Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2020/00750

 

РС ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/00719 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1173 дугаар магадлалтай,

РС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ТОСК ТӨҮГ-т холбогдох

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч РС ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай, Нийслэл Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/646 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын 178020/0195 дугаар бүхий 5277 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдааны журмаар 58.026.012 төгрөгөөр худалдан авч гэрээний дагуу эзэмшдэг. Гэтэл ТОСК ТӨҮГ-аас тус компанийн газар дээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрийн барилгыг барьснаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Манай компанийн зүгээс тус газрыг чөлөөлөхийг тус байгууллагад мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг үл тоон, өөрсдийн дур зоргоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Үүссэн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр газар чөлөөлөхгүй тохиолдолд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах тухай албан шаардлага хүргүүлэхэд бичгээр хариу ирүүлээгүй. Дээрх асуудлаар Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03-06/4498 дугаар албан бичгээр ...газарт баригдсан барилга байгууламжийг чөлөөлөх асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгэх тул холбогдох байгууллагад хандана уу гэсэн утга бүхий хариуг ирүүлсэн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус заасан шаардах эрхийн дагуу өөрийн эзэмшлийн газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглахад саад учруулж буй ТОСК ТӨҮГ-аас дээрх газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр сургуулийн урд баригдсан эрчим хүчний алдагдалгүй, амины орон сууцны загварын байрыг Оверсийс бест ХХК нь 2013 оны 5 дугаар сард бусдын эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцны барилгыг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд манай байгууллагад орон сууцыг худалдах талаар хэлцэл яригдаж байсан. Гэтэл орон сууцны доорх газар нь өөр эзэмшигчтэй, эрхийн зөрчилтэй барилга байсан учраас худалдаж аваагүй, орон сууцны өмчлөл манай байгууллагын өмчлөлд шилжиж ирээгүй. Оверсийс бест ХХК болон РС ХХК нь маргаантай газрын талаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа хандсан байдаг. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15/29 дугаартай Оверсийс бест ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулж байсан бичиг дээр тухайн барилгыг тус компани нь барьж, ашиглалтад оруулж дуусах хүртэл нэг ч аж ахуйн нэгж, иргэн ирж байгаагүй тухай, мөн Оверсийс бест ХХК нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ газрын албанд гаргасан бөгөөд энэ үед газрын эзэмшил РС ХХК-ийн нэр дээр байдаг талаар мэдэж, компанийн удирдлагууд удаа дараа уулзсанаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 34 дүгээр сургуулийн урд байрлах 3874.6 м.кв газраас тус барилгад 959.4 м.кв талбайг Оверсийс бест ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгөх талаар талууд тохиролцсон тухайгаа илэрхийлж, тус газрын эзэмшлийг сольж өгөхийг хүссэн байна. 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А15/02 дугаартай РС ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн хүсэлтээр тус газрыг Оверсийс бест ХХК-д олгоход манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй гэж хүргүүлсэн албан бичгүүд байгаагаас үзэхэд тус газрын эзэмшлийг Оверсийс бест ХХК-д шилжүүлсэн байх магадлалтай. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжихэд бүртгэлийн газар бүртгүүлсэн байхыг шаарддаг бөгөөд тус барилгын өмчлөл манай байгууллагын нэр дээр шилжиж ирээгүй. Оверсийс бест ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, уг амины орон сууцны төлбөрийг төлсөн боловч өмчлөлд шилжүүлээгүй. Өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр хөөцөлдсөн боловч газар эзэмших эрх нь зөрчилтэй байсан учир болоогүй. Иймд тус хоёр орон сууцны хууль ёсны өмчлөгч манай байгууллага биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/00719 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч РС ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамж, 34 дүгээр сургуулийн урд, изораст системийн эрчим хүчний хэмнэлттэй 2 айлын 2 давхар амины орон сууц байрлаж буй газрыг хариуцагч ТОСК ТӨҮГ-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТОСК ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч РС ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1173 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00719 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой буюу маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нь Оверсийс бест ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрч байсан талаарх албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргуулах 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/Ш32018/15022 дугаар захирамж, тухайн газар дээр баригдсан орон сууцны эзэмшигч, өмчлөгч хэн болох талаарх нотлох баримтыг Оверсийс бест ХХК-иас гаргуулах 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/Ш32019/01160 дугаар захирамж биелэгдээгүй гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан бичигт шаардсан баримт тухайн байгууллагад байхгүй байгаа талаар хариу ирүүлсэн бөгөөд энэ тохиолдолд шүүхэд хэргийг буцаагаад ч дээрх захирамж биелэгдэх боломжгүй юм. Түүнчлэн 183/Ш32019/01160 дугаар захирамжаар шаардсан нотлох баримтын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй баримт хэрэгт авагдсан боловч үүнийг анхан шатны шүүх үнэлэх боломжгүй талаар дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх маргаан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэх үндэслэл заасан байна. Нэгэнт тухайн баримтууд хуульд заасан нотолгооны чанар хангахгүй байгаа тохиолдолд хэргийг шүүхэд буцаах бус харин хэрэгт байгаа бусад нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байдалд дүгнэлт хийх нь давж заалдах шатны шүүхийн үүрэг юм. Нөгөө талаар анхан шатны шүүх дээрх захирамж тус бүрээр шаардсан нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй боловч маргаан бүхий газар болон түүний дээр баригдсан загварын амины орон сууцны эзэмшигчтэй холбоотой маш тодорхой дүгнэлтийг хийсэн. Тухайлбал нэхэмжлэгч РС ХХК-ийн эзэмшилд Нийслэлийн засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/646 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4-р хороонд 5277 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 4,8 жилийн хугацаатай Нийслэлийн өмчийн харилцааны газраас 00305207 тоот газар эзэмших гэрчилгээ олгогдсон болохыг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл дээрх үйл баримт нь Нийслэлийн засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны А/646 дугаар захирамж, түүний хавсралт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэгт үндэслэсэн болохыг давж заалдах шатны шүүх огт анхаарсангүй. Хариуцагчийн хувьд дээрх 5277 м.кв газрын 959,4 м.кв талбайд нь изораст системийн эрчим хүчний хэмнэлт бүхий 2 давхар 2 айлын амины орон сууцны загварын байр бариулсан, үүнийг зохигчид тайлбараараа нотолсон болно. Дээрх 959,4 м.кв газрыг Оверсийс бест ХХК, ТОСК ТӨҮГ-ын аль аль нь эзэмших, ашиглах эрхийн үндэслэлээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч РС ХХК-иас шилжүүлэн авсан нь нотлогдоогүй байгаа тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, тухайн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байвал аливаа саадыг арилгуулахаар өмчлөгчийн адил шаардах эрхтэй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримттай холбоотой нотлох баримт хангалттай байсныг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийснийг огт хайхраагүй, тухайн эзэмшил газарт нь загварын буюу түр хугацааны зориулалт бүхий орон сууцыг ТОСК ТӨҮГ-ын захиалгаар Оверсийс бест ХХК барьж гүйцэтгэж, хөлс төлөгдсөн зэргийг дүгнээд тухайн орон сууц нь ТОСК ТӨҮГ-ын эзэмшлийн эд хөрөнгө болохыг зөв тодорхойлсон. Уг орон сууцыг өмчлөх эрхээ бүртгүүлээгүй, газрыг эзэмших эрхийг баталгаажуулаагүй, хууль ёсны эзэмшигчээс шилжүүлэн авсан гэрээ, хэлцэлгүй зэргийг үндэслэн тухайн газрын эзэмшил хариуцагч талд үүсэхгүйг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасанд нийцүүлэн үнэлсэн байгааг давж заалдах шатны шүүх огт дүгнээгүй зөвхөн биелэгдэх боломжгүй 2 захирамжид хөтлөгдөж, үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

РС ХХК, ТОСК ТӨҮГ-т холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн нотлох баримт бүрдүүлэх тухай захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүйгээс нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тухай давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нь үндэслэлтэй байна.

РС ХХК-ийн эзэмшлийн газарт 2 айлын 2 давхар амины орон сууц баригдсан нь тогтоогдсон бөгөөд эдгээр сууц нь ТОСК ТӨҮГ болон Оверсийс бест ХХК-ийн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр баригдсаныг зохигч маргаагүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, “...зөвшөөрөлгүйгээр сууц барьж хууль бусаар эзэмшиж байгаа гэж газраа чөлөөлүүлэх”-ийг хүссэн ба нэхэмжлэгч РС ХХК нь уг сууц баригдах явцад эзэмшигчийн эрхээ хэрхэн хэрэгжүүлж байсан нь тодорхой бусаас гадна, өөрийн эзэмшлийн газраас сууц баригдсан хэсгийг Оверсийс бест ХХК-д  шилжүүлэхийг зөвшөөрч байсан гэх баримт хэрэгт авагдсан тул энэхүү байдлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх үзсэн байна. Уг дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Түүнчлэн тухайн амины орон сууц газраас салган авах боломжтой эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтойг дурдав.

Иймд хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1173 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч РС ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ