Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00783

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00838 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1191 дугаар магадлалтай,

Б.Т-гийн нэхэмжлэлтэй,

МА ХХК-д холбогдох

Сурагч солилцооны хөтөлбөрийн гэрээг цуцалж, 17.700.039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Н.А, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Бид төрсөн охин н.Б-г АНУ-д суралцуулахын тулд Ма компанитай 2017 оны 10 сарын 12-ны өдөр 01\05 дугаартай High school exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээнд гарын үсэг зурсан болно. Тухайн байгууллага явах хүүхдийн овог, нэр, гэрээ хийх хүний нэр, хаягийг солиод тавьчих боломжтой бэлэн загвар гэрээ өгч, бид түүнд нь гарын үсэг зурсан. Мөн хүүхдийн хичээл 2018 оны 01 сарын 15-ны өдөр гэхэд эхэлнэ гэсэн учир бид охиноо сургуулиас нь гаргаж бэлтгэлээ базааж эхэлсэн. Энэ гэрээг хийхэд хүрсэн гол шалтгаан нь АНУ-ын Face the world нэртэй спонсор байгууллагын шугамаар өмнө нь манай улсаас хүүхдүүд явж суралцаж байсан тухай бид мэдэж байсан учраас тухайн байгууллагыг найдвартай гэж үзсэн. Гэрээний дагуу хүүхэд Америк айлд амьдарч, сургуульд сурах ёстой байсан тул бид Ма компанийн ажилтнуудаас охин 16 нас хүрч байгаа хүүхэд учир амьдрах айл нь том болсон эрэгтэй хүүхэдгүй айл байх ёстой гэдгийг онцлон анхааруулж байсан. Гэтэл тус компанийн сонгосон айл нь хоёр том эрэгтэй хүүхэдтэй айл байсан тул бид тухайн айлаас татгалзсан. Тэд ч хүлээн зөвшөөрч дараагийн айлаа хайна гэдгээ хэлсэн. Америкт хүүхдийн хичээл эхлэх байсан 2018 оны 01 сарын 15-ны өдөр өнгөрсөн. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 29-нд Ма компаниас бидэнд захиа ирсэн бөгөөд хүүхдийг байлгах айл болон сургуулийн мэдээлэл баталгаажиж ирсэн тул хүүхдээ явуул, 02 дугаар сарын 05-нд хичээл нь эхэлнэ гээд н.Б-г байлгах гэр бүлийн хүмүүсийн зургийг явуулсан. Мөн захидлаас харахад зуучлалын гэрээнд заагдсан спонсор байгууллага болох Face the world нь Academic foundation international cultural exchange гэсэн өөр байгууллага болж солигдсон. Спонсор байгууллага өөрчлөгдсөн тухай зуучлагч компани бидэнд өмнө нь мэдэгдээгүй. Бид хүүхдээ Америк руу хүргэж өгөөд байлгах айлын хүмүүстэй нь уулзана гэхэд боломжгүй, хүүхдээ хүргэж өгнө гэвэл онгоцны буудлаас цааш явахгүй, мөн байлгах айлын хүмүүстэй уулзуулахгүй утсаар ч ярихыг хориглоно гэсэн. Дурдсан нөхцөл байдлын улмаас бид хүүхдээ тухайн компанийн шугамаар АНУ-руу явуулахаас татгалзаж гэрээгээ цуцлах тухай Ма ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тус компанид төлсөн мөнгөө буцаан авах шаардлага тавьсан. Гэвч тус компани маргааш өдөр нь 03/07 дугаартай албан бичгээр бидэнд хариу ирүүлэхдээ төлбөрийг буцаахаас татгалзсан учир бид тус компанийг гэрээний дагуу ямар зардал гаргаснаа нотолсон бичиг баримтыг ирүүлэхийг хүссэн. Энэ дагуу өмгөөлөгч Д.Намсрайжавын и-мэйл хаягаар 2018 оны 03 сарын 19-нд үйл ажиллагааны зардал болон эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал 5 500 ам.доллар, англи хэлний түвшин тогтоох шалгалт ELTiS 45 usd, буухиа шуудангийн зардал 114 210 төгрөг болсон гэсэн захиа ирүүлсэн боловч баримтуудыг өнөөдрийг хүртэл олж хараагүй. Гэвч бид зарим нэг зардал гарсан байж болохыг бодолцож түүний нөхөн төлбөр болон төвөг удсаны төлбөрт нийт 2 000 ам.долларыг үлдээн суутгуулж, 5 000 ам.доллараа буцаан авах хүсэлтэйгээ тус компанид илэрхийлсэн боловч компани 3 000 доллар л буцаах боломжтой гэсэн. Бид үүнийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд одоо бид тус компанид төлсөн 6 900 ам.долларыг бүрэн төлүүлэх хүсэлтэй байна. Ма компани охин Б-г Америк явуулах гэрээгээр тохирсон үүргээ өмнө дурдсанаар зохих ёсоор биелүүлээгүй, гарсан зардал нь бодитой биш, үнэмшилгүй, баримтгүй, хүүхэд ч сэтгэл санааны хохирол амслаа. Иймд Ма компанид дээр дурдсан гэрээний дагуу төлсөн 6 900 ам.доллар буюу шилжүүлсэн өдрийн ханшаар 16 921 030 төгрөгийг тус компаниас буцаан гаргуулж өгнө үү. Ам.долларын ханшийг Ма компани руу шилжүүлсэн өдрийн ханшаар бодож нэхэмжилсэн. Гэвч бидний хувьд, зуучлалын хөлсийг ам.доллараар төлсөн, мөн гэрээ хэрэгжихгүй болсноос үүдэн бидний зүгээс төлсөн мөнгөө буцааж авах хүсэлтийг тус компани шийдвэрлэж өгөхгүй бүтэн нэг жил чирэгдүүлж, улмаар шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг үндэслэн ам.долларын ханшийг мөнгө шилжүүлсэн өдрөөр бус нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 сарын 12 ны өдрийн Монгол банкны албан ёсны ханш болох 1 ам.доллар 2 517.17 төгрөгөөр тооцож байна. Иймд зардалд тушаасан 500.000 төгрөгийг нэмээд нийт 17.700.039 төгрөгийг Монарк компаниас гаргуулж өгнө үү. Гэрээг цуцлах хүртэл үе шатанд гарсан зардал болох 180 ам.доллар, 160 ам.доллар, 45 ам.доллар, 20 ам.доллар, 25.000 төгрөг, зуучлалын хөлс 200 ам.долларыг суутгаад үлдэх төлбөрөө буцаан нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч МА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Т-тай байгуулсан High school exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээнд АНУ дахь спонсор байгууллагыг Face the world гэж бичсэн байсан ч тус байгууллага нь тодорхой бус нөхцлийн улмаас хагас жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй болсныг бидэнд мэдэгдсэн тул бид энэ талаар Б.Т- болон түүний гэр бүлд утсаар мэдэгдсэн. Тэд АНУ дахь байгууллага нь солигдож байгааг хүлээн зөвшөөрч, шинэ спонсор байгууллагын эцэг, эх болон сурагчтай байгуулдаг гэрээнд гарын үсэг зурснаар бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан. Улмаар компани гэрээний үүргээ зохих ёсоор нь биелүүлж байсан бөгөөд 2018 оны 01-р сарын 18-нд High school exchange USA хөтөлбөрт оролцогч н.Б-г хүлээн авах айл буюу Host family нь Washigton bernay Centraliad амьдардаг айл байгаа талаар мэдэгдэхэд Б.Т-гийн гэр бүл татгалзсан хариу өгсөн тул бид сурагчийн гэр бүлийн зүгээс тухайн Америк айлаас татгалзсан талаарх мэдээллийг АНУ-ын хамтран ажилладаг байгууллагад мэдэгдсэн. Ингээд, үүнээс 2 өдрийн дараа Б-г хүлээн авах айлын асуудал шийдэгдэж, түүнийг өөр зочин айл хүлээн авахаар болсон. Тэр айл нь нь хувиараа бизнес эрхэлдэг, нярав хийдэг айл байсан ба Б-гийн суралцах байсан ахлах сургуулийн хаврын улирлын хичээл нь 2018 оны 02 сарын 05-нд эхэлж 06 сарын 15-нд дуусах байсан. Бидэнд зочин айлын талаар утсаар мэдэгдсэн ба дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн баталгаажиж ирэх хүртэл буюу уг гэр бүл нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаарх цагдаагийн лавлагаа зэрэг холбогдох шалгуурыг давж баталгаажиж ирэх хүртэл бид хөтөлбөрт оролцогчид мэдээллэхгүй байхыг хүсдэг тул Б.Т-д айл нь тодорхой болсон байна, та түр хүлээнэ үү хэмээн утсаар мэдэгдсэн байсан. Улмаар 2018 оны 01 сарын 26-ны өдөр айлын мэдээлэл эцсийн байдлаар баталгаажсан тул Б.Т-д энэ талаар утсаар мэдэгдэж, 29-ний өдөр албан тоот хүргүүлсэн. Гэтэл Б.Т-гийн гэр бүл айлын аав нь их эвгүй, нүдэнд хүйтэн хүн байна гэдэг шалтгаанаар тухайн айлаас татгалзсан. Манай байгууллагаас хүүхдийг хөтөлбөрт хамрагдахад шаардагдах бэлтгэл ажлыг бүрэн гүйцэтгэж н.Б-г АНУ-руу хүргэж өгөх төлөвлөгөөтэй байсан бөгөөд хүргэж өгөхөөр онгоцны тийзээ хүртэл худалдан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн болон гэрээнд заасан үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00838 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1., 399.4., 401 дүгээр зүйлийн 401.1., 402 дугаар зүйлийн 402.2.-т зааснаар МА ХХК-аас 13 554 731 төгрөг гаргуулж Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4 145 308 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 265 800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид МА ХХК-аас 225 724 төгрөг гаргуулж Б.Т-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1191 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 724 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, өмгөөлөгч М.А нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлалын зарим хэсэг буюу 13.554.731 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 2.517.170 төгрөгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь “High school exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг/эхийн хооронд байгуулах гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 6700 ам.долларыг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “бид хүүхдээ Америк хүргэж өгөөд байлгах хүмүүстэй нь уулзана гэхэд Ма ХХК-ийнхан тэр боломжгүй... гэсэн” нөхцөл байдлын улмаас бид хүүхдээ АНУ-руу явуулахаас татгалзаж гэрээгээ цуцлах тухайгаа мэдэгдсэн гэж тайлбарлаж байна. Спонсор байгууллага болон МАийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу Агентлаг буюу манай байгууллага сурагчдын эцэг эхтэй шууд харьцаж, спонсор байгууллага буюу АFICE зочин айл, сургуультай шууд харьцаж, 2 байгууллага тэдгээрийг холбож зуучлах үүрэг хүлээсэн тул эцэг эх шууд америкд очин зочин айл болон сургуультай уулзах боломжгүй юм. Энэхүү хөтөлбөр нь Америкийн нэгдсэн улсын төрийн департментийн, засгийн газрын соёл солилцооны хөтөлбөр юм. Иймд тодорхой шалгуур дор, мөн тодорхой журмын үндсэн дээр хэрэгждэг олон орны, олон сурагчид хамрагддаг хөтөлбөр юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-т заасан төлбөр буюу хөтөлбөрийн зардлыг манай байгууллага бүгдийг авдаггүй, зохих байгууллагад шилжүүлдэг, шилжүүлсний үндсэн дээр урилга ирнэ, амьдрах айлыг судална, сургууль бэлтгэгдэнэ, визинд орох эрх нь нээгдэнэ, виз авна зэргээр шат дамжлагатай явагддаг, энэ талаар гэрээ байгуулахаас өмнө танилцуулж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулдаг. МА ХХК гэрээний үүргээ биелүүлж 2 ч айл олж, сургуульд суралцах бүрэн боломжоор хангасан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний үүргээ 1 биелүүлээгүй, хүүхдээ хөтөлбөрийн дагуу Америк руу явуулаагүй. Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдыг хүлээн авах сургууль, гэр бүлийн сонголт нь удаан үргэлжилдгийг сурагч, эцэг эхчүүдэд гэрээ байгуулахаас өмнө урьдчилан хэлдэг бөгөөд зарим тохиолдолд тухайн сурагч АНУ-д очиход коорпинатор буюу спонсор байгууллагын ажилтан хүлээн авч байгаад байршуулах тохиолдол гардаг. Үүнийг талуудын хооронд байгуулсан гэрээний 10.5-д тусгасан, нэхэмжлэгч танилцаж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулагдсан. Шүүхийн шийдвэр, магадлалд “...нэхэмжлэгч нь гэрээг цуцалсантай холбогдуулан гэрээ байгуулахад хариуцагчид төлсөн төлбөрөөс гэрээ цуцлах хүртэл хугацаанд гарсан зардлыг хасаж, үлдэх төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна” гэж дүгнэсэн. Улмаар 2017.10.12-ны өдрийн Ма ХХК, Б.Т- нарын хооронд байгуулагдсан АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах 01/05 гэрээний дагуу сурагчийг хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажиллагааны зардалд АНУ-ын элчин сайдын яамны үйлчилгээний хураамж 160 ам.доллар, визний хураамж 180 ам.доллар, гадаад шилжүүлгийн шимтгэл, шуудангийн зардалд 25.000 төгрөг, 20 ам.доллар, шалгалтын хураамж 45 ам.доллар тус тус төлсөн нь тогтоогдсон. Шүүх “...Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.4-т зааснаар 200 ам.доллар суутгаж гэрээ цуцлахаар заасан. Мөн Ма ХХК болон спонсор байгууллагын хооронд байгуулагдсан гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-д энэхүү гэрээний 17 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд дээрх төлбөрөөс 1000 ам доллар буцаан олгогдохгүй төлбөр” гэж заасан. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдах сурагчдыг хүргэж өгөх хүний онгоцны тийзийн зардалын 50 хувь болох 1.644.600 төгрөгийг нэхэмжлэгч хариуцан төлөх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн. МА ХХК болон спонсор байгууллагын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөрөөс 1000 доллар буцаан олгогдохгүй төлбөр байхаар заасан гэдгийг шүүх шийдвэр, магадлалдаа тусгасан. Харин сурагч эхний айлаас татгалзсан тул сурагчийн байрлах 2 дох айлыг олоход 500 ам.доллар буцаан төлөгдөхгүй суутгагдах, мөн сурагч байрлах айлдаа хуваарилагдсаны дараа АFICE хөтөлбөрөөс нэрээ сайн дураараа татсан тохиолдолд АFICE сурагчийн төлбөрөөс нэмж 500 ам.долларыг суутгахаар гэрээнд тусгагдсаныг шүүх үнэлэхгүй орхигдуулсан байна. Сурагчийн амьдрах эхний айл болон сургуулийн мэдээлэл 2018.01.18-ны өдөр баталгаажиж ирсэн. Гэтэл тус айлаас татгалзсан тул энэ талаар АНУ-ын хамтран ажилладаг спонсор байгууллагадаа мэдэгдсэн. Ингээд дараагийн айл олдсон гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэтэл тухайн айлыг мөн голж ойлгомжгүй хандлага гарган, гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцааж авах тухай 2018.01.31-ний өдөр манай байгууллагад бичиг өгсөн. Манай байгууллага болон спонсор байгууллагын хооронд байгуулагдсан гэрээний 17 дугаар зүйлийн 17.1.с-д “...Аfiсе сурагчийн төлбөрөөс 500 ам.долларыг үлдээж байрлах айлыг олох сурталчилгаанд зарцуулна” гэж заасны дагуу сурагчийг байрлуулах дараагийн айлыг олоход 500 ам.доллар зарцуулагдсан. Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зочин айлаас татгалзах талаар тусгасан бөгөөд 17.1-д хэсэгт зааснаар сурагч байрлах айлдаа хуваарилагдсаны дараа АFICE хөтөлбөрөөс нэрээ сайн дураараа татсан тохиолдолд АFICE сурагчийн төлбөрөөс нэмж 500 ам.долларыг суутгахаар заасан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1000 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцвол 2.517.170 төгрөгийг хасах үндэслэлтэй байсан. Иймд шүүхийн шийдвэр, магадлалд Б.Т-д олгохоор заасан 13.554.731 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 2.517.170 төгрөгийг хасуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Т-, МА ХХК-д холбогдуулан сургалтын төлбөрт төлсөн 17.700.039  төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Б.Т-, МА ХХК-ийн /хуучнаар Ма ХХК/ хооронд 2017 оны 10 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 01/05 тоот “High shool exchange USA хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах” нэртэй гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн охин Б.Б-г АНУ-ын соёлтой танилцаж, 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-ын ахлах сургуульд сурч, америк гэр бүлд амьдрах боломжийг олгох, сурагчийн гаргасан аливаа хүсэлтийг Face the WORLD спонсор байгууллагад мэдээлж хариуг цаг тухайд нь мэдэгдэх үүргийг, нэхэмжлэгч Б.Т- төлбөрт 7.200 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Гэрээнд, гэрээний зорилгыг “зуучлагч, зуучлуулагчийн хооронд үүссэн харилцааг зохицуулах” гэсэн агуулгаар тодорхойлсон боловч гэрээ нь “зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс шагнал төлөх үүргийг тус тус хүлээх” Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний шинжийг агуулаагүй байна. Учир нь зуучлалын гэрээгээр зуучлуулагчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгснөөр зуучлагчийн үүрэг дуусгавар болдог бөгөөд талуудын хэлэлцэн тохиролцсоноос үзвэл хариуцагчийн хүлээх үүрэг хариуцлага нь зуучлалын гэрээний үүргээр хязгаарлагдаагүй тул зохигчийн хооронд даалгаварын гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 399 дугаар зүйлийн 399.1-д заасантай нийцсэн байна.

Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Гэрээгээр, хариуцагч МА ХХК нь Б.Б-г сурагч солилцооны хөтөлбөр зохион байгуулагч спонсор байгууллагатай холбож өгөх, нэхэмжлэгчийн зардлаар АНУ-руу явах бэлтгэлийг хангах үйл ажиллагаанаас эхлээд тухайн хөтөлбөрт хамрагдан, улмаар буцаж ирэх хугацаанд ямар эрх, үүргийг хүлээхийг харилцан тохиролцсон нь тогтоогджээ. Түүнчлэн гэрээний хүрээнд нэхэмжлэгч Б.Т- 7.200 ам.долларын төлбөр төлөх, уг төлбөрт спонсор байгууллагын зардал /АНУ-д гэр бүлд байршуулах, сургуультай холбоотой бүртгэл, мэдээлэл зэрэг/, элчин сайдын яамны үйлчилгээний хураамж буюу визний, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал, урилга, англи хэлний бэлтгэл, англи хэлний түвшин тогтоох шалгалт, элчингийн ярилцлагад бэлтгэх, бичиг баримтын орчуулга, буухиа шуудангийн зардал, банкны шимтгэл, хариуцагчид төлөх хөлс зэрэг багтахыг гэрээнд заасан байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан даалгаврын гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах, гэрээг цуцлах эрхтэй.

Хэдийгээр нэхэмжлэгчийн зардлаар тодорхой ажлуудыг хариуцагч гүйцэтгэсэн боловч Б.Б-г АНУ-ын ахлах сургуульд сурах, америк гэр бүлд амьдрах боломжийг бүрдүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Цаг хугацааны хувьд хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг цуцлахаар хариуцагчид мэдэгдсэн ба гэрээг цуцлагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч 7.200 ам.доллар буюу 17.700.039  төгрөг нэхэмжилснээс хариуцагчийн зарцуулсан зардал буюу хэргийн баримтаар нотлогдсон хэмжээгээр нийт 4.145.308  төгрөгийг хасч, үлдэх 13.554.731 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцжээ. Хариуцагч нэхэмжлэгчийн зардлаар өөр тодорхой үйлдэл хийсэн нь нотлогдоогүй, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд заасан гэрээг цуцлахад суутгагдах зардлуудыг шүүх нэхэмжлэлээс хасаж тооцсон байна. хариуцагч МА болон АНУ-ын спонсор байгууллагын хооронд байгуулагдсан гэрээний заалтыг үндэслэн нийт 1000 ам.доллар буюу 2.517.170 төгрөгийг төлбөрөөс хасах үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00838 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1191 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч МА ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 55.224 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ