Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 142/шш2017/01303

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр                      Дугаар 142/ШЗ2017/01203                                             Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн ТХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг ................. тоотод оршин суух “А” ХХК, захирал Б.О-д холбогдох,

 “Татварын өр 31 567 402 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн ТХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь ТХт 4379934 тоот регистрийн дугаартайгаар 2009 онд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн байдаг бөгөөд тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу “А” ХХК нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж ТХт тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1 “албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана” гэж заасны дагуу 2016 оны жилийн эцсийн байдлаар НӨАТ-н тайлангаар 583,112 төгрөгийн тайлангаар тодорхойлсон татварын өр төлбөр, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөхөөр хуульд заасан байдаг. Татвар төлөгч нь хувь хүний орлогын албан татварын тайлангаар /Маягт ТТ-11/ 2,155,400 төгрөг ногдуулан тайлан гарган ТХт ирүүлсэн байгаа боловч хуулийн хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйл 43.5 дахь хэсэгт “Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж заасан байдаг бөгөөд татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Татварын улсын байцаагчийн 200015500 тоот актаар “А” ХХК-д холбогдуулан 28 828 890 төгрөгийн төлбөр бүхий актыг хариуцуулж татвар төлөгчид гардуулан өгсөн байна. Захирал Б.О нь хуулиар хүлээлгэсэн актаар тогтоогдсон төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй байна. Татварын ерөнхий хуульд хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг хураан барагдуулахаар тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх шаардлагатай байдаг бөгөөд хуулийн дагуу мэдэгдэх хуудас гардуулах, харилцах дансыг хаах, албан шаардлага хүргүүлэх, ногдол ашиг, хувьцаанаас өрийг гаргуулах зорилгоор үнэт цаасны газраас лавлагаа авсан, татвар төлөгчийн эд хөрөнгийн лавлагаа авах зэргээр хуульд заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн боловч татварын өр төлбөр өнөөг хүртэл барагдахгүй байна. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 31 567 402 төгрөгийг “А” ХХК захирал Б.О-ээс гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн захирал Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч “А” ХХК холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Манай компанийн 2010-2012 оны санхүүгийн тайлан тооцоог Татварын албанаас шалгаж 28 828 890 төгрөгний нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй байна гэх асуудлыг татварын албанаас мэдэгдэж байсан. Уг асуудлыг яригдаж байх үед татварын албанд төлөхөөр манай компаниас уг татварыг суутган авсан байсан “С”ХХК нь төлсөн, төлөөгүй гэх маргаан гарч уг асуудлаар цагдаагийн газарт шалгагдаж байсан. “С” ХХК-наас бараа худалдан авах үед уг компани нь НӨАТ суутгасан тухай 4 ширхэг падааныг манай компанид өгсөн бөгөөд уг НӨАТ-ын падаан хуурамч эсэхийг шалгаж бидэнд өгсөн падаан, суутгасан мөнгийг татварын албанд өгсөн өгөөгүй гэх асуудлаар цагдаагийн газарт шалгуулсан. Улаанбаатар хотын Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2016.04.30-ны өдрийн 1174 тоот прокурорын тогтоол гарсан. Энэ хэргийг шалгаж байх үед Цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Билгүүн надаас тайлбар авах үедээ “С” ХХК-наас олгосон баримтын эхийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж судлуулна гээд 4 НӨАТ-ын падаан болон зарлагын падааныг хураан авсан. Ингээд “С”ХХК нь уг мөнгийг төлсөн байна гэж асуудлыг тухайн үед хэлж байсан. Энэ асуудал дууссаны дараа 2016 онд манай компанийг уг татварыг төлөх ёстой гэсэн татварын байцаагчийн акт гарч танилцуулсан. Энэ талаар холбогдох баримтыг “С” ХХК-наас асуулгахад “С”ХХК нь 2789655 борлуулалтын НӨАТ-ын дугаартай авсан падааны 9141511 дугаартай , 9805000 төгрөгний НӨАТ, 2011.12 сарын төлөлтөд 2789655 борлуулалтын НӨАТ-ын дугаартай 9141515 дугаартай падаанаар 2012.03 сард 19022986 төгрөгний НӨАТ татварыг төлсөн баримт байгаа гэж хэлсэн. “С”ХХК нь тухайн үед НӨАТ-ыг суутгаад надад 4 падаан өгч байсан учир уг татварыг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “С”ХХК-д уг НӨАТ-ын татварыг суутгуулж байснаа нотлох 4 падааньг эрүүгийн хэргээс судлуулах хүсэлтэй байна” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн ТХ нь хариуцагч “А” ХХК-иас 2016 оны Татварын улсын байцаагчийн актын үлдэгдэл 28 828 890 төгрөг, 2016 оны НӨАТ-ын өр 583 112 төгрөг, Хүн амын орлогын албан татварын өр 2 155 400 төгрөг нийт 31 567 402 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Манай компанийн 2010-2012 оны санхүүгийн тайлан тооцоог Татварын албанаас шалгаж 28 828 890 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй байна гэх асуудлыг татварын албанаас мэдэгдэж байсан. Уг асуудлыг яригдаж байх үед татварын албанд төлөхөөр манай компаниас уг татварыг суутган авсан байсан “С”ХХК нь төлсөн, төлөөгүй гэх маргаан гарч уг асуудлаар цагдаагийн газарт шалгагдаж байсан. ...Ингээд “С”ХХК нь уг мөнгийг төлсөн байна гэж асуудлыг тухайн үед хэлж байсан. Энэ асуудал дууссаны дараа 2016 онд манай компанийг уг татварыг төлөх ёстой гэсэн татварын байцаагчийн акт гарч танилцуулсан. Энэ талаар холбогдох баримтыг “С” ХХК-наас асуулгахад “С”ХХК нь 2789655 борлуулалтын НӨАТ-ын дугаартай авсан падааны 9141511 дугаартай, 9805000 төгрөгний НӨАТ, 2011.12 сарын төлөлтөд 2789655 борлуулалтын НӨАТ-ын дугаартай 9141515 дугаартай падаанаар 2012.03 сард 19022986 төгрөгний НӨАТ татварыг төлсөн баримт байгаа гэж хэлсэн. “С”ХХКнь тухайн үед НӨАТ-ыг суутгаад 4 падаан өгч байсан учир уг татварыг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд зааснаар татварын алба нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулах, Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас татварын өр төлбөрөө шаардах эрхтэй байна.

Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар татварын өр гэдэгт татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги, татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги, татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль хамаардаг байна.

Татварын улсын байцаагч “А” ХХК-ийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, тус компани нь “С” ХХК-аас 2011 онд 9141511 тоот падаанаар 98 059 000 төгрөгийн, 2012 онд 9141515 тоот падаанаар 190 229 855 төгрөгийн, нийт 288 288 900 төгрөгийн бараа материалыг хий падаан бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн “НӨАТ-тай үнээр худалдан авсан дотоодын бараа ажил үйлчилгээ” хэсэгт тусган оруулан тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг зөрчсөн гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтад оруулан хассан 288 288 900 төгрөгийн зөрчилд 28 828 890 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 200015500 тоот акт тогтоожээ. /хх 9-11/

Хариуцагч, улсын байцаагчийн дээрх актад гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон байна. Түүнчлэн “А” ХХК нь 2016 оны жилийн эцсийн байдлаар НӨАТ 583 112 төгрөгийн тайлангаар тодорхойлсон татварын өр төлбөр, Хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2 155 400 төгрөг ногдуулан тайлан гаргасан бөгөөд барагдуулаагүй болохоо үгүйсгээгүй байна.

 Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хугацаанд нь төлөөгүй татварын өрийг барагдуулах ажиллагааг мөн хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан нь хэрэгт ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон.

Хариуцагч “А” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвараа тайлагнан улсын төсөвт төлөх үүрэгтэй бөгөөд мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй тул хариуцагчаас татварын өр 31 567 402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 315 787 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас татварын өр 31 567 402 төгрөг гаргуулж Орхон аймгийн ТХ-т олгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 315 787 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА