Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2399

 

С.О-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

    Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01861 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ХНХЯ-д холбогдох

        Ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 10 606 904 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар 2010 оноос хойш тасралтгүй 5 жил үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн сахилгын болон санхүүгийн аливаа зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн сайд Г.Б-ны Б/175 дугаар тушаал гарч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь хөндлөнгийн байгууллагуудын шалгалтаар удаа дараа тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

      Дээрх тушаалыг эс зөвшөөрөн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1806 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 683 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 753 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 3 030 544 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ХНХС-ын Б/48 тоот тушаал гарч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ажилд томилсон 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тушаал гарах хүртэлх ажилгүй байсан 14 сар, 14 хоногийн цалин 11 380 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд тооцооны алдаа гарсан учир 10 606 904 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гарч давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдээд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ үеэс нэхэмжлэгч өөрийн эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэдгийг мэдэх боломжтой байсан. Гэтэл энэ хугацаанд шүүхэд хандаагүй. Мөн нэхэмжлэгч нь энэ хугацаанд ямар нэгэн ажил эрхлээгүй гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилтан өөр ажил эрхэлж байсан бол цалингийн зөрүүг олгоно гэсэн байдаг. Үүнийг нотолсон зүйл байхгүй, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийсэн талаар баримт байхгүй, үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Шүүх: ХНХЯ-аас ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөнд 9 546 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 060 684 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ХНХЯ-аас 167 689 төгрөг гаргуулж С.О-д олгож, нэхэмжлэгчээс 197 030 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж,

     Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. С.О-юунбатын нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр, магадлалыг талаар гаргасан хяналтын гомдлыг Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2016/00753 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн болно. Энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан xyraцааг өөрөөр тогтоохтой холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговор шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129. дэх хэсэгт заасан 3 сарын дотор буюу 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Энэ хугацааг зогссон болон тасалдсантай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хариуцагч нэхэмжлэгчийг ажилд томилоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дагуу томилогдсон гэх боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч өөр ажил эрхэлж буй эсэх талаархи баримтыг нийгмийн даатгалын зохих байгууллагаас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

        Нэхэмжлэгч С.О ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 10 606 904 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ХНХЯ эс зөвшөөрч маргажээ.

          Нэхэмжлэгч С.О нь Булган аймгийн Хөдөө аж ахуйн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01806 дугаар шийдвэрээр түүний урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 030 544 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй.  /Хх-4-19/

        Нэхэмжлэгч С.О-ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

      Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгохоор заасан. Нэхэмжлэгч анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажил олгогчоос шүүхийн шийдвэрийг биелүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор шаардсан нь үндэслэлтэй байна.

        Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч С.О-ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг түүний ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлсний дунджаар тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9 546 200 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, шүүхийн хийсэн дүгнэлтүүд хуульд нийцжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг хэргийг Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн  00753 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэснээс хойш 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх агуулгатай гомдол гаргасан. Нэхэмжлэгч ХНХС-ын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар түүнийг урьд нь ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон өдрөөс хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ. Учир нь: ажил олгогчоос анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй ажилтны эрхийг зөрчсөн үйлдэл 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

        Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад  Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг нэмж оруулан, 2 дахь заалтын агуулгыг өөрчлөн найруулж, 3 дахь заалтад “сайн дураар” гэхийг ”сайн дугаар” гэж, мөн Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх алба гэж байгууллагын нэрийг буруу бичсэнийг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

     Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01861 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “Хөдөлмөр” гэсний урд “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж нэмж, 2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 167 689 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтад “дугаар” гэснийг “дураар” гэж, “шийдвэрийг” гэснийг “шийдвэр” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

                                                       ШҮҮГЧИД                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                               Д.БАЙГАЛМАА