Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2020/00751

 

Б.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01183 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1122 дугаар магадлалтай,

Б.У-ын нэхэмжлэлтэй,

А.У-д холбогдох

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, МД ХХК-ийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У-, түүний өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...МД ХХК-ийн хувьцааг А.У- 60 хувь, Б.У- 40 хувь гэсэн харьцаагаар өмчилж, хамтран үйл ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт М-Square төслийг хэрэгжүүлж, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий худалдааны төвийн барилга барьж байгаа юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилт ихээхэн хэрэгтэй байсан тул Голомт банкнаас зээл хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл манай хүсэлтийн дагуу банкнаас зээлийн судалгаа хийх явцдаа Голомт банкнаас хэрэв зээл эрсдэлд орох юм бол хувьцаа эзэмшигчид давхар хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Та нар тийм чадвар сул байгаа тул өөр чадвартай зээлдэгч олох арга бод гэсэн тул Сингапур Улсын иргэн Билли Лим Син Пау /Billy Lim Sin Раu/-гийн Баянгол зочид буудлын эзэмшил хувьцааг давхар барьцаалахаар тохирч түүний нэрээр Голомт банкнаас өндөр дүнтэй буюу 20.000.000 ам.долларын зээл авах зорилгоор, мөн өмнө нь түүнээс хувь хүнийх нь хувьд зээлж авсан байсан мөнгөнийхөө эргэн төлөх баталгаа болгож түүнд компанийн хувьцааны 70 хувийг шилжүүлэх хэрэг гарсан юм. Компанид олон хувьцаа эзэмшигч бүртгэлтэй байгаа бол түүнийгээ нэг л хүний нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн болзол тавьж байгаа болохоор шаардлагыг нь биелүүлэх хэрэгтэй байна гэж А.У- хэлсний дагуу бид хоёр харилцан ярилцаж байгаад би А.У-д өөрийн өмчлөлийн 40 хувийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэх гэрээ хийж, А.У- нь эзэмших эрхтэй болсон 100 хувийн хувьцааныхаа 70 хувийг Билли Лим Син Паугийн нэр дээр шилжүүлэх зэрэг ажиллагаа хийгдсэн юм. Энэ бүх ажиллагааг хийхдээ компанийн зүгээс буюу хэрэгжүүлж байгаа төслийн санхүүжилтээс зээлээ эргэн төлөөд хувьцаагаа буцаан өөр өөрийн нэр дээр шилжүүлж авахаар харилцан тохиролцсон юм. Гэтэл Голомт банкны зээл бүтэхээ больсон тул Билли Лим Син Паугаас авсан зээлийн барьцааг өөрчилж баригдаж буй барилгын 2 дугаар давхрын 1000 гаруй кв.м талбайг барьцаалсан. 2013 оны 12 дугаар сард дээр дурдсан хувьцаа шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг миний бие гардан хариуцаж, Улсын бүртгэлийн албанд хандаж явах үедээ 2 гишүүнтэй гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрчилгээг гаргуулан өгч байсан чинь өнөөдөр гэнэт 1 гишүүнтэй гадаадын хөрөнгө оруулалтгүй компани болгоод 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр дахин шинээр гэрчилгээ авчихсан байгаа нь надад хардлага төрүүлсэн тул би хуульд заасан эрхийнхээ дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албанд хандахад МД ХХК-ийн надтай холбоотой бичиг баримтын хуулбарыг гарган өгч бусдыг өгөх боломжгүй болохоо мэдэгдсэн болно. Энэ бүхэн нь А.Уянгын 2013 онд ажлын шаардлагаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан миний хувьцааг хууль бусаар өөр дээрээ бүхлээр нь бүртгүүлснийг харуулж байгаа бөгөөд А.У- нь энэ үйлдлээрээ Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийснийг нотолж байгаа тул 5580749 тоот регистрт бүхий МД ХХК-ийн хувьцааны 40 хувийг бэлэглэсэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйл болох 40 хувийн хувьцааг бэлэглэгч Б.У-т буцаан шилжүүлэхийг А.У-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Аийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие Ж.А, А.У-ын төрсөн ээж, МД компанийг үүсгэн байгуулахаас нь эхлээд төслийн ерөнхий менежер, гүйцэтгэх захирлаар одоо болтол ажиллаж байна. Манай гэр бүлийнхэн үл хөдлөхийн бизнес хийхээр ярилцаад барилга барих газар судалж явсаар одоо барилгаа барьсан энэ газраа авахаар үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, ах дүү хамаатан садангуудынхаа үл хөдлөх хөрөнгүүд болон бизнесүүдээ зарж, танил тал найз нөхдүүдээсээ зээл авч хөрөнгө мөнгөө цуглуулан байж Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 тоот захирамжийг үндэслэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг охин А.У-ын нэр дээр гаргуулсан юм. Ингээд 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр МД ХХК-ийг байгуулсан. Нэхэмжлэгчээр нэг ч зээл авахуулж хөрөнгө оруулалт хийлгээгүй. Б.У- нь гүйцэтгэх захирал биш болсны дараа 55.000 ам долларын зээл авсан байдаг. 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн эхнэр нь хуурамч бичиг хийлгэсэн байдаг. Нэхэмжлэгч болон н.Алтангэрэл нар нь мөнгө авч өгсөн байдаг ба бид энэ талыг мэдээгүй байсан. Нэхэмжлэгчийн бодлогогүй ажиллагаанаас болоод манай компани 58.000 ам доллар төлсөн. Бэлэглэлийн гэрээг Голомтоос зээл авах гэж байсан. Банк олон бичиг баримт шаардаж байсан. Улмаар батлан даагч хэрэгтэй гэсэн. Билли Лим нь батлан даах болсон. Тэгээд хөрөнгө оруулагч биш гээд гаргахыг шаардсан. Ингээд бэлэглэлээр хувьцаа шилжсэн. Бэлэглэлээр хийхэд банк зөвшөөрөөгүй бөгөөд миний охин А.У- өөрийнхөө компанийн 70 хувийг алдах юм гэдгээ ойлгоод больсон. Нэхэмжлэгчийг гомдоосон зүйл байхгүй. Миний охин одоо шоронд орсон. Алтангэрэл салаад зугтаад алга болсон. Уг компани нь гэр бүлийн хөрөнгө. Нэхэмжлэгч нь ямар нэг хувь нэмэр оруулаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01183 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.У-д холбогдох 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн МД ХХК-ний хувьцааны 40 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагчид бэлэглэлийн зүйл болох 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр журнал 6984066873, 6984066839 гэсэн баримтаар урьдчилан төлсөн нийт 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1122 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.У-ын төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.У-, өмгөөлөгч Б.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлал нь Иргэний хуулийн 279, 280 дугаар зүйлийг буруу тайлбарлан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр гарснаас болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж байна гэж үзэж байгаа тул тэдгээрийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн зохицуулалт нь “тодорхой болзол” хангагдсан тохиолдолд бэлэглэлийн гэрээ “хүчин төгөлдөр” болох эсэх тухай байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл нь нэгэнт хүчин төгөлдөр байгаа бэлэглэлийн гэрээг “хүчингүй болгуулах” тухай асуудал байхад “гэрээнээс татгалзах” тухай маргааныг шийдвэрлэж байгаа мэт дүгнэлт хийсэн нь түүний шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцэж чадсангүй. Тийм ч учраас “...Үүнээс гадна нэхэмжлэгчийн компанийн хувьцааг буцаан шилжүүлэхээр тохиролцсон гэх тайлбарын дагуу уг амлалт биелэгдээгүй байх нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарахгүй юм. Учир нь буцаан шилжүүлэхээр тохиролцсон бол энэ нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хамаарна.” гэж зөрүү ойлголттой дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд Билли Лим Син Пау гэгч нь хувьцааг буцааж өгнө гэж хэлж байснаар талууд бэлэглэсэн 40 хувийн хувьцааг буцаан өгөхөөр тохиролцсон гэж үзэхээр байгаа боловч нэхэмжлэгч энэ үндэслэлээр шаардлага гаргаагүй...” гэдгээр дээрх уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийг “Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан гомдооно гэдэг нь агуулгын хувьд тухайн этгээд нэр төр, алдар хүнд, нийгэмд болон гэр бүлийн хүрээнд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл гаргасан байхыг ойлгоно. Улмаар ноцтой гэдэгт дээрх гомдоосон гэх үйлдэл нь бэлэглэгчид болон түүний ойр дотны хүнд сэтгэл зүйн хувьд хүчтэй нөлөөлөхөөр байх юм.” гэж “нэг талын хэлцэл”-ийн талаархи хуулийн үзэл санааг гуйвуулсан хэрэг болсон талаар бид давж заалдах гомдолдоо маш тодорхой дурдсан юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “...хариуцагчийн ямар үйлдлийг нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэж үзэх нь нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан баримтаас тодорхой бус байна.” гэж үзэхдээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01012 дугаар шийдвэрийн утга санааг анхаарч үзсэнгүй. Өөр юу ч шаардахгүйгээр энэ шийдвэрийн агуулгыг нухацтай аваад үзвэл Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан үндэслэл тодорхой болох учиртай. Бэлэглэгчийн “гомдол”, бэлэг хүлээн авагчийн “гомдоох үйлдэл” нь зөвхөн тухайн 2 этгээдийн хоорондын хувийн харилцаанаас л үүдэлтэй болохоос биш нийгмийн, олон түмний хоорондын харилцаанд яригддаг тэр тусмаа түмний дундах “нэр төр, алдар хүнд, нийгэмд болон гэр бүлийн хүрээнд эзлэх байр суурь”-тай холбоогүй, бэлэглэлийн гэрээгээр урьдчилан тохирох боломжгүй зүйл юм гэдгийг анхан шатны болон давж заалдах шатны шүүх анхааралдаа аваагүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.У-, А.У-д холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн МД ХХК-ийн хувьцааны 40 хувийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг  “...бэлэг хүлээн авагч нь хувьцааг буцаан шилжүүлэх амлалтаа биелүүлээгүй бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хувьцааг буцааж шилжүүлэхийг шаардсан нэхэмжлэл гаргажээ.   

Хариуцагч А.У- нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “...нэхэмжлэгч тус компанид ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй, ...компанид хохирол учруулсан, ...хөрөнгө оруулагч биш тул компаниас гаргаж, бэлэглэлийн гэрээгээр хувьцааг шилжүүлэн авсан” гэж тайлбарласан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээнээс үзвэл нэхэмжлэгч Б.У- хариуцагч А.У-д МД ХХК-ийн 40 хувийн хувьцааг бэлэглэсэн, зохигчийн тайлбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаагаар гэрээний дагуу хувьцаа А.У-ын нэр дээр шилжиж, энэ талаар улсын бүртгэл хийгдсэн нь тогтоогджээ.  

Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийх бөгөөд дээрх бэлэглэлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт нийцсэн байна. 

Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгч рүү чиглэсэн буюу гомдоосон үйлдэл хийсэн, уг үйлдэл нь ноцтойд тооцогдох тохиолдолд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл бий болдог бөгөөд нэхэмжлэгч Б.У-ын хариуцагч А.У-ыг “хувьцааг буцаан шилжүүлээгүй, өр төлбөртэй болгосон” гэсэн үндэслэл нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон, улмаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуулийн агуулгын нөхцөлд хамаарахгүй байна.

Нөгөө талаар зохигчийн хооронд хувьцаа бэлэглэх гэрээнээс гадна компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний нэмэлт нөхцөлд Б.У- “МД ХХК-ийн 40 хувийн эрхээ А.У-д бүрэн шилжүүлж байгааг, эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш компанийн үйл ажиллагаатай холбогдон гарсан ямар нэгэн хариуцлагыг эрх шилжүүлэгч тал Б.У- хариуцахгүй, эрх шилжүүлэн авагч А.У- хариуцна гэж заажээ. Үүнээс үзвэл, өөр нөхцөл буюу тодорхой болзол тавьж 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхээр тохиролцсон нь бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээнд тусгагдаагүй байна.

Анх А.У-, Б.Цэнгүүн нар 1 сая төгрөгийн дүрмийн сантай МД ХХК-г  байгуулсан, улмаар Б.Цэнгүүн өөрийн эзэмшлийн 40 хувийн хувьцааг Б.У-т шилжүүлж, Б.У- А.У-д шилжүүлснээр А.У- 100 хувьцаа эзэмшигч болсон байна. А.У- нь хувьцааны 70 хувийг Сингапур улсын иргэн Билли Лим Чин Пау-д шилжүүлж, тухайн иргэн 105.000 ам.долларын, А.У- 45.000 ам.долларын хөрөнгө оруулалт тус тус хийж, улмаар компанийн дүрмийн сангийн хэмжээг энэ хэмжээгээр ихэсгэж, гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани болгож бүртгүүлэхээр талууд тохиролцсон байдал тогтоогджээ.

Эрх шилжүүлэх гэрээ бэлэглэлийн журмаар хувьцаа эзэмших эрхийг хариуцагч А.У- хүлээн авч, компанийн нэг гишүүн болсноор тэрээр бусадтай хамтарч компанийг гадаадын хөрөнгө оруулалттай компани болгохыг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд Билли Лим Чин Пау А.У-ас шилжүүлэн авсан 70 хувийн хувьцаагаа А.У-д буцаан шилжүүлсэн нь нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, зохигчийн  нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан зөрчлийг гаргаагүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан зарим хүсэлтийг шүүх зохигчийн маргааны үндэслэлд хамааралгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчихгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой дүгнэжээ.

Иймд нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1122 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.У-, түүний өмгөөлөгч Б.Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б.У- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлснийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ