Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00005

 

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч У.Ту, Т.О нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/01199 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Д.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: У.Ту, Т.О нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 6.960.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Т-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч У.Ту, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

У.Ту нь сүүлийн хэдэн жилд надаас зохих хүүтэй мөнгө зээлж тооцоог тухай бүрт нь дуусгаж миний итгэл найдварыг хүлээсэн зээлдэгч байсан юм. Миний хувьд Эрдэнэтийн ломбардуудаас харьцангуй бага хүүтэй зээл өгч байсан юм. Хамгийн сүүлд 2015.11.18-нд 3.200.000 төгрөгийн зээлийг сард 9 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлсэн юм. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281, 282, 232-р зүйлийг үндэслэн бичгээр байгуулж зээл ба хүүний хэмжээ, төлөх хугацааг харилцан тохиролцож гарын үсгээ зурцгаасан билээ. Энэ цагаас хойш уг зээлнээсээ огт төлөлгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Харин оногдох хүүг хагас дутуу төлсөөр 2016.07.20 хүргээд орхисон. Иймд үндсэн зээл 3.200.000 төгрөг, төлвөл зохих хүү 2.160.000 төгрөг, алданги 1.600.000 төгрөг нийт 6.960.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

2014 оны 11 дүгээр сарын 10-даар Ту нь эхнэр Т-тай ирж 2,0 сая төгрөгийг 50 хоногийн хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй зээлж авсан. Дараа нь ахиад 2014.12.08-нд 1.000.000 сая төгрөг нэмж зээл авсан. Энэ 1.000.000 төгрөгийг гэрээнийхээ дор нэмж авлаа гэж бичсэн байгаа. 2015.05.16-нд мөн 350.000 төгрөг нэмж авсан. Ингээд нийтдээ 3.350.000 төгрөг боллоо гээд У.Ту гарын үсгээ зурсан. 2015.06.19-нд үндсэн зээлнээс 150.000 төгрөгийг төлсөн тул 3.200.000 төгрөг үндсэн зээлээс үлдсэн. Ингээд 2015.11.18-нд 3.200.000 төгрөгөндөө зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлээ төлөөгүй тул өгсөн мөнгийг нь хүүд тооцож авсан. 2017 он гараад 01 сард виза карт, иргэний үнэмлэх хоёроо У.Ту өгсөн. Картнаас нь би ГОК-ын өндөр насны тэтгэвэрийг үлдэгдэлийг нь үзээд авдаг байсан. 2017 оны 10 дугаар сарыг дуустал авсан. Т.О надаас мөнгө аваагүй нь үнэн. Би заавал Т.О-аар төлүүлнэ гэхгүй. Зээлээ төлөхгүй болохоор нь аргаа бараад баталгаа гаргуулж авсан юм. 2014 оны 11 дүгээр сарын 10-наас эхлэн хүү төлсөн байх. Ер нь хүүгээ өгч явж байгаад 2016 оны 07 дугаар сарын 20-ноос хойш хүүгээ болон зээлээ төлөөгүй... гэжээ.

Хариуцагч У.Ту шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2015 оны 11 сарын 18-нд өөрийн хүү болох Ту овогтой Оын цалингийн картыг хүүгийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч Д.Т гуайд барьцаа болгон 1.000.000 төгрөг зээлж авсан. Мөн явцын дунд дахин 1.000.000 төгрөг нэмж аван нийт 2.000.000 төгрөг болсон. Энэ хугацаанд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн хүүг хугацаа бүрт бүрэн төлж ирсэн бөгөөд дахин 500.000 төгрөг нэмж зээлснээр нийт зээлийн хэмжээ   2.500.000 төгрөг болсноос хойш зээлийн хүүг хугацаа бүрт төлж явсаар 2016 оны 07 сар хүрээд төлбөрийн чадваргүй болж зээлийн хүүг 2016 оны 10 сар хүртэл төлөөгүй улмаар тухайн үед Д.Т гуайтай уулзаж учраа хэлээд нийт зээлсэн мөнгө болох 2.500.000 төгрөг дээр 2016 оны 8, 9, 10 саруудын зээлийн хүүг нэмж нийт 3.200.000 төгрөг болгож тооцсон байсан бөгөөд харилцан тохиролцож дээрх дурдсан саруудын дутуу төлсөн 3 сарын хүүг 2017 оны 04 сарын 06-ны өдрйн дотор бага багаар төлж барагдуулах ба үндсэн зээл болох 2.500.000 төгрөгийг мөн бага багаар төлнө гэсэн баталгаа гарган бичгээр үйлдсэн. Тэр цагаас хойш тус бичгэнд баталгаа гаргасныхаа дагуу 3 сарын зээлийн хүү болох 675.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн үндсэн зээл болох 2.500.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг төлөн хасуулан    2.000.000 төгрөг болсон. Дээрх төлсөн бүх төлбөр тооцооны баримтууд нэхэмжлэгч Д.Тт байгаа болно. Харилцин тохиролцохдоо миний бие болох У.Ту-гийн банкны цалингийн картыг 2017 оны 01 сарын 01-нээс нэхэмжлэгч Д.Т-т өгсөн бөгөөд зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөгөөс хасуулан тооцохоор болсон бөгөөд миний картанд 2017 оны 01 сарын 01-нээс 2017 оны 11 сарын 01-н хүртэл нийт 1.886.045 төгрөг орсон бөгөөд тус мөнгийг бүгдийг нэхэмжлэгч Д.Т зээлийн төлбөрт өөрийн биеэр бэлэн мөнгөний машинаас авч байсан болно. Тиймээс үлдэгдэл болох 113.955 төгрөгийг 2017 оны 12 сард миний картанд орох 140.000 төгрөгний цалингаар төлж барагдуулан тооцоог дуусгаж өөрийн картаа буцаан авах хүсэлтэй байна. 2014 оны 11 дүгээр сарын 10-нд сая саяар нь 2,0 сая төгрөгийн зээл авсан. Дараа нь 500 000 төгрөгийн зээл авсан. Ингээд сар сард нь хүүгээ өгч явж байгаад 8, 9, 10 сарын хүүгээ өгч чадаагүй тул тэр нь нэмэгдээд 2015.11.18-нд 3 200 000 төгрөг зээлсэн гэж дахин гэрээ хийсэн. Хүүгээ 2017.07.20 хүртэл тасралтгүй өгч байсан. Т гуайд хүүгээ зогсоогооч гэж зөндөө гуйсан боловч зогсоогоогүй. Аргагүйн эрхэнд төлж чадахаа байсан. Нийт төлсөн мөнгө нь 4 298 000 төгрөг байна баримтаар. 2015 оны 5 сарын 06-наас хойш 2017 оныг хүртлэх хугацааны мөнгө төлсөн баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/01199 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Д.Т-ын хариуцагч У.Ту, Т.О нараас 6 960 000 /зургаан сая есөн зуун жаран мянган мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126.310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Т давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр дотроос хариуцагч У.Тугийн 2-3 жилийн өмнөх зүйлийг ямар ч нотлох баримтгүйгээр санаагаараа зохиож ярьж маргасныг шийдвэр гаргах үндэслэл болгож хэд хэдэн газар бичигдсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 11 дүгээр сарын 10-нд байгуулсан зээлийн гэрээнд У.Ту нь эхнэр Л.Тийн хамт ирж тус бүртээ овог нэр, гэрийн хаяг, утас регистрээ өөрсдөө бичиж гарын үсгээ зураад 3.000.000 төгрөг зээлж авсан нь маргашгүй үнэн. Үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр дотор талуудын тайлбар, гэрээ болон гарын үсэг зурсан баримт зэргээр нотлогдож байна гэжээ. Харин энэ гэрээ дотор миний хариуцлагагүй, мартамхай хандсанаас хүү алданги тооцох хувь хэмжээг бөглөж бичилгүй гарын үсэг зуралцаад явуулснаас болж хүү алданги тооцож нэхэмжлэх эрхгүй болж байгаа билээ. Энэ гэрээний хугацаа дууссаныг нэлээн сүүлд мэдсэн. Гэрээг үргэлжлүүлэн сунгах шаардлагагүй болсон. Учир нь гэрээг сунгавал өмнөх зээлүүлсэн мөнгөө хүү алданги тооцохгүй л явуулаад байна гэсэн үг биздээ. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 3.200.000 төгрөгийг 5 сарын хугацаатай сард 9 хувийн хүүтэйгээр мөн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног дутамд 0,5 хувийн алданги тооцож байхаар өмнөх гэрээг шинэчлэн хийж үргэлжлүүлсэн. Энэ гэрээний дагуу хүү алданги тооцвол: 3.200.000 төгрөгнөөс хүү нь сард 9 хувиар -288.000*5=1.440.000 төгрөг. Алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 6-г үндэслэн өдөрт 0,5 хувиар бодож 16.000 төгрөг 5 сар буюу 150 хоногт 2.400.000 төгрөг. Гэвч алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 3.200.000 төгрөгийн 50 хувиар тооцоход алданги нь 1.600.000 төгрөг болж байгаа юм. Ингээд үндсэн зээлийн төлбөр 3.200.000 төгрөг, хүүд төлвөл зохих 1.440.000 төгрөг, алданги 1.600.000 төгрөг нийт 6.240.000 төгрөг. Үүнээс хариуцагчийн төлсөн 4.008.000 төгрөгийг суутган хасч тооцвол 2.232.000 төгрөг төлүүлж авахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч У.Ту, Т.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.960.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Д.Т-ын хариуцагч У.Ту, Т.О нараас 6 960 000 /зургаан сая есөн зуун жаран мянган мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэг цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2014 оны 11 дүгээр сарын 10 ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Ту нь 2.000.000 сая төгрөгийг 50 хоногийн хугацаатай, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 сая төгрөг нэмж нийт 3.000.000 сая төгрөг зээлжээ.

2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөн 350 000 төгрөг нэмж авсан ба нийтдээ 3.350.000 төгрөг зээлснээс 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээлнээс 150.000 төгрөгийг төлж үндсэн зээл 3.200.000 төгрөг үлджээ.

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч У.Ту нь 3.200.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй, алданги 0.5 хувиар төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж , талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өмнөх зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж, зээлийн гэрээг үргэлжлүүлэхээр бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба дээрх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжтой юм.

Хариуцагч У. Ту зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алданги  нийт 6.240.000 төгрөг төлөхөөс нэхэмжлэгч Д.Тт 4.008.000 төгрөг төлж барагдуулсан болох нь зохигчдын гаргасан тайлбар, баталгаа гаргасан баримт, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байх тул үлдэгдэл 2.232.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.728.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Т.Оыг хариуцагчаар татах үндэслэлгүй байна гэж үзсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Д.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.670 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/01199 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Д.Т-ын хариуцагч У.Ту, Т.О нараас 6 960 000 /зургаан сая есөн зуун жаран мянган мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч У.Ту-гээс 2.232.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.728.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай..” гэж,

2 дугаар заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126.310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126.310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.Тугээс 90.598 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.670 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                             Б.БАТТӨР