| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/03121/И |
| Дугаар | 183/ШШ2018/00015 |
| Огноо | 2017-12-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2018/00015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБЦТС ТӨХК-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, 9 хоног ажилласан цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие УБЦТС ТӨХК-ийн СХД-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд 2014 оны 3 сарын 10-нд авлага барагдуулагчаар анх ажилд орж халагдах хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй удаа дараа компани мөнгөн шагналаар шагнагдаж байсан ба 2015 оны салбарын аврагаар шалгарч байсан. Гэтэл 2017 оны 10 сарын 4-ний өглөө ажилдаа ирэхэд биднийг драгер үлээлгэж шалгасан. Би урд орой нь гэртээ найзын маань төрсөн өдөр тохиож бага зэрэг архи уусан байсан тул өглөө нь шалгахад 0.29%-ийн согтолтын зэрэг гарсан. Ингээд 10 цагийн үед ажлын байранд согтуу ирсэн гэж шуурхай зөвөлгөөнөөр оруулж төв рүү мэдээлж ажлаас хална гэсэн. Ингээд би үргэлжлүүлэн ажлаа хийсээр 2017 оны 10 сарын 19-нд манай хүний нөөцийн ажилтан тушаал чинь 10 сарын 10-наар тасалбар болгосон гэж хэлсэн. Тушаалыг надад 2017 оны 10 сарын 24-нд компанийн зөвлөх надад өгч гарын үсэг зуруулсан. Намайг ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан гэснийг би зөвшөөрөхгүй. Ажлын бус цагаар найз нөхөдтэйгээ урд орой нь ажил тараад хэрэглэсэн. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд маань эргүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалин болон 2017 оны 10 сарын 10-аас 19-нийг хүртэл ажилласан хугацааны цалингийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёр авлага барагдуулагчаар ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус төвөөс албан бичиг, хурлын тэмдэглэл ирсэн. Тус албан бичигт Б.А 2017.10.04-ний өглөө буюу ажлын өдөр согтолтын зэрэг хэмжигч багажаар шалгахад ажлын байран дээр согтуу байсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах санал ирүүлсэн. Дээрх нөхцөл байдал болон гаргасан зөрчилд Гүйцэтгэх захирлын 2017.10.19-ний өдрийн Б/521 дугаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар арга хэмжээ авсан. Б.А нь компанийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул зөрчилд тохирох шийтгэлийг ногдуулж, Хөдөлмөрийн тухай хууль болон уг журам, гэрээг үндэслэн ажлаас халсан тул ноцтой зөрчилтэй хүнийг ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй хугацааны цалинг олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.А нь УБЦТС ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 9 хоног ажилласан цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Монтёрын /авлага барагдуулагч/ албан тушаалд ажиллахаар ажил олгогчтой Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар хугацаагүйгээр Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна.
Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч нь ажилтанг Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлээ зөрчил гаргасныг нотлоогүй гэж тайлбарлав.
Б.Ат УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр заалтыг зөрчсөн, ажлын байранд байгаагүй зөрчил гаргасан үндэслэлээр цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байна.
Ажил олгогч нь Б.Аийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн өглөө /ажлын өдөр/ ажлын байран дээр согтуу байсныг согтолтын зэрэг хэмжигч багажаар шалгаж тогтоосон гэж маргалаа.
Мөн өдрөө тус төвийн даргын Зөвлөл хуралдаж, Б.Аийн асуудлыг хэлэлцэн түүнийг ажлаас халах санал гаргаж төв компанийн ЗХНХ-т хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.5.3, Хөдөлмөрийн гэрээний 2.4.3-т ажлын байранд болон ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан нь нэгжийн тодорхойлолт, мэдээллийн мөрөөр хийсэн шалгалт, бусад нөхцлөөр тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцон, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцжээ.
Хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн Согтууралтын зэрэг шалгасан тэмдэглэлийг ХАБЭАХБИнженер П.Мөнхзул хөтөлж, АБХ-ийн ахлагч Ц.Баярмаа, Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга нар танилцаж гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгчийн согтолтын зэргийг 0,31 хувь гэж тэмдэглэсэн, нэгжээс төвд хүргүүлсэн саналд Б.Аийн согтолтыг багажаар хэмжихэд өндөр гарсан гэж тодорхойлсон байна.
Хариуцагч байгууллагад Драгер хэрэглэхийг журамлаагүй, өндөр зэрэг гэдгийг хэдэн хувь байхыг тодорхойлоогүй, тухайн тэмдэглэл хөтөлж, танилцсан этгээдүүд нь ямар албан тушаалтны, ямар эрхийн актыг үндэслэж, ямар хугацаанд шалгалт хийх эрх олгосон нь тодорхойгүй буюу Б.А нь ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдохгүй байна.
Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч нь согтолтын зэргийг Замын цагдаагийн газарт хэрэгждэг журмаар 0.19 хувиас дээш гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Түүнчлэн энэхүү Согтуурлын зэргийг тодорхойлсон баримтыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, ажилтан драгер нь эвдэрхий байсан, надад 0.29 хувь гэж байсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч тал няцааж чадахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг шүүхээр шийдвэрлэхээр заасан байх тул дээрх үндэслэлүүдээр Б.Аийг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж, УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Монтёрын /авлага барагдуулагч/ ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгох үүргийг ажил олгогч хүлээжээ.
Нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацааны цалин олговрыг ажил олгогч олгоогүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй ба харин нэхэмжлэгч ажлын 9 хоногийн цалин гаргуулна гэж тайлбарлах ч дээрх хугацаанд ажлын 7 хоног байх тул ажилласан хугацааны олгогдоогүй цалинг гаргуулах үндэслэлтэй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасан байна.
Нэхэмжлэгчид сүүлийн 1 сар буюу 10 дугаар сарын цалинг дутуу олгосон байх тул түүний 2017 оны 7, 8, 9 дүгээр сард олгогдсон /771.186+1.441.297+1.502.270/ буюу нийт 3.724.753 төгрөгийн цалингийн дундажийг тооцоход /3.724.753:3=1.241.584:22/ ажлын нэг өдрийн цалинг 56.436 төгрөг гэж тодорхойлох боломжтой байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилласан 7 хоногийн олгогдоогүй цалин /56.436х7/ 395.052 төгрөг, ажилгүй байсан 49 хоногийн хугацааны цалин олговорт /56.436х49/ 2.765.364 төгрөг буюу нийт 3.160.416 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 65.517 төгрөгийг гаргуулан орлогод орууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Б.А-ийг УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Монтёрын /авлага барагдуулагч/ ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар 7 хоногийн олгогдоогүй цалинд 395.052 төгрөг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.765.364 төгрөг, нийт 3.160.416 /гурван сая нэг зуун жаран мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 65.517 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ