Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 0079

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Б.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух, Л.С-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, зээл төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Л.Стой 1997 онд гэр бүл болж, 1997 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 1998 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү С.Сайханбаяр, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү С.Л, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин С.Т төрсөн. Манай нөхөр Л.Л.С нь намайг ХБНГУ-аас ирэхэд архи уудаг болчихсон байсан ба архи уусан үедээ 2014 оноос эхлээд надад гар хүрдэг, цохиж зоддог болсон. Манайх 2014 онд Баянзүрх ....... тоотын 192 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 70 000 000 төгрөгийн урьдчилгаа төлж ХААН банкны 8 хувийн орон сууцны зээл авсан. Урьдчилгаа 70 000 000 төгрөгийн 25 000 000 манай нөхөр гаргаж, үлдсэн 45 000 000 төгрөгийг би ХБНГУ-д очиж зээл хөөцөлдөж төлсөн. Л.Л.С нь бусадтай бэлгийн харьцаатай болж түүнтэй хамт архидаж буудлаар хоноглодог болсон. Цаашид Л.Л.Стой хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү С.Л, охин С.Т хоёрыг миний асрамжинд үлдээж, Л.Л.Соос хоёр хүүхдэд минь тэтгэлэг гаргуулж, Л.Л.С бид хоёрын нэр дээр байгаа Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 86 дугаар байрны 13 тоот 4 өрөө орон сууцыг миний болон хүүхдийн өмчлөлд үлдээж, уг орон сууцны зээлийн үлдэгдэл өрийг Л.Л.Соор төлүүлж, Л.Л.Сын эзэмшилд байгаа “Мерседец Бенз” маркийн, 97-88 УБН улсын дугаартай автомашиныг миний эзэмшилд үлдээж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9 дүгээр байр, 16 тоот орон сууц, газруудыг Л.Л.Сын өмчлөлд тус тус үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Л.С шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 3 хүүхэдтэй бөгөөд түүнээс 2 нь бага насны хүүхдүүд. Б.Б.С ганцаараа тэжээн, тэтгэх, хүмүүжүүлэхэд хүндрэлтэй. Мөн бид ................ 4 өрөө орон сууцыг 15 жилийн хугацаатай банкны зээлээр худалдан авсан. Энэ зээлийг Б.Б.С ганцаараа төлж чадахгүй. Учир нь төрийн албан хаагч багшийн цалин зээлээ төлж чадахгүй, хүүхдүүдээ тэжээхэд бэрхшээлтэй. Би эцэг хүний хувьд гэр бүл, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх нь миний үүрэг. Иймд хүүхдүүдээ өнчрүүлэхгүй, 20 жилийн амьдралаа үрэхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б.С нь хариуцагч Л.Л.Сод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, зээл төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б.С болон хариуцагч Л.Л.С нар нь 1997 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлж, 1998 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүү С.Сайханбаяр төрсөн байх бөгөөд тэрээр 19 насанд хүрсэн байна. Мөн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү С.Л, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин С.Т нар төрсөн нь иргэний үнэмлэхийн хуулбар, 0415748 дугаар, 1122001648 дугаар төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2017 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Л.Л.Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б.Сгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Л.Л.Сыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Талууд 2017 оны 5 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа нь болон тусдаа амьдрах үеэс эхлэн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Л, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин С.Т нар эхийн асрамжинд байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд хүүхдүүдийн насны онцлого болон санал, түүнчлэн өсөж торнисон орчин зэргийг өөрчлөх шаардлаггүй байх тул хүү С.Л, охин С.Т нарыг нэхэмжлэгчийн буюу эхийн асрамжинд үлдээв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн бөгөөд мөн зүйлийн 126.2.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө хамаарна.

 

Эрхийн улсын бүртгэлийн ..................... тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204062739 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ........................... тоот хаягт байршилтай, 79.95 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Бенз .............. УБН улсын дугаартай, арлын ............... дугаартай автомашин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн буюу Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө мөн болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн архивын газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04/180 дугаар лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/9390 дугаар лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000338707 дугаар, 000431400 дугаар гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /хх 82, 101-104, 123-125 дугаар тал/ Нөгөөтэйгүүр, хариуцагч нь дээрх хөрөнгийг өөрийн хуваарьт хөрөнгө гэдгээ баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгох тул нэхэмжлэгч болон хариуцагч, мөн хүү С.С нь хэдийгээр насанд хүрсэн байх боловч Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 9 дүгээр байр, 16 тоот хаягт оршин суух бүртгэлтэй байх тул гэр бүлийн гишүүн гэж, түүнчлэн хүү С.Л, охин С.Т нарыг гэр бүлийн гишүүн гэж тус тус үзнэ.

 

Иймд шүүх дээрх хөрөнгийг гэр бүлийн гишүүн болох нэхэмжлэгч, хариуцагч болон хүү  С.С, хүү С.Л, охин С.Т нарыг оролцуулан ногдох хэсгийг нийт гишүүдэд адил хэмжээгээр тодорхойлох боломжтой.

 

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 830 дугаар дүгнэлтээр    Эрхийн улсын бүртгэлийн ............. тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэ цэнийг 96 000 000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204062739 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх ................ тоот хаягт байршилтай, 79.95 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны үнэ цэнийг 142 578 000 төгрөг, Бенз /Benz/ маркын, 97-88 УБН улсын дугаартай, арлын WDB2110421A752749 дугаартай автомашины үнэ цэнийг 16 000 000 төгрөг гэж тус тус үнэлсэн байна. /хх 129-139 дугаар тал/. Иймд уг дүгнэлтийг үндэслэн гэр бүлийн 5 гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн нийт хэмжээ нь 254 578 000 төгрөг /96 000 000 төгрөг + 142 578 000 төгрөг + 16 000 000 төгрөг/ гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ 50 915 600 төгрөг болж байна.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болох бөгөөд хэрэв маргасан тохиолдолд мөн зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно.

 

.................... тоот орон сууцыг хариуцагчийн өмчлөлд үлдээж, харин Баянзүрх ................ тоот орон сууц болон Бенз /Benz/ маркын, .........  улсын дугаартай, арлын ........... дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээх нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “гэрлэлт цуцалсанаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно” гэсэнтэй нийцнэ. Өөрөөр хэлбэл, Баянгол ............тоот орон сууцнаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг 19 200 000 төгрөг /96 000 000 төгрөг / 5 гишүүн = 19 200 000 төгрөг/, Баянзүрх ............... тоот орон сууцнаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг 28 515 600 төгрөг /142 578 000 төгрөг / 5 гишүүн = 28 515 600 төгрөг/, Бенз /Benz/ маркын, ......... улсын дугаартай, арлын WDB2110421A752749 дугаартай автомашинаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг 3 200 000 төгрөг /16 000 000 төгрөг / 5 гишүүн = 3 200 000 төгрөг/ тус тус болж байх боловч Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг дээрх байдлаар тогтоох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/4413 дугаартай орон сууцны зээлийн болон БГҮ/4413 дугаартай барьцааны гэрээг, мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ/4413-1 дугаартай дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах болон БГҮ/4413-1 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг Хаан банктай байгуулсан байна. Уг зээлийн гэрээгээр нэхэжлэгч болон хариуагч нар нь Хаан банкнаас 118 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 175 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлэх, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, ............... тоот орон сууцыг барьцаалжээ.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд өр хамаарна. Өөрөөр хэлбэл, талууд 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний төлбөрт 105 369 322 төгрөгийн өртэй байх тул уг өрийг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарт адил хэмжээгээр тогтоож, хариуцагчаас 52 684 661 төгрөг /105 369 322 төгрөг /2 =52 684 661 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. 

 

Хүү С.С нь хэдийгээр гэр бүлийн гишүүн боловч хэргийг шийдвэрлэх үед насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх тул нэхэмжлэгч нь түүний итгэмжлэлгүйгээр гэр бүлийн гишүүндийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр гэрчлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж,  Баянгол ..............тоот орон сууцыг хариуцагчийн өмчлөлд, Баянзүрх дүүрэг, ...................... тоот орон сууц болон Бенз /Benz/ маркын, ............. улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд тус тус үлдээж, хариуцагчаас 52 684 661 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас банкны зээлийн үлдэгдэлийг бүхэлд нь хариуцагчаар төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, талуудад хуваарилав.

 

Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүй, мөн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хариуцагчийн байхгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.С, Л.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Л, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин С.Т нарыг эх Б.Б.Сгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Л, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин С.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Л.Л.Соос гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дүгээр зүйлийн 130.1, 130.3-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205009188 дугаарт бүртгэлтэй, Баянгол ................ орон сууцыг хариуцагч Л.Л.Сын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204062739 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх .......... орон сууцыг нэхэмжлэгч Б.Б.Сгийн өмчлөлд, Бенз /Benz/ маркын, .........  УБН улсын дугаартай, арлын WDB2110421A752749 дугаартай автомашиныг нэхэмжлэгч Б.Б.Сгийн өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч Л.Л.Соос 52 684 661 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь хариуцагчаар төлүүлэх” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204062739 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, 86 дугаар байр, 13 тоот хаягт байршилтай, 79.95 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны өмчлөгчөөс Л.Сыг хасч, өмчлөгчөөр Б.Сг бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газарт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгөөс 50 528 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 2 431 537 төгрөг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжинд 1 342 741 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 19 672 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.

      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН