Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2020/00725

 

ӨСХЗ ХХН

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01001 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1195 дугаар магадлалтай,

ӨСХЗ ХХН-ийн нэхэмжлэлтэй,

Т.П, Т.Б, Б.Т, АМ ХХК-д тус тус холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 334.895.388 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Т.Бын өмгөөлөгч Н.Б, АМ ХХК-ийн өмгөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ӨСХЗ ХХН-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч Б.Т, АМ ХХК нар нь Кредит Монгол ББСБ ХХК-тай 2013 оны 4 сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ1000/13/03/070 тоот зээлийн гэрээ, түүнд оруулсан 2013 оны 6 сарын 28-ны өдрийн ЗНГ1000/13/06/147 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2013 оны 12 сарын 30-ны өдрийн ЗНГ1000/13/12/256 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийн дагуу 164.300.000 төгрөгийг, сарын 4,5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан билээ. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Кредит Монгол ББСБ ХХК болон иргэн Б.Т, Т.П, Т.Б, П.Нямдаг, П.Болормаа, Н.Батцэнгээ, Т.Пүрэвдорж, АМ ХХК нарын хооронд 2013 оны 4 сарын 03-ны өдөр байгуулсан БГ1000/13/03/70 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан болно. Зээлдэгч Б.Т болон АМ ХХК нь зээлийн гэрээний дагуу авсан зээлийг гэрээнд заасан хуваарь, хугацаанд төлөөгүй бөгөөд ӨСХЗ ХХН болон Кредит Монгол ББСБ ХХК-ийн хооронд 2018 оны 01 сарын 28-ны өдрийн ЭШ/18-05/КМ-16 тоот шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулсан өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 164.300.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 170.595.388 төгрөг, нийт 334.895.388 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан, мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзалт хийх зэрэг байдлаар зээл төлүүлэх бүхий л арга хэмжээг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлтийг хийгээгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. Иймд хариуцагч нараас гэрээний үүрэгт 334.895.388 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Тын шүүхэд гаргасан тайлбарт: ...2010 оноос хойш Монгол Улсад өрнөсөн үйл явц, төрийн байгууллагын удаа дараагийн шийдвэр, хууль тогтоомжийн өөрчлөлт, зохицуулалтын улмаас манай компанийн эрхлэн явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагаа ихээхэн саад, бэрхшээлтэй тулгарч, Кредит Монгол ББСБ ХХК-аас авсан зээлийг төлөхөд хүндрэл үүссэн тул миний зүгээс удаа дараа уулзаж, тодорхой санал хүсэлт гаргаж байсан болно. Миний бие өөрийн компанийн нэрээр Кредит Монгол ББСБ ХХК-аас зээл авсан бөгөөд миний хүү Т.П, охин Т.Б нар нь зээлийг аваагүй, зарцуулахад огт оролцоогүй тул хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.П, Т.Б нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Бидний хувьд тус газраас зээл аваагүй бөгөөд хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01001 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АМ ХХК, Б.Т нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 334 895 388 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 902 626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АМ ХХК, Б.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 902 626 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1195 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын олгосугай гэснийг олгож гэж, түүний дараа хариуцагч Т.П, Т.Б нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж өөрчлөн найруулж, 2 дах заалтын 235 дугаар зүйлийн 235.1 гэснийг 158 дугаар зүйлийн 158.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 902 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хариуцагч Б.Т, АМ ХХК нарын зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, түүнийг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд анхан болон давж заалдах шатны шүүх нь шийдвэрийг гаргахдаа “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна” хэмээн дүгнэсэн байх бөгөөд энэ зүйл нь Иргэний хуульд тусгайлан хуульчлан заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэсэн гарчигтай буюу эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулах субьектэд хамааралтай хуулийн зохицуулалт юм. Монгол улсын Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь ийнхүү эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагааг явуулах, “онцгой” субьектэд хамааралтай нарийвчилсан хуулийн зохицуулалт юм. Энэ агуулгаараа давж заалдах шатны шүүх Монгол улсын хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, хуулийг ноцтойгоор зөрчиж 2019 оны 6 сарын 24-ний өдрийн 1195 дугаар магадлалыг гаргасан тул энэхүү магадлалыг хүчингүй болгоно уу. Хариуцагч талд 2013 оны 4 сарын 03-ны өдрийн гэрээний дагуу зээл олгосон Кредит Монгол ББСБ нь эрх бүхий байгууллагаас хуульд заасан тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагааг явуулах эрхтэй, түүний үйл ажиллагааг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар тусгайлан нарийвчлан зохицуулж байгаа учраас Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлах” агуулгатай тул шаардах эрхийг хэн нэгэнд чөлөөтэй шилжүүлэх боломжгүй байна. Гэтэл хуулиар тусгайлан, нарийвчлан зохицуулсан энэ зохицуулалтыг давж заалдах шатны шүүх үгүйсгэн Монгол улсын хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, хуулийг ноцтойгоор зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгоно уу. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж хуульчилсан байх бөгөөд Кредит Монгол ББСБ болон хариуцагч нарын хооронд 2013 оны 4 сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг талууд бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан байна. Гэтэл хэрэгт авагдсан Санхүүгийн хуулийн зөвлөх ХХН-тэй байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулаагүй байгаа нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан шаардлагыг хангахгүй, хууль зөрчсөн байгаа нөхдөл, нотлох баримтыг хуулийн дагуу зөв үнэлж дүгнээгүй, хууль зөрчсөн. Түүнчлэн Кредит Монгол ББСБ нь хуульд заасан шаардлагыг хангаж, эрх бүхий удирдах этгээдийн хүчин төгөлдөр зохих шийдвэрийг гаргаж шаардах эрхийг бусдад шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байгаа болно. Кредит Монгол ББСБ болон хариуцагч нарын хооронд 2013 оны 4 сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ1000/13/03/070 тоот зээлийн гэрээний 3.1.9-д “гэрээний нэг тал нь нөгөө талаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямарваа нэг хэлбэрээр гуравдагч талд шилжүүлж, залгамжлуулж болохгүй” гэж заасан боловч энэхүү гэрээний заалт, мөн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.3-т заасан шаардлагыг дан ганцаараа зөрчсөн, энэ хууль зөрчсөн үйлдэл, баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь зохих ёсоор үнэлээгүй, хууль бус шийдвэр гарсан. Түүнчлэн Кредит Монгол ББСБ нь шаардах эрхийг шилжүүлсэн талаар хариуцагчид мэдэгдээгүй, мэдэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд ийнхүү шаардах эрхийг шилжүүлсэн талаар хариуцагчид мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 “Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн” авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхийг эдлэх боломжийг хязгаарлаж, хуулийг зөрчсөн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “давж заалдах шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг... өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно” гэж хуульчилсан ба давж заалдах гомдол гаргагчийн гомдолд дурьдсан үндэслэлийн дагуу шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулсан боловч тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу буцаан олгох асуудлыг шийдвэрлэхгүй, оролцогчийн эрхийг ноцтой хохироож, хууль бус шийдвэрийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэснийг тус тус ноцтой зөрчиж, хууль бус буруу шийдвэр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж хуульчилсан бөгөөд энэ шаардлага хэргийн бүх оролцогч нарт ижил тэгш хамаарах ёстой. Гэтэл энэ үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх нягтлан анхаарч, хуульд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтанд бүрэн тулгуурлан зөв дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтанд тулгуурлаагүй, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаар үнэлээгүй, хэт нэг талыг барьсан, өрөөсгөл дүгнэлт хийж хууль бус шийдвэрийг гаргасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ӨСХЗ ХХН хариуцагч АМ ХХК болон Т.П, Т.Б, Б.Т нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 334.895.388 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн ба шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

ӨСХЗ ХХН болон Кредит Монгол ББСБ ХХК-ийн хооронд 2018 оны 01 сарын 28-ны өдөр байгуулагдсан ЭШ/18-05/КМ-16 тоот шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.”, мөн зүйлийн 123.2-т “хууль, гэрээ, үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж тус тус заасан байна.

Шаардах эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бол нэхэмжлэгч ӨСХЗ ХХН хариуцагч АМ ХХК болон Т.П, Т.Б, Б.Т нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 334.895.388 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт бүрэн бус байх тул шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. Зохигч маргасан эсэхээс үл хамаарч шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэх үүрэгтэй.

Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д “өмгөөллийн хуулийн этгээд нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй ӨСХЗ ХХН, мөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагын бусадтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авах нь хуульд нийцэх эсэхэд шүүх зохигчийг мэтгэлцүүлж эрх зүйн бүрэн дүгнэлт хийх шаардлагатай, энэ ажиллагаа хийгдээгүй байна.

Түүнчлэн, ӨСХЗ ХХН-ийн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд зээлийн болон барьцааны гэрээний шаардах эрх шилжүүлэн авах гэрээ байгуулсан шалтгаанаа Кредит Монгол ББСБ-ын төлбөрийн чадвартай холбон тайлбарласан ба тухайн компанид дампуурлын хэрэг үүсгэсэн эсэх нь шаардах эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой ба энэ талаар зохигч мэтгэлцээгүй байна. Учир нь Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө тодорхой хугацаанд хийсэн гэрээ, хэлцлүүд хүчин төгөлдөр бус байна.

Мөн нэхэмжлэгч ӨСХЗ ХХН нэхэмжлэлийн шаардлагаа 334.895.388 төгрөг гэж тодорхойлсон боловч уг шаардлагад үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү хэд болох уг үнийн дүнг ямар хугацаагаар хэрхэн тооцсон нь тодорхой бус байхад шүүх тодруулж дүгнэлт хийхгүйгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дурдсан нөхцөл байдлыг тодруулж шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохихыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01001 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1195 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч АМ ХХК, Б.Т нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.902.630 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ