Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2018/02456/И |
Дугаар | 001/ХТ2020/00784 |
Огноо | 2020-11-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2020/00784
ПОЭЭ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1269 дугаар магадлалтай,
ПОЭЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
ЭХ ХХК болон Д.М-т холбогдох
Гэрээний төлбөрт 761.841.000 төгрөг, алданги 380.920.500 төгрөг, нийт 1.142.761.500 төгрөг гаргуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч ЭХ ХХК-ийн өмгөөлөгч М.М нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Д.А, хариуцагч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч ЭХ ХХК-ийн өмгөөлөгч М.М, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ЭХ ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр S2018/005 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулж, мөн оны 01 дүгээр сард 142.940 литр дизель түлшийг 1 литрийн үнэ 1.850 төгрөг, 3 дугаар сард 100.000 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1.940 төгрөг, 71.150 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1.920 төгрөг, 4 дүгээр сард 256.870 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1.900 төгрөгөөр тус тус тооцож худалдан авахаар тохиролцсон. Дээрх гэрээний хүрээнд ЭХ ХХК нь худалдан авсан түлшнээс 761.841.000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, талууд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн, үндсэн төлбөрийн үлдэгдлийн талаар талууд маргаагүй. Харин худалдах-худалдан авах гэрээний 3.3-т заасны дагуу ПОЭЭ ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 256 хоногийн хугацаа хэтэрсний алдангид 390.062.592 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Д.М-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамж 380 тоот хаягт байршилтай, 455 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч Д.М- уг гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргасан байдаг. Иймд хариуцагч ЭХ ХХК болон Д.М- нараас гэрээний үндсэн төлбөр 761.841.000 төгрөг, алдангид 380.920.500 төгрөг нийт 1.142.761.500 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ЭХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани нь Төв аймгийн Заамар сумын нутагт алтны шороон ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг. Уурхайн ашиглалтын талбайд хөрсний нуралт явагдаж үндсэн төлөвлөлтийн хүрээнээс 80 м өргөсөж уулын ажилд хүндрэл учруулсан бөгөөд уурхай гүнзгийрч, бид олборлолтын ажил явуулахад саад болох нуралтын хэсгийг зайлуулахын тулд нийт 600.000 м.куб хэмжээний төлөвлөөгүй уулын ажил хийсэн болно. Бид техник эдийн засгийн үнэлгээнд тусгагдсан уулын ажлын ерөнхий төлөвлөгөөний дагуу хянаж явуулсан бөгөөд технологийн ямар нэгэн горим зөрчөөгүй, гэнэтийн хяналтын хэмжилт хийж уурхайн дэвсгэр зураг зүсэлтийн зургуудыг хадгалсан. Ингэж ойр ойрхон хөрсний нуралт үүссэн нь эдийн засаг, технологийн хувьд үргэлжлүүлж ашиглах боломжгүй болж уурхайн үйл ажиллагааг зогсоосон. Энэ нөхцөл байдлын улмаас компани хохирол амсаж алдагдалтай ажиллаж их хэмжээний түлшний өрөнд орсон болно. Гэрээний 7.1-д заасны дагуу бид нэхэмжилсэн 761.841.000 төгрөгийг уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэх хүртэл хугацаагаар хойшлуулах саналтай байна. Бид нэхэмжлэгчид дээрх уурхайд үүссэн нөхцөл байдлын талаар тухай бүр мэдэгдсэн ба ямар ч төлбөр төлөх боломжгүй болж их хэмжээний алдагдалд орж уурхайн үйл ажиллагаа бүрэн зогссон. Бид төлбөрөө бэлэн бусаар барагдуулахаар Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 9-380 тоотод байрлах 450 м.кв талбайтай, 2 давхар барилга, 700 м.кв газрын хамт санал болгосон ба үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 195.950.000 төгрөгөөр үнэлсэн болно. ПОЭЭ ХХК-иас өөр санал болгох үнийн дүнд тохирсон хөрөнгө байвал сайн байна гэсний дагуу бид өөрсдийн эзэмшлийн Архангай аймаг Тариат сумын улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр Тэрхийн цагаан нуурын хажууд байрлалтай 2 га газарт 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 2018 онд өргөтгөл шинэчлэл хийсэн ЭХ жуулчны баазыг бүхэлд нь санал болгосон. Компанийн нөхцөл байдал хэцүү байгаа үед бид төлбөр төлөх хугацааг ирэх оны хавраас уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл өөрсдийн бололцоогоор төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...ЭХ ХХК болон ПОЭЭ ХХК-иудын хооронд газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээний барьцаа болгож Д.М-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамж 380 тоот хаягт байршилтай 455 м.кв талбайтай хувийн сууц мөн хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон баталгааны гэрээг тус тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базартай байгуулсан. Нэхэмжлэгч нь Д.М-тай барьцааны болон баталгааны гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж хамтран хариуцагчаар татсан байна. Д.М-ын хувьд Чингэлтэй дүүргийн нотариатч С.Анударьд холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн баталгааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд Д.М-ын нэхэмжлэлтэй нотариатч С.Анударьд холбогдох хэргийг шийдвэрлэх хүртэл энэ хэргийг шийдвэрлэх боломж байхгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар 232.6-д зааснаар хариуцагч ЭХ ХХК-иас 1 122 953 634 /нэг тэрбум нэг зуун хорин хоёр сая есөн зуун тавин гурван мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 807 866 /арван есөн сая найман зуун долоон мянга найман зуун жаран зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хариуцагч Д.М-т холбогдох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ПОЭЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 099 915 төгрөгөөс 5 871 175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭХ ХХК-иас 5 722 718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ПОЭЭ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1269 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭХ ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 963 513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Д.М- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч ЭХ ХХК-ийн өмгөөлөгч М.М нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...ПОЭЭ ХХК болон ЭХ ХХК-иуд нь 2018.01.18-ны өдрийн №32018/005 Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ, Өвлийн дизель түлшний 2018 оны 1-р сарын зээлийн гэрээ 2 удаа, Өвлийн дизель түлшний 2018 оны 3-р сарын зээлийн гэрээ 2 удаа, Өвлийн дизель түлшний 2018 оны 4-р сарын зээлийн гэрээ гэх нийт 2 төрлийн 6 гэрээг байгуулсан байдаг. Нэхэмжлэгч нь Өвлийн дизель түлшний зээлийн гэрээгээр түлшээ хариуцагчид нийлүүлсэн ба Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээнд нийлүүлэх худалдах дизель түлшний тоо, хэмжээ, үнийг заагаагүй байдаг. Мөн өвлийн дизель түлшний зээлийн гэрээнд алдангийн заалтыг тусгаагүй. Хариуцагчид түлш нийлүүлээгүй гэрээг үндэслэж түлшний төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь дээрх 2 төрлийн 6 гэрээний чухам алиныг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаагаа тайлбарлаж чаддаггүй бөгөөд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байгаа энэ байдлыг анхаарч хянаагүй алдаа гаргасан гэж үзэж байна. ПОЭЭ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Яник Алиен Люс гэх гадаадын иргэн 2016.09.13-ны өдрөөс томилогдож тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж байгаа. Гэтэл газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж ПОЭЭ ХХК-ийн бизнес хөгжлийн захирал П.Одмаа, худалдааны ахлах менежер Б.Орхонмөнх, өвлийн дизель түлшний 2018 оны 1 сарын зээлийн эхний гэрээнд бизнес хөгжлийн захирал П.Одмаа, өвлийн дизель түлшний зээлийн бусад гэрээнүүдэд үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ч.Мөнхжаргал гэх хүмүүс гарын үсэг зурсан байдаг. ПОЭЭ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй дээрх этгээдүүдийн гарын үсэг зурж байгуулсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 56.1.8 дахь заалтад зааснаар “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” учраас хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцлүүд юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа гэрээнүүд нь бүгд хүчин төгөлдөр бус хэлцлүүд болно. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхэд, шүүх хуралдаан дээр энэ талаар удаа дараа тайлбарлаж мэтгэлцдэг боловч шүүх энэхүү үйл баримтад ач холбогдол өгч дүгнэлт хийхгүй байгаа нь буруу гэж үзэж байгаа ба шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019.02.11-ний өдөр Д.М-ыг хамтран хариуцагчаар татаж оролцуулах хүсэлт гаргаж, мөн өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээний алданги 380.920.500 төгрөгийг ЭХ ХХК-аас гаргуулж, Д.М-ын барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн. Үүний дараа 2019.3.13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний үндсэн төлбөр 761.841.000 төгрөг, алданги 380.920.500 төгрөг, нийт 1.142.761.500 төгрөгийг Д.М-аас гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчдад гардуулаагүй, хариу тайлбар авах боломжоор хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1 дэх заалтад заасан эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэлийн тодруулга нэртэйгээр бичсэнийг 2 шатны шүүх анзаарч хараагүй алдаа гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар Д.М-аас мөнгөн төлбөр нэхээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөр алдангийг 2 хариуцагчаас нэгэн зэрэг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд аль хариуцагчаас нь хэдэн төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн аль гэрээний дагуу хэдий хэмжээний түлш нийлүүлсэн, энэ нь нийт хэдэн төгрөг болсон, үүнээс хэдийг нь хариуцагч төлсөн, хэдэн төгрөг үлдсэн талаарх нарийн тодорхой тооцоо, баримт байхгүй байдаг. Хэргийн 1-р хавтасны 16 дахь талд байгаа тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт дээр хариуцагчид нийлүүлсэн дизель түлшний төлбөр гэх ямар ч тэмдэглэл бичиглэл байхгүй байдаг. Хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй баримтыг шүүх шууд ач холбогдолтой гэж үнэлж алдаа гаргасан. Нэхэмжлэгч нь 2019.02.11-ний өдөр хамтран хариуцагчаар Д.М-ыг татан оролцуулах хүсэлт гаргаж, дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Үүнд хугацаа хэтэрсний алданги 380.920.500 төгрөгийг хариуцагчдаас гаргуулах, уг хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг 2.062.552 төгрөгөөр төлсөн. Д.М-ын барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, уг хэмжээгээр 70.200 төгрөг төлсөн. Нийлбэр /2.062.552+70.200=2.132.760/ дүнгээр 2019 оны 02 сарын 12-ны өдөр УТХ төлсөн баримтыг үндэслэн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч улмаар хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Д.М-ын зүгээс уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг 2019.03.22-ны өдөр гаргаж УТХураамжид үл хөдлөх хөрөнгийн үнэ буюу барьцааны гэрээний үнийн дүнгээс бодож 1.107.950 төгрөг төлсөн байхад барьцаагаар хангагдах үүрэг буюу газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний үнийн болох 761.841.000 төгрөгөөс УТХ бодож 3.967.155 төгрөг төлөх байтал төлөөгүй байна гэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тэгсэн атлаа нэхэмжлэгчийн барьцааны гэрээг унлэслэл болгож барьцаа хөрөнгөөр үүргийн гуйцэтгэлийг хангуулах шаардлагад 70.200 төгрөг төлсөн хэмжээгээр нэхэмжлэлийг шаардлагыг хулээн авч, шийдвэрлэсэн. Энэ байдал нь хэргийн оролцогчдод хэт ялгамжтай хандсан явдал бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа мөн билээ. Энэ талаар давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлт хийлгүй, анхан шатны шүүхийн процессын ноцтой алдааг хэвээр үлдээсэн. Хэргийн оролцогчид шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүх талуудад тэгш боломжийг өгөх нь шүүх эрх мэдлийн, иргэний процессын үндсэн зарчим юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ", мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр" нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын зүгээс 2019 оны 03 сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа нэрийдлээр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж гараар бичиж өгсөн байдаг. Энэ бичигт хамтран хариуцагч Д.М-аас үндсэн шаардлага 761.841.000 төгрөг, алданги 380.920.500 нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Гэтэл ингэж шаардлагыг ихэсгэж байхад нэхэмжлэгчээс УТХ төлөөгүй, түүнийг нь шүүхээс хүлээн авсан нь ноцтой зөрчил болсон. Анхан шатны шүүхээс Худалдаа Аж үйлдвэрийн танхимын 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 275 тоот “Давагдашгүй хүчин зүйл /Рогсе majeure/-ийн гэрчилгээ”-нд “Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах Бага наймганы уурхайд хөрсний гулгалт үүсч, уурхайн хана хэд хэдэн удаа нурсан нь тус компанид гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах, даван туулах боломжгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон” болохыг нотолсны дагуу, мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хариуцагч ЭХ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгэж чадаагүй болохыг дүгнэсэн атлаа 361.112.634 төгрөгийн алданги гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, хариуцагч давагдашгүй хүчин зүйлийн тохиолдол үүссэн даруйд удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан бөгөөд нэхэмжлэгчээс төлбөр төлөхийг шаардах бүрийд үүсээд буй нөхцөл байдлын талаар үнэн зөвөөр мэдэгдэж, учир шалтгаанаа тайлбарласаар ирсэн. Гэтэл нэхэмжлэгч нь ЭХ ХХК-ийг үүссэн нөхцөл байдлын талаар тус компанид огт мэдэгдэлгүйгээр үүргээ зөрчсөн мэт тайлбарлаж, алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан явдал юм. Мөн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, түүнтэй холбогдох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу алдангийг шүүх багасгаж ч болох байсан. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацаа хойшлогдсон нь ЭХ ХХК-ийн буруугаас болоогүй, хойшлогдоод тийм ч их хугацаа өнгөрөөгүй байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч тал шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг явуулах хүсэлт гаргаж хэргийг түдгэлзүүлчихээд өөрсдөө эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд очоогүй, эвлэрэх ажиллагааг дуусгасан байдаг. Энэ нь төлбөр авах хугацааг өөрсдөө хойшлуулж, алдангийг үндсэн дүнгийн 50 хувьд тулгахыг зорьсон зориуд санаатай үйл ажиллагаа байсан. Алдангийг үүрэг гүйцэтгэгч өөрийн буруугаас үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлдөг. Гэтэл манай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас буюу шүүхийн процессын явцад эвлэрүүлэн зуучлалыг ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргаж, өөрсдөө эвлэрүүлэн зуучлалд очилгүй, алдангийг дээд хэмжээнд тулгасан. Энэ талаар анхан болон давж заалдах шүүхүүд огтхон ч дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны дагуу шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, 2019.01.03-ны өдрөөс 2019.02.11-ний өдөр хүртэл зориуд 39 хоногийн хугацаа авч, энэ хугацааны алдангид 59.423.598 төгрөгийг нэхэмжлэгч зориуд нэмэгдүүлсэн байдлыг шүүх огт анхаарч дүгнэлт өгөөгүй нь үндэслэлгүй байна. Мөн алдангитай холбоотойгоор шүүх дүгнэхдээ ЭХ ХХК-ийг давагдашгүй хүчин зүйл тохиолдсон уурхай буюу ашигт малтмалын үйл ажиллагаанаас өөр бизнесийн орлого олдог бөгөөд түүнээсээ нэхэмжлэгчийн төлбөрийг төлөх боломжтой байсан гэх агуулгаар шийдвэрлэж байгаа нь нэг талаасаа шүүх хөндлөнгийн байдлаа хэт алдаж бусдын бизнесийн үйл ажиллагаанд дүгнэлт өгсөн явдал юм. Хариуцагч ЭХ ХХК нь ПОЭЭ ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүнийг зөвхөн уурхайдаа ашиглах гэж авсан бөгөөд тэрхүү уурхайд нь давагдашгүй хүчин зүйл тохиолдсон. Өөр бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд өөр бизнес эрхэлж орлого олдог талаар нэг ч баримт байхгүй байхад шүүх өөр бусад бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлогоороо үндсэн төлбөрийг төлөх боломжтой байсан мэт дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай байна. Хэрэв нөхцөл байдал өөр байсан бол хариуцагчийн зүгээс өөр бизнес давхар эрхэлдэггүй, орлого олдоггүй талаарх баримт, компанийн санхүүгийн тайлан зэргийг гаргаж өгөх байсан. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө ү гэжээ.
ХЯНАВАЛ:
ПОЭЭ ХХК нь ЭХ ХХК болон Д.М-т холбогдуулан төлбөр 761.841.000 төгрөг, алданги 380.920.500 төгрөг, нийт 1.142.761.500 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх ЭХ ХХК-с төлбөр, алдангид нийт 1.122.953.634 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Д.М-т холбогдох болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
1. Зохигчийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах S2018/005 тоот гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд уг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан болохыг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Талууд мөн өдрөө 2018 оны 1, 2, 3, 4-р сард нийлүүлэх дизель түлшний хэмжээ, үнэ, нийлүүлэх газар, төлбөр төлөх хугацааг тусгайлан зааж хавсралт үйлдсэн ба эдгээр хавсралт нь S2018/005 тоот гэрээний салшгүй хэсэг байхыг гэрээний 1.3-т заасан байна. Түүнчлэн талууд худалдан авалт хийх бүрт нэмэлт гэрээ байгуулах уг гэрээ нь үндсэн гэрээний нэг хэсэг болохыг гэрээнд тусгажээ.
Дээрх гэрээ, түүний хавсралтад заасан талуудын тохиролцоог үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн байх тул “2 төрлийн 6 гэрээний шаардлагын алиныг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь тодорхой бус, хоёр шатны шүүх энэ байдлыг анхаараагүй” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
2. Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. ПОЭЭ ХХК-г төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулж гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-ийг төлөөлж гэрээнд оролцсон этгээдүүдийг компанийг төлөөлөх эрхгүй гэж тус компанийн зүгээс маргаагүй, хариуцагч тал тэднийг төлөөлөх эрхтэй гэж ойлгон гэрээ байгуулж, гэрээний дагуу дизель түлшийг хүлээн авсан атлаа “...нэхэмжлэгч компанийн захирал гэрээ байгуулаагүйгээс гэрээ хүчин төгөлдөр бус” гэж маргах учиргүй байна.
3. Хариуцагч гомдолдоо, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй гэжээ.
Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр алданги 380.920.500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар Д.М-ыг татаж, /хх-84-85-р тал/ улсын тэмдэгтийн хураамжид 2.132.760 төгрөг төлсөн байна.
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас хариуцагч Д.М-ыг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариуцагчаар татснаа тайлбарласан нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ./хх-104-107-р тал/ Шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг 2019 оны 02 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд хариуцагч Д.М- болон хариуцагч ЭХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгаланд тус тус гардуулан өгсөн тухай баримт хэргийн 111-112-р талд авагдсан. Дараа нь дизель түлшний үнэ болон алдангийг хариуцагч ЭХ ХХК болон Д.М- нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг /хх-133-р тал/ хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, Б.Баясгалан нарт шүүх гардуулсан /хх-191-192-р тал/ нь тогтоогдсон тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн, хариуцагч талаас хариу тайлбар гаргах эрхийг хязгаарлаагүй байна.
4. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар болон хариуцагч Д.М- нарын хооронд баталгааны болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагджээ. Энэхүү гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох Д.М-ын нэхэмжлэл өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа гэх үндэслэлээр шүүх Д.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй, төлбөр, алданги гаргуулах нэхэмжлэлийг ЭХ ХХК-д холбогдуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Иймээс талуудын хооронд байгуулагдсан баталгааны болон барьцааны гэрээ, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ПОЭЭ ХХК нь хэзээ, ямар хэмжээгээр хариуцагч ЭХ ХХК-д дизель түлш нийлүүлсэн болон хариуцагчийн хүлээн авсан цаг хугацаа, тоо хэмжээг шийдвэртээ нэг бүрчлэн зааж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 761.841.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.
6. Хариуцагч ЭХ ХХК, уурхайд хөрсний гулгалт үүсч, уурхайн хана хэд хэдэн удаа нурж, байгалийн давагдашгүй хүчин зүйл болсноос төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлан төлбөр төлөх хугацааг хойшлуулах, алданги төлөхөөс чөлөөлөхийг хүссэнийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэн, ийнхүү дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, гэрээний 7.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн баримтад тулгуурласан дүгнэлт хийжээ. Алдангийг бүхэлд нь төлүүлэхгүй байх, тухайлбал, уурхайн хана нурсан нөхцөл байдал арилаагүй, хариуцагч төлбөрийн чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Худалдах-худалдан авах гэрээний 3.3-т “захиалагч тал төлбөрийг гэрээгээр заасан хугацаанд эсвэл нэхэмжлэлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нийлүүлэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувиар алдангийг төлбөл зохих мөнгөн дүн дээр нэмж тооцон захиалагч нэхэмжлэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч 2018.05.31-с 2019.02.11-ний өдөр хүртэл 256 хоногийн алданги тооцож, уг алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар 380.920.500 төгрөг шаардсныг, шүүх хугацааг 2018.01.18-с шүүхэд нэхэмжлэл гарсан 2018.09.13-ний өдөр хүртэл 237 хоногоор тодорхойлсон нь цаг хугацааны хувьд буруу байгаа боловч 361.112.634 төгрөгийг хариуцагчаас гаргуулсанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. Хариуцагч ЭХ ХХК-ийн уурхайд хөрсний гулгалт үүссэн, хана нурсан талаархи хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд энэхүү үйл баримт нь үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлэхэд нөлөөлсөн байх үндэслэлтэй тул 361.112.634 төгрөгийн 50 хувиар алдангид 180.556.317 төгрөг гаргуулах нь хууль зөрчихгүй гэж үзэн, энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангав.
7. Дээр дурдснаар хариуцагч ЭХ ХХК-с нийт 942.397.517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200.364.183 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1269 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “1.122.953.634 /нэг тэрбум нэг зуун хорин хоёр сая есөн зуун тавин гурван мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөг” гэснийг “942.397.517 /есөн зуун дөчин хоёр сая гурван зуун ерэн долоон мянга таван зуун арван долоо/ төгрөг” гэж, “19.807.866 /арван есөн сая найман зуун долоон мянга найман зуун жаран зургаа/” гэснийг “200.364.183 /хоёр зуун сая гурван зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян гурав/” гэж, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг нэгтгэж, 3 гэж дугаарлан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.099.915 төгрөгөөс 6.029.715 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 70.200 төгрөгийг, хариуцагч ЭХ ХХК-иас 4.869.938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-д олгосугай.” гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Хариуцагч ЭХ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.963.520 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ