Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/416

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       Хэргийн индекс: 166/2018/0140/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Х.М /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Х.Мд холбогдох эрүүгийн 1818002980159 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,   Х.М /РД:******/, 1992 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “*******” цэвэр усны үйлдвэрт ус хүргэгч ажилтай, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Мэргэд” хүнсний дэлгүүрийн урд талын саравчинд иргэн Д.Б халааснаас Самсунг Нөт-2 маркийн гар утас, бор өнгийн арьсан түрийвчтэй бэлэн мөнгө 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Мэргэд” хүнсний дэлгүүрийн урд талын саравчинд иргэн Д.Б халааснаас Самсунг Нөт-2 маркийн гар утас, бор өнгийн арьсан түрийвчтэй бэлэн мөнгө 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Х.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, өмнө нь ярьсан бүх зүйл үнэн. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Баталгаат засварын хуудас /хэргийн 6/,

-Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан Д.Б гомдол /хэргийн 7/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-9/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-11/,

-Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ээжээсээ 150000 төгрөг авсан юм. Тэгээд 18-ын Хаан банк орж данснаасаа 270000 төгрөг аваад “Ихэр могой” орж Samsung note 2 маркийн хар саарал өнгөтэй гар утас 100000 төгрөгөөр худалдан аваад, бирж орж 20000 төгрөгөөр пүүз аваад хамаатны эгчийнхээ гэрт нь очсон. Би хамаатныхаа гэрт очоод шинээр авсан гутлаа сольж өмсөөд харих замдаа “Сутай” нэртэй бааранд орж пиво уусан юм. Намайг пиво уугаад сууж байтал танихгүй 2 залуу ирээд суух ширээ байдаггүй ганцаараа явж байгаа бол хамт суучих уу? гэж асуугаад суусан. Тэгээд би тэр 2 залуутай танилцаж архи авч уусан. Бааранд хэсэг ууж байгаад баарнаас гараад чигээрээ алхаж 15-р сургуулийн урд талын засмал зам дээрээс таксинд суутал бааранд байсан 2 залуугийн нэг нь таксинд миний араас орж ирж суусан. Тэгээд Хээтэй хорооллын голд байрлах “Мэргэд” нэртэй зочид буудлын ойролцоо зам дээр буугаад Мэргэд буудалд ороод хоноё гэж бодоод буудал руу алхаж байтал нөгөө бааранд байсан залуу ардаас хүрч ирээд хоёулаа хамт архи ууя гээд Мэргэд зочид буудлын урд талын тоглоомын талбай дээр байх сааданд сууж тал шил архи хувааж уусан юм. Тэгээд архи ууж байгаад нэг ухаан ороход саад дотор сандал дээр ганцаараа сууц байсан юм. Тэгээд халаасанд байсан мөнгө гар утсаа үзэхэд алга болчихсон байсан.

...би өөрийн утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Мөн миний эд зүйлийг хулгайлсан залуу надад 250000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,

-Шүүгдэгч Х.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байх үед “Сутай” бааранд орсон юм. Бааранд ороход ширээ байхгүй байсан болохоор ганцаараа сууж байсан нэг залуугийн ширээн дээр очоод сууж болох талаар асууж хамт суусан. Тэгээд бид хоёр танилцаад пиво аваад сууж байтал нэг танихгүй залуу ирээд хамт сууж болох уу? гээд хамт суусан. Тэгээд бид гурав хоорондоо танилцаад мөнгөө нийлүүлж байгаад 0.5 литрийн “Хараа” архи авч уугаад хар савхин куртиктай саравчтай малгайтай залуутай хамт баарнаас гарч алхаад 15-р сургуулийн ойролцоох засмал зам дээрээс такси бариад хамт Шинэ Дарханы хээтэй хорооллын голд байдаг “Мэргэд” дэлгүүрийн урд талын сааданд надад байсан тал шил архийг хувааж ууж байтал нөгөө залуу унтчихсан. Тэгэхээр нь би халаасыг нь ухаад халаасанд нь байсан хар саарал өнгөтэй гар утас, түрийвчтэй бэлэн мөнгийг аваад гэр лүүгээ явсан. Ажилдаа ирээд ус түгээх ажлаа хийж явж байгаад нөгөө хүний түрийвчтэй мөнгийг хаячихсан байсан. Би орсон газруудаараа хайгаад олоогүй. Тэгээд ажил тараад гэртээ ирээд байж байтал цагдаа нар ирээд авч явсан” гэх мэдүүлэг /хэргийн 16/,

- Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны  өдрийн байдлаар 110000 (Нэг зуун арван мянга) төгрөг байна гэх 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 18,19/,

-Шүүгдэгч Х.М-гийн Дархан-Уул аймгийн прокурорт гаргасан: “...****** овогтой ****** миний бие Д.Б гар утас, бэлэн 250000 төгрөгийг хулгайлж авсан болох нь үнэн болно. Би Д.Бд гар утас болон 250000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 59/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Х.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Бд гэмт хэргийн улмаас 360000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Б “...би өөрийн утсаа бүрэн бүтэн хүлээн авсан, мөн миний эд зүйлийг хулгайлсан залуу надад 250000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Мэргэд” хүнсний дэлгүүрийн урд талын саравчинд иргэн Д.Б халааснаас Самсунг Нөт-2 маркийн гар утас, бор өнгийн арьсан түрийвчтэй бэлэн мөнгө 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Х.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Х.Мд үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 5 хоног  цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч   Х.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Х.Мг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Х.Мд үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.Мд анхааруулсугай.  

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт 5 хоног  цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ