Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 181/шш2019/00838

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МА” ХХК-дхолбогдох, 

Сурагч солилцооны хөтөлбөрийн гэрээг цуцалж, 17,700,039 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо, өмгөөлөгч М.Амгалан, гэрч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид төрсөн охин Б хөтөлбөрөөр АНУ-д суралцуулахын тулд “М” компанитай 2017 оны 10 сарын 12-ны өдөр 01\05 дугаартай “High school exchange USA” хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээнд гарын үсэг зурсан болно.

Тухайн байгууллага явах хүүхдийн овог, нэр, гэрээ хийх хүний нэр, хаягийг солиод тавьчих боломжтой бэлэн загвар гэрээ өгч, бид түүнд нь гарын үсэг зурсан. Мөн хүүхдийн хичээл 2018 оны 01 сарын 15-ны өдөр гэхэд эхэлнэ, гэснээс үүдэн бид охиноо сургуулиас нь гаргаж бэлтгэлээ базааж эхэлсэн.

Энэ гэрээг хийхэд хүрсэн гол шалтгаан нь АНУ-ын “Face the world” нэртэй спонсор байгууллагын шугамаар өмнө нь манай улсаас хүүхдүүд явж суралцаж байсан тухай бид мэдэж байсан учраас тухайн байгууллагыг найдвартай гэж үзсэн юм.

Гэрээ ёсоор хүүхэд Америк айлд амьдарч, сургуульд сурах ёстой байсан тул бид Монарч компаний ажилтнуудаас охин 16 нас хүрч байгаа хүүхэд учир амьдрах айл нь том болсон эрэгтэй хүүхэдгүй айл байх ёстой шүү, гэдгийг онцлон анхааруулж байсан. Гэтэл тус компанийханы сонгосон айл нь хоёр том эрэгтэй хүүхэдтэй айл байсан тул бид тухайн айлаас татгалзсан. Тэд ч хүлээн зөвшөөрч дараагийн айлаа хайна гэдгээ хэлсэн.

Ингэж байтал Америкт хүүхдийн хичээл эхлэх байсан 2018 оны 01 сарын 15-ны өдөр өнгөрсөн. Гэтэл 2018 оны 01 сарын 29-нд “Монарч” компаниас бидэнд захиа ирсэн бөгөөд хүүхдийг байлгах айл болон сургуулийн мэдээлэл баталгаажиж ирсэн тул хүүхдээ явуул, 02 сарын 05-нд хичээл нь эхэлнэ гэсэн байсны дээр Биндэръяаг байлгах гэр бүлийн хүмүүсийн зургийг явуулсан байсан.

Мөн захидлаас харахад Зуучлалын гэрээнд заагдсан спонсор байгууллага болох “Face the world” нь “Academic foundation international cultural exchange” гэсэн өөр байгууллага болж солигдсон.

Спонсор байгууллага өөрчлөгдсөн тухай зуучлагч компани бидэнд өмнө нь мэдэгдээгүй.

Бид хүүхдээ Америк руу хүргэж өгөөд байлгах айлын хүмүүстэй нь уулзана, гэсэн чинь “Монарч” ХХК-ийнхан тэр боломжгүй, та нар хүүхдээ хүргэж өгнө гэвэл онгоцны буудлаас цааш явахгүй, мөн байлгах айлын хүмүүстэй уулзах байтугай утсаар ч ярихыг хориглоно гэсэн.

Дурдсан нөхцөл байдлын улмаас бид хүүхдээ тухайн компаний шугамаар АНУ-руу явуулахаас татгалзаж гэрээгээ цуцлах тухайгаа “Монарч” ХХК-д  2018 оны 01 сарын 30-нд мэдэгдсэн бөгөөд тус компанид төлсөн мөнгөө буцаан авах шаардлага тавьсан юм. Гэвч тус компани маргааш өдөр нь 03/07 дугаартай албан бичгээр бидэнд хариу ирүүлэхдээ төлбөрийг буцаахаас татгалзсан учир бид тус компанийг дурьсан гэрээний дагуу ямар зардал гаргаснаа нотолсон бичиг баримтыг ирүүлэхийг хүссэн.

Энэ дагуу өмгөөлөгч Д.Намсрайжавын и мэйл хаягаар 2018 оны 03 сарын 19-нд Үйл ажиллагааны зардал болон эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал 5,500 ам.доллар, Англи хэлний түвшин тогтоох шалгалт ELTiS 45 usd, буухиа шуудангийн зардал 114,210 төгрөг болсон гэсэн захиа ирүүлсэн боловч баримтууд нь бид өнөөдрийг хүртэл олж хараагүй байна. Гэвч бид зарим нэг зардал гарсан байж болохыг бодолцож түүний нөхөн төлбөр болон төвөг удсаны төлбөрт нийт 2,000 ам.долларыг үлдээн суутгуулж, 5,000 ам.доллараа буцаан авах хүсэлтэйгээ тус компанид илэрхийлсэн боловч компани 3,000 доллар л буцаах боломжтой гэлээ.

Бид үүнийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд одоо бол бид тус компанид төлсөн 6900 ам.долларыг бүрэн төлүүлэх хүсэлтэй байна. Учир нь, Монарч компани охин Биндэръяаг Америк явуулах гэрээгээр тохирсон үүргээ өмнө дурдсанаар зохих ёсоор биелүүлээгүй, гарсан зардал нь бодитой биш, үнэмшилгүй, баримтгүйн дээр хүүхэд ч сэтгэл санааны хохирол амслаа.

Монарч компани хүүхдийг маань Америкийн элчингээс цааш явуулахгүй байж бусдын 4,000 байтугай 400 долларыг ч зүгээр авах эрхгүй, гэж үзэж байна.

Иймд Монарч компанид дээр дурдсан гэрээний дагуу төлсөн 6,900 ам.доллар буюу шилжүүлсэн өдрийн ханшаар 16.921.030 төгрөгийг тус компаниас буцаан гаргуулж өгнө үү.

Бид шүүхэд хандаж, өөрсдийн охин, дунд сургуулийн сурагч Батсайханы Биндэръяаг сурагч солилцооны High school exchange USA” хөтөлбөрөөр АНУ-д суралцуулахаар 2017 оны 10 сарын 12-ны өдөр Монарч ХХК-тай байгуулсан 01\05 дугаартай зуучлалын гэрээгээ цуцалж, хүүхдээ АНУ руу явуулаагүй тул компанид төлсөн 6,700 ам.доллар болон 500,000 төгрөг нийлээд буюу монгол төгрөгөөр 16,921,030 төгрөгийг тэднээс буцаан гаргуулахаар 2018 оны 11 сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм. Ингэхдээ бид ам.долларын ханшийг уул мөнгийг Монарч компани руу шилжүүлсэн өдрийн ханшаар бодож нэхэмжилсэн.

Гэвч бидний хувьд, зуучлалын хөлсийг ам.доллараар төлсөн, мөн гэрээ хэрэгжихгүй болсноос үүдэн бидний зүгээс төлсөн мөнгөө буцааж авах хүсэлтийг тус компани шийдвэрлэж өгөхгүй бүтэн нэг жил чирэгдүүлж, улмаар шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хургэсэн болон ИХШХШТХ-ийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг үндэслэн бид нэхэмжилж  байгаа ам.долларын ханшийг одоо мөнгө шилжүүлсэн өдрөөр бус нэхэмжлэл гаргасан  2018 оны 11 сарын 12 ны өдрийн Монгол банкны албан ёсны ханш болох 1 ам.доллар 2,517,.17 төгрөгөөр тооцож байна.

Ийнхүү тооцоход нэхэмжилж буй 6,700 ам.доллар нь 17,200,039 төгрөг болж байна. Үүн дээр мөн зардалд тушаасан 500,000 төгрөгийг нэмэхэд, нэхэмжлэлийн нийт дүн 17,700,039 төгрөг болж байх тул энэ дүн болон өмнө нэхэмжилсэн 16,921,030 төгрөгийн зөрүү 779,009 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улмаар 17,700,039 төгрөгийг Монарк компаниас гаргуулж өгнө үү гэв. Үүнээс гэрээг цуцлах хүртэл үе шатанд гарсан зардал болох 180 ам.доллар, 160 ам. доллар, 45 ам. доллар, 20 ам. доллар, 25.000 төгрөг, зуучлалын хөлс 200 ам. долларыг суутгаад үлдэх төлбөрөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Хариуцагч компани Б.Т-тай байгуулсан “High school exchange USA” хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах гэрээ”-нд АНУ дахь Спонсор байгууллагыг“Face the world”  гэж бичсэн байсан ч тус байгууллага нь тодорхой бус нөхцлийн улмаас хагас жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй болсныг бидэнд мэдэгдсэн тул бид энэ талаар Т болон түүний гэр бүлд утсаар мэдэгдсэн.

Тэд АНУ дахь байгууллага нь солигдож байгааг хүлээн зөвшөөрч, шинэ спонсор байгууллагын эцэг, эх болон сурагчтай байгуулдаг гэрээнд гарын үсэг зурсанаар бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан. Улмаар компани гэрээний үүргээ зохих ёсоор нь биелүүлж байсан бөгөөд 2018 оны 01-р сарын 18-нд “High school exchange USA” хөтөлбөрт оролцогч Б-г хүлээн авах айл буюу Host family нь Washigton bernay Centraliad амьдардаг айл байгаа талаар мэдэгдэхэд Б.Туяагийн гэр бүл татгалзсан хариу өгсөн тул бид сурагчийн гэр бүлийн зугээс тухайн Америк айлаас татгалзсан талаарх мэдээллийг АНУ-ын хамтран ажилладаг байгууллагад мэдэгдсэн.

Ингээд үүнээс 2 өдрийн дараа Б-г хүлээн авах айлын асуудал шийдэгдэж, түүнийг өөр зочин айл хүлээн авахаар болсон. Тэр айл нь нь хувиараа бизнес эрхэлдэг, нярав хийдэг айл байсан ба Б-ийн суралцах байсан ахлах сургуулийн хаврын улирлын хичээл нь 2018 оны 02-р сарын 05-нд эхэлж 06-р сарын 15-нд дуусах байсан.

Бидэнд зочин айлын талаар утсаар мэдэгдсэн ба дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн бататгаажиж ирэх хүртэл буюу уг гэр бүл нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаарх цагдаагийн лавлагаа зэрэг холбогдох шалгуурыг давж баталгаажиж ирэх хүртэл бид хөтөлбөрт оролцогчид мэдээлэхгүй байхыг хүсдэг тул Б.Т-д айл нь тодорхой болсон байна, та түр хүлээнэ үү хэмээн утсаар мэдэгдсэн байсан. Улмаар 2018 оны 01-р сарын 26-ны өдөр айлын мэдээлэл эцсийн байдлаар баталгаажсан тул Б.Т-д энэ талаар утсаар мэдэгдэж, 29-ний өдөр албан тоот хүргүүлсэн. Гэтэл Б.Т-ийн гэр бүл “Айлын аав нь их эвгүй, нүдэнд хүйтэн хүн байна” гэдэг шалтгаанаар тухайн айлаас татгалзсан.

Манай байгууллгаас хүүхдийг хөтөлбөрт хамрагдахад шаардагдах бэлтгэл ажлыг бүрэн гүйцэтгэж

Манай байгууллагаас Б-г АНУ-руу хүргэж өгөх төлөвлөгөөтэй байсан бөгөөд хүргэж өгөхөөр онгоцны тийзээ хүртэл худалдан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн.

 Иймд гэрээний төлбөрөө 100% буцаан авах тухай Б.Т-ийн нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн болон гэрээнд заасан үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “МА” ХХК-д холбогдуулан Сурагч солилцооны хөтөлбөрийн гэрээг цуцалж, 17,700,039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Т 2017 оны 10 сарын 12-ны өдөр “М” ХХК-тай “High school exchange USA” хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах 01/05 гэрээ байгуулж, хөтөлбөрийн оролцогч болж, хөтөлбөрийн АНУ-ын талын байгууллага болох Face the WORLD байгууллагатай “Монарч” ХХК-ний байгуулсан J-1  Сурагчдын гэрээний дагуу  охин Б.Б-г америк гэр бүлд амьдран, 2017/2018 оны хичээлийн жилд АНУ-ын ахлах сургуульд суралцуулахаар тохиролцож, хөтөлбөрийн төлбөрт  2017 оны 10 сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 11 сарын 14-ний өдөр 6700 ам. доллар төлсөн байна.

Хариуцагч “М” ХХК нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх уг гэрээг зуучлалын гэрээ гэж нэрлэн, зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний агуулга, зорилгоос үзэхэд “М” ХХК нь хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчийн эцэг, эхтэй байгуулсан гэрээний дагуу түүний зардлаар тодорхой үйлдэл хийх буюу сурагчийг уг хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, биечлэн хүргэж өгч хөтөлбөрт заасан нөхцөл, болзлын дагуу сургалтанд хамруулах үүргийг хүлээсэн, хөтөлбөрийн АНУ-ын талын байгууллага болох Face the WORLD байгууллагатай суралцагч хүүхдийн эцэг эхийг холбож өгөх үүргийг хүлээгээгүй байх тул уг гэрээ нь Даалгаврын гэрээний шинжийг агуулж байна.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 399.1.-д “ Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэгч даалгаврыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Иймд талуудын хооронд Даалгаврын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.4.-т “Ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй. Энэ эрхийг хязгаарласан гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан тул даалгавар гүйцэтгүүлэгч нэхэмжлэгч Б.Т нь 2018 оны 01 сарын 31-ний өдөр даалгавраа цуцлах, даалгавраас татгалзах хүсэлтээ “М” ХХК-д гаргасан байгаа нь дээрх хуулийн заалт, талуудын хооронд байгуулсан гэрээний Долоо дугаар зүйлд заасан заалтад нийцсэн, даалгавраа цуцалж байгааг гэрээг цуцална гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хуулийн 405 дугаар зүйлийн 405.1.-д “Даалгаврын гэрээ нь хууль буюу гэрээнд зааснаас гадна дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 405.1.1. даалгавар өгөгч даалгавраа цуцалсан” гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан үеэс буюу 2018 оны 01 сарын 31-ний өдрөөс цуцлагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ.”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалсантай холбогдуулан гэрээ байгуулахад хариуцагчид төлсөн төлбөрөөс гэрээ цуцлах хүртэл хугацаанд гарсан зардлыг хасаж, үлдэх төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Т, 2017 оны 10 сарын 12-ны өдөр “М” ХХК-тай “High school exchange USA” хөтөлбөрөөр АНУ-д суралцах сурагч, түүний эцэг, эхийн хооронд байгуулах 01/05 гэрээ байгуулж, хөтөлбөрт оролцох болсноор сурагчийг хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажиллагааны зардалд: АНУ-ын элчин сайдын яамны үйлчилгээний хураамж 160 ам.доллар, визний хураамж 180 ам.доллар, гадаад шилжүүлгийн шимтгэл, шуудангийн зардал 25,000 төгрөг, 20 ам.доллар, шалгалтын хураамж 45 ам.доллар тус тус төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1.-д “Даалгаврыг бүрэн гүйцэтгээгүй байхад даалгавар өгөгч нь даалгавраа өөрчилсөн, эсхүл даалгавраа цуцалсан тохиолдолд даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардал, учирсан хохирлыг даалгавар гүйцэтгэгчид төлөх бөгөөд хөлс төлөхөөр тохиролцсон бол  гүйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр түүнийг төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь даалгаврыг гүйцэтгэхэд гарсан зардал болон гэрээг цуцалсантай холбоотой дараах зардлуудыг хариуцан төлөх үүрэгтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.4.-т Сурагч нь бичиг баримт бүрдүүлэх явцад гэрээг цуцлах тохиолдолд хөтөлбөрийн нийт төлбөрөөс 200 ам. долларыг суутгаж, гэрээг цуцална гэж заасан.

Хөтөлбөрийн АНУ-ын талын байгууллага болох Face the WORLD байгууллагатай “М” ХХК-ний байгуулсан J-1  Сурагчдын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1.-д Энэхүү гэрээний хугацааны эхний бүтэн хичээлийн жилд АГЕНТЛАГ нь АFICE-д 2017 оны 8-р сараас эхэлж буй хичээлийн жилийн төлбөрт нэг сурагчийн төлбөрт 7,200 ам.долларыг төлөхийг зөвшөөрч байна. Энэхүү гэрээний 17-р зүйлд зааснаас бусад тохиолдолд дээрх төлбөрөөс 1,000 ам.доллар буцаан олгогдохгүй төлбөр болно. гэж зааснаас үзэхэд сурагчийн хөтөлбөрийн төлбөрт урьдчилан төлж, АНУ-ын хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагад шилжүүлсэн төлбөрөөс 1,000 ам.долларыг суутган тооцох үндэслэл байна.

Мөн хөтөлбөрт хамрагдах сурагчдыг хүргэж өгөх хүний онгоцны тийзийн зардал 3,289,200 төгрөгний 50 хувь болох 1,644,600 төгрөгийг нэхэмжлэгч хариуцан төлөх үндэслэлтэй.

Иймд гэрээ цуцлах хүртэл хугацаанд сурагчийг хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажиллагаанд гарсан зардал нийт 405 ам.доллар, 25,000 төгрөг, даалгавраа цуцалсантай холбогдон даалгавар гүйцэтгэгчид учирсан хохирол болох гэрээ цуцалсан тохиолдолд буцаан олгогдохгүй зардал 1200 ам.доллар, онгоцны тийзний үнэ 1,644,600 төгрөг, бүгд 1605 ам.доллар, 25,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хөтөлбөрийн төлбөрт урьдчилан төлсөн 6700 ам.доллар, 500,000 төгрөгнөөс суутган тооцож, үлдэх 5095 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханш /1 ам.доллар=2567.17 төгрөг/ -аар тооцон 5095 ам.доллар Ч 2567.17 = 13,079,731 төгрөг +475,000 төгрөг=13,554,731 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 4,145,308 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

           

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1.Иргэний хуулийн  399 дүгээр зүйлийн 399.1., 399.4., 401 дүгээр зүйлийн 401.1., 402 дугаар зүйлийн 402.2.-т зааснаар “МА” ХХК-иас 13,554,731 төгрөг гаргуулж Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4,145,308 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 265,800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид “МА” ХХК-иас 225,724 төгрөг гаргуулж Б.Т-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.БААТАР