Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 44

 

 

Ховд Юхо ХХК-ний нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий  аймгийн Эрүү, Иргэний хэргийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 154/ШШ2017/0061 дугаар шийдвэртэй, Ховд Юхо ХХК-ний нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ширэндэв, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156, 157 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр албанд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 100/52 дугаар тогтоолоор үүсч, 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 41 дүгээр тогтоол дуусгавар болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг хүсэж гомдол гаргалаа. Энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус гүйцэтгэх баримт бичгийн үндсэн дээр явагдсан байдаг. Хууль бус гэхийн учир нь Ховд аймгийн давж заалдах шатны шүүхээс хууль бусаар гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж олгосонд оршино.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1-167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно.

Уг хэрэг Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 501 дүгээр тогтоолоор Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар шийдвэр, Ховд аймгийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Гэтэл Ховд аймгийн шүүхийн шүүгч Б.Батзориг нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн нэрийдлээр Ховд аймгийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар захирамжийг хууль бусаар гаргажээ. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т заасантай нийцэхгүй байна. Албадан гүйцэтгүүлэх тухай захирамжид Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Батзориг би гэж дурджээ.

Гэтэл тухайн үед шүүгч Б.Батзориг нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч бус Ховд аймгийн шүүхийн шүүгч байсан. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Алтан-Од 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн өдрөө 100/52 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэгч Э.Болор-Эрдэнэд хуваарилаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тодорхойлсон үндэслэл, журамд нийцээгүй байдаг. Энэ тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг баримтлан гүйцэтгэгч тогтоол гарган гүйцэтгэх баримт бичгийг ирүүлсэн шүүхэд буцаах байжээ“ гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Дима даргалж хийсэн шүүх хуралдаанаас гаргасан 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн “Ховд Юхо” ХХК-д холбогдох тоосгоны үнэ, алданги, хохиролд 33516312 төгрөг гаргуулах тухай хэргийн материалыг Ховд аймгийн шүүх 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцээд 25108950 төгрөг болгож өөрчлөн 84707362 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон гүйцэтгэх хуудас манай албанд 2006 оны 06 дугаар сарын 07-гы өдөр ирснийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолыг 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ахлах гүйцэтгэгч, тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Э.Болор-Эрдэнэд олгосон байна.

Шүүхийн гүйцэтгэх хуудас албадан гүйцэтгэх захирамж нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг зөрчөөгүй байсан. Шийдвэр гүйцэтгэгч Э.Болор-Эрдэнэ нь гүйцэтгэх хуудас материалыг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулинд заасан үндэслэл, журмын дагуу явуулах явцад Ховд Юхо ХХК-ны захирал Н.Гомбодорж 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 24 дугаартай албан тоот, тамга тэмдэг, гарын үсэгтэй баримт үйлдэж, Ховд аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга, н.Дашцэрэнд өөрийн барьж байсан барилгын 24 айлын орон сууцнаас 17, 22, 24 тоот байрыг 25108950 төгрөгийн төлбөрт тооцон өгөхийг зөвшөөрсөн байдаг. Төлбөр авагч байгууллага Ховд “ОДЦЭ” ХХК нь 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай албан бичгээр 25200000 төгрөгийн өр төлбөрт шинэ 24 айлын орон сууцны 17, 24 тоот байруудыг тооцон авахыг зөвшөөрсөн.

Хоёр байгууллага харилцан тохирч эвлэрсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч Э.Болор-Эрдэнэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлдэж, материал хаасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, журам зөрчөөгүй байна. Энэ үндэслэлээр материал хаасан бол гомдол гаргах эрхгүй гэжээ.

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 154/ШШ2017/00061 дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг баримтлан 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах шинэ 24 айлын орон сууцны 17, 24 тоот байруудыг төлбөрт тооцон бусдын өмчлөлд шилжүүлсэн Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн байгууллагаас нэгэнт олгогдсон гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч байгууллага болох ОДЦЭ ХХК нь гүйцэтгэх хуудсаа авч ирж албадан гүйцэтгүүлэх санал хүсэлтээ гаргаж, урамшуулал зардлын гэрээ байгуулсан байхад энэ талаар нэхэмжлэгч байгууллагыг хариуцагчаар татаж оролцуулаагүй.

 

Анхан шатны шүүхээр Ховд Юхо ХХК , Ховд ОДЦЭ ХХК –ны өр төлбөрийн талаар дахин авч хэлэлцэхгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэлэлцсэн нь буруу байна.

 

Учир нь тоосгоны үнэ нэхэмжилсэн хэргийг хэлэлцэхгүйгээр дан ганц шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буруутгаж гаргасан шийдвэр нь нэхэмжлэлгүй хэргийг хэлэлцсэн мэтээр ойлгогдож байна. Хоёр байгууллага мөнгөн дүнгийн талаар хоорондоо ойлголцож бичиг баримтаа бүрдүүлэн өгсөөр байтал шүүх энэ талаар авч хэлэлцсэнгүй орхигдууллаа.

 

Мөн тухайн үед төлбөрт тооцон өгөх хүсэлтээ илэрхийлсэн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг зөрчөөгүй баримт бичгийг үйлдэж өгсөн тухайн Ховд Юхо ХХК буюу хариуцагч байгууллагын захирал Н.Гомбодорж, нэхэмжлэгч байгууллага ОДЦЭ ХХК-ны захирал Ц.Цэцэгмаа, шийдвэр гүйцэтгэгч Э.Болор-Эрдэнэ нарыг оролцуулалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41, 43 дугаар зүйл заалтыг хэрэгжүүлээгүй шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна.

 

Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 194 дугаартай шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар Ховд Юхо ХХК-ны нэхэмжлэлтэй Ховд Одцэ ХХК болон Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн хэрэг хүчинтэй байхад энэ талаар хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Анхан шатны шүүх  эрх зүйн  маргааныг хянан шийдвэрлэхдээ  шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ховд-Юхо ХХК-нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явагдсан болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч   Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  холбогдуулан  гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүх “Ховд Одцэ” ХХК-нь    “Ховд Юхо” ХХК-иас худалдан авсан тоосгоны үнийг хугацаандаа төлөөгүй тухайн нэхэмжлэлийн шаардлагыг  шүүх хүлээн авч, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийг тодорхойлон, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны  10 дугаар сарын 10-ны өдөр 86 дугаар шийдвэрээр “Ховд Юхо” ХХК-ниас 32.560.411 төгрөг гаргуулан, “Ховд Одцэ” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Ховд аймгийн давж заалдах шатны шүүх  2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалаар “Ховд Юхо” ХХК-иас 25108950 төгрөг гаргуулахаар өөрчилжээ.

 

2006 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар шүүгчийн захирамжаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шүүхээс гүйцэтгэх хуудас хүргүүлснийг шийдвэр гүйцэтгэгч 2006 оны 06 дугаар сарын 08-нд хүлээн авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж улмаар 2006 оны 06 дугаар сарын 12-нд “Ховд Юхо” ХХК-ний эд хөрөнгийг битүүмжилсэн байна./хх- 40,41 дүгээр тал/

  Гэтэл Улсын дээд шүүхийн  хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2006 оны 9 дүгээр сарын 14-ний 501 дүгээр тогтоолоор дээрх шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож,хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ./хх-ийн 21,22 дугаар тал/ Хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан “Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй” гэх шаардлагад нийцээгүй байна. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзэхэд    дээрх шүүхийн шийдвэр магадлалыг хүчин төгөлдөр болоогүй байхад  явагдсан  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон байна./хх-ийн 38-67 дугаар тал/

 

Төлбөр төлөгч “Ховд Юхо” ХХК-иас 25108950 төгрөгийн төлбөрт шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагаагаар  2006 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгийг битүүмжилж актаар  тус компаний  24 айлын орон сууцны 17,24 тоот  байрыг     битүүмжилж, улмаар төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид   шилжүүлсэн тухай актаар  “Ховд Одцэ” ХХК-д 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байна./хх-ийн 40,47 дугаар тал/

 

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3-т  “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн дээрх  үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагааг хэдээ хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зохицуулжээ.Төлбөр төлөгч нь  дээрх хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаатай холбогдуулан гомдлоо гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна.

 

            Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.4-дэх заасан “ Энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй” гэх заалтыг  буруу тайлбарлаж хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй   байна.  Төлбөр төлөгч “Ховд Юхо” ХХК-нь хэргийн оролцогч бөгөөд түүнийг гуравдагч этгээд гэж үзэн  дээрх хуульд зааснаар   эрх нь хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

 

            Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянасан бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, түүний гомдлын үндэслэлийг хүлээн аваагүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5   дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг түүнд буцаан олговол зохино.

 

Хуульд зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 154/ШШ2017/00061 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч  “Ховд Юхо” ХХК-ний захирал Д.Ширэндэвийн хариуцагч Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явагдсан болохыг тогтоон хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн аваагүй болохыг дурдсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг   баримтлан нэхэмжлэгч “Ховд Юхо” ХХК-ний захирал Д.Ширэндэвийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн данснаас /Голомт банкны 5605100585 тоот/  гаргуулж Д.Ширэндэвт олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4.1.5   дахь хэсэгт зааснаар хариуцагч  Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                  

Н.ТУЯА