Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0236/З |
Дугаар | 109 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 109
“Тэргүүн гарц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Мандахсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 999 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 221/МА2017/0105 дугаар магадлалтай, “Тэргүүн гарц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 999 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 19.4, 19.6-д заасныг тус тус баримтлан “Тэргүүн гарц” ХХК-ийн гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдэл, мөн даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн “Талын монгол групп” ХХК-д Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших Дэлгэр нэртэй газарт 337.19 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Тэргүүн гарц” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших Дэлгэр нэртэй газарт 337.19 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-025047 дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тус талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Тэргүүн гарц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус талбарт дахин хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0105 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 999 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 105 дугаар магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болгож буй нөхцөл байдлууд нь хавтаст хэргийн баримтуудаар хангалттай тодорхой нотлогдож тогтоогдож байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж нэхэмжлэгч нь үзэж байгаа юм. Тухайлбал магадлалын Хянавал хэсэгт дурдсан “...Говь-Алтай аймгийн Засаг даргын дэмжихгүй санал ирсэнээс хойш сонгон шалгаруулалт дахин зарласан эсэх” гэх үндэслэлийн тухайд:
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр “Тэргүүн гарц” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь үүнээс 3 хоногийн дараа 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Талын монгол групп” ХХК-аас өргөдлийг цаасаар хүлээн авсан. Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, хэмжээг ихэсгэх тухай хүсэлтэд “хариуцагч нь цахим шалгаруулалтад оролцоогүй, бусадтай ижил тэгш өрсөлдөж эрх олж аваагүй этгээдүүдийн өргөдлийг хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус” хэмээн маргасан, нэхэмжлэлийг хариуцагч, гуравдагч этгээдэд гардуулж тайлбар авахад цахим шалгаруулалтад оролцоогүй гэх үндэслэлийн талаар маргаагүй, оролцсон гэдгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Түүнчлэн ашигт малтмалын газраас цахим шалгаруулалтыг улс орон даяар зохион байгуулалттайгаар урдчилан товлосон хугацаанд явуулж хайгуулын талбарт өргөдөл гаргах эрхийг олгож байсан бөгөөд “Тэргүүн гарц” ХХК-ийн өргөдлөөс татгалзсанаас хойш 3 хоногийн дотор цахим шалгаруулалт явуулж “Талын монгол групп” ХХК шалгарсан гэх үйл баримт үндэслэлгүй, хариуцагч, гуравдагч этгээд энэ талаар маргадаггүй тул уг үйл баримтын талаар анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзэж байна.
Магадлалын Хянавал хэсэгт “Ялангуяа Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/01 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 240 дүгээр тогтоолын хүрээнд тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын талбай хамрагдсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд ийнхүү хамаарч байгаа эсэхийг тодруулах, хамрагдаж байвал тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн хариуцагчийн үйлдлийн талаарх холбогдох баримтуудыг бүрдүүлсний эцэст дүгнэлт өгөхөөр байна” гэх үндэслэлийн тухайд:
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүн гарц” ХХК-ийн өргөдөлд өгөх 13 дугаар саналаар Монгол Улсын Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор улсын нөөцөд авсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэмээн үндэслэж уг талбарт тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэх хариуг ирүүлсэн. Ашигт малтмалын газрын Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын татгалзсан санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг хангаж байна хэмээн эрх зүйн шүүлт хийсэн хирнээ “Тэргүүн гарц” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэснээс хойш 3 хоногийн дараа уг газарт гуравдагч этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цаасан байдлаар авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өргөдлийн талбар болох Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг, Дэлгэр нэртэй 337.19 гектар талбай нь Монгол Улсын Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор улсын нөөцөд авсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалгүй гэх баримтыг хариуцагч Ашигт малтмалын газраас гарган өгсөн тул дахин уг асуудлыг нягтал хэмээн анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй. Хариуцагч нь Говь-Алтай аймгийн Засаг даргын үндэслэлгүй, улсын тусгай хэрэгцээний, орон нутгийн нөөц газарт хамаарахгүй талбайг хамаарна хэмээн санал өгснийг нягталж үзэлгүйгээр “Тэргүүн гарц” ХХК-ийн өргөдлөөс татгалзаж, гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэсэн, гуравдагч этгээд бусадтай адил өрсөлдөж эрх аваагүй, цахим шалгаруулалтаар шалгараагүй, оролцоогүй этгээд байхад хариуцагч нь түүнээс өргөдөл хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь цахим шалгаруулалтад шалгарсан “Тэргүүн гарц” ХХК-ийн эрх ашиг, түүнчлэн тус шалгаруулалтад оролцсон ч шалгараагүй бусад этгээдүүдийн ч эрх ашгийг хөндөж, тэгш бус хандаж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан журмын дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Анхан шатны шүүх “Тэргүүн гарц” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбарыг тал бүрээс нь бодитой судлан дүгнэж хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан.
2. Магадлалын Хянавал хэсэгт ““Тэргүүн гарц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал ирснээс хойш сонгон шалгаруулалт дахин зарласан эсэх, “Талын монгол групп” ХХК-ийн өргөдөлтэй холбогдуулан Ашигт малтмалын газраас хүргүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/4009 дүгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг дарга хүлээн авсан эсэх, түүний дагуу санал авах ажиллагааг “Тэргүүн гарц” ХХК-тай адил явуулсан эсэх талаарх баримтыг цуглуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх байжээ” гэжээ.
Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Тэргүүн гарц” ХХК-ний NE-25047 дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн санал ирүүлснийг үндэслэн уг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр Кадастрын хэлтсийн дарга татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 350 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж хүлээн зөвшөөрөн ямар ч маргаан гаргаагүй. Хэргийн оролцогч нар “Талын монгол групп” ХХК-ийн өргөдөлтэй холбогдуулан Ашигт малтмалын газраас хүргүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/4009 дүгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг дарга хүлээн авсан эсэх, түүний дагуу санал авах ажиллагааг “Тэргүүн гарц” ХХК-тай адил явуулсан эсэх талаар маргаагүй тул давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэл нь хэрэгт хамааралгүй нотлох баримтыг цуглуулахыг шаардсан үндэслэлгүй дүгнэлт болсон.
3. Магадлалын Хянавал хэсэгт “Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар албан бичиг нь захиргааны акт эсэхэд дүгнэлт өгөх” гэжээ. Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар албан бичиг нь захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгоогүй “мэдэгдэл” юм.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх хэрэг материалыг дутуу үнэлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул дараах гомдлыг гаргаж байна.
1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн батлагдаж байгаа. Тухайлбал, ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь бусадтай адил өрсөлдөж, эрх аваагүй, цахим шалгаруулалтаар шалгараагүй, оролцоогүй этгээдээс өргөдөл хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь цахим шалгаруулалтад шалгарсан “Тэргүүн гарц” ХХК-ийн эрх ашгийг хөндөж, тэгш бус хандсан, ... нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч маргаагүй” мэтээр дурдсан нэхэмжлэгчийн хууль бус тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хэрэгт байгаа материалууд нь Ашигт малтмалын газраас ирүүлсэн бодит баримтууд бөгөөд тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг үндэслэж суллан нийтэд ил болгосон талбайд манай компани 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өргөдлийн дугаар авч бүртгүүлэн 5 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших Дэлгэр гэх газарт өргөдлийн NЕ-025902 дугаартай 337,19 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасан баримт бий. Мөн хэргийн 64 дэх хуудсанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Говь-Алтай аймгийн Засаг даргын саналыг авахаар 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/4009 тоот албан бичиг хүргүүлсэн баримт байгаа бөгөөд хэргийн 68 дахь хуудсанд Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсанд бүртгэгдсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын газраас орон нутаг руу санал авах бичиг явуулаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
2. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг мэдсэн, тухайн үед нь энэ албан бичиг, мэдэгдлийг хүлээн авсан. Ийнхүү өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байгааг мэдсээр байж хуулийн хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй, Төрийн байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
3. Түүнчлэн эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн бол хуулийн хугацаанд гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан ч гомдлоо гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.
4. Ийнхүү гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрөөд 7 сар болсны дараа хөөн хэлэлцэх хугацаагаа тасраагүй мэтээр шүүхэд хандсан байна.
5. Мөн эрх ашиг нь хөндөгдсөн шийдвэрт бус нэгэнт өмнө нь хүчингүй болж, өргөдлийн бүртгэлээс хасагдсан NЕ-25047 дугаартай өргөдөлд Засаг даргаас дэмжсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн саналыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгдсэн 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 6/755 дугаар мэдэгдэлд гомдол гарган шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ бол зөвхөн хүсэлтэд нь хариу өгсөн мэдэгдэл болохоос биш нэхэмжлэгчийн эрх ашгийг нь хөндсөн шийдвэр буюу захиргааны акт биш юм.
6. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрт ямар нэгэн гомдол гаргаагүй атлаа Говь-Алтай аймгийн Засаг даргад хууль бусаар, хувийн журмаар хандан өмнө гаргасан шийдвэрийг нь үгүйсгэсэн санал дахин авч Ашигт малтмалын газарт хүргүүлсэн үйлдлийг нь анхан шатны шүүхээс “өргөдөл гаргагч аж ахуйн
нэгж, аймаг, нийслэлийн Засаг даргаас санал авах эрхгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн.
7. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, улмаар Ашигт малтмалын газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн “Талын монгол групп” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй
болгох гэсэн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн “Тэргүүн гарц” ХХК-ийн анх гаргасан NЕ-025047 дугаартай өргөдөл нь хуулийн шаардлага хангасан, хамгийн түрүүнд ирүүлсэн өргөдөл болохыг тогтоолгох эрх зүйн ач холбогдолгүй бөгөөд тухайн өдөр нь өргөдөл хэн түрүүлж гаргасантай холбоотой маргаан гараагүй учраас тухайн нэгж талбарт дахин өргөдөл хүлээн авч “зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ч мөн адил хангах боломжгүй юм.
8. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт хоорондоо
зөрүүтэй дүгнэлтүүд хийгдсэн, аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал ирснээс хойш Кадастрын хэлтсийн даргын 350 тоот шийдвэр гарсан, шийдвэрээс 3-4 хоногийн дараа тухайн талбайг суллан нийтэд ил болгож, дахин өргөдөл авсан зэрэг баримтууд хэрэгт хангалттай байхад мөн л анхаараагүй байна.
Нэхэмжлэгч нь дээрх байдлаар Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтойгоор зөрчсөн, харин анхан шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг хангалттай сайн шалгаж, бүрдүүлсэн тул хуулийн дагуу зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулан ихээхэн хэмжээний зардал гаргаад байгаа манай компанийн эрх ашгийг хамгаалан, хэргийг хянан үнэн зөвөөр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас, давж заалдах шатны шүүх шаардлагагүй нотлох баримтыг бүрдүүлэхийг зааж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахыг шаардаж буй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдэл нь “Тэргүүн гарц” ХХК-аас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 05 тоот албан бичгээр гаргасан “...Говь-Алтай аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нартай дахин уулзалт хийж дэмжлэг авсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас албан ёсоор хүсэлт гарган холбогдох бичиг баримт, хурлын тэмдэглэлийг авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн утгатай хүсэлтийг “...өргөдлийн бүртгэлээс хасагдсан NE-25047 дугаартай өргөдөлд өгсөн Засаг даргын саналыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй...” гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэснээрээ эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, 19.6-д заасан аймаг, нийслэлийн Засаг даргын санал нь бие даасан эрх зүйн үр дагавартай байдгаараа захиргааны акт болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Засаг даргын “зөвшөөрөөгүй санал” болох захиргааны акттай холбогдуулан захиргааны журмаар гомдол/хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.
Энэхүү маргааны хувьд Говь-Алтай аймгийн Засаг дарга өөрийнх нь “зөвшөөрөөгүй санал”-тай нь холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн “дэмжсэн санал” өгсөн байх бөгөөд үүнийг Засаг даргаас “алдаагаа зассан захиргааны акт” гаргасан гэж дүгнэх боломжтой. Нэгэнт Засаг дарга дэмжсэн санал өгсөн учраас нэхэмжлэгчийн хувьд цаашид шүүхэд хандах шаардлагагүй юм.
Гэтэл анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч уг хариуцагчийн шийдвэрийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан ба 350 дугаар шийдвэр болон Говь-Алтай аймгийн Засаг даргын санал хууль бус хэмээн нэхэмжлэл гарган маргаагүй бөгөөд ... Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс аймаг, нийслэлийн Засаг даргаас санал авах эрхтэй болохоос өргөдөл гаргагч аж ахуйн нэгж аймаг, нийслэлийн Засаг даргаас санал авах эрхгүй байна...” гэж дүгнэсэн нь буруу байна.
Засаг дарга урьдчилан шийдвэрлэх журмаар дахин захиргааны акт гаргасан тохиолдолд захиргаа /Ашигт малтмалын газар/ түүнийг хүлээн авч шийдвэрлэх ёсгүй гэж хуулийг тайлбарлах боломжгүй юм. Иймээс Засаг даргын дэмжсэн саналыг хүлээн авч, шийдвэрлэж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтэд татгалзсан хариуцагчийн 2016 оны 6/755 дугаар мэдэгдэл нь хууль бус байна.
Хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснээр “Тэргүүн гарц” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 350 дугаар шийдвэрийн эрх зүйн үр дагавар дуусгавар болно.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 550 дугаар шийдвэрийн тухайд, хариуцагч нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд “...Говь-Алтай аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөөгүй гэсэн санал ирүүлсэн тул Засаг даргын саналыг үндэслэн...” хэмээн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 350 дугаар татгалзсан шийдвэр гаргасан атлаа яг ижилхэн талбай дээр 5 хоногийн дараа гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авч “...Засаг дарга хуульд заасан 30 хоногийн хугацаанд хариу ирүүлээгүй тул зөвшөөрсөнд тооцох тухай хуулийн заалтыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус байна.
Учир нь Говь-Алтай аймгийн Засаг даргаас хүсэлт гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дурдахдаа: 1. Монгол Улсын Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор улсын нөөцөд авсан, 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07/01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, 3. Сумын иргэдийн санал, 4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал гэжээ /хэргийн 1 хавтас, 23-24 дэх тал/. Иймд нэгэнт тусгай зөвшөөрөл хүссэн талбайг эрх бүхий этгээдээс тусгай хэрэгцээнд авсан юм бол хариуцагч уг талбай дээр дахин өргөдөл хүлээн авах боломжгүй, авсан ч түүнээс татгалзах үүрэгтэй /Ашигт малтмалын тухай хуулийн 13.3, 17.22, 19.2.1, 19.2.3/.
Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт /хэргийн 1 хавтас, 190-197 дахь тал/ болон хариуцагчийн тайлбараас үзвэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07/01 тоот тогтоол нь тухайн ондоо Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбайтай давхцаагүй байдаг. Үүнийг хариуцагч мэдэх үүрэгтэй бөгөөд мэдсэн ч учраас анхан шатны шүүлтээр тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байна.
Гэтэл хариуцагч тухайн талбайд эхэлж өргөдөл гаргасан нэхэмжлэгчид “Засаг дарга дэмжээгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан, Засаг даргын саналын үндэслэл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг мэдсээр байж нэхэмжлэгчийн дараа өргөдөл гаргасан гуравдагч этгээдэд “Засаг дарга санал ирүүлээгүй тул дэмжсэнд тооцно” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд “шударга ёс”, “тэгш байдлыг баримтлах” зарчмыг зөрчсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...Засаг дарга ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд огт санал өгөөгүй байхыг ойлгоно. Гэтэл уг маргааны хувьд нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбай дээр Засаг дарга татгалзсан санал өгсөн бөгөөд тухайн саналын үндэслэл /орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх/ нь гуравдагч этгээдийн хувьд ч өөрчлөгдөхөөргүй байхад /иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн шийдвэр гаргаагүй, тусгай хамгаалалтаас гарах хуульд заасан хугацаа болоогүй/ захиргаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэснийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан нь буруу байна.
Гэтэл анхан шатны шүүх “...төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчмын хүрээнд “Тэргүүн гарц” ХХК-ийн гаргасан өгдөдлийг хянан шийдвэрлэсний дараа “Талын монгол групп” ХХК-ийн гаргасан өргөдлийг ...хүлээн авч...тусгай зөвшөөрлийг олгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг хуулийн зорилгод нь үл нийцүүлэн буруу тайлбарласан байх бөгөөд энэ нь захиргааны үйл ажиллагаа шударга, тэгш байх зарчмыг алдагдуулахад хүргэжээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий актууд болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6/755 дугаар мэдэгдэл болон 2015 оны 550 дугаар шийдвэрийн “Талын монгол групп” ХХК-д Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших Дэлгэр нэртэй газарт 337.19 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь хууль бус тул тэдгээрийг хүчингүй болгох нь зөв юм.
“Тэргүүн гарц” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших Дэлгэр нэртэй газарт 337.19 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-025047 дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тус талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан гэдгийг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд энэ талаар талууд маргаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар энэхүү үйл баримт нь тогтоогдож байгаа, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд ийнхүү тогтоолгосноор түүний хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хууль ёсны эрх, ашиг сонирхол үүсэх тул тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Мөн маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан өргөдлийг хамгийн түрүүнд гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Тэргүүн гарц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус талбарт дахин хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь хуульд нийцнэ.
Ийнхүү хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд холбогдох хуулийн дагуу маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүхээс “... “Тэргүүн гарц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэмжихгүй санал ирснээс хойш сонгон шалгаруулалт дахин зарласан эсэх, “Талын монгол групп” ХХК-ийн өргөдөлтэй холбогдуулан Ашигт малтмалын газраас хүргүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/4009 дүгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг дарга хүлээн авсан эсэх, түүний дагуу санал өгөх ажиллагааг “Тэргүүн гарц” ХХК-тай адил явуулсан эсэх талаарх баримтыг цуглуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх байжээ” хэмээн хэрэгт шаардлагагүй буюу ач холбогдолгүй баримтыг цуглуулах ёстой гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймээс шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй хэмээн дүгнэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 999 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 221/МА2017/0105 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Тэргүүн гарц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдэл, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн “Талын монгол групп” ХХК-д Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших Дэлгэр нэртэй газарт 337.19 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, “Тэргүүн гарц” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших Дэлгэр нэртэй газарт 337.19 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-025047 дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагыг хангасан, тус талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус талбарт дахин хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ