай бидний хооронд өр төлбөрийн ямар нэгэн тооцоогүй, мөнгө нэхэмжилж байгаа бол нөхөр Алтантүлхүүрээсээ нэхэмжлэх ёстой учраас зөвшөөрөхгүй гэж, хариуцагч О.Батболдын байрнаас албадан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.Мядагмаа нь байр авах зорилгоор хадгалуулсан мөнгийг үрчихээд, байрандаа амьдруулах санал тавьсан байж байрнаас албадан гаргуулна гэж байгаа нь зүй бус үйлдэл учраас зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч Д.Мядагмаагийн гаргасан 97.520.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Батболдын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, байрнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч Д.Мядагмаа, хариуцагч Ч.Нямцогтын төрсөн дүү Ч.Алтантүлхүүр нар нь 1999-2003 онд Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа нөхөр болох Ч.Алтантүлхүүр нь өөрийн эгч Ч.Нямцогтод удаа дараа мөнгө шилжүүлж байсан, Ч.Нямцогт нь авч байсан талаар талууд маргаагүй.
Хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтуудаас харахад Аагий /Алтантүлхүүр/ гэх хүнээс Ч.Нямцогтод 2000.05.24 ний өдөр 500 ам доллар, 2000.05.15 ны өдөр 520 ам доллар, 2000.05.07 ны өдөр 1000 ам доллар, 2000.07.19 ний өдөр 500 ам доллар, 2000.09.09 ний өдөр 1200 ам доллар, Ч.Нямцогт, Ч.Баасанжав нарт 2001.07.05 ны өдөр 800 ам доллар, 2001.08.04 ний өдөр 1000 ам доллар, 2001.10.09 ний өдөр 1700 ам доллар, 2001.11.04 ний өдөр 1030 ам доллар, 2001.12.31 ний өдөр 1520 ам доллар, 2002.03.03 ны өдөр 1100 ам доллар, 2003.06.22 ны өдөр 1000 ам нийт 12 удаагийн үйлдлээр 11.870 ам доллар шилжиж иржээ. /ХХ-ийн 10-17, 20, 21, 24, 27-30 дугаар тал/
2000.10.12-ны өдөр шилжүүлсэн 2400 ам долларын хүлээн авагч нь Нямсүрэн, 2000.08.02 ны өдөр шилжүүлсэн 2000 ам долларын илгээгч нь Сүхээ, хүлээн авагч нь Д.Лхамсүрэн, 2000.11.22-ны өдөр Today Express-ээр ирсэн 1000 ам долларын баримт дээр илгээгч, хүлээн авагчийн нэр бичигдээгүй байх тул хариуцагч нарт хамааралгүй баримтууд байна. /ХХ-ийн 18, 22, 24, 136, 138, дугаар тал/.
Нэхэмжлэгч Д.Мядагмаа нь 40.000 ам доллар хадгалуулахаар шилжүүлсэн гэж төгрөгийн зах зээлийн ханшаар 97.520.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч Д.Мядагмаагаас хариуцагч Ч.Нямцогт, О.Батболд нарын нэр дээр доллар, бусад бараа шилжиж ирж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ, 424 дүгээр зүйлийн 424.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтанд шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Мядагмаа, хариуцагч Ч.Нямцогт, О.Батболд нарын хооронд хуульд заасан хадгалалтын гэрээний харилцаа үүсээгүй, тэрээр Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-д зааснаар хариуцагч нараас 97.520.000 төгрөгөө шаардаж чадахгүй юм.
Нэхэмжлэгч Д.Мядагмаа нь 97.520.000 төгрөгийг мөнгө илгээгч Ч.Алтантүлхүүртэй албан ёсны эхнэр нөхөр гэсэн үндэслэлээр өөрийгөө түүний өмнөөс нэхэмжлэх эрхтэй гэж шүүхэд шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнэр нь нөхрийгөө, нөхөр нь эхнэрээ төлөөлөх 2 боломж байна. Нөхөр нь эхнэртээ, эхнэр нь нөхөртөө өөрийгөө төлөөлөх итгэмжлэл өгөх эсвэл эхнэр нөхрийнхөө, нөхөр эхнэрийнхээ хууль ёсны төлөөлөгч байх боломжууд юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, 32.2-т Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна, 32.3-т Иргэний эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай, түүнчлэн сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг Иргэний хуульд заасан төлөөлөгч бүрэн төлөөлнө, 32.4-т Эрх зүйн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно, 36. дугаар зүйлийн 36.2-т Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно 36.3-т Төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж тус тус хуульчилсан.
Хуульд зааснаар төлөөлж байгаагаас бусад тохиолдолд итгэмжлэл шаардлагатай. Мөнгө илгээгч буюу нөхөр Ч.Алтантүлхүүрээс өөрийн шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэх эрхийг эхнэр Д.Мядагмаад олгоогүй, Д.Мядагмаа нь түүнийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгээ баримтаар нотлоогүй, гэрлэлтийн баталгаа нь эхнэр нь нөхрөө шүүхэд төлөөлөх бүрэн эрх олгосон баримт бичиг биш тул Д.Мядагмаагийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан 97.520.000 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Д.Мядагмаа нь Алтантүлхүүр бид хоёр БНСУ-д ажиллаж байхдаа авсан хөлсөө Ч.Нямцогт, О.Батболд нарт хадгалуулах зорилгоор шилжүүлж байсныг хариуцагч нар нь завшин үрэгдүүлсэн болохоор байр авч өгөхөөр амлаж биднийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 41 тоот өөрсдийн байрандаа амьдрах санал тавьснаар бид өнөөдрийг хүртэл энэ байранд амьдарч байна гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд Д.Мядагмаа нь тухайн байранд 2003 оноос одоог хүртэл амьдарч байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, байрны төлбөр төлсөн баримтууд зэргээр тогтоогдож байгаа ба тухайн байранд хариуцагч нарын зөвшөөрлөөр 10 гаруй жил амьдарч байгаа үйл баримтад талууд маргаагүй болно.
Хариуцагч Очир овогтой Батболд нь Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 03 сарын 17 ны өдрийн 06 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 34-б байр, 41 тоот, 40 ам метр сууцны талбай бүхий 3 өрөө байрыг дундын эзэмшлийн оногдох хэсгийн хамт хувьчлан авч 1998 оны 03 сарын 17 ны өдрөөс өмчилсөн, хамтран өмчлөгчөөр Ч.Нямцогт, Б.Мөнх-Учрал, Б.Мөнх-Энэрэл нар бүртгэгдсэн болох нь 0032560 дугаартай Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, 2018.02.03 ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогджээ. /ХХ-ийн 48-49 дүгээр тал/
Өмчлөгч нь эд хөрөнгийг эзэмших эрхгүй этгээдээс өөрийн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байдаг ба хууль бус эзэмшигч нь бусдын хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан өгөх үүргийг хуулиар хүлээсэн.
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 34-б байр, 41 тоот, 40 ам метр сууцны талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчид нь О.Батболд, Ч.Нямцогт, Б.Мөнх-Учрал, Б.Мөнх-Энэрэл нар байх бөгөөд тэдгээр нь гэр бүлийн гишүүд тул хэн аль нь өмчлөлийн зүйлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хэдийд ч шаардах эрхтэй тул хариуцагч О.Батболдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Мядагмаа нь өөрийн цалин, хөдөлмөрийн хөлсөө түүний цалин хөлсийг өөрийн эгчдээ шилжүүлсэн гэх нөхөр Ч.Алтантүлхүүрээс, эсвэл нөхөр Ч.Алтантүлхүүрээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хадгалуулахаар шилжүүлсэн мөнгө нь Иргэний хуулийн 108, 126, 128 дугаар зүйлүүдэд заасан дундын өмч, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тайлбарласан бөгөөд Ч.Алтантүлхүүрээс өөрийн төрсөн эгч Ч.Нямцогтын нэр дээр шилжүүлж ирүүлсэн мөнгө нь дундын өмч эсвэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан, эсвэл нэхэмжлэгч Д.Мядагмаагийн хуваарьт хөрөнгө байсан эсэх, хэдэн төгрөг нь түүнийх болох эсэхээ нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй бөгөөд гэрч Ч.Алтантүлхүүр нь Солонос гарах бүх зардлыг манай эгч дааж хөөцөлдөж явуулсан. Зардалд 5000 доллар, эхнэрийн зардалд 5000 доллар нийт 10.000 долларыг өрөө дарах зориулалтаар, бусад мөнгийг хадгалуулах зорилгоор шилжүүлдэг байсан. Мөн эгч надаар заруулахаар Монголоос явуулж байсан орифлеймийн барааны мөнгө байсан. Солонгост ажиллаад олсон мөнгө эхнэр бид хоёрын ирэхдээ хэрэглэсэн зардал, эрсдэлтэй бизнес зэрэгт зарцуулагдсан, одоо надад Ч.Нямцогт эгчээс авах авлага байхгүй, 97.250.000 төгрөг нэхэмжилсэн гэдгийг сая мэдлээ, зохиомол мөнгө хүнээс нэхэмжилдэг бол сайхан л юм байна, ингэж болохгүй шүү дээ, шилжүүлсэн мөнгөний арай их нь минийх, би түрүүлж очиж ажил хийсэн гэсэн мэдүүлгийг шүүхэд өгсөн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645.550 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч О.Батболдоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Мядагмаагаас 70.200 төгрөгийг гаргуулан хариуцагч О.Батболдод олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар Сартуул овогт Думбаагийн Мядагмаагийн нэхэмжлэлтэй, Цэцэн сартуул овогт Чулуунбатын Нямцогт, Очир овогт Очирын Батболд нарт холбогдох хадгалалтын гэрээний үүргийн биелэлт 97.520.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Очир овогт Очирын Батболдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 34б байрны 2-41 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Мядагмаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцнаас албадан гаргасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645.550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Мядагмаад, хариуцагч О.Батболдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Мядагмаагаас 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч О.Батболдод олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ