Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 06

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж, шүүгч Ц.Нэргүй, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийн

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдох

“Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг албан тушаалд нэхэмжлэгчийг томилохыг хариуцагчид даалгуулах, хуульд заасан журмыг зөрчиж Б.Бийг томилсон Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Д, хариуцагчийн өмгөөлөгч П.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, иргэдийн төлөөлөгч С.Ц, Өвөрхангай аймгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын цагдаа, шүүх хуралдааны дэг сахиулагч, цагдаагийн дэд ахлагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ю нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг албан тушаалд нэхэмжлэгчийг томилохыг хариуцагчид даалгуулах, хуульд заасан журмыг зөрчиж Б.Б-ийг томилсон Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай. 1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” хэмээн заасан байх бөгөөд сонголт хийх эрхийг Засаг даргад хууль тогтоогч олгоогүй байна. Өөрөөр хэлбэл уг хэм хэмжээ нь “томилно” хэмээн шууд үүрэг болгосон хэм хэмжээ болохоос “томилж болно” хэмээн эрх олгосон хэм хэмжээ биш юм. 2. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуультай уялдуулан, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг өөрчлөн найруулсан зүйл байхгүй. 3. Б.Б-ийг томилох нь хууль бус тул уг томилгоог хүчингүй болгож, нэхэмжлэгч намайг албан тушаалд томилсноор Үндсэн хуульд заасан ажлаа чөлөөтэй сонгох эрх сэргэх юм. 4. Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Д нь Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ц.Г-д 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Б.Т намайг томилох боломжгүй нөхцөл шалтгаан байна гэж хуурамч албан бичиг явуулсан. Х.Д дарга намайг уулзахад чамайг томилохгүй Б.Б-ийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, томилоход бэлдчихсэн гэж хэлсэн. Тийм болохоор миний бие Х.Д даргын эс үйлдэхүйг гаргах ёстой шийдвэрийг гаргахгүй байна, энэхүү эс үйлдэхүй нь миний хуульд заасан шударгаар төрийн албанд томилогдох эрхийг зөрчиж байгаа захиргааны акт мөн гэж үзээд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, өөрөөр хэлбэл Х.Д даргыг Төрийн албаны салбар зөвлөлд бичиг явуулахаас 3 хоногийн өмнө захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажиллахгүй гэж байгаа хүн шүүхэд хандаад намайг Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилохыг Х.Д даргад даалгаад өгөөч гэсэн нэхэмжлэл гаргахгүй шүү дээ. Нэхэмжлэгч Б.Т миний гаргасан нэхэмжлэлд холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 03 сарын 11-ний өдөр буюу Төрийн албаны шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж эхэлснээс хойш болсон. Шинээр хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. дах хэсэгт “…нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан. Хариуцагч Х.Д дарга Э-г томилохоос нэг удаа татгалзсан. Хуулиар хариуцагчид дахин татгалзах эрх үлдээгүй байтал Б.Т намайг томилохоос мөн татгалзсан. ...Иймд анхан шатны шүүх нь шүүх хурал болох үед хэрэгжиж байсан Төрийн албаны хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. ...Миний бие Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтын үр дүнд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох эрх үүссэн. ...2018 оны 11 дүгээр сарын 27–ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшигдсэний дагуу 2018 оны 12 дугаар сарын эхээр Х.Д даргатай уулзахаар Тарагт суманд очсон. Албан өрөөнд нь уулзаж ярилцаад би Авлигатай тэмцэх газар луу хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ явуулъя. Хариу нь ирэхээр тус албан тушаалд томилогдоё гэсэн. Гэтэл Х.Д дарга чамайг томилох боломжгүй. Б.Б-ийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулаад томилохоор болсон. Чамд эргээд хариу өгье гэсэн. Тэгээд би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүлээгээд хариу мэдэгдээгүй учраас тус шүүхэд хандаж албан тушаалд томилохыг даалгаж өгөхийг хүссэн... Намайг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл өгсөн байхад Б.Б-ийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр томилсон байсан. Төрийн алба хэдийгээр тасралтгүй, тогтвортой байх ёстой гэсэн зарчим байдаг хэдий ч энэ асуудалд ач холбогдолгүй гэж үзэж байна. Би ажиллахгүй гэж хэлээгүй. Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хянуулж байж ажилдаа томилогдож оръё гэдэг асуудлыг л ярьсан. Авлигатай тэмцэх газраас ямар нэг зөрчилгүй байна. Энэ ажилдаа томилогдож болно гэсэн цагт л би нүүж очиж суурьшиж ажиллана уу гэхээс биш наана нь шийдвэр гаргах боломжгүй байсан... Нүүж ир гэж хэлсэн нь үнэн. ...Миний жам ёсны эрх ч үүн дээр яригдана. Нэгдүгээрт Х.Д даргын Б.Т миний биеийг энэ албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хоёрдугаарт намайг тус албан тушаалд томилохыг даалгуулж өгөх, гуравдугаарт Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б.Б-ийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгуулах шаардлагуудыг тавьж байгаа... Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгоход татгалзсан Сумын Засаг даргын албан бичгийг мэдээгүй байж байгаад хэргийн материалтай танилцах явцдаа танилцсан. ...тухайн үед 6 сар гарантай жирэмсэн байсан. Би эхний ээлжинд мэдүүлгээ хянуулж байж л нүүж очих эсэхээ шийднэ. Удахгүй жирэмсний амралтаа авна гэдгээ ч хэлсэн... Надтай зөвшилцөөгүй байхад зөвшилцсөн мэтээр татгалзсан албан бичиг Төрийн албаны салбар зөвлөл рүү явуулсан байсан... сонгон шалгаруулалт явуулж буй ажиллагаа, шалгалтанд тэнцсэн хүмүүсийг нөөцөд бүртгэсэн тогтоолтой холбоотой гомдол гаргаагүй...” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Т нь 2020 оны 03 сарын 05-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа анх гаргаж байсан шаардлагаа өөрчилсөн байна. ...Б.Б-ийг томилсон тухай захирамж шийдвэр нь хууль ёсны дагуу гарсан шийдвэр болно. Б.Т нь өмнөх шүүх хуралдаан дээр энэхүү томилгоотой холбоотой маргаан байна уу гэхэд байхгүй л гэж байсан. Зохих журмын дагуу гарсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч мэдэж байсан. УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралт Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 33б заалтын дагуу төрийн албаны зөвлөл заасан албан тушаал бүрт хоёроос доошгүй иргэний нэрийг дэвшүүлнэ. 36 дугаар заалт Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 45.5-д заасны дагуу томилох эрх бүхий этгээд салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож ,тухайн албан тушаалд томилсон шийдвэр гаргана. ...Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд нийтдээ 11 хүн тэнцэж онооны дарааллаар эхний байранд Энхтуяа гэх хүн орсон байсан. Мөн холбогдох журмын дагуу онооны дарааллаар тэнцсэн хүмүүсийн нэрсийг хавсралтаар ирүүлсэн. Э өөрийн хүсэлтээр тус албан тушаалд томилогдохгүй гэдгээ мэдэгдсэн. Тус жагсаалтанд Б.Т 2 дугаар байранд байсан. Энэхүү албан тушаалд орох хүнийг даруйхан томилохгүй бол түр орлон гүйцэтгэгч нь жирэмсний амралтаа авах болсон. Мөн оны сүүл, шинэ оны эхний сарууд удахгүй болох учраас тайлан мэдээ гаргах цаашлаад малчид, иргэд банкнаас зээл авахын тулд нотариат хийлгэх, сумын нууцыг хамгаалах ажилтангүй, алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн явуулж чадахгүй байх зэрэг шалтгаанууд байсан. Төрийн алба тасралтгүй байх зарчмыг баримталж дээрх зүй ёсны шаардлагын дагуу бид тус албан тушаалд томилогдох хүнийг тушаал гарсан өдрөөс ажилдаа шаргуу хандахыг хүссэн. Б.Т-ыг ажлаа аваад шууд үүргээ гүйцэтгээд явах боломж байна уу? гэхэд би удахгүй жирэмсний амралтаа авна. Намайг томилох тушаалаа одоо гаргаад 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээгээч гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь би ийм боломж байхгүй гэдгийг өөрт нь болон Төрийн албаны салбар зөвлөлд мэдэгдсэн. Энэ тухайгаа аймгийн Засаг дарга Г.Ганболд мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Г нарт мэдэгдэж зөвшилцөөд Б.Б-ийг онооны дарааллаар тус албан тушаалд томилсон. Би Б.Т-той уулзаад хэрэв ажилдаа томилогдвол тогтвор суурьшилтай ажиллах ёстой. Суманд нүүж ирээд үнэхээр ажиллах боломжтой байна гэж үзвэл ажилдаа томилогдож болно гэсэн. Гэтэл би боломжгүй байна. Удахгүй жирэмсний амралтаа авах гэж байгаа гэж хэлсэн. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга өөрөө сумын онцгой комиссын орлогч дарга байдаг. Энэ жил өвөлжилт хүндэрч байна. Тайлан тооцооны ажил гээд бүх ажил задгай байна гэж хэлсэн. Шинэ хуулинд зааснаар онооны дарааллаар 11 хүн тэнцсэн. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө Аймгийн удирдлагуудтай болон Төрийн албаны салбар зөвлөлийн холбогдох хүмүүстэй уулзахад урьд нь түр орлон гүйцэтгэгчтэй байсан энэ албан тушаалыг дахин түр орлон гүйцэтгэгч томилж ажиллуулах боломжгүй. Нэгэнт сонгон шалгаруулалт явуулсан учраас тэнцсэн хүмүүсийн онооны жагсаалтыг харгалзан үзээд хүнээ сонгож томил гэсэн. Үдээс хойш нь би сумандаа очоод Б.Б-ийг томилох шийдвэрийг гаргасан. ...Тухайн албан тушаалд шууд томилогдох боломжгүй байсан нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс б/68 тушаалаар жирэмсний амралтаа авсан нь тогтоогдож байна. Хувь хүн өөрийн эрх ашигтаа нийцүүлсэн дүгнэлт гаргуулахын тулд анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн үгээ мартаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгааг ойлгохгүй байна.  ...албан тушаалын сул орон тоо 2018 оны 05 дугаар сард гарсан байхад би санаатайгаар зарлуулахгүй байсан зүйлгүй. Тухайн үед аймгийн хэмжээнд шүлхий гэх өвчин гарч хөл хорио тогтоогоод байсан. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2018 оны 06 дугаар сард хандаж зарлуулахыг хүссэн саналаа явуулсан боловч одоохондоо боломжгүй байна. Намар зарлая гэж надад хэлсэн. Төрийн албаны салбар зөвлөлд хандсан талаарх нотлох баримт байхгүй. Би өөрийн биеэр очиж уулзсан. Удаан хугацаанд эзэнгүй, түр орлон гүйцэтгэгчтэй байсан орон тоо учраас даруйхан томилогдох хүнээ авах ёстой байсан. Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 08,09-ний өдрийн орчим биеэр ирж уулзсан. Одоо захирамжаа гаргаж намайг томилоод 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээх боломжтой юу? гэж ярьсан. Би бага насны 2 хүүхэдтэй. Удахгүй жирэмсний амралтаа авна. Очиж ажиллах боломж хараахан алга гэсэн. Хэрвээ нэхэмжлэгч тухайн үедээ би нүүгээд шилжээд ирье. Та намайг энэ ажилд томилж өгөөч гэж хэлсэн бол томилж болох байсан. ...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Б-ийн нэрийг санал болгосон. Төрийн албаны салбар зөвлөлийн санал болгосон хүмүүсээс татгалзах тоо заагаагүй байдаг. Б.Т-ыг тус албан тушаалд томилоход тавигдах шаардлагаас магистрын зэрэг бүхий боловсролтой хүн байна гэсэн заалтан дээр эргэлзэж байсан. Б.Б-ийн мэдүүлгийг 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр явуулсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр томилсон. Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 08-наас өмнө ирж уулзаагүй. Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлийнхөнтэй биеэрээ ирж уулзсан. Тэгэхэд Б.Т-ыг томилох боломжүй бол хууль журмын дагуу дараагийн хүнээ томил гэсэн. Үүнийг нотлох баримт бичиг байхгүй. Б.Т-ын ашиг сонирхлын мэдүүлгийг татгалзан учраас явуулаагүй. ...Онооны дарааллаар Б.Т, Б.Б нарын дунд оноогоороо 3 дугаар байранд жагссан хүн зөвхөн нөөцөд орох зорилгоор энэхүү шалгалтыг өгсөн юм билээ... Энэ сонгон шалгаруулалт явуулж буй ажиллагаа, шалгалтанд тэнцсэн хүмүүсийг нөөцөд бүртгэсэн тогтоолтой холбоотой гомдол гаргаагүй...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн сумын Засаг дарга холбогдох байгууллагатай зөвшилцөн тус албан тушаалд хүн томилох эрхтэй. Нэхэмжлэгчийн тавьж байгаа шаардлагад намайг л энэ албан тушаалд санал болгосон учраас зөвхөн намайг л томилох ёстой гэж байгаа хэдий ч хууль журамд заасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс хоёроос доошгүй хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн байдаг. Гэвч тухайн үед зөвхөн Б.Т-ыг нэр дэвшүүлсэн байгаа юм. Нүүж ирээд тогтвортой ажиллах боломжтой гэвэл энэхүү ажилдаа орж болно гэж хэлсэн байгаа юм. Гэтэл тухайн үед өөрөө ажиллахаас татгалзсан. Хэрэв Х.Д дарга анхнаасаа чамайг энэ ажилд томилохгүй гэсэн бол энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч болох хэдий ч өөрөө тухайн үед би ажиллахгүй гэсэн учраас үүнийг хүлээн зөвшөөрөх үндэсгүй. Аргагүйд хүрсэн Х.Д дарга төрийн албаны зарчмыг баримталж ажлын шаардлагын дагуу дараагийн хүнийг сонгож томилсон учраас хууль журамд заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Нэг л зүйлд үнэлэлт дүгнэлт өгөх болж байна. Төрийн албаны салбар зөвлөл энэ хоёр хүнийг сонгон шалгаруулалтанд орох эрхтэй учраас оруулсан. Нэхэмжлэгч Б.Т намайг шууд ажилд  томилоогүй гэж гомдол гаргасан. Хариуцагч Х.Д дарга ажилдаа шууд орох боломжгүй байсан учраас татгалзсан юм байна. Нэхэмжлэгчийг буруутгасан зүйлгүй. Нийгмийн шаардлагын дагуу ажилд орох боломжгүй байсан юм байна. Б.Б-ийн хувиас бодоход энэ хүнд энэ ажил дээр нийцэхгүй гэх асуудал алга. Харамсалтай нь энд хэн хэний буруу байна. Хоёрдугаарт нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд болсон уулзалтанд тэмдэглэл байхгүй байна. Хэн хэн нь үүргээ ойлгож үнэн зөв мэдүүлэг өгч байгаа гэж бодож байна. Б.Б-ийн эрх ашиг цаашлаад төрийн алба тасралтгүй байх зарчим алдагдаж байна гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Т нь 2018 оны 12 дугаар сарын 14-нд ...гаргасан нэхэмжлэлдээ өөрийгөө томилуулахыг сумын Засаг даргад даалгахыг шүүхэд үүрэг болгосон хүсэлт гаргасан байсан. Үүнийг өөрчлөн 2020 оны 03 сарын 05-нд Б.Б миний томилогдсон шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтийг нэмж өөрчлөн гаргасан нь уг шийдвэр гарснаас хойш 13 сар болсон учир гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн зүгээс УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралт болох Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулсан ч нэр дэвшүүлэхдээ уг журмын нэр дэвшүүлэх 33.б заалтыг зөрчиж, онооны дэс дарааллаар 1, 1-ээр нь санал болгосон нь алдаа болсон гэж үзэж байна. 33.б заалтанд 2 ба түүнээс доошгүй иргэнийг нэр дэвшүүлнэ гэсэн байдаг. Мөн уг журмын 36-д “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 45.5-д заасны дагуу томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргана” гэж заасан байдаг. Гэхдээ төрийн албаны салбар зөвлөлөөс 1-т орсон иргэнийг нэр дэвшүүлэнгээ хавсралтаар шалгалтанд тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 4 дүгээрт Б.Б миний бие 75.27 авснаар нөөцөд бүртгэгдсэнээр, санал болгон сумын Засаг даргад ирүүлсэн байсан. Сумын Засаг дарга дээрх журмын 36 дахь заалтын дагуу томилсон бөгөөд мөн 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт (төрийн алба мэргэшсэн тогтвортой байх) заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 (Захиргааны байгууллагын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх) заалт, 42 дугаар зүйлийн 42.2 (Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ) дахь заалтуудыг тус тус баримталсан гэж үзэж байна. Б.Б миний бие Тарагт сумын ЗДТГазарт 2010 оноос хойш тасралтгүй, тогтвор суурьшилтайгаар 10 жил ажиллаж байна.  Тарагт сумын Засаг даргын Тамгын газар нь 2018 оны 06 дугаар сараас ЗДТГазрын даргын түр орлон гүйцэтгэгчээр төрийн захиргааны түшмэл Э.-г томилсон боловч уг ажилтан 12-р сард жирэмсний амралтаа авах нь дөхчихсөн ажлын ачаалал даахгүйн улмаас жилийн эцсийн тайлан мэдээг хийх боломжгүй төрийн ажил тогтворгүйтэх, төрийн үйл ажиллагаа тасалдахаар байсан. Иймд миний бие МУ-ын Үндсэн Хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь заалт, 2002 оны төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалтуудыг үндэслэн сумын Засаг даргад хүсэлт тавьж Авлигатай тэмцэх газарт материалаа хүргүүлэн зөрчилгүй гэсэн дүгнэлт авч томилогдсон. Үүнд ямар нэгэн зөрчил үүсээгүй гэж үзэж байна. Сул орон тооны улмаас иргэдэд хохирол учруулах, тайлан мэдээг хоцроох эрх төрийн байгууллагад байхгүй. Б.Т-ын хувьд 12-р сард сумын Засаг даргатай уулзахдаа Арвайхээр сумын ЗДТГазраас жирэмсний амралтаа авах гэж байгаа (2018.12.30-нд жирэмсэн амаржсаны амралтаа авсан) тухай хэлж, хэзээ ажилдаа орох боломжтой вэ гэхэд нь 2019.05.01 гэхэд ажилдаа орох боломжтой тэр хүртэл хүлээгээ ч гэж хэлсэн байдаг. Сумын төрийн захиргааны байгууллагын хувьд 11 дүгээр сараас дараа оны 2 сар хүртэл ажлын ачаалал маш их байдаг бөгөөд түр орлон гүйцэтгэгчээр гүйцэтгүүлээд байх боломжгүй байдаг. Энэ нь Авлигатай тэмцэх газраас Эрх бүхий албан тушаалтны эрх авч байж албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч бүртгэл хийн тайланг явуулдаг. Нотариат хийдэг. Тагнуулын ерөнхий газраас нууцын ажилтнаар ажиллах зөвшөөрлийг түр орлон гүйцэтгэгчид олгодоггүй үүнийг авч байж цэргийн тоо бүртгэл /Сумын хэмжээнд 888 эрчүүд бүртгэгддэг/-ийг зохион байгуулдаг. Нууцын мэдээ баримтыг бүртгэж мэдээлэн ажилладаг. Мөн Хүний нөөцийн системд төрийн албан хаагчдын /сумын 7 төрийн байгууллагын 112 албан хаагч/ мэдээллийг бүртгэдэг. Аймгийн ЗДТГазарт жилийн эцсийн тайлан мэдээ /нийт 13 төрлийн/ -г төрийн байгууллага, албан хаагчдаас авч нэгтгэн дүгнэлт хийж илгээдэг. Энэ их ажлыг түр орлон гүйцэтгэгч гүйцэтгүүлэх боломжгүй, Б.Т-ыг 2019 оны 05 сарын 01 хүртэл хүлээх нь ч бүр боломжгүй бөгөөд төрийн захиргааны байгууллагын шуурхай, тасралтгүй байх зарчимд харш байсан гэж үзэж байна. Иймд Б.Т-ын хүсэлтийг хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны салбар зөвлөлөөс Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралт журмын дагуу явуулсан. Тус тогтоолын 33/б заалтанд оноогоороо тэнцсэн 2 ба түүнээс доошгүй хүнийг тус албан тушаалд нэр дэвшүүлнэ гэсэн байсан. Засаг даргын энэхүү томилгоог би хуулийн дагуу гэж үзэж байна. Х.Д даргын хэлснээр төрийн алба мэргэшсэн, тогтвортой, шуурхай байх ёстой гэсэн зарчмыг баримталсан. Би томилогдсон өдрөөсөө л ажлаа авч цалгардаад байсан ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Тушаал гарч тус ажлуудыг хийхийг зөвшөөрсөн албан бичгүүд ирж ажлаа нэг болон хоёрдугаар саруудад хийж гүйцэтгэсэн. Б.Т-ын хэлж байгаагаар би Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хянуулж ирсний дараа ажиллах эсэхээ шийднэ гэж байгаа боловч Б.Т нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож жирэмсний амралтаа авсан байгаа юм. Тэгэхээр хувийн байдлаа харгалзан үзсэн ч энэ ажлын байранд ажиллах эсэх нь эргэлзээтэй байсан. Б.Т-ыг тухайн ажилд томилж болох байсан. Тэгсэн тохиолдолд түүнийг жирэмсний амралтаа авсны дараа түр орлон гүйцэтгэгч томилох шаардлага гарах байсан. Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг орлон гүйцэтгэх хүн төрийн захиргааны түшмэл байдаг. Төрийн захиргааны түшмэл нь тэр үед өөрөө жирэмсний амралтаа авч байсан. Ийм нөхцөл байдал үүссэний улмаас төрийн албаны ажил цалгардах нөхцөл байдал үүссэн...” гэв.

            Иргэдийн төлөөлөгч С.Цээмаа дүгнэлтдээ: Шүүх хуралдааны явцад оролцогчдын тайлбарыг сонслоо. Хариуцагч талын хэлж буйг дэмжиж байна. Төрийн алба тасралтгүй байх гэсэн зарчмыг баримталж буй нь зөв байх гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь тус шүүхэд “Холбогдох хууль тогтоомжийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд Б-ийн Т миний биеийг томилохыг даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдуулан гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 121/ШЗ2019/0002 дугаарын захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг албан тушаалд нэхэмжлэгчийг томилохыг хариуцагчид даалгуулах, хуульд заасан журмыг зөрчиж Б.Б-ийг томилсон Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” хэмээн өөрчилж ирүүлсэн тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь “...Б.Т нь 2018 оны 12 дугаар сарын 14-нд ...гаргасан нэхэмжлэлдээ өөрийгөө томилуулахыг сумын Засаг даргад даалгахыг шүүхэд үүрэг болгосон хүсэлт гаргасан байсан. Үүнийг ...2020 оны 03 сарын 05-нд Б.Б миний томилогдсон шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтийг нэмж өөрчлөн гаргасан нь уг шийдвэр гарснаас хойш 13 сар болсон учир гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна...” гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Холбогдох хууль тогтоомжийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд Б-ийн Т миний биеийг томилохыг даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан тухайн цаг хугацаанд хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаарын “Б.Б-ийг ажилд томилох тухай” захирамжийг гаргаагүй байсан байна.

Түүнчлэн тус шүүх Б.Т-ын дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 121/ШШ2019/0006 дугаарын шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 585 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дүгээр тогтоолуудаар “...нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй...” хэмээн хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөн ирүүлжээ.

Б.Т нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14, 33.15, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д тус тус заасан хугацаанд дээрх нэхэмжлэлийг гаргасан байх тул хариуцагчийн тус аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшигчийг томилох шийдвэр гаргахтай холбогдолтой үйл ажиллагаанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс тасалдсан бөгөөд нэгэнт шүүхэд хандан маргаан үүсгэсэн харилцаанд хамааралтай Б/06 дугаарын захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн адил тасалдана.

Тиймээс нэхэмжлэгчийг Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.  

Энэхүү маргаан нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”[1] хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үүссэн тул маргаан үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон “Төрийн албаны тухай хууль” /цаашид “Төрийн албаны тухай хууль” гэх/, уг хуульд нийцүүлэн гаргасан холбогдох журмыг хэрэглэн хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь “...анхан шатны шүүх хурал 2019 оны 03 сарын 11-ний өдөр буюу Төрийн албаны шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж эхэлснээс хойш болсон... анхан шатны шүүх нь шүүх хурал болох үед хэрэгжиж байсан Төрийн албаны хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж мэтгэлцэж байна.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргаас тус Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлснээс эхлээд Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажиллагаа болон тус албан тушаалд томилогдох нэр дэвшигчийг санал болгох, хариуцагчаас томилох шийдвэр гаргах үйл ажиллагаанууд, нэхэмжлэгч Б.Т-оос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх бүх үйл явдал нь 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад болсон байх ба тэдгээр үйл ажиллагаанд уг хууль болон түүнд нийцүүлж гаргасан холбогдох журамд заасан зохицуулалтыг үндэслэсэн байна.

Нөгөө талаар хэдийгээр анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг 2017 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш явуулсан ч маргаан бүхий үйл ажиллагаа, холбогдох захиргааны актыг гаргахад энэхүү шинэчлэн найруулсан хуульд заасан зохицуулалтыг хэрэглээгүй, мөн хууль нь хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан тул түүнийг буцаан хэрэглэх замаар маргааныг шийдвэрлэх боломжгүй юм.

Төрийн албаны тухай хууль[2]-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэжээ.

Тиймээс төрийн байгууллага, албан тушаалтан нь дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндсэн зарчим болон 4.2.4-т заасан “иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх" зарчмуудыг баримталж үйл ажиллагаагаа явуулах учиртай.

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга /цаашид “Засаг дарга” гэх/ нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн  1/111 дугаарын албан бичиг[3]-ээр тус Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл /цаашид “Төрийн албаны салбар зөвлөл” гэх/-д хүргүүлсэн бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажиллагааг явуулж, мөн өдрийн 19 дугаартай тогтоол[4]-ыг гарган, шалгалтад тэнцсэн “1. Д.Э а – 77.6”, “2. Б.Т – 75.8”, “3. Г.Б – 75.73”, “4. Б.Б – 75.2” гэсэн онооны дарааллаар нэр бүхий 11 иргэнийг нөөцөд бүртгэж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/95 дугаар албан бичиг[5]-ээр Д.Э-г зарлагдсан ажлын байранд томилуулах саналаа захиалагчид хүргүүлсэн байна.

Гэвч Засаг дарга нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/151 дугаарын албан бичиг[6]-ээр Д.Э-г томилохоос татгалзсан бөгөөд Б.Б-ийг нэр дэвшүүлж өгөхийг хүссэн хариуг Төрийн албаны салбар зөвлөлд, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/156 дугаарын албан бичиг[7]-ээр Б.Б-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахыг хүссэн хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт тус тус хүргүүлсэн байх ба Авлигатай тэмцэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 05/9796 дугаарын албан бичгээр Б.Б-ийг “...ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” хэмээх хариуг ирүүлсэн байна.

Харин Төрийн албаны салбар зөвлөлөөс нөөцөд бүртгэгдсэн иргэдээс хоёрдугаарт жагссан Б.Т-ыг захиалсан албан тушаалд томилуулах тухай саналыг Тарагт сумын Засаг даргад гаргасан боловч тэрээр мөн Б.Т-ыг томилохоос татгалзсан хариуг өгч, Б.Б-ийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэрийг гаргасан, нэхэмжлэгч Б.Т-д түүний ажиллаж байсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс жирэмсний амралт олгосон болох нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/114 дүгээр албан бичиг, Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/168 дугаарын албан бичиг болон мөн өдрийн Б/06 дугаарын “Б.Б-ийг ажилд томилох тухай” захирамж, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/58 дугаарын “Б.Т-д жирэмсний амралт олгох тухай” тушаал[8]-уудаар тус тус нотлогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс мөн аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах нэр дэвшигчийг санал болгох ажиллагааны талаар хэргийн оролцогчдын дунд гарч буй маргааны тухайд: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.3-т зааснаар сумын Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх ба уг газрын даргыг сумын Засаг дарга томилж, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлнэ. 

Дээрх хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар “Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө...” хэмээн өөрчлөн найруулсан бөгөөд уг заалтыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Харин энэхүү маргаан нь дээрх Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болохоос өмнө эхэлсэн тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалтын анхны буюу “Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно” гэх зохицуулалтыг хэрэглэнэ.

Төрийн албаны тухай хууль[9]-ийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу  Улсын Их Хурлаас 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” /цаашид “Журам” гэх/-ыг батлан гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйл болон “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоол[10]-д тус тус зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь “Дэс түшмэл” ангилал, ТЗ-7 зэрэглэлд буюу Журмын[11] 10-т заасан “9-д зааснаас бусад удирдах албан тушаал”-д хамаарч байна.

Тиймээс тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх саналаа уг ажилтныг томилох эрх бүхий албан тушаалтан болох сумын Засаг даргад хүргүүлсэн үйл ажиллагаа нь зохих хууль болон журмын дагуу явагджээ.

Харин шүүх тухайн зарлагдсан удирдах албан тушаалд томилогдох ажилтныг нэр дэвшүүлэхэд сонгон шалгаруулалтын үнэлгээ хэрхэн хамаарахыг судлан үзвэл: Журмын 33-т “...удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс эхлэн...дэвшүүлнэ”, 33 дахь хэсгийн “б”-д “энэ журмын ...10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг”, 34-т “...нэр дэвшигчийн талаарх санал, дүгнэлтийг томилох эрх бүхий этгээдэд шууд хүргүүлнэ”, 36-д “...томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргана” хэмээн журамласан байна.

Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.Т болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б нарын нэр бүхий 11 иргэн нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн талаар өмнө тэмдэглэсэн.

Тиймээс Төрийн албаны салбар зөвлөл нь энэхүү журмын 33 дахь хэсэг, уг хэсгийн “б”-д зааснаар захиалагч байгууллагад нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс эхлэн хоёроос доошгүй иргэний нэрийг дэвшүүлэх,

харин Тарагт сумын Засаг дарга нь тэдгээр нэр дэвшигчдээс нэг хүнийг сонгож, Тамгын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэр[12]-ийг гаргах учиртай.

Журмын “...2-оос доошгүй” гэдэг нь агуулгын хувьд хамгийн багадаа хоёр болон түүнээс олон нэр дэвшигчийг санал болгохыг үүрэгжүүлсэн зохицуулалт байна.

Томилох эрх бүхий этгээд нь тэдгээрээс “нэг хүнийг сонгож” гэдэг нь Засаг дарга нь Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгож ирүүлсэн нэр дэвшигчдийн дундаас тухайн албан тушаалд ажиллах шаардлагыг хэн нь хамгийн сайн хангаж байгаа эсэхийг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны хүрээнд явуулж тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, дүгнэсний эцэст сая сонголтоо хийн зохих шийдвэр гаргахыг ойлгоно.

Тодруулбал: Дээрх зохицуулалтууд нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нөөцөд бүртгэгдсэн иргэдээс дурын иргэнийг сонгон нэр дэвшүүлэх, татгалзах, эсхүл томилох шийдвэр гаргах эрхийг олгосон бус, харин Төрийн албаны салбар зөвлөл нь нөөцөд бүртгэгдсэн иргэдээс жагссан дарааллаар 2 болон түүнээс олон иргэнийг нэр дэвшигчээр санал болгох, Засаг дарга нь санал болгосон нэр дэвшигчдээс зохих ёсны шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа иргэнийг сонгон томилох шийдвэрийг гаргах үүргийг хүлээлгэсэн зохицуулалт юм.    

Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “...нэг ажилтныг ...сонгон шалгаруулж... дүгнэлтээ... томилох эрх бүхий байгууллагад өгөх” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно” гэж тус тус хуульчилжээ.  

Дээрх хуулиудын зохицуулалтыг харьцуулан үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 35.1.6 дахь хэсэг нь төрийн захиргааны бүхий л удирдах албан тушаалд томилогдох ажилтныг нэр дэвшүүлэх ажиллагаанд хамаарах ерөнхий зохицуулалтыг илэрхийлж байгаа бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан зохицуулалт нь Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтныг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонгон томилохыг тухайлан заасан илүү нарийвчилсан зохицуулалтыг илэрхийлж байна.

Уг зохицуулалтад нэр дэвшигчийн тоог “иргэдээс” гэсэн байгааг Монгол хэлний их тайлбар толиос хэрхэн тайлбарласныг харахад “иргэд” гэдэг үгний утгыг “иргэний олон тоо, олон иргэн”  гэж тайлбарлажээ. Тэгэхээр “иргэн”  гэж бичигдсэн бол нэг хүн, “иргэд”, “иргэдээс” гэж бичигдсэн бол хоёр болон түүнээс олон хүн байхыг ойлгохоор байна.    

Тиймээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан “...иргэдээс...”,  Журмын 33.б-д заасан “...албан тушаал бүрд 2-оос доошгүй иргэний нэрийг” гэх зохицуулалтуудаар Төрийн албаны салбар зөвлөл нь Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтанд хоёр болон түүнээс дээш нэр дэвшигчийг санал болгохоор байна.

Харин “нэр дэвшигчээр санал болгох” гэдэг нь Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр сонгон шалгаруулалт явуулсан тухайн албан тушаалд томилогдох ажилтны нөөцөд бүртгэгдсэн иргэдээс нэрийг нь тухайлан зааж томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж байгааг ойлгох бол “нөөцөд бүртгэгдсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг хавсарган хүргүүлж” буй нь тухайн албан тушаалд томилогдох болзол, нөхцөлийг хангасан иргэдийн нэрсийг мэдээллийн журмаар хүргүүлж байгаагаас биш тухайн албан тушаалд томилуулахаар санал болгосон гэж ойлгохгүй юм.  

Хэргийн оролцогчид нь дээрх сонгон шалгаруулалтын явц болон шалгалтын үнэлгээ, салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх тухай” тогтоолын алинд нь ч гомдол гаргаагүй болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан “...гомдол гаргаагүй...” гэх тайлбарууд, Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/12 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн өмнөх шаардлагын хүрээнд Б.Т-ыг “...ажлын байранд тавигдах шаардлагад тавигдсан төрийн удирдлагаар мэргэшсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй...” гэж маргаж байсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснөөс хойш энэ талаар дахин дэмжиж мэтгэлцээгүй бөгөөд шүүх бүрэлдэхүүнээс тодруулахад “...магистрын зэрэг бүхий боловсролтой хүн байна гэсэн заалтан дээр эргэлзэж байсан...” хэмээн тайлбарлаж байх ба хэргийн оролцогчид нь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж явуулсан сонгон шалгаруулалтын явц, шалгалтын үнэлгээ, 19 дүгээр тогтоолын үндэслэлийн талаар маргаж нэхэмжлэл гаргаагүй ба хариуцагч нь сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргаагүй, уг асуудлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тэдгээр нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

Тиймээс шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар эрх зүйн дүгнэлт хийхгүй байх үүргийнхээ дагуу дараах байдлаар хэргийг шийдвэрлэв. Үүнд:

Нэг. “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоох” шаардлагын тухайд: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс Дамдинсүрэнгийн Энхтуяаг “...хамгийн өндөр үнэлгээ буюу 77.6 оноо авсан...” хэмээн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах тухай саналыг нөөцөд бүртгэсэн иргэдийн бүртгэлийн хамт Засаг даргад хүргүүлсэн боловч хариуцагч нь Д.Э-г таван үндэслэл заан томилохоос татгалзаж, 75.22 оноо авсан Б.Б-ийг нэр дэвшүүлж өгөхийг хүссэн хариуг өгсөн байна.

Төрийн албаны салбар зөвлөл 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/114 дугаарын албан бичгээр Б.Т-ыг нэр дэвшүүлсэн 2 дахь саналаа хүргүүлсэн боловч хариуцагч нь “...1. Б.Т нь нэн даруй суманд очиж суурьшин ажиллах боломжгүй. 2. Одоо эрхэлж байгаа ажлаасаа тодорхой хугацаатайгаар амралт авч байгаа тул 5 сар хүртэлх хугацаанд ажиллах боломжгүй гэсэн хариу өгсөн...” гэх үндэслэлээр татгалзсан хариуг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/168 дугаарын албан бичгээр өгснөөс харахад тэрээр Журмын 37-д заасны дагуу ажлын 7 өдрийн дотор  хариу өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргажээ.

Журамд зааснаар бол хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшигчийн талаар гаргасан саналд хариу өгөх үүрэгтэй байх ба нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж маргаан үүссэн байсан байх тул хариуцагчийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэхэмжлэгчийг томилох эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь “...Х.Д дарга Энхтуяаг томилохоос нэг удаа татгалзсан. Хуулиар хариуцагчид дахин татгалзах эрх үлдээгүй байтал Б.Т намайг томилохоос мөн татгалзсан...” гэж, хариуцагч нь “...Төрийн албаны салбар зөвлөлийн санал болгосон хүмүүсээс татгалзах тоо заагаагүй байдаг...” гэж тус тус маргаж байна.

Журмын 37-д “Томилох эрх бүхий этгээд ...нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор ...Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ...” гэж заасан байх ба тус Журам болон Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад Засаг дарга нь нэр дэвшигчийг томилохоос татгалзах ямар нэгэн тоон хязгаарлалтыг заасан зохицуулалт агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн “...хариуцагчид дахин татгалзах эрх үлдээгүй...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.    

Хоёр. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэхэмжлэгчийг томилохыг хариуцагчид даалгуулах, хуульд заасан журмыг зөрчиж Б.Б-ийг томилсон Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”  шаардлагуудын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно” гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас дүгнэхэд

- нэхэмжлэгч Б.Т, гуравдагч этгээд Б.Б нар нь Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгох шалгаруулалтад оролцон бусад нэр бүхий 9 иргэний хамт тэнцэж, нөөцийн хоёрдугаарт Б.Т, дөрөвдүгээрт Б.Б тус тус бүртгэгдсэн,

- Төрийн албаны салбар зөвлөл нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/95, 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/114 дугаарын албан бичгүүддээ Журмын 33 “б”[13], 34[14], 37[15], 40[16] дэх заалтуудыг дурдсан атлаа Д.Э, Б.Т нарыг тус бүрд нь дангаар нэр дэвшигчээр санал болгосон, Засаг дарга  нь тэдгээрийг зарлагдсан албан тушаалд томилохоос татгалзсан атлаа нэр дэвшүүлээгүй Б.Б-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас гаргуулан авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргасан байна.

Дээрх үйл явдал болсон дарааллыг цаг хугацааны хувьд харахад хариуцагч нь Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгосон эхний нэр дэвшигчийг татгалзсаны дараа тус Зөвлөлөөс дараагийн нэр дэвшигчийн талаарх саналаа ирүүлээгүй байхад Б.Б-ийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг урьдчилан хянуулсан байна.

Харин Төрийн албаны салбар зөвлөлөөс Б.Т-ыг дээрх албан тушаалд томилох саналыг ирүүлэхэд түүнд татгалзсан хариуг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/168 дугаар албан бичгээр хүргүүлсэн тухайн өдрөө Б.Б-ийг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэрийг гаргажээ.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга нь “...Төрийн алба тасралтгүй байх зарчмыг баримталж дээрх зүй ёсны шаардлагын дагуу бид тус албан тушаалд томилогдох хүнийг тушаал гарсан өдрөөс ажилдаа шаргуу хандахыг хүссэн ...Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 08,09-ний өдрийн орчим биеэр ирж уулзсан. Одоо захирамжаа гаргаж намайг томилоод 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээх боломжтой юу?... Удахгүй жирэмсний амралтаа авна. Очиж ажиллах боломж хараахан алга гэсэн. Хэрвээ нэхэмжлэгч тухайн үедээ би нүүгээд шилжээд ирье. Та намайг энэ ажилд томилж өгөөч гэж хэлсэн бол томилж болох байсан...” гэж, нэхэмжлэгч Б.Т нь “...нэр дэвшигдсэний дагуу ...Х.Д даргатай ...Албан өрөөнд нь уулзаж ярилцаад би Авлигатай тэмцэх газар луу хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ явуулъя. Хариу нь ирэхээр тус албан тушаалд томилогдоё гэсэн... Би ажиллахгүй гэж хэлээгүй... Авлигатай тэмцэх газраас ямар нэг зөрчилгүй байна. Энэ ажилдаа томилогдож болно гэсэн цагт л би нүүж очиж суурьшиж ажиллана уу гэхээс биш наана нь шийдвэр гаргах боломжгүй байсан... гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б нь “...журмын нэр дэвшүүлэх 33.б заалтыг зөрчиж, онооны дэс дарааллаар нэг, нэгээр нь санал болгосон нь алдаа болсон гэж үзэж байна. 33.б заалтанд 2 ба түүнээс доошгүй иргэнийг нэр дэвшүүлнэ гэсэн байдаг. Энэ их ажлыг түр орлон гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх боломжгүй, Б.Т-ыг 2019 оны 05 сарын 01 хүртэл хүлээх нь бүр боломжгүй ...Х.Д даргын хэлснээр төрийн алба мэргэшсэн, тогтвортой, шуурхай байх ёстой гэсэн зарчмыг баримталсан... хэмээн тус тус мэтгэлцэж байна.

Хариуцагчийн тайлбарлаж байгаачлан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Мөн гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаачлан төрийн алба тасралтгүй, шуурхай ажиллах учиртай.

Гэхдээ албан тушаалтан нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал, тасралтгүй, шуурхай ажиллагааг хангаж ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх...” үндсэн зарчим болон 4.2.4-т заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчмуудын хүрээнд нэр дэвшигчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ...амрах...”, 18-д заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох...”, Хөдөлмөрийн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан жирэмсний болон амаржсаны амралт авах эрхийг зөрчихгүй байх үүргийг хүлээнэ.

Б.Т нь 2018 оны 12 дугаар сарын 08-09-ний өдрийн орчим хариуцагчтай уулзахдаа удахгүй жирэмсний амралтаа авах гэж байгаа, хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хянуулаад зөрчилгүй бол Тамгын газрын даргын албан тушаалд томилогдохыг хүсч байгаагаа хариуцагчид хэлсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэхгүй байна.

Гэвч хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/168 дугаарын албан бичигт “...1. Б.Т нь нэн даруй суманд очиж суурьшин ажиллах боломжгүй. 2. Одоо эрхэлж буй ажлаасаа тодорхой хугацаатайгаар амралт авч байгаа тул 5 сар хүртэлх хугацаанд ажиллах боломжгүй гэсэн хариуг өгсөн болно. Сумын ЗДТГ-ын даргыг нэн даруй ажилд томилон оруулах дараах шалтгаан нөхцөл гарч байна. –ЗДТГ-ын ажил үүргийн дагуу тайлан мэдээ гаргах, нэгтгэх. – 2019 оны цэргийн тоо бүртгэл хийх, тайлан гаргах, нууцын материалтай танилцах, тайлагнах эрх бүхий ажилтантай болох. Малчид, иргэд банкнаас зээл авах нотариат үзүүлэх эрх бүхий ажилтантай болох зэрэг тулгамдсан асуудал байгаа тул нэн даруй шийдвэрлэж өгнө үү” гэсэн татгалзал болон хүсэлтийг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн атлаа түүнийхээ хариуг ирэхийг хүлээлгүйгээр дараагийн шийдвэрийг даруй гаргасан байна.

  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах журамд жирэмсний болон амаржсаны амралтаа авах дөхсөн, ажиллах нутаг дэвсгэртээ ирж суурьшаагүй байгаа иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохоос татгалзах зохицуулалт байхгүй байх ба харин ч Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудаар Монгол Улсын иргэний оршин суух газраа чөлөөтэй сонгох, зохих амралтаа эдлэх эрхийг баталгаажуулан хуульчилсан байна. 

Нөгөө талаар: Дээрх албан бичигт дурдсан сумын Засаг даргын Тамгын газрын даргыг томилон ажилд оруулах “шалтгаан нөхцөл[17] нь албан тушаалтан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилох шийдвэрийг гаргахдаа холбогдох хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчих үндэслэл биш юм.

Хэдийгээр гуравдагч этгээд Б.Б нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох нөхцөл болзлыг ханган нөөцөд бүртгэгдсэн ч Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшигчийн талаарх саналаа ирүүлээгүй байхад түүнийг Тамгын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргасан хариуцагчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй байна.

Түүнчлэн Журмын 33-н “б” хэсэг, 37 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд тус салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс 2-оос доошгүй иргэний нэрийг дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл дээр тэмдэглэгдсэн нотлох баримтуудаас харахад Төрийн албаны салбар зөвлөл нь нөөцийн жагсаалтад Б.Т, Б.Б нарын 11 хүнийг бүртгэсэн 19 дугаартай тогтоолыг гаргасан, “Нэр дэвшүүлэх тухай” 3/95, 3/114 дугаарын албан бичгүүдээр Д.Э, Б.Т нарын нэрийг ганц ганцаар дэвшүүлсэн санал, дүгнэлтийг хүргүүлж байсан, Тарагт сумын Засаг дарга нь Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй Б.Б-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэрийг гаргаж хэн аль нь холбогдох хууль, журмыг зөрчжээ.

Зүй нь Төрийн албаны салбар зөвлөл нь Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох иргэний нөөцөд бүртгэгдсэн 11 иргэнээс зарлагдсан албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс эхлэн хоёроос доошгүй иргэнийг санал болгож хариуцагчид сонгох боломжийг олгох, хариуцагч Засаг дарга нь тус Зөвлөлөөс хүргүүлсэн нэр дэвшигчдээс нэгийг сонгон, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулсны үндсэн дээр зохих шийдвэрээ гаргасан бол Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “хууль дээдлэх” үндсэн зарчим болон мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.7, Журмын 33, 33-н “б”, 36-д заасан эрх зүйн зохицуулалт хангагдах байжээ. 

Тиймээс хариуцагч нь “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 33-ийн “б”, 36-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр тогтоолд бүртгэгдсэн нөөцийн жагсаалтаас Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн талаарх санал дүгнэлтийг авч, сонсох ажиллагааг явуулсны үндсэн дээр зохих шийдвэрээ гаргах нь хууль, холбогдох журамд нийцэхээр байна. 

Нэгэнт хуульд заасан сонгон шалгаруулалтад орж тэнцэн Төрийн албаны салбар зөвлөлийн дээрх 19 дүгээр тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн 11 иргэний хэн аль нь зарлагдсан удирдах албан тушаалд санал болгогдох адил тэгш боломжтой. Энэ нь Төрийн албаны салбар зөвлөлөөс хоёроос доошгүй иргэнийг нэр дэвшигчээр санал болгох замаар хэрэгжинэ.

Нөгөө талаар төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь хууль дээдлэх, тэгш байдлыг хангах төрийн албаны үндсэн зарчмын хүрээнд Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох иргэний нэрийг дэвшүүлэх, тэдгээрээс сонгон шалгаруулж томилох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ энэ харилцааг зохицуулсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын зохицуулалтыг нэг бүрчлэн даган хэрэгжүүлэх үүрэгтэй.

Ингэснээр хариуцагч болон гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд тайлбарлаж байгаачлан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой, шуурхай, тасралтгүй байх” зарчим бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Гэтэл төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд заасан өмнө дурдсан зохицуулалтуудыг зөрчиж үйл ажиллагаагаа явуулсны улмаас энэхүү маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тухайлбал: Төрийн албаны салбар зөвлөлөөс Засаг даргад нэр дэвшигчийг санал болгохдоо Журмын 33-н “б” хэсэгт заасанчлан хоёроос доошгүй иргэнийг бус нэг саналдаа нэг хүнийг дэвшүүлж байсан нь Д.Э, Б.Т-оос бусад иргэдийн, тэр дундаа нөөцийн дөрөвдүгээрт бүртгэлтэй Б.Б-ийн нэр дэвшигдэх боломжийг алдагдуулсан, Засаг дарга нь нэр дэвшигдсэн Б.Т-ыг хуулиар олгосон амрах, оршин суух газраа чөлөөтэй сонгох Үндсэн Хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх гэж буйг нь шалтаг болгон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь хянуулах, цаашилбал Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох эрхийг нь хязгаарласан атлаа Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшигчээр санал болгоогүй Б.Бийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь хянуулж, улмаар дээрх албан тушаалд томилох замаар давуу байдал олгож хууль дээдлэх, шударга ёсны зарчмыг зөрчсөн шийдвэрийг гаргасан байна.     

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад тусгаснаар 1. нэр дэвшигчээр санал болгоогүй ч энэ эрх нь хэрэгжих боломжтой, хувийн ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй Б.Б-ийг төрийн удирдах албан тушаалд томилсон маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг шууд хүчингүй болгох,

2. хэдийгээр нэр дэвшигчээр санал болгосон ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь эрх бүхий байгууллагаар хянуулаагүй Б.Т-ыг Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд шууд томилохыг хариуцагчид даалган шийдвэрлэх боломжгүй байна.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох нэр дэвшигчийг санал болгох үүргийг Төрийн албаны салбар зөвлөл, нэр дэвшигч иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянах чиг үүргийг Авлигатай тэмцэх газар тус тус хэрэгжүүлдэг.

Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар дээрх ажиллагаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс тус аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох нэр дэвшигч нарын талаарх саналыг авч, нэг иргэнийг хуульд заасан журмын дагуу сонгон Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргах хүртэл хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Б.Б-ийг ажилд томилох тухай” захирамжийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нь дээрх хоёр сарын хугацаанд дахин шинэ захиргааны акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг шүүх хүчингүй болгохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль[18]-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.6, 35 дугаар зүйлийн 35.1.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д тус тус заасныг удирдлага болгон Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс тус аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох нэр дэвшигч нарын талаарх саналыг авч, нэг иргэнийг хуульд заасан журмын дагуу сонгон “Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай” дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Б.Б-ийг ажилд томилох тухай” захирамжийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга нь шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд тухайн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Б/06 дугаар “Б.Б-ийг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

                               

 

 

 


[1] 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль” нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны №1-д хэвлэгдсэн. Харин 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль” нь дээрх хууль үйлчилж эхэлсэн мөн өдрөөс хүчингүй болсон.

[2] 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль.

[3] Хэргийн нэгдүгээр хавтасны 22-23 дугаар хуудас.

[4] Хэргийн нэгдүгээр хавтасны 40-44 дүгээр хуудас.

[5] Хэргийн нэгдүгээр хавтасны 24 дүгээр хуудас.

[6] Хэргийн нэгдүгээр хавтасны 26 дугаар хуудас.

[7] Хэргийн нэгдүгээр хавтасны 27 дугаар хуудас.

[8] Хэргийн нэгдүгээр хавтасны 24, 26-27, 30, 64, 135 дугаар хуудас.

[9] 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль.

[10] Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан.

[11] Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”

[12] “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 36 дахь хэсэг.

[13]энэ журмын 9-ийн “б”, “в”, “г”,  10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг” дэвшүүлнэ. 

[14] “...Салбар зөвлөл нь ...Бусад нэр дэвшигчийн талаарх санал, дүгнэлтийг томилох эрх бүхий этгээдэд шууд хүргүүлнэ

[15]Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэхийг шийдвэрлэнэ”.  

[16]Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно”.

  • 39 дэх хэсэгСонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалын нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна”.

[17] Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/168 дугаар албан бичигт бичсэнээр тусгав. Хэргийн нэгдүгээр хавтасны 30 дугаар хуудас.

[18] 2002 онд батлагдсан.