Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00585

 

Д.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01078 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1242 дугаар магадлалтай,

Д.У-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 1 сарын 7-ны өдрийн 00573 тоот захирамжаар Ц.Эрдэнэцэцгээс 224.769.900 төгрөг гаргуулан Ориент Инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Жаргалант хотхон, 60-р байр, 25 тоот хаягтай, улсын бүртгэлийн Ү-2206010637 дугаартай үл хөдлөх хөрөнгийг хураан авч, шинжээчээр 245.769.900 төгрөгөөр үнэлүүлсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нь Д.У- миний бие бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохын өмнө өмгөөлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийгээгүй, шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177.1 дэх заалтыг зөрчсөн тул уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 573 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Эрдэнэцэцэгт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил, Махамта ганди гудамж 60 дугаар байр 25 тоот орон сууц, 18 тоот авто зогсоолыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17290958/04 дугаар тогтоолоор битүүмжилж 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 17290958/05 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр хураагдсан хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал өгөхийг төлбөр төлөгч Ц.Эрдэнэцэцэг, өмчлөгч Д.У- нарт 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 4/578 дугаар албан бичгээр мэдэгдэж, мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлэхэд санал ирүүлээгүй тул 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолоор үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимейт ХХК-ийн томилоход 245.769.900 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2019 оны 1 сарын 10-ны өдрийн 4/2346 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Ц.Эрдэнэцэцэг, өмчлөгч Д.У- нарт мэдэгдэж мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Д.У-гийн нэхэмжлэлд дурдсанаар үнийн санал аваагүй гэх нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ориент инвест” ББСБ-ын төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөв явагдсан гэж үзэж байна. 2018 оны 12 сарын 11-ний өдөр үнийн саналаа өгнө үү гэсэн мэдэгдлийг Д.У-, н.Эрдэнэцэцэг нарт хүргүүлсэн байдаг. Шуудангаар хүргүүлж болохыг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан байдаг учир хуулийн дагуу явагдсан. 2019 оны 1 сарын 07-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд хуульд заасны дагуу 1 сарын 10-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч нар өөрсдөө тус хөрөнгийг хэдэн төгрөг болохыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байж ажиллагаанд гомдож байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01078 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Жаргалан хотхоны 60 дугаар байр 25 тоотод байрлах орон сууц гаражийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1242 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 183/ШШ2019/01078 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан үндэслэлээр үнийн санал аваагүй учир уг үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг “ажиллагаанд оролцогч тал” хэмээн тооцож гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь заалтыг буруу хэрэглэсэн болохыг зааж байна. Д.У- бол шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд нэр бичигдсэн төлбөр төлөгч биш бөгөөд барьцааны зүйлийн хамтран өмчлөгчийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан үндэслэлээр, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт ...Талууд буюу төлбөр төлөгч ...төлбөр авагч нарт хамаарч байна. Мөн талууд гэдэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хамааруулаагүй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд Д.У-г талууд гэсэн ойлголтод хамаатуулан 7 хоногийн хугацаа алдсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэд хэдэн мэдэгдэх хуудас явуулсан гэх боловч уг мэдэгдлүүд нь эзэндээ бодитойгоор хүрсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдох байтал гардуулсан хүргүүлсэн баримтыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өгөөгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Д.У- , Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн  хэрэг хянан шийдвэрлэх ажилагааг явуулахдаа  хэргийн оролцогчийн мэтгэлцэх  эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэсэн тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн  үндэслэлтэй,  шийдвэр,  магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

Төлбөр төлөгч Ц.Эрдэнэцэцэг нь 2014 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн 50 000 ам. долларын зээлийн гэрээний үүрэгт 224 048 700 төгрөг төлөх шүүхийн шийдвэртэй. Төлбөрийг сайн дураараа төлж барагдуулаагүй тул барьцааны зүйл болох Д.У-, Ц.Эрдэнэцэцэг нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө   Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил, Махамта ганди гудамж 60 дугаар байр 25 тоот орон сууц, 12. м.кв авто зогсоолыг  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж, улмаар   төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах, хөндлөнгийн шинжээчээр үнэ тогтоолгох зэрэг холбогдох ажиллагааны  мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт тухай бүр нь хуульд заасны дагуу хүргүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага  хуульд нийцүүлэн явуулжээ.

Иймээс тус байгууллагаас явуулсан гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэсэн, мөн нэхэмжлэгчийг  үнэлгээний талаар хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтанд тулгуурласан хуулийн үндэслэлтэй  болжээ.

Нэхэмжлэгч Д.У- шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн  үндэслэлд болон хяналтын гомдолдоо үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал аваагүй, үнийн талаар гомдол гаргах хугацаа төлбөр төлөгч биш өмчлөгч этгээдэд хамаарахгүй гэж  заажээ.

  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4/578 дугаар мэдэгдэлээр Ц.Эрдэнэцэцэг, Д.У- нарт хураан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлэх талаар мэдэгдлийг   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 11-ний баталгаат шуудангаар хүргүүлсэн байх ба Д.У- нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заажээ.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө үнэлгээний талаарх гомдлыг талууд буюу мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан төлбөр төлөгч, төлбөр авагч гаргах эрхтэй.

Д.У- нь хэдийгээр төлбөр төлөгч биш боловч,  төлбөр төлөгч Ц.Эрдэнэцэцэгийг  төлбөрийг сайн дураараа төлөөгүй гэх үндэслэлээр тэд нарын  дундын  хамтран өмчлөх  үл хөдлөх хөрөнгийн  үнийн дүнгээс төлбөрийг гаргуулах талаар түүнд  мэдэгдэж, үнийн санал  авч эхэлснээр тэрээр уг ажиллагаанд оролцож эрх үүргээ мэдэх болсон ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, төлбөр төлөгчтэй сонирхол нэг этгээд байна. Иймд Д.У-г хуулийн 122 дугаар 122.1-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөх эрх нь зөрчигдсөн этгээд гэж шууд хамааруулан үзэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01078 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1242 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын  01-ний өдөр төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР