Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 142/шш2017/01237

 

 

 

 

2017 оны 12 сарын 06 өдөр                         Дугаар 142/ШШ2017/01237                                   Орхон аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Л -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг ................ 1 тоотод оршин суух Н.Ж,

Хариуцагч: Орхон аймаг ................. тоотод оршин суух Г.Б,

Хариуцагч: Улаанбаатар хот .......... П.Ц

Хариуцагч: Улаанбаатар хот ................. тоотод орших “ИХА” ХХК-д тус тус холбогдох,

 “34 319 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч П.Ц болон “ИХА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 01 сарын 19-нд би Б Ж хоёрт 15 хятад  иргэний паспорт визний мөнгийг авчирч өгсөн. Б миний хүүгийн нэг анги байсан. Цагаан хаданд ажилладаг манайд орж ирдэг байсан. Би ”Гашуунсухайт”-д дугуй засвар ажиллуулдаг байсан. Тэгтэл Б хөдөлмөрийн виз гаргах гэсэн юм гэсэн та хятад иргэд олж өгөөч гэсэн. Тэр үед манайд хятад иргэд визний хугацаа сунгуулах хэрэгтэй байна гэж байсан. Би үүнийг Бд хэлсэн. Б манайх “Бундбэйс” ХХК дээр манай хөдөлмөрийн виз гаргасан та мөнгийг нь авчих гэсэн. Хятад ажилтан ажиллуулдаг Баатар гэх хүнээс мөнгө авч өгсөн. Эхний удаа 1 600 000 төгрөг өгсөн. 2015.01.18-нд Улаанбаатарт ирээд Б Ж 2 хүүхэдтэйгээ намайг тосч аваад буудалд хүргэж өгсөн. Бүх бичиг баримтаа гаргаж өгөөд мөнгөө өгчих гэсэн. Хаан банкнаас аваад Жгийн эмээгийнд 23 500 000 төгрөг тоолж өгсөн, тэгээд сар болсон. Би сарын дараа залгаад мөнгөө буцааж өг гэсэн. “Бундбэйс” гэдэг компаний бичиг баримт гаргаж өгсөн. Энэ компани дээр гаргаж өгөх гэж байгаа гэсэн. Нилээд хэд хоногийн дараа “ИХА” компани дээр гаргахаар болсон гэж хэлсэн. Зоригоо гэлүү Отгоо гэлүү Цын таньдаг хүнд өгсөн байгаа гэсэн. Би хүнд худлаа яриад тэр хүнээс нь очиж гадаад иргэдийн паспортыг авсан. Тэр хүн наад хүмүүс чинь худлаа хэлж байна даа гэдгийг хэлсэн. Ингээд би эргэж ирээд л Ж намайг тоохоо больсон. Бгийн ээж аавтай Орхон аймгийн Жаргалант суманд 28 жил амьдарсан болохоор л Бд итгэж найдаж өгсөн. Баярын дараа ирээд яасан бэ гэхэд Рэнцэнханд гэх хүнд өгсөн байгаа нөхөр нь хөдөлмөрийн яаманд ажилладаг асуудалгүй гэсэн. Бүтэц зохион байгуулалт гээд дахиад сар болсон. 3 дахь сараас эхлээд уурлаж эхэлсэн. Сүүлдээ Рэнцэнханд дээр орхиод явсан. Би Рэнцэнхандад гэрт нь очиж гуйсан тэр үед хятад иргэд хугацаа хэтрэлтийн торгуульд орсон байсан. Сүүлдээ Ж надад хамаагүй танихгүй гэдэг. 2015.03.27-нд Рэнцэнханд нөхөр Эрхэмбаяраар хөөцөлдөж байж гаргуулж өгсөн. Нөхөр маань хүний барьцаанд үүнээс болж 3 сар хоригдож байсан. Хятад иргэдийг мөнгөөр гаргадаг виз биш байсан. Энэ хэдээс буцааж яаж мөнгөө авах вэ гэсэн бодолтой байсан. Бүгдэнтэй нь цуг уулзсан. Хоорондоо маргаж эхэлсэн, 10 хоногийн дараа Рэнцэнханд бичиг хийж өгсөн. 2015.05.12-нд бичиг хийлгүүлж авсан. Буцааж авсан 8 000 000 төгрөг хаанаа ч хүрээгүй эхний ээлжинд 1-2 хятад иргэнийг гаргаж байсан. Үлдэгдэл мөнгийг жолооч хийдэг Батмэнд гэдэг хүнээс 10 хувийн хүүтэй 14 000 000 төгрөгийг 2 хувааж зээлж авсан. Энэ мөнгийг бүгдийг төлсөн. Миний 3 хүүхэд хятадруу явж чадахаа больсон. Өөрийнхөө гараар Батмэндийг дагуулж яваад бүх мөнгийг тушаасан. 3 хүний орж гарах визний 576 000 төгрөг Гашуунсухайтад тушаасан, буудлын мөнгө, Батмэндээс авсан мөнгө, нийт 34 319 000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч Н.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Анх 13 хүний виз паспорт 23 500 000 төгрөгтэй авчирсан хэрвээ виз гаргаад өгвөл нэг хүний 1 000 юань өгнө гэсэн аман гэрээ хийсэн. Би компанитай нь холбож өгнө гэж амаар тохирсон. Рэнцэнханд эгч болно, би тийм компани танина гэсэн, тэгэхээр нь дагуулж очсон. Компаний захирлын данс руу 15 000 000 төгрөг хий гэсэн /Рэнцэнханд/. Мөн нийгмийн даатгалыг мөнгө 2 500 000 төгрөг өгсөн, Рэнцэнханд эгчид өөрт нь 2 000 000 Цын дансанд 15 000 000 төгрөг хийсний 8 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдсэн нь компанид үлдэнэ шүү гэж байсан. 8 000 000 төгрөгийг аваад түүнийгээ Л эгчийн данс руу хийсэн. 1 500 000 төгрөгийг Рэнцэнханд эгч надаас авсан, бичиг баримт хөөцөлдөхөд хэрэгтэй гэж байсан. Үлдэгдэл 2 500 000 төгрөгийг би өөрөө авсан. Намайг ав гэсэн, үлдэгдлийг виз гарсны дараа өгнө гэж байсан. Би тохирсон ёсоороо зуучилж өгсөн, хамт нэг сар гаран хөөцөлдөж явсан. Буудалд бид 3 уулзаад, үлдсэн ажлыг Рэнцэнханд бид 2 хамт зохицуулна гэж надад хэлсэн. Надад зуучлалын хөлс дутуу байгаа би үүнийгээ нэхнэ гэж бодож байгаа. Тэр хүмүүс нь Монголд олдог орлогоо олоод гарцгаасан. Бтай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй.

Н.Ж миний бие Б.Лгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд тус хэргийн шүүх хуралдааныг 2017 оны 12 сарын 06-ны өдөр хийхээр товлосон билээ. Хуралдааны товыг хүлээн авсан боловч 2017 оны 12 сарын 05-ны өдөр төрөх учир шүүх хуралд оролцох боломжгүй байна. Иймээс энэхүү тайлбарыг шүүх хуралдаан дээр уншин сонсгож шүүх хуралдааныг явуулж өгнө үү. Нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Л эгч намайг Хятад улсын иргэдийн хөдөлмөрийн визийг гаргаж өгөх шийдвэртэй хүн байна уу. Компани байна уу гэж надаас олж өгч туслаач гэж гуйсны үндсэн дээр миний бие “Индралхур арвин” ХХК-ийн захирал П.Цд, мөн нягтлан Рэнцэнхандтай холбож өгсөн. Хэрвээ намайг Хятад улсын иргэдийн хөдөлмөрийн визийг гаргаж өгдөг хүмүүстэй зуучилж өгвөл 1 хүний 1000 юань буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 350 000 төгрөг нийт 13 хүн 4 550 000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцсон. Миний бие энэхүү тохиролцсон ёсоор хүлээсэн үүргээ биелүүлж “ИХА” ХХК-ийн нягтлан бодогч Рэнцэнханд эгчийг Лтэй холбож танилцуулж өгсөн. Ингээд энэ хоёр хүнийг танилцуулж бид гурав сар гаран энэ ажлыг нь хөөцөлдөж явсны эцэст хөдөлмөрийн яаманд бичиг баримт материалыг бүрдүүлж өгсөн. Үүний дараа Л, Рэнцэнханд, миний бие бид гурав уулзаж цаашид Л, Рэнцэнханд нар виз бичиг баримтаа хөөцөлдөхөөр болж миний бие нялх хүүхэдтэй байсан тул Эрдэнэт рүү гэр лүүгээ явсан. Тухайн үед Л эгч хүртэл зөвшөөрсөн. Визний зарцуулалтын мөнгө Л өөрөө хүссэний дагуу надад 23 500 000 төгрөг өгсөний дагуу ”ИХА” ХХК-ийн захирал Цын данс руу 14 976 000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс буцаагаад миний данс руу 8 сая төгрөг Ц шилжүүлсэн. Яагаад буцаасан гэхээр Лгийн данс руу буцаагаад шилжүүл гээд мөн Л мөнгө авна гээд шилжүүлсэн. Рэнцэнханд эгч хятад ажилчдын нийгмийн даатгалын мөнгө гэж 2 500 000 төгрөг бэлнээр авсан. Мөн 2 сая төгрөг дансаар шилжүүлж, бичиг баримтын зардал, орчуулгын хөлс гэж 1 500 000 төгрөгийг авсан. Рэнцэнханд нийт 6 сая төгрөг авсан. Мөн Рэнцэнханд өөрөө хүлээн зөвшөөрдөг. Дээрхи авсан 23 500 000 төгрөг надад 2 500 000 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг намайг Л зуучлалын хөлсөнд ав гээд би авсан. Үлдэгдэл виз зуучлалын хөлсөнд надад өгөх 2 050 000 төгрөгийг Хятад ажилчдын визны зөвшөөрөл гарсны дараа надад өгнө гэж хэлсэн. Ажилчдын хөдөлмөрийн виз 2015.03.16-ны өдөр гарсан боловч үлдэгдэл мөнгөө одоог хүртэл өгөөгүй харин ч надаас мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн 13 Хятад иргэн нь Баатар гэх Өвөрмонгол иргэний захиалгаар Монголд орж ирж 6 сарын хугацаатай хөдөлмөр эрхэлж ашиг олж буцсан. Миний бие Лгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж гадаадаас ажилчид оруулж ирэх зөвшөөрөлтэй “ИХА” ХХК-ийг зуучилж өгсөн тул Лд ямар нэг мөнгө төлөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Лгийн хүсэлтийн дагуу Ж холбож өгсөн, Ж үүргээ биелүүлсэн. Тайлбартаа Жг сайн танихгүй гэсэн танихгүй хүнд мөнгө өгнө гэж байхгүй. Зуучлаад зохих ёсоор Ж 2 500 000 төгрөг зуулчлаын хөлс авсан. 13 иргэн ажиллаад буцаад гарсан. Хэний захиалгаар орж ирсэн бэ, Өвөрмонгол Баатар гэх хүний захиалга байна лээ. Лгээр дамжуулаад орж ирсэн. Буудалд яагаад байгаад байсан бэ, үйл баримттай хэрхэн холбогдоод байна вэ, буудалд байсан мөнгийг төлнө гэж хэлээгүй байдаг. Б энэ хэрэгт Жтай уулзуулж өгсөн... гэжээ.

Хариуцагч “ИХА” ХХК-ийн захирал А.Адъяасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Сүхбат овогтой Адъяасүрэн нь “ИХА” ХХК-ийн хувьцааг 100% эзэмшиж байсан Пүрэвдорж овогтой Цоос эзэмших эрхийг нь 2016 оны 10-р сард худалдан авч, 100% эзэмших болсон билээ. Анх компанийн хувьцааг худалдан авахдаа П.Цоос “Хувьцааг нь худалдаж байгаа компани чинь хэн нэгэнд ямар нэгэн өр төлбөргүй биз дээ" гэхэд Ямар нэгэн өр төлбөргүй ээ, хэрэв тийм зүйл гарч ирвэл би хариуцна" гэсний дагуу "Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээнд энэ тухай заалт оруулсан болно. 2017 оны 11-р сарын эхээр над руу Орхон аймгийн шүүхээс залгаж, иргэний хэрэгт хариуцагчаар орох болсон тухай мэдэгдсэн. Би өөрөө нялх хүүхэдтэй болохоор хол газар урт хугацаагаар явж чадахгүй байсан учир Н.Алтангэрэлийг өөрийн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Миний бие иргэн Б.Лгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. БЛ нь нэхэмжлэлдээ хятад иргэдийн виз гаргуулахаар мөнгийг Н.Ж, Г.Б нарт анх өгсөн гэжээ. Миний төлөөлөгчөөр сонгосон М.Алтангэрэлийи тайлбарлаж өгснөөр Б.Л нь урьдчилгаа мөнгөө Н.Жд өгч, Н.Ж нь 15 сая төгрөгийг П.Цын хувийн дансанд шилжүүлсэн байна. П.Ц нь урьдчилгаа төлбөрөөс өөрийн компанийнхаа нэр дээр гарсан гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зориулалттай квотоо Б.Лд ашиглуулсны төлбөрийг ярьж тохирсныхоо дагуу суутгаж аваад үлдсэнийг нь Н.Жгийн дансанд буцааж шилжүүлсэн байна. Б.Л нь манай компанийн нэр дээр БНХАУ-ын 15 иргэнийг оруулж ирээд Монголд ажиллуулаад гаргасан, өөрөөр хэлбэл тэрээр өөрийн зорилгоо биелүүлсэн байна. Дээрх байдлаас харахад манай компани нь иргэн Б.Лд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй байхад манай компанийг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. “ИХА” ХХК-ийн нэр дээр гарсан квотыг Б.Л ашиглаж зорилгоо биелүүлсэн, П.Ц нь Б.Л, Н.Ж. Ц.Рэнцэнханд нартай ярьж тохирсныхоо дагуу квот ашиглуулсан төлбөрөө авч, үлдсэн мөнгийг буцааж өгсөн, манай компани Б.Лгийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учир иргэний хэрэгт хариуцагчаар татсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Ц болон “ИХА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтангэрэл шүүхэд тайлбарлахдаа: “...Рэнцэнхандаар дамжаад визний асуудал орж ирсэн байсан. “ИХА” ХХК тухайн үед гаднаас 30 иргэн ажиллах хүч захиалчихаад яаман дээр судлагдах шатандаа явж байсан. Энэ асуудалд 15 000 000 орчим сая төгрөгийн зардал гарсан байсан. Энэ асуудлыг судлаад яамнаас, Засгийн газраас квот тогтоосны үндсэн дээр шийдвэрлэдэг. Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжээс хамаардаггүй, Л хугацаагаа буруу тооцоолсон юм шиг байгаа юм. Эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчийн тайлбарт нэг хүнээс 200 000 төгрөгийн ашиг харж байгаа гэсэн тайлбар байсан нь эдийн засгийн ашиг сонирхолтой байсан гэдгээ ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа зүйл нь энэ бүхэн визтэй холбоотой гарсан мөнгө байсан хэмээн үзэж байна. Визний бус мөнгө нь зочид буудлын төлбөр байсан. 7 000 000 төгрөгийн асуудал “ИХА” гэх компанид гадаадын иргэн оруулж ирэх асуудал зөвхөн аж ахуйн нэгжид олгодогт л байсан. Өөрийнх нь гаргаж өгсөн мэдүүлгээр ашиг харж байгаа нь харагддаг. Энэ олон зуучлагч ашиг олоод байгаа бол оруулах эрхийг авч өгч байгаа компани яагаад тэндээс ашиг авахгүй байх ёстой вэ. 15 хүний 400 000 төгрөг Рэнцэнхандруу шилжүүлсэн. Гадаад ажилчдын хятад үнэмлэхийг орчуулах шаардлагатай болсон гэж тайлбарладаг. 1 сая төгрөгийг Рэнцэнхандад хятад ажилчдын орчуулгад зарцуулсан, 6 000 000 төгрөгийг бол квот ашиглуулсны хөлс хэмээн ойлгож байна. Одоо бүх үйл явдал өрнөөд дууссаны дараа хүмүүс нь манай компаниар дамжиж гарчаад дараа нь Цоос нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Н.Ж, Г.Б, П.Ц, “ИХА” ХХК-д холбогдуулан “34 319 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг  хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Л нь Г.Бгаар дамжуулан, Н.Жтай холбогдож 15 Хятад иргэний Монголд ажиллах визний зөвшөөрлийг гаргуулахаар  тохиролцож түүнд 23 500 000 төгрөгийг өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн баримтаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Хариуцагч Н.Ж нь “ИХА” ХХК-ийн нягтлан бодогч Ц.Рэнцэнхандаар  дамжуулж, уг компаний захирал П.Цоос зөвшөөрөл авч тус компаний нэр дээр гадаадаас ажиллах хүч оруулах зөвшөөрлийг нь ашиглаж, 15 Хятад иргэдийг Монголд оруулж ирэн  ажиллуулжээ. Хариуцагч Н.Ж нь Б.Лгээс авсан 23 500 000 төгрөгийнхөө 14 976 000 төгрөгийг “ИХА” ХХК-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Б.Л нь Н.Ж болон “ИХА” ХХК-тай хөлс төлөх талаар тохироогүй гэж байгаа боловч, “ИХА” ХХК-ий нэр дээр гарсан гадаадын иргэдийг Монголд ажиллуулах зөвшөөрөл буюу Хөдөлмөрийн яамны сайдын тушаалын дагуу 15 Хятад иргэдийг Монголд оруулж ирж ажиллуулсны хөлс гэж нэг хүний 400 000 төгрөгөөр бодож 6 000 000 төгрөг авсныг буруутгах боломжгүй.  “ИХА” ХХК нь зөвшөөрлөө ашиглуулсны хөлс гэж 6 000 000 төгрөг авсан нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байна. Харин “ИХА” ХХК-д илүү шилжүүлсэн 976 000 төгрөгийг гаргуулан Б.Лд олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.  

Зуучлалын гэрээний дагуу зуучлал үр дүнд хүрсэн тул хариуцагч нар хөлсөө авах эрхтэй.

Хариуцагч Н.Ж нь Хятад ажилчдыг Монголд оруулж ирэхэд “ИХА” ХХК-тай холбож өгсөн, 2 500 000 төгрөгийг Б.Л нь намайг ав гэж хэлсэн тул хөлсөнд нь авна гэж тайлбарласан бөгөөд зуучлал үр дүнд хүрсэн тул Н.Ж нь 2 500 000 төгрөгийг авсныг буруутгах үндэслэлгүй байна. 

Н.Ж нь 23 500 000 төгрөгийг Б.Лгээс авч, 14 976 000 төгрөгийг “ИХА” ХХК-д шилжүүлсэн, үлдэх мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг нь Б.Лд өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан эрүүгийн хэргийг шалгах явцад талуудаас авсан тайлбар, мэдүүлгүүдээр нотлогдсон. Харин 2 500 000 төгрөгийг Хятад иргэдийн нийгмийн даатгалд, 1 500 000 төгрөгийг орчуулгын хөлсөнд тус тус төлсөн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул Н.Жгаас нийт 4 024 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Харин Б.Л нь Хятад иргэдийн визний хугацаа хэтрэлтийн торгуулийн мөнгө, орчуулгын мөнгө гэж нэхэмжилсэн бөгөөд визний хугацааны талаар Н.Ж Б.Л нар тохироогүй, орчуулгын мөнгийг Н.Жгаас шаардах эрхгүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Лгийн буудлын мөнгө, замын зардал, Батмэндээс авсан зээл түүний хүү болон бусад зардлуудыг гаргуулах боломжгүй. Учир нь Б.Лгийн буудлын мөнгийг Н.Ж төлнө гэж тохирсон гэсэн тайлбар нотлогдоогүй, мөн Батмэндээс хүүтэй мөнгө авсныг Н.Ж төлөх үндэслэлгүй, Б.Л нь Н.Жтай уулзахаар ирж буцсан гэдгийг замын зардлын баримтууд нотлоогүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь, П.Цыг түүний өөрийнх нь данс руу мөнгийг шилжүүлсэн гэж хариуцагчаар татсан нь үндэслэлгүй бөгөөд, түүнийг “ИХА” ХХК-ий захирлаар ажиллаж байх үед нь түүний зөвшөөрлөөр тус компанийн гадаадаас ажиллах хүч оруулах зөвшөөрлийг нь ашигласан нь компани Б.Л нарын хоорондох эрх үүргийн харилцааг тодорхойлж байна. Харин Г.Б  мөнгийг хүлээж авсан энэ асуудлыг мэдэж байгаа гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Г.Б нь Б.Л Н.Ж нарыг холбож өгсөн тэдний дунд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй, Г.Б нь мөнгийг хүлээн авсан нь нотлогдоогүй. 

Иймд Г.Б, П.Ц нарыг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгов.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 329 545 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “ИХА” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 27 974 төгрөг, хариуцагч Н.Жгаас улсын тэмдэгтийн хураамжаар 79 334 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “ИХА” ХХК-с 976 000 төгрөг, хариуцагч Н.Ж-гаас 4 024 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 29 319 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Г.Б, П.Ц нарыг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239 545 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “ИХА” ХХК-с 27 974 төгрөг, хариуцагч Н.Ж-гаас 79 334 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Л-д олгосугай.  

  4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА