Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2019/01078

 

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2019/01078

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух И овогт Д  У  /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

 

  Хариуцагч: ... өөрийн байранд байрлах Н газар холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: О ББСБ ХХК,

 

  Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Э.Батхишиг, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

  Нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 1 сарын 7-ны өдрийн 00573 тоот захирамжаар Ц.Эрдэнэцэцгээс 224 769 900 төгрөг гаргуулахн О ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ....  тоот хаягтай, улсын бүртгэлийн .... дугаартай үл хөдлөх хөрөнгийг хураан авч, шинжээчээр 245 769 900 төгрөгөөр үнэлүүлсэн байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нь Д.У  миний бие бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохын өмнө өмгөөлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийгээгүй, шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177.1 дэх заалтыг зөрчсөн байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинчээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Н ГАЗАР  2018 оны 12 сарын 19-ний өдөр Д.У д мэдэгдэл явуулсан гэжээ. Монгол шуудан ХХК-ийн хэддүгээр салбараар явуулсан. Уг мэдэгдлийг Д.У  гардаж авсан, аваагүй нь тодорхойгүй байна. Шууданд хүлээлгэж өгсөн бол гардаж авсанд тооцогдох зохицуулалт байхгүй. Мөн үнэлгээний талаар мэдэгдсэн гэж тайлбарласан байна. ШШГТХ-ийн 53-р зүйлд шинжээчээр үнэлүүлсэн бол ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж тайлбар авч тэмдэглэл хөтөлнө. Ингэж мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн байна. Харин бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдэд гомдол гаргах хугацаа заагаагүй байна. Яагаад үнийн санал тухай мэдэгдлийг гардуулалгүй шуудангаар явуулах болсон шалтгаан нь тодорхойгүй байна. Үнийн саналын тухай мэдэгдлийг Д.У д гардуулсан гэж үзэхгүй байна. Уг шүүх хуралдааныг ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч талын эзгүйгээр хуралдаж хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаандгаргасан тайлбартаа:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 573 дугаар захирамжаар Ц.Э ээс 224 048 700 төгрөгийг гаргуулж О ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17290958 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Э т шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил, Махамта ганди гудамж 60 дугаар байр 25 тоот орон сууц, 18 тоот авто зогсоолыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17290958/04 дугаар тогтоолоор битүүмжилж 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 17290958/05 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр хураагдсан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал өгөхийг төлбөр төлөгч Ц.Э , өмчлөгч Д.У  нарт 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 4/578 дугаар албан бичгээр мэдэгдэж, мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлэхэд санал ирүүлээгүй тул 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолоор үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимейт ХХК-ийн томилоход 245 769 900 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2019 оны 1 сарын 10-ны өдрийн 4/2346 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Ц.Э , өмчлөгч Д.У  нарт мэдэгдэж мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Д.У гийн нэхэмжлэлд дурдсанаар үнийн санал аваагүй гэх нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэрвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөв явагдсан гэж үзэж байна. 2018 оны 12 сарын 11-ний өдөр үнийн саналаа өгнө үү гэсэн мэдэгдлийг Д.У , н.Э  нарт хүргүүлсэн байдаг. Шуудангаар хүргүүлж болохыг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан байдаг учир хуулийн дагуу явагдсан. 2018 оны 12 сарын 18-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллага нь Үнийн саналаа өгөхгүй байгаа тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцоогүй учраас үнийн саналыг шинжээчээр хийлгэсэн. 2019 оны 1 сарын 07-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарч, үүнийг 3 хоногийн дотор мэдэгдээгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргасан байдаг. Түүнийг ажлын 3 хоногт гэж заасан бөгөөд хуульд заасны дагуу 1 сарын 10-ны өдөр шуудангаар хүргүүлсэн ба хуульд гардуулсанд тооцохоор заасан. Мөн нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг хэт багаар үнэлсэн байна гэж тайлбарладаг. Гэтэл өөрсдөө тус хөрөнгийг хэдэн төгрөг болохыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байж ажиллагаанд гомдож байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У  нь хариуцагч Н газар холбогдуулан ...  тоотод байрлах орон сууц, гаражийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 573 дугаар захирамжаар хариуцагч Ц.Э  зээлийн төлбөр 224 048 700 төгрөгийг О ББСБ ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц.Э  гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд О ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр биелүүлэх газраар барьцаа хөрөнгө болох Y-2206010637 улсын бүртгэлийн дугаартай, 000126804 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махамта ганди гудамж 60 дугаар байр 25 тоот орон сууц болон 18 тоот авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Төлбөр төлөгч Ц.Э  224 048 700 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэхажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ц.Э , өмчлөгч Д.У  нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махамта ганди гудамж 60 дугаар байр 25 тоот орон сууц болон 18 тоот авто зогсоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17290958/04 дугаар тогтоолоор битүүмжилж 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 17290958/05 дугаар тогтоолоор тус тус хураасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд /2002 оны хууль/ заасны дагуу төлбөр төлөгч, авагч нар нь үнийн санал авахад тохиролцоогүй байх тул 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

 

Хөрөнгө эстимейт ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01 тоот дүгнэлтээр тус орон сууц, гараж зэрэг барьцаа хөрөнгийг үнэлэхдээ орлогын хандлагын, зардлын хандлагын, зах зээлийн хандлагын аргаар нийт 245 769 900 төгрөгөөр үнэлжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2346 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Д.У , төлбөр төлөгч Ц.Э  нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 245 769 900 төгрөгөөр үнэлсэн болохыг хаягийн дагуу шуудангаар мэдэгдсэн байна.

Уг ахлах гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрсөн болон дээрх үнэлгээний талаар дахин гомдол гаргаагүй байх ба энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д хуульд заасан хугацааг хэтрүүлж, уг нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нь хуулиар тогтоосон 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батбаяр 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгч талын эзгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэнэ үү гэсэн байх бөгөөд мөн өдөр хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь төлбөрт хураасан орон сууцыг үнэлэх болон дуудлага худалдааг явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан ...  тоотод байрлах орон сууц, гаражийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.У гийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.У гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ