Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00788

 

Б.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

Б.У-ийн нэхэмжлэлтэй,

Д.О-т холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт байрлалтай газарт 2006 онд Саруул худалдааны төвийг миний аавын төрсөн дүү Д.О бариулсан юм. Энэ Саруул худалдааны төвийг барьсан газрыг миний төрсөн эцэг Д-н Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын албанаас өөрийнхөө нэр дээр 2004 онд 534 м.кв газрыг эзэмшихээр авсан. Энэ он жилүүдэд би гэр бүлийнхээ хамт Солонгос улсад ажиллаж амьдарч байсан тул авсан газартаа үйл ажиллагаа явуулах, байр сууц барих боломжгүй байсан.

Энэ үед аавын төрсөн дүү Долгорын Д.О энэ газарт чинь барилга баръя гэж гуйсан юм билээ. Тэгэхээр нь аав өөрийн төрсөн дүүдээ үгүй гэж хэлж чадаагүй Д.От хоёр давхар байшин барих зориулалттайгаар нэг давхар байшин барихыг зөвшөөрч Солонгос улсаас хүүхдүүд ирээд дээр нь хоёр давхар болгож өргөтгөл хийнэ гэж тохиролцож нэг давхар үйлчилгээний байр барьсан юм. Би Солонгос улсаас ирээд Д.Оийн бариулсан нэг давхар байрны дээр хоёр давхар болгож өргөтгөл хийлгэх болсон чинь барилгын мэргэжлийн хүмүүс ирж үзээд дээш нь өргөтгөл хийх боломжгүй давхар байрны шаардлага стандарт хангахгүй байна гэсэн. Иймд бид байраа дээш нь давхарлах боломжгүй тул Д.Оийг аавын нэр дээр байгаа газрыг чөлөөлж өгөх тухай шаардлага тавьсан. Шаардлага тавихдаа “таны барьсан байшин дээш нь хоёр давхар өргөтгөл хийх шаардлага хангахгүй тул та байшингаа буулга тэгээд шинээр хоёр давхар байр барьж үйлчилгээний төв ажиллуулъя, та нэг давхартаа үйл ажиллагаа явуулдгаараа явуул, бид хоёр давхартаа үйл ажиллагаа явуулъя гэсэн шаардлага тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй.

Миний аав Долгор овогтой Б нь газар эзэмших эрхээ Б.У миний нэр дээр шилжүүлсэн. Газар эзэмших гэрчилгээ бичиж өгөхгүй захирамж нь гарсан байна. Газрын гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа шалтгаан нь Д.О нь эзэмших ёстой газраас илүү газар эзэмшиж хашаа барьсан. Энэ газраа чөлөөлж өгөхийг Газрын алба шаардсан боловч мөн газрыг чөлөөлж өгөхгүй байгаа юм билээ. Д.О нь одоо худалдааны төв байрандаа үйл ажиллагаа явуулж байгаа. Бид удаа дараа тус газрыг чөлөөлөх талаар хэлсэн боловч одоог хүртэл уг газрыг чөлөөлөхгүй байгаа тул Д.Оээс газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Уийн эцэг Д-н Б нь миний төрсөн ах юм. Би анх 2005 онд Цагдаагийн хэлтсийн урд талд хураагдсан газар байгааг сонсоод ах Д.Бд хэлэхэд тэр газрыг чинь авах юмсан. Чи хөөцөлдөөд өгөөч гэхээр нь би газрын алба, Засаг дарга дээр орж байж 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 109 тоот шийдвэрийг гаргуулж өгсөн.

Үүний дараагаар 2013, 2014 онуудад газрын албанд хандаж эзэмших газрынхаа талбайг нэмүүлж 534 м.кв болгоод газрын албатай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж ах Д.Бгийн нэр дээр уг гэрчилгээг гаргуулж авсан. Энэ бүхнийг Д.Б ах сайн мэднэ.

2005 онд Д.Б ах энэ газрыг ашиглаж чадахгүй юм байна, чи ав гэж хэлж байсан. Миний хувьд 534 м.кв газраас анх Д.Б ахын нэр дээр авсан газрын 240 м.кв газрыг Б.Ут өгч, сүүлд авсан 294 м.кв газрыг би өөрөө авъя гэсэн саналтай байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дахь хэсэгт зааснаар Б.Уийн эзэмшлийн нэгж талбарын 4303007591 дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Худалдаа 4-419 тоот байршилтай 533 м2 газрыг Д.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ут олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 тоот магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор Б.Уийн нэхэмжлэлтэй Д. Д.От холбогдох “хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцсэн атлаа 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 24 тоот магадлал гаргажээ. Шүүх хуралдаан болсон өдрийг 6 өдрөөр хойшлуулж бичин хууль зөрчжээ

2.  2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 24 тоот магадлалын ҮНДЭСЛЭХ хэсэгтээ “Хэрэгт авагдсан нотлох баримтаар тус маргаан бүхий газрын эзэмшигч нь иргэн Д.Б байсан бөгөөд газар эзэмшүүлэх эрхээ өөрийн охин Б.Ур шилжүүлж 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий байгууллагаас Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 04322-2018/00002 дугаартай гэрээг Б.Урэй байгуулж, гэрчилгээг олгосон байна.

Нэхэмжлэгч Б.Ур нь шүүхэд өөрийн газар эзэмших эрхийг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан, Газрын тухай хуульд эрх бүхий байгууллагатай тухайн иргэн нь газар эзэмших гэрээ байгуулж, эрх бүхий байгууллагаас эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний газар эзэмших эрх үүсэхээр хуульчилсан байхад шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй, түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг хянан шийдвэрлэж хууль зөрчсөн гэжээ.

Хэргийн оролцогч нэхэмжлэгч Б.У гэж хүн байхад Б.Ур гэдэг нэхэмжлэгчид дүгнэлт хийж хууль зөрчсөн байна.

3.  Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын шинжээч томилуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн боловч хүсэлт нь хангагдаагүй, зохигчид нь шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзсан эсэх нь тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэжээ. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр тал Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар багт байрлах Саруул худалдааны төв стандартад баригдсан эсэх, давхарлаж болох эсэх талаар хүсэлт гаргасан боловч мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүгч асуухад хоёр тал хүсэлтээсээ татгалзсанаа хэлсэн байгаа. /хурлын тэмдэглэлд/

Иймд давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдаан хийсэн өдрөөр шүүхийн магадлалыг гаргаагүй, хурал болоогүй өдрөөр магадлалыг гаргасан, мөн хэргийн биш Б.Ур гэдэг нэхэмжлэгчид дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байх тул Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 24 тоот магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.У нь Д.От холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Худалдааны 4-419 тоот хаягт байрлалтай 534 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар тус газрыг нэхэмжлэгчийн эцэг Д.Бгийн эзэмшилд байхад нь хариуцагч Д.О /төрсөн дүү/ түүний зөвшөөрлөөр 2008 онд худалдааны төвийн барилга барьж, үүнээс хойш үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, 106 дугаар зүйлийн 106.1.-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.2.т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, 106.4.-т энэ хуулийн 106.2. нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч Б.У нь хариуцагчийн хувьд тухайн газрын өмчлөгч, тэрээр бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах, өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2, 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч Д.О нь тус газарт 2008 онд барилга барьж түүнээс хойш үйл ажиллагаа явуулж байгаа гэх боловч тухайн барилга хэний өмч болох, улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, бусдын газар дээр барилга барьсан нөхцөл байдлын талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй, Д.Оийн эзэмшил нь хууль бус байгаа эсэх нь тодорхойгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3.-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4.-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зохицуулсан байх бөгөөд хэрэгт энэ талаар баримтгүй тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчөөгүй, 166 дугаар зүйлийн 166.4.-т нийцжээ.

Дээрх нөхцөл байдал бүрэн тогтоогдсоны дараа талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэх боломжтой болох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэлгүй болно.

Хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн атлаа шүүх нэхэмжлэгчид 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөр бичигдсэн, огноо зөрүүтэй магадлалыг гардуулан өгсөн, мөн магадлалд нэхэмжлэгч “Б.У”-ийн нэрийг “Б.Ур” гэж буруу бичсэн зөрчлийг гаргажээ.

Хэрэгт үдэгдсэн магадлал шүүх хуралдаан хийсэн өдрөөр, зөв огноологдсон байх тул магадлалыг хүчингүй болгох нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, зөрчлийг тогтоолд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Уээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД