Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 01199

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр                      Дугаар 142/ШЗ2017/01199                                         Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг ..... тоотод оршин суух Д.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг ....... тоотод оршин суух У.Т

Хариуцагч: Орхон аймаг ............ тоотод оршин Т.О нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 6 960 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч У.Т, Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ У.Т нь сүүлийн хэдэн жилд надаас зохих хүүтэй мөнгө зээлж тооцоог тухай бүрт нь дуусгаж миний итгэл найдварыг хүлээсэн зээлдэгч байсан юм. Миний хувьд Эрдэнэтийн ломбардуудаас харьцангуй бага хүүтэй зээл өгч байсан юм. Хамгийн сүүлд 2015.11.18-нд 3 200 000 төгрөгийн зээлийг сард 9 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлсэн юм. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281, 282, 232-р зүйлийг үндэслэн бичгээр байгуулж зээл ба хүүний хэмжээ, төлөх хугацааг харилцан тохиролцож гарын үсгээ зурцгаасан билээ. Энэ цагаас хойш уг зээлнээсээ огт төлөлгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Харин оногдох хүүг хагас дутуу төлсөөр 2016.07.20 хүргээд орхисон. Үүнээс хойшхи хугацааны хүүд нэг ч төгрөг төлөөгүй. Зээл хүүг төлж дуусгах талаар удаа дараа утсаар шаардсан, мөн гэрт нь очиж уулзаж байсан билээ. Туулхүү надад хэлэхдээ банкнаас зээл аваад төлчихнө, дуусгана. Та жаахан хүлээж бай гэдэг байсан. Ингээд нэлээд удтал хүлээсэн. Миний шаардаж гуйсны дагуу Туулхүү, Отгонбаяр нар 2016.04.05-ны өдөр над дээр ирж уулзан зээл хүүг 1 жилийн дараа буюу 2017.04.06-ны өдөр гэхэд төлж дуусгана гэж бичгээр баталгаа гаргаж өгснийг нэхэмжлэлд хавсаргав. Харамсалтай нь энэ хугацаанд зээлнээс нэг ч төгрөг төлсөнгүй өдий хүрсэн. Уг нь Туулхүү, эхнэр Тунгалаг хоёр хоёулаа ГОК-с тэтгэвэрт гарсан бөгөөд улсын тэтгэвэр, ГОК-оос сар бүр өгдөг тэтгэмж нь нийлээд тус тусдаа 1 сая орчим төгрөг авдаг хүмүүс. Иймд зээлийг тогтмол хороогоод хасуулаад байх боломжтой байсан гэж боддог. Иймд үндсэн зээл 3 200 000 төгрөг, төлвөл зохих хүү 2 160 000 төгрөг, алданги 1 600 000 төгрөг нийт 6 960 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2014 оны 11 дүгээр сарын 10-даар Туулхүү нь эхнэр Тунгалагтай ирж 2,0 сая төгрөгийг 50 хоногийн хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй зээлж авсан. Дараа нь ахиад 2014.12.08-нд 1,0 сая төгрөг нэмж зээл авсан. Энэ 1,0 сая төгрөгийг гэрээнийхээ дор нэмж авлаа гэж бичсэн байгаа. 2015.05.16-нд мөн 350 000 төгрөг нэмж авсан. Ингээд нийтдээ 3 350 000 төгрөг боллоо гээд Туулхүү гарын үсгээ зурсан. 2015.06.19-нд үндсэн зээлнээс 150 000 төгрөгийг төлсөн тул 3 200 000 төгрөг үндсэн зээлээс үлдсэн. Ингээд 2015.11.18-нд 3 200 000 төгрөгөндөө зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлээ төлөөгүй тул өгсөн мөнгийг нь хүүд тооцож авсан. 2017 он гараад 01 сард виза карт, иргэний үнэмлэх хоёроо Туулхүү өгсөн. Картнаас нь би ГОК-ын өндөр насны тэтгэвэрийг үлдэгдэлийг нь үзээд авдаг байсан. 2017 оны 10 дугаар сарыг дуустал авсан. Т.О надаас мөнгө аваагүй нь үнэн. Би заавал Т.Оаар төлүүлнэ гэхгүй. Зээлээ төлөхгүй болохоор нь аргаа бараад баталгаа гаргуулж авсан юм. 2014 оны 11 дүгээр сарын 10-наас эхлэн хүү төлсөн байх. Ер  нь хүүгээ өгч явж байгаад 2016 оны 07 дугаар сарын 20-ноос хойш хүүгээ болон зээлээ төлөөгүй...” гэжээ.

Хариуцагч У.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “миний бие 2015 оны 11 сарын 18-нд өөрийн хүү болох Туулхүү овогтой Отгонбаярын цалингийн картыг хүүгийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч Д.Т гуайд барьцаа болгон 1 000 000 төгрөг зээлж авсан. Мөн явцын дунд дахин 1 000 000 төгрөг нэмж аван нийт 2 000 000 төгрөг болсон. Энэ хугацаанд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн хүүг хугацаа бүрт бүрэн төлж ирсэн бөгөөд дахин 500 000 төгрөг нэмж зээлснээр нийт зээлийн хэмжээ 2 500 000 төгрөг болсноос хойш зээлийн хүүг хугацаа бүрт төлж явсаар 2016 оны 07 сар хүрээд төлбөрийн чадваргүй болж зээлийн хүүг 2016 оны 10 сар хүртэл төлөөгүй улмаар тухайн үед Д.Т гуайтай уулзаж учраа хэлээд нийт зээлсэн мөнгө болох 2 500 000 төгрөг дээр 2016 оны 8, 9, 10 саруудын зээлийн хүүг нэмж нийт 3 200 000 төгрөг болгож тооцсон байсан бөгөөд харилцан тохиролцож дээрх дурдсан саруудын дутуу төлсөн 3 сарын хүүг 2017 оны 04 сарын 06-ны өдрйн дотор бага багаар төлж барагдуулах ба үндсэн зээл болох 2 500 000 төгрөгийг мөн бага багаар төлнө гэсэн баталгаа гарган бичгээр үйлдсэн. Тэр цагаас хойш тус бичгэнд баталгаа гаргасныхаа дагуу 3 сарын зээлийн хүү болох 675 000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн үндсэн зээл болох 2 500 000 төгрөгнөөс 500 000 төгрөгийг төлөн хасуулан 2 000 000 төгрөг болсон. Дээрх төлсөн бүх төлбөр тооцооны баримтууд нэхэмжлэгч Д.Тт байгаа болно. Харилцин тохиролцохдоо миний бие болох У.Тгийн банкны цалингийн картыг 2017 оны 01 сарын 01-нээс нэхэмжлэгч Д.Тт өгсөн бөгөөд зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөгөөс хасуулан тооцохоор болсон бөгөөд миний картанд 2017 оны 01 сарын 01-нээс 2017 оны 11 сарын 01-н хүртэл нийт 1 886 045 төгрөг орсон бөгөөд тус мөнгийг бүгдийг нэхэмжлэгч Д.Т зээлийн төлбөрт өөрийн биеэр бэлэн мөнгөний машинаас авч байсан болно. Тиймээс үлдэгдэл болох 113 955 төгрөгийг 2017 оны 12 сард миний картанд орох 140 000 төгрөгний цалингаар төлж барагдуулан тооцоог дуусгаж өөрийн картаа буцаан авах хүсэлтэй байна.

...2014 оны 11 дүгээр сарын 10-нд сая саяар нь 2,0 сая төгрөгийн зээл авсан. Дараа нь 500 000 төгрөгийн зээл авсан. Ингээд сар сард нь хүүгээ өгч явж байгаад 8, 9, 10 сарын хүүгээ өгч чадаагүй тул тэр нь нэмэгдээд 2015.11.18-нд 3 200 000 төгрөг зээлсэн гэж дахин гэрээ хийсэн. Хүүгээ 2017.07.20 хүртэл тасралтгүй өгч байсан. Төмөрбаатар гуайд хүүгээ зогсоогооч гэж зөндөө гуйсан боловч зогсоогоогүй. Аргагүйн эрхэнд төлж чадахаа байсан. Нийт төлсөн мөнгө нь 4 298 000 төгрөг байна баримтаар. 2015 оны  5 сарын 06-наас хойш 2017 оныг хүртлэх хугацааны мөнгө төлсөн баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Т.О нь Д.Тын 6 960 000 төгрөгийн нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд Төмөрбаатар гэдэг хүнээс 3 200 000 төгрөг огт зээлээгүй. Харин миний аав Туулхүү 2014 оны 11 сард 1 000 000 төгрөг, 2014 онд 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй зээлдэж авсан ба сүүлд 500 000, 500 000 төгрөгөөр 2 удаа буюу 1 сая төгрөг нийтдээ 3 000 000 төгрөг зээлсэн гэсэн. Зээлэхдээ аав надад хэлэхгүй миний виза картыг барьцаалаад нэхэмжлэгч Д.Т нь сар бүрийн цалин буухад АТМ-ээс миний картнаас хүү гэж мөнгө авсан байдаг. Ингээд аавд хэлж би картаа авна гээд картаа хаалгаж байсан. Төмөрбаатар гэдэг ломбардны хүн нь 3 сарын хүү нэмээд 3 200 000 төгрөг боллоо. Хүүгээ гарын гарын үсэг зуруул гэсний дагуу хүмүүсийн ярьдгаар би очиж гарын үсэг зурж байсан. Миний хувьд яг 3 200 000 төгрөг бэлнээр тоолж зээлж аваагүй. Надад мөнгө зээлсэн тухай нотлох баримт байхгүй. Аав Туулхүү нь Төмөрбаатар гэдэг хувь хүнээс мөнгө зээлээгүй ломбарднаас зээлсэн гэж үзэж байна. Учир нь 2015 оны ломбардны бичиг 2014 оны зээлийн гэрээг тус тус Төмөрбаатар үйлдсэн байна. “Хөвчийн цэнхэр” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулдаг бол тухайн компани 2014, 2015, 2016 оны санхүүгийн тайлан, татварын албанаас уг компани барьцаалан зээлдүүлж үйл ажиллагаа явуулдаг лавлагаа зэрэг баримтууд хэрэг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байна. Намайг хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй. Надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч У.Т, Т.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6 960 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2014 оны 11 дүгээр сарын 10-нд Туулхүү нь эхнэр Тунгалагтай ирж 2,0 сая төгрөгийг 50 хоногийн хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй зээлж авсан. Дараа нь ахиад 2014.12.08-нд 1,0 сая төгрөг нэмж зээл авсан. Энэ 1,0 сая төгрөгийг гэрээнийхээ дор нэмж авлаа гэж бичсэн байгаа. 2015.05.16-нд мөн 350 000 төгрөг нэмж авсан. Ингээд нийтдээ 3 350 000 төгрөг боллоо гээд Туулхүү гарын үсгээ зурсан. 2015.06.19-нд үндсэн зээлнээс 150 000 төгрөгийг төлсөн тул 3 200 000 төгрөг үндсэн зээлээс үлдсэн. Ингээд 2015.11.18-нд 3 200 000 төгрөгөндөө зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлээ төлөөгүй тул өгсөн мөнгийг нь хүүд тооцож авч байсан. 2017 он гараад 01 сард виза карт, иргэний үнэмлэх хоёроо Туулхүү надад өгсөн. Картнаас нь би ГОК-ын өндөр насны тэтгэвэрийг үлдэгдэлийг нь үзээд авдаг байсан. 2017 оны 10 дугаар сарыг дуустал авсан. Т.О надаас мөнгө аваагүй нь үнэн. 2014 оны 11 дүгээр сарын 10-наас эхлэн хүү төлсөн байх. Ер  нь хүүгээ өгч явж байгаад 2016 оны 07 дугаар сарын 20-ноос хойш хүүгээ болон зээлээ төлөөгүй...” гэж тайлбарласан.

Хариуцагч У.Т нь: “...2014 оны 11 дүгээр сарын 10-нд сая саяар нь 2,0 сая төгрөгийг Д.Таас зээлж авсан. Дараа нь 500 000 төгрөгийн зээл авсан. Ингээд сар сард нь хүүгээ өгч явж байгаад 8, 9, 10 сарын хүүгээ өгч чадаагүй тул тэр нь нэмэгдээд 2015.11.18-нд 3 200 000 төгрөг зээлсэн гэж дахин гэрээ хийсэн. Хүүгээ 2017.07.20 хүртэл тасралтгүй өгч байсан. Төмөрбаатар гуайд хүүгээ зогсоогооч гэж зөндөө гуйсан боловч зогсоогоогүй. Аргагүйн эрхэнд төлж чадахаа байсан. Нийт төлсөн мөнгө нь 4 298 000 төгрөг байна баримтаар. 2015 оны  5 сарын 06-наас хойш 2017 оныг хүртлэх хугацааны мөнгө төлсөн баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. 350 000 төгрөг нэмж авсан гэж байна, тэрийг би мартсан байж магадагүй, гарын үсэг зурсан бол авсан байх, заримыг нь мартсан байх. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

Хариуцагч Т.О: “... Би Д.Таас мөнгө зээлээгүй тул хариуцах үндэслэлгүй... “ гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч У.Т нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу хариуцагч У.Тгээс гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Талуудын тайлбар, хэргийн 22 дугаар хуудас дахь зээлийн гэрээнээс үзэхэд, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр У.Т нь Д.Таас 2 000 000 төгрөгийг 50 хоногийн хугацаатай зээлсэн байх ба, гэрээний доод хэсэгт 12 дугаар сарын 08-нд 1 000 000 төгрөг авч 3,0 сая төгрөг гэж У.Т гарын үсэг зурсан байна. Хариуцагч У.Т нь нэмж 350 000 төгрөг авсан гэдгийг мөн үгүйсгээгүй, би гарын үсэг зурсан бол авсан гэж тайлбарласан.

Дээрх үйл баримтаар Д.Т нь У.Тд нийт 3 350 000 төгрөг зээлүүлсэн байх ба, энэ мөнгөнөөс 150 000 төгрөг буцааж өгсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Т нь, хариуцагч У.Тгээс анх 2014 оны 11 дүгээр сарын 10-нд 2 000 000 төгрөгийг зээлсэн /өгч авалцсан/, түүнээс хойш 2014 оны 12 дугаар сарын 08-нд 1 000 000 төгрөг, дахин 350 000 төгрөг нэмж аваад, хариуцагч У.Т нь зээл авсан 2014 оны 11 дүгээр сарын 10-наас эхлэн хүү тооцож төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогдсон.

2014 оны 11 дүгээр сарын 10-нд 2 000 000 төгрөгийг Д.Т нь У.Тд 50 хоногийн хугацаатай зээлүүлсэн байх ба, энд хүү болон алдангийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байна. Уг гэрээний доод хэсэгт 1 000 000 төгрөгийг У.Т авсан гэсэн гарын үсэг зурагдсан хэдий ч, энэ мөнгөний талаар ямар нөхцөлтэй гэрээ байгуулагдсан нь тодорхойгүй байна.

Түүнчлэн 2014 оны 11 дүгээр сарын 10-наас хойш 2017 оны 10 дугаар сарыг дуустал хариуцагч У.Т нь Д.Тт хүү гэж нийт 4 298 000 төгрөг өгсөн болох нь хэргийн 14 дүгээр хуудас дахь У.Тгийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, хэргийн 24 дүгээр хуудас дахь Д.Тын У.Түүлхүүгээс мөнгө хүлээж авсан баримтууд, талуудын тайлбаруудаар мөн нотлогдож байна.

Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-д хуульд өөрөө заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ.

Анх Д.Т, У.Т нар нь 2014.11.10-нд 2,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа, мөн 1 000 000 төгрөг, 350 000 төгрөгийг тус тус авахдаа бичгээр хүү тохиролцсон гэж үзэх боломжгүй, гэсэн хэдий ч хариуцагч У.Т хүүд мөнгө төлж байсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Д.Т нь 2015.11.18-нд хариуцагч У.Тд 3 200 000 төгрөг зээлүүлсэн гэж хэргийн 6 дугаар хуудас дахь зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үнэсэлэлээ болгож байх ба, тухайн өдөр 3 200 000 төгрөгийг У.Тд шилжүүлээгүй, өмнө гэрээ байгуулж авсан мөнгө болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Дээрх хоёр гэрээнээс үзэхэд анх зээл авсан 2014.11.10-наас хойш хүүг нь төлж явж байгаад нэг жилийн дараа дахин гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн.

Тэгвэл 3 200 000 төгрөгийг Д.Т нь 2015.11.18-ны өдөр У.Тд шилжүүлээгүй, нэг жилийн өмнө авсан зээлийн гэрээний дагуу дахин гэрээ хийсэн байх ба,  дээрх гэрээнд үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь 2014.11.10-нд авсан зээлэндээ ямар нэгэн хүү алдангийн талаар тохироогүй байж, зээл авсан цагаасаа эхлэн хариуцагч хүү төлж, 2015.11.18-нд дахин гэрээ хийсэн нь хуульд нийцээгүй байна.   

Нэхэмжлэгч нь анх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг эрхлэж байгаад түүнийгээ хаалгасан, түүнээс хойш иргэд хоорондын гэрээгээр зээл олгосон гэсэн бөгөөд, нэхэмжлэгч Д.Т, хариуцагч У.Т нар нь 2014.11.10, 2015.11.18-ны өдрийн гэрээнүүдийн талаар тайлбарлаж мэтгэлцэж байгаа тул эдгээр гэрээнүүдэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзсэн. Харин хэргийн 24 дүгээр хуудас баримтууд дээр хариуцагчийн буцааж өгсөн мөнгийг тэмдэглэж байсан нь нотлогдож байна.

            Хариуцагч Т.О нь Д.Таас мөнгө зээлж аваагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул Т.Оыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй.

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хурамжинд төлсөн 126 310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Д.Т-ын хариуцагч У.Т, Т.О нараас 6 960 000 /зургаан сая есөн зуун жаран мянган мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126 310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА