Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02011

 

 

 

Б.Сэвжидмаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02268 дугаар шийдвэртэй, Б.Сэвжидмаагийн нэхэмжлэлтэй, Л.Содномцогтод холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, зээл төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Сэвжидмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сэрдамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Сэвжидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд Л.Содномцогттой гэр бүл болж, оюутан байхдаа 1998 оны 08 дугаар сарын 29-ний өдөр том хүү С.Сайханбаяр, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү С.Лувсаннамжил, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин С.Тэнүүнзаяа нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд нөхөр Л.Содномцогт нь архи ихээр ууж, надад гарч хүрч цагдаад хандаж байсан боловч улам дордсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү С.Лувсаннамжил, охин С.Тэнүүзаяа нарыг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах, бидний нэр дээр байгаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 13 тоот 5 өрөө орон сууцыг өөрийн болон 3 хүүхдийн өмчлөлд үлдээж, уг орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг Л.Содномцогтоос 50 хувиар гаргуулах, Л.Содномцогтын эзэмшилд байгаа бенз маркийн 97-88 УБН дугаар автомашиныг гэр бүлийн гишүүдийн өмчлөлд үлдээх, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 9 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцыг Л.Содномцогтын өмчлөлд тус тус үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Содномцогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үр хүүхэд, босгосон 20 жилийн амьдралынхаа төлөө гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд алдаа гаргаж байсан нь үнэн. Гэхдээ би Б.Сэвжидмааг байнга цохиж зодож байгаагүй. Би хүний их эмч мэргэжилтэй хүн. Б.Сэвжидмаа өөрөөсөө насаар дүү залуутай гэр бүлээс гадуурх харьцаа тогтоож, намайг хуурсан. Энэ шалтгаанаар халамцуудаа Б.Сэвжидмаад гар хүрч эрүүгийн хэргийн шүүхээр шийтгүүлсэн. Би архи дарсны асуудлаас бүр мөсөн холдсон. Цаашид өөрийн алдаа дутагдлаа сайтар ухамсарлаж, алдаа гаргахгүй Б.Сэвжидмаатай эргэн нийлж, хамт амьдармаар байна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигин овогт Баасанжавын Сэвжидмаа, Барнууд овогт Лхагвасүрэнгийн Содномцогт нарын гэрлэлтийг цуцалж,

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Лувсаннамжил, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин С.Тэнүүнзаяа нарыг эх Б.Сэвжидмаагийн асрамжинд үлдээж,  

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.Лувсаннамжил, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин С.Тэнүүнзаяа нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Л.Содномцогтоос гаргуулан олгож,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дүгээр зүйлийн 130.1, 130.3-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205009188 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 9 дүгээр байр, 16 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Л.Содномцогтын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204062739 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, 86 дугаар байр, 13 тоот хаягт байршилтай, 79.95 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Сэвжидмаагийн өмчлөлд, Бенз /Benz/ маркийн, 97-88 УБН улсын дугаартай, арлын WDB2110421A752749 дугаартай автомашиныг нэхэмжлэгч Б.Сэвжидмаагийн өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч Л.Содномцогтоос 51 355 938,71 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сэвжидмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь хариуцагчаар төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204062739 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, 86 дугаар байр, 13 тоот хаягт байршилтай, 79.95 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны өмчлөгчөөс Барнууд овогт Лхагвасүрэнгийн Содномцогтыг хасч, өмчлөгчөөр Боржигин овогт Баасанжавын Сэвжидмааг бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газарт даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 1 954 914 төгрөг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 189 004 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сэрдамба давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Сэвжидмаа анхан шатны шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хүүхдүүдийг хэний асрамжид авах болон гэр бүлийн дундын хөрөнгөний талаар огт дурдаагүй. Дараагийн буюу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан "Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тухай" нэхэмжлэлдээ "С.Лувсаннамжил, С.Тэнүүнзаяа хоёрыг миний асрамжид үлдээж, Л.Содномцогтоос тэтгэлэг гаргуулах, Л.Содномцогт бид хоёрын нэр дээр байгаа Баянзүрх дүүргийн 25 хороо, 86 дугаар байрны 13 тоот 4 өрөө орон сууцыг миний болон 3 хүүхдийн өмчлөлд үлдээж, уг орон сууцны үлдэгдэл өрийг Л.Содномцогтоор төлүүлж, түүний эзэмшилд байгаа бенз маркийн 97-88 УБН улсын дугаартай автомашиныг гэр бүлийн гишүүдийн эзэмшилд үлдээж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 9 дүгээр байрны 16 тоот 3 өрөө сууц, газруудыг Л.Содномцогтын өмчлөлд үлдээж өгнө үү" гэж дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэлэлцэлгүйгээр анхан шатны шүүх шийдвэр гаргалаа. Тухайлбал: газруудын асуудлыг хэлэлцсэнгүй, Б.Сэвжидмаа ч хуваарьт өмч, дундын өмч хөрөнгийн талаар дурдаагүй. Түүнчлэн: нэхэмжлэлд дурдсан 60 000 000 төгрөгийн үндэслэл тодорхой бус, нэхэмжлэгч үүнийхээ тайлбар нотолгоог албан ёсоор гаргаж тавиагүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой заагаагүй. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 648 дугаар магадлалын заалтуудыг биелүүлсэнгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Тухайлбал: Л.Содномцогт, Б.Сэвжидмаа нарын хүү С.Сайханбаяр аав, ээжийнхээ гэр бүлийн болон эд хөрөнгийн маргаантай хэрэгт насанд хүрсэн гэр бүлийн гишүүний хувьд тэдний шүүх хуралдаанд биечлэн оролцохыг хүсч хуулийн дагуу "Хүсэлт" гаргасан боловч авч хэлэлцсэнгүй. Ээждээ өгсөн итгэмжлэлээсээ шүүх хуралдааны өмнө татгалзаж, намайг шүүх хуралдаанд оролцуулахгүй бол өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Рагчаадоржийг оролцуулах итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулахаар ирүүлсэн боловч авч хэлэлцсэнгүй. "С.Сайханбаярыг энэ гэр бүлийн гишүүн мөн" гэж шүүх үзсэн мөртлөө түүний эрхийг илтэд зөрчлөө.

Мөн давж заалдах шатны шүүхээс ХААН банкыг оролцуулахаар заасан боловч энэ заалтыг мөн биелүүлсэнгүй, банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн албан ёсны тайлбарыг шийдвэртээ дурдсангүй. Уг тайлбарт "Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн зээлийн үлдэгдлийг хоёр хуваана гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Хаан банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ хавтаст хэрэгт байгаа. Уг байрыг авч үлдэж байгаа тал нь үндсэн зээлтэйгээ үлдэгдлээ төлнө гэсэн үр дагаварыг ойлгох ёстой. Хамгийн гол нь байрыг авах хүн нь өөрөө бие дааж төлбөрийг төлж дуусгана. Түүнээс биш талууд зээлийн гэрээний төлбөрийг хувааж төлнө гэсэн зүйл байхгүй. Хэрэв ийм зүйл болвол гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх болно. Иймд Хаан банкны барьцаалах эрхэд халдахгүй байхаар маргаан бүхий орон сууцны зээлйиг үргэлжлүүлээд төлөөд явах хүнд шилжүүлж өгнө үү гэж тодорхой дурдсан байгаа. Нэхэмжлэлд Л.Содномцогтыг үндсэн зээлдэгчээс хасахыг хүсч нэхэмжилсэн. ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн албан ёсны тайлбарыг авч хэлэлцсэнгүй. Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 79,95 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Б.Сэвжидмааг томилж Л.Содномцогтыг тус орон сууцны өмчлөгчөөс хассан мөртлөө, банкны үндсэн зээлдэгчийг өөрчилсөнгүй. Банк Л.Содномцогтоор байрны зээл төлүүлэх эрхтэй байхаар шийдвэр гаргалаа. Энэ нь Л.Содномцогт банкнаас орон сууцны зээл авах эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэлийн энэ хэсгийг шийдвэрлэхгүй бас орхилоо.

Л.Содномцогт, Б.Сэвжидмаа нар 1997 онд гэр бүл болоод түүнээс хойш хамтын хөдөлмөр, хүчээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 79,95 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Бенз маркийн автомашин зэрэг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бий болгосныг хариуцагч гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваахыг зөвшөөрч байгаа. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн мөртлөө шүүхийн шийдвэртээ зөвхөн нэхэмжлэгч талын нотлох баримтыг үндэслэл болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гаргалаа. Тухайлбал: Нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 9 дүгээр байрны 16 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц Л.Содномцогтын аав, ээжийнх нь амьдарч байсан орон сууц юм. Тэрээр ээжийгээ нас барсны дараа аавыгаа амьд байхад өвлөн авсан. Аав, ээжийгээ амьд байхад 1997-2001 болон ХБНГУ-аас ирээд 2014 оны 06 сараас 9 дүгээр сарын хооронд хальт амьдарч байгаад банкны зээлийн гэрээ хийгдсэны дараа Баянзүрх дүүргйн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 13 тоот 4 өрөө байрандаа нүүж орон тусдаа гарсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр "шүүхийн шийдвэрт дурдагдсан байгаа...энэ 3 өрөө орон сууцыг гэрлэгчдийг анх гэр бүл болоход нь зориулагдсан" гэж нотлох баримтгүй, үндэслэлгүй тайлбар гаргасан.

Хэргийн 2 дугаар хавтасны 57 дугаар талд ХААН банкны логотой гадаад хэл дээр бичигдсэн өөр материалыг дугаарлан үдсэн байна. Энэ материалыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөд бидэнд танилцуулаагүй юмуу гэдэг нь ойлгомжгүй байгааг анхаарч үзнэ үү.

Хариуцагч Л.Содномцогт 2 удаа сөрөг нэхэмжлэл гарган 2018 оны 07 дугаар сарын 06, 2018 оны 07 дугаар сарын 16-нд тус бүр 70 200 төгрөг нийт 140 400 төгрөгийг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийг буцаасан мөртлөө тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Сэвжидмаа нь хариуцагч Л.Содномцогтод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, зээл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх шийдвэрийг хүчингүй болгохоор мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан.

 

Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч Г.Солонгыг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

 

Иймд шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Нөгөө талаар С.Сайханбаяр хэргийн оролцогч мөн эсэх, түүний эрх зүйн байдал тодорхой бус. Гэрлэгчдийн дундын хөрөнгө хуваахтай холбоотойгоор С.Сайханбаярын ашиг сонирхол, хөрөнгө байгаа гэж үзвэл нэхэмжлэгчээр оролцох хүсэлтэй эсэхийг тодруулж, түүнийг нэхэмжлэгчээр татаж ажиллагаа явуулах эсэхтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт үаасан журмыг шүүх анхаараагүй байна. Хэрэв түүнийг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй, хамааралгүй этгээд гэж үзвэл хэрэгт авагдсан С.Сайханбаярын нэхэмжлэгч Б.Сэвжидмаа болон С.Рагчаадорж нарт олгосон итгэмжлэлүүд нь хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй баримт болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх ёстой.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэснээс гадна ...анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үнэлээгүй... гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ