Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Мөнхзулд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэгбаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Мөнхзулд холбогдох эрүүгийн 173600110046 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрэгтэй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Чулуунбаатарын Мөнхзул нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1-14 тоот хашаанд 2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө иргэн Х.Эрдэнэбаяртай маргалдаж түүнийг цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мөнхзулд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Мөнхзул нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Кинг маркийн хөргөгч битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/43 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг цуцлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ч.Мөнхзулаас 16981000 /арван зургаан сая есөн зуун наян нэгэн мянга / төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэгбаярт олгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн нь нас барсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг ноцтой хохироосон. Хохирогч Х.Эрдэнэбаяр нь энгийн нүдээр харахад биедээ гэмтэлтэй, гадны нөлөөтэй байдалтай нас барсан байхад  мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа осгож нас барсан гэдэг үндэслэлээр хандаж мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан. Хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн, хохирогч хэдийд ямар шалтгаанаар нас барсан, зориуд гадаа орхисныг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, хохирогчийн цогцос ямар байдалтай байсан нь эргэлзээтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шинжээч томилох, шинжилгээ хийх журмыг зөрчсөн. Шинжээч эмчийн хохирогчийн цогцсонд задлан шинжилгээ хийгээд гаргасан дүгнэлт, шинжээчээр байцаах үед өгсөн хариултууд нь хоорондоо эрс зөрүүтэй, хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж, хэргийн бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй. Шүүгдэгч Ч.Мөнхзул нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 62 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч нарыг мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтуудаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт 16981000 / арван зургаан сая есөн зуун наян нэгэн мянга/ төгрөг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул дээрх хохиролыг хэрэгсэхгүй болгож өгнө үү учир нь шүүгдэгч нь хохирогч Х.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хохирол төлнө, харин оршуулгын зардал 16981000 төгрөгийн хохирол гаргасныг төлөх боломжгүй бөгөөд шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан хуулийн шаардлагыг зөрчсөнд гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгчийн үйлдсэн гэм бурууд тохирсон шүүхээс шүүгдэгчийн гэм бурууд өгсөн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хор уршигийн талаар хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Анхан шатны шүүхийн шүүгдэгчээс 16981000 төгрөг гаргуулсан нь үндэслэлтэй эсэх талаар хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтуудад тулгуурлан давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх байх гэж бодож байна гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.Мөнхзул түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэгбаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Ч.Мөнхзул нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 14 тоот хашаанд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс  24-нд шилжих шөнө иргэн  Х.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны / хамтран архи ууж согтууран улмаар Х.Эрдэнэбаярыг гэртээ “ шээлээ “ гэх шалтгаанаар / улмаас маргалдаж цохисноос Х.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон  бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж  дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн анхан шатны шүүхээс Ч.Мөнхзулын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн төрөлд хамаарагдаж байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн “ гэх заалтанд хамаарагдаж байх тул шүүгдэгч Ч.Мөнхзулд Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ч.Мөнхзул түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын “ . . .шүүгдэгч Ч.Мөнхзул нь Х.Эрдэнэбаяртай маргалдаж, Х.Эрдэнэбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Анхан шатны шүүх Ч.Мөнхзулаас 16981000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэгбаярт олгуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй . . . “ гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.   Учир нь:

Шүүх  Ч.Мөнхзул нь хохирогч Х.Эрдэнэбаярын амь насыг шууд хохироогүй боловч түүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл боловч хохирогчийг гэрээс гарахыг мэдээгүй түүнийг зориуд гадаа орхисон нь тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хаалга үүдээ цоожлоогүй хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас хохирогч гадаа гарч осгож амь хохирсон гэсэн үндэслэлээр Ч.Мөнхзулаас хохиролд 16981000 төгрөгийг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн гаргуулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна .

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэгбаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын “ . . . 26 настай цэл залуухан, идэр чийрэг эр айлын гадна осгож нас  барсан гэдэгт талийгаачийн ар гэрийнхэн итгэхгүй байгаа ба хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт дүгнэлт хийхэд хохирогч гадны нөлөөтэй байдлаар нас барсан болох нь нотлогдсоор байхад яллагдагч Ч.Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах / гэмт хэрэгт холбогдуулан яллаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчмыг алдагдуулан хуулийг ноцтой зөрчиж байна.

Шүүхээс “ . . . Шүүгдэгч Ч.Мөнхзулаас 16981000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэгбаярт олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, хуульд нийцэж байна.

“ . . . шийтгэх тогтоолыг хянаж үзэж,  хэргийн бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргаж өгнө үү . . .”  гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийн нөхцөл байдлыг Дүгнэвэл:

Ч.Мөнхзул нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1 дүгээр гудамжны 14 тоот хашаанд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө иргэн Х.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны / хамтран архи ууж согтууран  улмаар Х.Эрдэнэбаярыг гэртээ “ шээлээ “ гэх шалтгаанаар / улмаас  маргалдаж цохисноос  иргэн Х.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Гэрч Э.Отгонбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  . . .” 22 цаг өнгөрч байхад  нөхөр Ч.Мөнхзул, Х.Эрдэнэбаяр нар гэрт ирсэн ба 0,75л 1 шил архи бүтэн авч орж ирээд задлаад хоёулаа уугаад би . . . ор дэр засаад унтсан юм. Тэгээд тэр 2 унтаад би охиноо унтуулах гээд хэвтэж байхад 20-30 минут болоод Х.Эрдэнэбаяр босоод гэрийн баруун талд хувцасны шкафны хэсэгт шээж байхаар нөхөр Ч.Мөнхзулыг сэрээгээд найз чинь гэрт шээж байна гэж хэлсэн.

Ч.Мөнхзул босч ирээд Х.Эрдэнэбаярт чи миний гал голомтонд шээдэг хэн бэ гэхэд Х.Эрдэнэбаяр би чиний найз чинь биш юмуу гээд маргалдаж хашгиралдах дуунаас нь хүүхэд айхаар та 2 гар гээд уурлахад тэр 2 гарч явсан юм.

Тэгээд 30-40 минут гадаа орж ирэхгүй болохоор араас нь гартал хашааны даамангийн үүдэнд хоёулаа суучихсан Х.Эрдэнэбаяр, Ч.Мөнхзулын хүзүүний ар хэсгээр барьсан. Ч.Мөнхзул гарнаас нь барж авсан сууж байхаар нь салгаад нөхөр Ч.Мөнхзулыг гэрт оруулж ирсэн. Х.Эрдэнэбаяр гадаа үлдсэн. Намайг Х.Эрдэнэбаярыг оруулж ирэхэд Х.Эрдэнэбаярын ам, хамраас цус гарсан байдалтай, Ч.Мөнхзулын гар цус болсон байхаар угаалгаж хэвтүүлсэн . . .” гэх мэдүүлэг / 1-р хх-н 75-77 /,

Гэрч Х.Оюунсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  . . . “ Намайг гэрээс гарсан чинь Ч.Мөнхзул ,Э.Отгонбилэг хоёр гадна зогсож байсан бөгөөд би очоод та хоёр яасан бэ гэж асуусан чинь манай гэрт Х.Эрдэнэбаяр шээчихсэн гэж хэлсэн. Тэгээд Ч.Мөнхзул, Э.Отгонбилэг бид гурав Ч.Мөнхзулын гэрлүү дөхөж очиход Х.Эрдэнэбаяр гэрийн гадаа байсан бөгөөд Ч.Мөнхзул, Х.Эрдэнэбаяр луу манай гэрт шээлээ, миний гал голомт бузарлалаа гэж хэлээд хоорондоо маргалдаад зодолдож байхад Э.Отгонбилэг бид хоёр Ч.Мөнхзулын гэрлүү ороход гэрийн баруун талд хувцасны шкафны ур талд шээсэн байсан бөгөөд Э.Отгонбилэг бид хоёр буцаж гэрээс гараад Ч.Мөнхзул, Х.Эрдэнэбаяр хоёрыг зодолдож байхад нь салгаад Ч.Мөнхзулыг эхнэр нь гэрлүүгээ авч ороод удалгүй буцаж гарч ирсэн бөгөөд Х.Эрдэнэбаярыг, Э.Отгонбилэг бид хоёр Ч.Мөнхзулын гэрлүү оруулаад хэвтүүлсэн. Ч.Мөнхзул орондоо орсон байсан.

Тэгээд би гэрлүүгээ ороод унтсан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 96-97 /,

Хэргийн газар үзлэг хийсэн “ . . .  Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1-14 тоотод байх хашаанд байв.

“ . . . Цогцос байх газар нь эргэн тойрон 7х4.8 метрийн диаметр тойрогт газрын сул шороо зурагдсан халцарсан ул мөрүүд үүссэн байв. Уг цогцосны хөлний хэсэгт цогцосноос 1,9 м зайд байх шавар блокон хашааны хананд газраас дээш 40 см зайд хашааны хана цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсоныг бэхжүүлэн авав. Уг цогцосны биеийн хэсгийн / ил харагдах нүцгэн / хөлдөж эхэлсэн, хүүрийн толбо үүсээгүй, хөшилт явагдаж эхлээгүй, нас бараад 4-6 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой . . .” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 3-20 /,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн “ . . . Х.Эрдэнэбаярын цогцосноос авсан гэх шингэн цусанд 2.8 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь  согтолтын хүнд зэрэгт хамаарна . . . “ гэх дүгнэлт / 1-р хх-н 23 /,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн “ . . . Ч.Мөнхзулын биенээс авсан гэх шингэн цусанд 0.5 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна . . . “ гэх дүгнэлт / 1- хх-н 33 /,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 62 дугаартай шинжээч эмчийн “ . . . Х.Эрдэнэбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээгээр гэмтэл учирсан байна.  . . . гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна.

Х.Эрдэнэбаярын цогцост учирсан дээрх гэмтлүүд нь цохигдох, унах, мөргөлдөх үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

Х.Эрдэнэбаярын цогцост хийсэн бүтцийн болон гистологи шинжилгээгээр ходоодны салстад цөөн тооны цус харвалт, уушги-бронхийн авчилт, дистелектаз, зүрх-булчингийн ширхгийн нягтрал, фибрилляци / хэт агших /, венийн судас дүүрэлт, бөөр-артерийн судасны авчилт, венийн судас дүүрэлт, цусны эргэлтийн алдагдал нь осголтын улмаас нас барсан шинжүүд юм . . .” гэх дүгнэлт / 1-р хх-н 62-64 /, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 66-71 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаартай бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээч эмч нарын “ . . . Х.Эрдэнэбаярын цогцост . . . гэмтэл учирчээ.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Х.Эрдэнэбаяр нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гадна үзлэгээр төмсөг татагдалт, дотор эрхтний шинжилгээгээр ходоодны салстын голомтлог цус харвалт / Вишневскийн толбо /, эд эсийн шинжилгээний хариугаар зүрхний булчингийн ширхгийн нягтрал, гуурсан хоолойн агчил зэрэг шинжүүд илэрсэн ба эдгээр нь осголтын үед илэрдэг шинж тэмдгүүд болно.

Х.Эрдэнэбаярын цогцост боолтын үед үүсэх шинж тэмдгүүд илрээгүй байна.

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 62 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. “ гэх дүгнэлт /1 дүгээр хх-н 163-166 / зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд талийгаачийг зодоод чирээд гаргасан , буцаж гэрлүү оруулаагүй, гадны нөлөөтэй нас барсан гэж гомдож байгаа боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мөнхзул түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэгбаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын18-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мөнхзул түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэгбаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                                          

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                                                                  Б.ДАМБА