Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00013

 

 

 Б.Л-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ж, Г.Б,

П.Ц,“И” ХХК нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/01237 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Б.Лгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Ж, Г.Б, П.Ц, “И” ХХК нарт холбогдох,

“34.319.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, хариуцагч Н.Ж нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, хариуцагч Н.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 01 сарын 19-нд би Б Ж хоёрт 15 хятад иргэний паспорт визний мөнгийг авчирч өгсөн. Б хөдөлмөрийн виз гаргах гэсэн юм гэсэн та хятад иргэд олж өгөөч гэсэн. Тэр үед манайд хятад иргэд визний хугацаа сунгуулах хэрэгтэй байна гэж байсан. Би үүнийг Б-д хэлсэн. Б манайх Бундбэйс ХХК дээр манай хөдөлмөрийн виз гаргасан та мөнгийг нь авчих гэсэн. Хятад ажилтан ажиллуулдаг Баатар гэх хүнээс мөнгө авч өгсөн. Эхний удаа 1.600.000 төгрөг өгсөн. 2015.01.18-нд Улаанбаатарт ирээд Б Ж 2 хүүхэдтэйгээ намайг тосч аваад буудалд хүргэж өгсөн. Бүх бичиг баримтаа гаргаж өгөөд мөнгөө өгчих гэсэн. Хаан банкнаас аваад Ж-гийн эмээгийнд 23.500.000 төгрөг тоолж өгсөн, тэгээд сар болсон. Би сарын дараа залгаад мөнгөө буцааж өг гэсэн. Бундбэйс гэдэг компаний бичиг баримт гаргаж өгсөн. Энэ компани дээр гаргаж өгөх гэж байгаа гэсэн. Нилээд хэд хоногийн дараа И компани дээр гаргахаар болсон гэж хэлсэн. Зоригоо гэлүү Отгоо гэлүү Цын таньдаг хүнд өгсөн байгаа гэсэн. Би хүнд худлаа яриад тэр хүнээс нь очиж гадаад иргэдийн паспортыг авсан. Тэр хүн наад хүмүүс чинь худлаа хэлж байна даа гэдгийг хэлсэн. Намайг мөнгөө яасан бэ гэхээр Р гэх хүнд өгсөн байгаа нөхөр нь хөдөлмөрийн яаманд ажилладаг асуудалгүй гэсэн. Би Рын гэрт нь очиж гуйсан тэр үед хятад иргэд хугацаа хэтрэлтийн торгуульд орсон байсан. Сүүлдээ Ж надад хамаагүй танихгүй гэдэг. 2015.03.27-нд Р нөхөр Эрхэмбаяраар хөөцөлдөж байж гаргуулж өгсөн. Нөхөр маань хүний барьцаанд үүнээс болж 3 сар хоригдож байсан. Хятад иргэдийг мөнгөөр гаргадаг виз биш байсан. 10 хоногийн дараа Р бичиг хийж өгсөн. 2015.05.12-нд бичиг хийлгүүлж авсан. Буцааж авсан 8.000.000 төгрөг хаанаа ч хүрээгүй эхний ээлжинд 1-2 хятад иргэнийг гаргаж байсан. Үлдэгдэл мөнгийг жолооч хийдэг Батмэнд гэдэг хүнээс 10 хувийн хүүтэй 14.000.000 төгрөгийг 2 хувааж зээлж авсан. Энэ мөнгийг бүгдийг төлсөн. Миний 3 хүүхэд хятадруу явж чадахаа больсон. Өөрийнхөө гараар Батмэндийг дагуулж яваад бүх мөнгийг тушаасан. 3 хүний орж гарах визний 576.000 төгрөг Гашуунсухайтад тушаасан, буудлын мөнгө, Батмэндээс авсан мөнгө, нийт 34.319.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч Н.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Л эгч намайг Хятад улсын иргэдийн хөдөлмөрийн визийг гаргаж өгөх шийдвэртэй хүн байна уу. Компани байна уу гэж надаас олж өгч туслаач гэж гуйсны үндсэн дээр миний бие Индралхур арвин ХХК-ийн захирал П.Цд, мөн нягтлан Ртай холбож өгсөн. Хэрвээ намайг Хятад улсын иргэдийн хөдөлмөрийн визийг гаргаж өгдөг хүмүүстэй зуучилж өгвөл 1 хүний 1000 юань буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 350 000 төгрөг нийт 13 хүн 4 550 000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцсон. Миний бие энэхүү тохиролцсон ёсоор хүлээсэн үүргээ биелүүлж И ХХК-ийн нягтлан бодогч Р эгчийг Лтэй холбож танилцуулж өгсөн. Ингээд энэ хоёр хүнийг танилцуулж бид гурав сар гаран энэ ажлыг нь хөөцөлдөж явсны эцэст хөдөлмөрийн яаманд бичиг баримт материалыг бүрдүүлж өгсөн. Үүний дараа Л, Р, миний бие бид гурав уулзаж цаашид Л, Р нар виз бичиг баримтаа хөөцөлдөхөөр болж миний бие нялх хүүхэдтэй байсан тул Эрдэнэт рүү гэр лүүгээ явсан. Тухайн үед Л эгч хүртэл зөвшөөрсөн. Визний зарцуулалтын мөнгө Л өөрөө хүссэний дагуу надад 23 500 000 төгрөг өгсөний дагуу И ХХК-ийн захирал Ц-ын данс руу 14 976 000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс буцаагаад миний данс руу 8 сая төгрөг Ц шилжүүлсэн. Яагаад буцаасан гэхээр Л-ийн данс руу буцаагаад шилжүүл гээд мөн Л мөнгө авна гээд шилжүүлсэн. Р эгч хятад ажилчдын нийгмийн даатгалын мөнгө гэж 2 500 000 төгрөг бэлнээр авсан. Мөн 2 сая төгрөг дансаар шилжүүлж, бичиг баримтын зардал, орчуулгын хөлс гэж 1 500 000 төгрөгийг авсан. Р нийт 6 сая төгрөг авсан. Мөн Р өөрөө хүлээн зөвшөөрдөг. Дээрхи авсан 23 500 000 төгрөг надад 2 500 000 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг намайг Л зуучлалын хөлсөнд ав гээд би авсан. Үлдэгдэл виз зуучлалын хөлсөнд надад өгөх 2 050 000 төгрөгийг Хятад ажилчдын визны зөвшөөрөл гарсны дараа надад өгнө гэж хэлсэн. Ажилчдын хөдөлмөрийн виз 2015.03.16-ны өдөр гарсан боловч үлдэгдэл мөнгөө одоог хүртэл өгөөгүй харин ч надаас мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн 13 Хятад иргэн нь Баатар гэх Өвөрмонгол иргэний захиалгаар Монголд орж ирж 6 сарын хугацаатай хөдөлмөр эрхэлж ашиг олж буцсан. Миний бие Лгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж гадаадаас ажилчид оруулж ирэх зөвшөөрөлтэй И ХХК-ийг зуучилж өгсөн тул Лд ямар нэг мөнгө төлөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

...Л-ийн хүсэлтийн дагуу Ж холбож өгсөн, Ж үүргээ биелүүлсэн. Тайлбартаа Ж-г сайн танихгүй гэсэн танихгүй хүнд мөнгө өгнө гэж байхгүй. Зуучлаад зохих ёсоор Ж 2 500 000 төгрөг зуулчлаын хөлс авсан. 13 иргэн ажиллаад буцаад гарсан. Хэний захиалгаар орж ирсэн бэ, Өвөрмонгол Баатар гэх хүний захиалга байна лээ. Л-ээр дамжуулаад орж ирсэн. Буудалд яагаад байгаад байсан бэ, үйл баримттай хэрхэн холбогдоод байна вэ, буудалд байсан мөнгийг төлнө гэж хэлээгүй байдаг. Б энэ хэрэгт Ж-тай уулзуулж өгсөн... гэжээ.

Хариуцагч П.Ц болон И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтангэрэл шүүхэд тайлбарлахдаа:

...Раар дамжаад визний асуудал орж ирсэн байсан. И ХХК тухайн үед гаднаас 30 иргэн ажиллах хүч захиалчихаад яаман дээр судлагдах шатандаа явж байсан. Энэ асуудалд 15 000 000 орчим сая төгрөгийн зардал гарсан байсан. Энэ асуудлыг судлаад яамнаас, Засгийн газраас квот тогтоосны үндсэн дээр шийдвэрлэдэг. Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжээс хамаардаггүй, Л хугацаагаа буруу тооцоолсон юм шиг байгаа юм. Эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчийн тайлбарт нэг хүнээс 200 000 төгрөгийн ашиг харж байгаа гэсэн тайлбар байсан нь эдийн засгийн ашиг сонирхолтой байсан гэдгээ ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа зүйл нь энэ бүхэн визтэй холбоотой гарсан мөнгө байсан хэмээн үзэж байна. Визний бус мөнгө нь зочид буудлын төлбөр байсан. 7 000 000 төгрөгийн асуудал И гэх компанид гадаадын иргэн оруулж ирэх асуудал зөвхөн аж ахуйн нэгжид олгодогт л байсан. Өөрийнх нь гаргаж өгсөн мэдүүлгээр ашиг харж байгаа нь харагддаг. Энэ олон зуучлагч ашиг олоод байгаа бол оруулах эрхийг авч өгч байгаа компани яагаад тэндээс ашиг авахгүй байх ёстой вэ. 15 хүний 400 000 төгрөг Рруу шилжүүлсэн. Гадаад ажилчдын хятад үнэмлэхийг орчуулах шаардлагатай болсон гэж тайлбарладаг. 1 сая төгрөгийг Р-д хятад ажилчдын орчуулгад зарцуулсан, 6 000 000 төгрөгийг бол квот ашиглуулсны хөлс хэмээн ойлгож байна. Одоо бүх үйл явдал өрнөөд дууссаны дараа хүмүүс нь манай компаниар дамжиж гарчаад дараа нь Цоос нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/01237 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч И ХХК-с 976 000 төгрөг, хариуцагч Н.Жгаас 4 024 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлээс үлдэх 29 319 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Г.Б, П.Ц нарыг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239 545 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-с 27 974 төгрөг, хариуцагч Н.Жгаас 79 334 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Л нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав нар давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэргийн үйл баримт болон нотлох баримтыг буруу үнэлж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн талаар:

Ж болон Ц, “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Хятад иргэдийг Монгол улсад ажиллуулах зөвшөөрөл гаргаж өгөхөөр зуучилсан, зуучлалын хөлс болон компаний квот ашиглуулсан төлбөрөө авсан гэх тайлбар дээр дурдсан баримтуудаар үгүйсгэгдэж байгаа төдийгүй тэдний .тайлбарыг нэхэмжлэгч Л эсэргүүцэж байгаа бөгөөд хариуцагч нар дээрх тайлбараа өөр ямар нэг баримтаар нотлоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1, 38.1-т заасны дагуу хариуцагч нарын тайлбар хуулийн энэхүү шаардлагад нийцээгүйг шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж өрөөсгөл дүгнэлт хийсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зкүйлийн 40.1 дэх хэсэгт “.... нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр.... үнэлнэ гэж заасан атал шүүгч хуулийн энэхүү шаардлагыг зөрчиж зөвхөн хариуцагч нарын бусад баримтаар нотлогдоогүй хариу тайлбарыг иш үндэс болгосон төдийгүй нэхэмжлэгч эсэргүүцсэн тайлбар өгсөөр байтал талуудын тайлбараар нотлогдсон гэж дүгнэсэн нь асуудалд бодит бусаар хандсан гэж үзэх үндэстэй байна.

Шүүх “Хариуцагч Н.Ж нь И ХХК-ийн нягтлан бодогч Раар дамжуулж уг компаний захирал Цоос зөвшөөрөл авч тус компаний нэр дээр гадаадаас ажиллах хүч оруулах зөвшөөрлийг нь ашиглаж 15 Хятад иргэдийг Монголд оруулж ирэн ажилуулжээ” гэж дүгнэсэн нь огт ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч Л нь Хятад иргэдийг Монгол улсад ажиллах зөвшөөрөл гаргуулах, гадаад иргэд Монгол Улсад ажиллуулах талаархи И ХХК-ийн зөвшөөрлийг ашигласны төлөө уг компанид мөнгө төгрөг төлөх, Ж нь зөвшөөрөл гаргуулж зуучилсны хөлс авах зэрэг асуудлаар Н.Жтай тохиролцоогүй тул тэдгээр эрхийг түүнд олгоогүй зөвхөн Хятад иргэдийн ажлын байрны төлбөрт 23 500 000 төгрөг төлөх талаар тохиролцож мөнгөө өгсөн гэж тайлбарласан тайлбар бусад баримтаар нотлогдсон, өөр баримтаар үгүйсгэгдээгүй, Н.Жгийн дээрх тайлбар бусад баримтаар нотлогдоогүй байхад шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй.

Р ‘"И” ХХК-ийн нягтлан бодогч гэдэг нь өөрийн тус компанитай хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх ямар нэг гэрээгүй гэх өөрийн нь мэдүүлгээр үгүйсгэгдсэн байхад шүүх ямар баримтанд үндэслэн “Ж нь И ХХК-ийн нягтлан бодогч Раар дамжуулж” гэж дүгнэхэд хүрсэн нь ойлгомжгуй байна. Нөгөөтэйгүүр шүүхийн дээрх дүгнэлтээс үзвэл Н.Ж нь “15 Хятад иргэдийг И ХХК-ийн зөвшөөрлийг ашиглаж Монгол улсад оруулж ирж ажиллуулсан“ хэмээн үзэж байгаа мэт ойлгогдож байх ба энэ тохиолдолд тэдний хоорондын дээрх тохиролцоог ажлын байрны төлбөр төлүүлэхээр 23500000 төгрөгөө өгөөд 13500000 төгрөгөө авч чадахгүй хохирсон Лгийн нэхэмжлэлтэй холбож дүгнэх үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсэгт хуульзуйн ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэх үндэстэй

Тухайлбал: Н.Ж Г.Б нар Монгол улсад ажнллах зөвшөөрөл нь гарсан гэх Хятад иргэдийн ажлын байрны төлбөрт 23 500 000 төгрөгийг төлнө гэж худал хэлж Лгээс авсаны дараа зөвшөөрөл гарсан нь худал болохыг Л мэдээд мөнгөө буцааж авахаар нэхэж, таньж мэдэхгүй хүмүүс болон байгууллагад мөнгө, бичиг баримтыг дамжуулсан асуудлыг тодруулж араас нь хөөцөлдөн олон сараар буудалд байрлан хохирсон мөнгөө нэхэмжилсэн, 13 500 000 төгрөгийг Ж буцаан өгөөгүйгээс болж Хятад иргэдийн ажлын байрны төлбөр төлөгдөхгүй болсон болон тэдний визний хугацаа хэтэрч торгуульд орсон асуудлыг зохицуулахаар Бат-мэнд гэдэг хүнээс Л 14 сая төгрөг хүү, алдангитай гэрээ хийж зээлж аваад Хятад иргэдийн ажлын байрны төлбөр болон визний хугацаа хэтэрч торгуулийг төлж хохирсон хохирлоо нэхэмжилсэн нэхэмжлэл нь гэрч Бат-Мэндийн мэдүүлэг, Лгээс мөнгө төлсөн баримтууд, зочид буудлын төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдож байхад энэ талаар шүүх хууль зүйн ямар ч үнэлэлт дүгнэлт хийлгүй шууд хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Б нь анх Лтэй утсаар ярьж улмаар Жтай хамт ирж гэртээ аваачин хоёул байж байгаад 23 500 000 төгрөгийг авсан, Л Жг танихгүй хүүгийн ангид сурдаг байсан Бд итгэж мөнгөө өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Баттулгын мэдүүлэг, цагдаагийн байгууллагад Жгийн өгсөн тайлбар мэдүүлгээр нотлогдож байхад шүүх Бг хариуцагч биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Цын хувийн дансанд Ж Лгээс авсан мөнгөө шилжүүлсэн талаар тайлбарлаж, мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдсон атал энэ асуудалд хуульзүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй Цыг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хуульзүйн үндэслэлгүй байх тул хэргийг бүхэлд нь хянаж, Лгийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ж давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчилэн эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анх Б.Л намайг Хятад улсын иргэдийн хөдөлмөрийн визийг гаргаж өгдөг найдвартай компани, хүн байнуу олж өгөөч найдвартай компани зуучлаад өгвөл 1 хүний 1000 юань буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 350 000 төгрөг нийт 13 хүний 4 550 000 төгрөгийг өгье гэсэн юм. Энэхүү саналыг миний бие хүлээн авч найдвартай компани олж өгөхөөр болсон.

Ийнхүү тохиролцооны дагуу би И ХХК-ийн нягтлан бодогч Р эгчийг холбож танилцуулж өгсөн. Ингээд “Индрал хур Ариун” ХХК дээр хөдөлмөрийн виз гаргах асуудлыг Р, Б.Л миний бие гурвуулаа сар гаран хөөцөлдөж Хөдөлмөрийн яаманд бичиг баримтуудаа бүрдүүлж өгсөн. Ийнхүү бичиг баримтуудыг бүрдүүлж яаманд өгсөний дараа бид гурав уулзаж ярилцаад би нялх хүүхэдтэй байсан тул Орхон аймагруу гэрлүүгээ явах талаар ярилцахад Б.Л, Ц.Р нар үлдсэн асуудлыг бид хөөцөлдөнө чи яв гэсэн. Визний асуудлыг хөөцөлдөхөд зарцуулах мөнгө болох 23.500.000 төгрөгийг Б.Л өөрөө хүссэний дагуу надад өгсөн. Энэхүү 23.500.000 төгрөгнөөс 14.976.000 төгрөгийг “И” ХХК-ийн тухайн үеийн захирал П.Цэрэнсономын дансруу шилжүүлсэн,

Ц.Рэнцэнхэнд 2.500.000 төгрөгийг хятад ажилчидын нийгмийн даатгалын мөнгө төлнө гэж бэлнээр авсан, мөн 2.000.000 төгрөгийг Ц.Рын дансаар, 1.500.000 төгрөгийг хятад ажилчидын бичиг баримтын орчуулгын зардалд хэрэглэх зорилгоор Р тус тус надаас авсан. Энэ нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Рын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл шүүх гэрч Ц.Рын мэдүүлгийг харгалзаж үзэлгүйгээр 4.024.000 төгрөгийг надаас гаргуулж Б.Лд олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэхүү 4.024.000 төгрөгийг миний бие хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн, 142/ШШ2017/01237 дугаартай шийдвэрээр надаас 4.024.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Л хариуцагч Н.Ж, Г.Б нарт холбогдуулан хохирол 34.319.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И-ХХКомпани, П.Ц нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ.

Хариуцагч Н.Ж “... 23.500.000 төгрөг авснаас 14.697.000 төгрөгийг компаний захирал П.Цд өгсөн, Ц.Р-д 3.500.000 төгрөг өгсөн, 2.500.000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн, 2.500.000 төгрөг үлдсэнг Б.Л зуучлалын хөлсөнд ав гэж хэлсэн. 15 хятад ажилчин оруулж ирж ажиллуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...”, хариуцагч Б “...би энэ асуудалд огт оролцоогүй, мөнгө төгрөг аваагүй тул шаардлагыг  зөвшөөрөхгүй...” гэж, хариуцагч П.Ц,  Индрулхур Ариун ХХКомпаний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтангэрэл ”...тус компаний квотын үндсэн дээр 15 хятад ажилчин орж ирж ажилласан байдаг, нэхэмжлэгч Б.Л уг асуудалтай холбоотой бүх зардлыг хариуцаж, компаний зөвшөөрлийг ашигласны ашигт 6.000.000 өгсөн харагдаж байгаа, тус компаний квотын үндсэн дээр хятад ажилчид орж ирж ажиллаад буцсанаар асуудал дууссан байгаа, нэхэмжлэгч өөрөө хугацаагаа буруу тооцсоноор торгууль хүлээсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээр тус тус маргаж мэтгэлцжээ.

Шүүх хариуцагч Н.Жгаас 4.024.000 төгрөг, И ХХКомпаниас 976.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 29.319.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Б, Р.Ц нарыг хамтран хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд И ХХКомпани нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 16 ны өдрийн А/34 дугаар тушаалаар Чингэлтэй дүүрэгт баригдах япон авто машины засвар үйлчилгээний төвд тоног төхөөрөмж суурилуулах зорилгоор гадаадын 30 ажиллах хүч авах зөвшөөрөл авсны үндсэн дээр Хятадын 15 иргэн Монгол улсад орж ирж Цагаан хад-Ганц мод-Таван толгойн чиглэлд нүүрс тээврийн жолоочоор ажилласан болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01/96 албан тоот, зохигчдын гаргасан тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.  

Тус компаний нэр дээр орж ирсэн гадаадын ажиллах хүч нь Эрх бүхий байгууллагаас олгогдсон зөвшөөрлийн дагуу ажил үйлчилгээгээ зохих журмын дагуу хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгч Б.Л тус компаний нэр дээр орж ирсэн Хятад 15 иргэний ажлын байрны төлбөр нийт 13.824.00 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, визний үнэ болон бусад зардлыг тус компаний нэр дээр төлсөн, хариуцагч Р.Ц өөрийн эзэмшлийн ХААН банкны дансанд 14.976.000 төгрөг шилжүүлж авсан байхад шүүх И ХХКомпани зөвшөөрлөө ашиглуулсаны хөлс 6.000.000 төгрөг /нэг хүний 400.000 төгрөг/ авсныг буруутгах боломжгүй гэсэн дүгнэлт хийж И ХХКомпаниас 976.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хариуцагч Р.Ц ажлын байрны төлбөрт тооцож авсан 14.976.000 төгрөг авснаас буцааж 8.0 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгч, үлдэгдэл 6.976.000 төгрөгийг гадаадын ажиллах хүчний ажлын байрны төлбөрт төлөөгүй, уг мөнгийг хэрхэн ямар зардалд тооцсон болохоо нотолж чадаагүй тул хариуцагчаас 6.976.000 төгрөг гаргуулах, хариуцагч Н.Ж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй, зуучлалын хөлсөнд хэдэн төгрөг авахаар тохирсон талаарх болон хөлсний хэмжээг тогтсон нийтлэг жишиг хэмжээг тодорхойлох нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна 2015 оны 1 дүгээр сард авсан 23.500.000 төгрөгт зуучлалын хөлс орж тооцогдоогүй байх тул хариуцагчаас П.Цд бэлэн бусаар шилжүүлсэн 14.976.000 төгрөгийг хасч үлдэгдэл 8.024.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Индрал хур ариун ХХКомпанид олгогдсон зөвшөөрлийн дагуу гадаадын 15 иргэн орж ирж Монголд ажилласан хэдий ч нэхэмжлэгч Б.Л П.Ц нар тухайн үед өөр өөрсдийн хүлээх эрх, үүрэг, ашиг алдагдлын хуваарилалтын талаар харилцан тохиролцоогүй байх тул талуудын хооронд хамтран ажиллах болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байх тул нэхэжлэгч гэрээний үүрэг зөрчигчдсөнөөс үүсэх хариуцлагын асуудал буюу хохирол шаардах эрхгүй болно.

Иймд нэхэмжлэгч Б.Л буудлын зардал, торгууль, зээлийн хүү, алданги, замын зардал зэрэг өөрт учирсан хохиролоо шаардах эрхийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 19.319.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Жгаас 8.024.000 төгрөг, П.Цоос 6.976.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн шүүх Г.Б, П.Ц нарыг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх ба нэхэмжлэлийн шаардлагаас  Г.Б болон И ХХКомпанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагч Н.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/01237 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч П.Ц-оос 6.976.000 төгрөг, Н.Жгаас 8.024.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19.319.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “Г.Б, П.Ц нарыг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Г.Б, “И” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтанд “...хариуцагч И ХХК-с 27.974 төгрөг, хариуцагч Н.Жгаас 79.334 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож...” гэснийг “...хариуцагч Н.Жгаас 143.334 төгрөг, П.Цоос 126.566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Лгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.000 төгрөгийг, хариуцагч Н.Жгийн төлсөн 80.000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                           М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ