Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00340

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01861 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02399 дүгээр магадлалтай,                                                                                                                                                                

             С.О-ын нэхэмжлэлтэй,

            Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох

  Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 11.380.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч С.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь Булган аймгийн хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар 2010 оноос хойш тасралтгүй 5 жил үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн сахилгын болон санхүүгийн аливаа зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы Б/175 тоот тушаал гарч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь хөндлөнгийн байгууллагуудын шалгалтаар удаа дараа тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалыг эс зөвшөөрөн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1806 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 683 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 753 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 3.030.544 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/48 тоот тушаал гарч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ажилд томилсон 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тушаал гарах хүртэлх ажилгүй байсан 14 сар, 14 хоногийн цалин 11.380.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд дахин бодож үзэхэд тооцооны алдаа гарсан учраас 10.606.904 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Учир нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гараад, давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдээд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ үеэс нэхэмжлэгч өөрийн эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэдгийг мэдэх боломжтой байсан. Гэтэл энэ хугацаанд шүүхэд хандаагүй. Мөн нэхэмжлэгч нь энэ хугацаанд ямар нэгэн ажил эрхлээгүй гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилтан өөр ажил эрхэлж байсан бол цалингийн зөрүүг олгоно гэсэн байдаг. Үүнийг нотолсон зүйл байхгүй, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийсэн талаар баримт байхгүй, үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01861 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөнд 9.546.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.060.684 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 167.689 төгрөг гаргуулж С.О-ад олгож, нэхэмжлэгчээс 197.030 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02399 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01861 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөр” гэсний урд “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж нэмж, 2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 167.689 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтад “дугаар” гэснийг “дураар” гэж, “шийдвэрийг” гэснийг “шийдвэр” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01861 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02399 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг, итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэн С.О-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. С.О-ын нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр, магадлалыг талаар хяналтын гомдлыг Улсын дээд шүүх 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж 001/ХТ2016/00753 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн болно. Энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэхэмжлэгч эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацааг өөрөөр тогтоохтой холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэмж шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор буюу 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Энэ хугацааг зогссон болон тасалдсантай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа “хариуцагч нэхэмжлэгчийг ажилд томилоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дагуу томилогдсон” гэх боловч энэ тухай ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх хуульд заасны дагуу авагдсан нотлох баримтад үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой байтал уг асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хэрэв нэхэмжлэгч өөр ажил эрхэлж байсан бол цалингийн зөрүүг олгох хуулийн зохицуулалттай. Энэ асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзэж нэхэмжлэгчийн өөр ажил эрхэлж буй эсэх талаарх нотлох баримтыг гаргуулах, нийгмийн даатгалын зохих байгууллагаас гаргуулах хүсэлтийг хариуцагчаас гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсан болно. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэл бүрт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 177.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.О-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

 Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан aжилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11,380,000 төгрөг гаргуулах шаардлагаа 10,606,904 төгрөг болгож багасгасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

С.О- нь Булган аймгийн Хөдөө аж ахуйн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01806 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,030,544 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тухай баримт хэрэгт авагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажил олгогчоос шүүхийн шийдвэрийг биелүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор шаардсан нь үндэслэлтэй гэж анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01806 дугаар шийдвэрийг биелүүлэх хүртэл буюу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн С.О-ыг ажилд томилох тухай Б/48 дугаар тушаал гаргах хүртэл эрх нь зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т зааснаар үнэлсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.О-ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээг тодорхойлохдоо түүний ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлсний дунджаар тооцсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,546,200 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт буруу бичигдсэн алдаануудыг залруулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02399 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН