Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0378

 

Т.Т, Т.Э нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.МЖ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э, нэхэмжлэгч Т.Т, Т.Э, нэхэмжлэгч Т.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 373 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд Д.Дэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Най, гуравдагч этгээд Д банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хнарын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Т, Т.Э нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.МЖын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс ньД.Дэгийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн улсын Ү-2205038697 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 7-р хороо Нарлаг хотхоны 104-р байрны д тоот орон сууцны бүртгэлийг хүчингүй болгуулах... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Ж.Мын тус хэлтэст 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болон 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн орон сууц нь банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавигдаагүй, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус орон сууцны эрхийг түдгэлзүүлсэн болохыг тодорхойлсон лавлагаа өгч байсан байна. Иргэн Ж.МЖ нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 238 хувийн дугаартай нотариатчийн гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ иргэн Д.Дэд шилжүүлж өмчлөх эрхийн 000295290 тоот гэрчилгээ авсан байна. Д.Дэ нь Д банктай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж тухайн орон сууцыг 53 сая 900 мянган төгрөгийн барьцаанд тавьж Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байна. Дээрх орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2/10022 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болно.

Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч С.Оч нь ажилдаа хайнга хандаж өмчлөх эрхийг шилжүүлсэн нь үнэн боловч иргэн Ж.МЖ нь тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохыг мэдсээр байж санаатайгаар өмчлөх эрхийг шилжүүлэхээр мэдүүлэг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т "мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө" гэж заажээ. Иргэн Ж.МЖ нь шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөрийн асуудлаа бүрэн хариуцаж барагдуулах үүрэгтэй. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 238 хувийн дугаартай нотариатчийн гэрчилсэн "Худалдах, худалдан авах гэрээ", 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Д банктай байгуулсан 53 сая 900 мянган төгрөгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байх тул бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй юм... гэжээ.

Гуравдагч этгээд Д.Дэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.На шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...Гуравдагч этгээд Д.Дэ нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ж.МЖаасхудалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, 104 дүгээр байрны д тоот, 43 м.кв орон сууцыг худалдан авч Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыгбаталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "бүртгэлийн гэрчилгээ" гэх/ олгож" гэж заасны дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, Ү-2205038697 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгөтэй болж, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Д банкид 8 хувийн орон сууцны зээлд хамрагдсан.

Тухайн байрыг худалдан авахын өмнө Улсын бүртгэлээс 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр лавлагаа авахад "Фүжи холдинг" ББСБ-д 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр барьцаалж, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр барьцаа дуусгавар болсон мэдээлэл гарч ирсэн бөгөөд хэрэв би хууль бусаар дээрхи үйлдлийг хийж байсан бол, эрх бүхий байгууллага болох Улсын бүртгэлийн байгууллага, түүний ажилтан үүнийг таслан зогсоох, бүртгэхээс татгалзах байсан байх.

Мөн би өмнөх өмчлөгчийг хаана ямар асуудалтайг мэдээгүй байсан бөгөөд мэдэх боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Гуравдагч этгээд "Д" банкны гүйцэтгэх захирал П.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...Тус банк нь зээлдэгч Д.Дэтай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №3000-2014/19 тоот "орон сууцны зээлийн гэрээ" болон "Зээлийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж 59,900,000.00 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Дэгийн өмчлөлийн Ү-2205038697 тоот Улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, 104 дүгээр байны д тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны эрхээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулсан юм.

Барьцааны эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан үндэслэлээр дуусгавар болох ёстой бөгөөд тус банкны барьцааны эрх дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр хэвээр байна.

Мөн тус банк нь анх буюу 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр барьцаалуулан Д.Дэтай барьцааны гэрээг байгуулж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Т.Т болон Т.Э нарын үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдсэн байсныг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан" гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 373 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,Ж.МЖаас Д.Дэгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн Ү-2205038697 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 104 дүгээр байрны д тоот хаягт байрлах орон сууцны бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Дэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н давж заалдах гомдолдоо: Миний бие С.Най нь иргэн Т.Т, Т.Эийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Д.Дэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар, шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 373 дугаартай шийдвэрт гомдол гаргаж байна. Үүнд:

1.  Д.Дэ 2014 оны 01 сарын 17-ны өдөр Ж.МЖаас Баянгол дүүргийн 7-р хороо, Нарлаг хотхон, Сөүлийн гудамж, 104-р байрны д тоот /43 мкв/-ыг "худалдах, худалдан авах гэрээ" байгуулан, нотариатоор гэрчлүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээ /Ү-2205038697/ авч хууль ёсны өмчлөгч болсон. Тухайн үед лавлагаа авахад барьцаа дуусгавар болсон мэдээлэл байснаас өөр мэдээлэл байгаагүй. Д.Дэгийн дээрхи орон сууцыг худалдан авсан үйлдэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.2, 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрх олж авах талаархи хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй.

2.              Өмнөх өмчлөгч Ж.МЖ Улсын бүртгэлийн байгууллага, Улсын бүртгэгч нэхэмжлэгч алиных нь хууль зөрчсөн, алдаатай, хууль бус үйлдлийн улмаас тухайн өмчийг шударгаар олж авсан, өмчлөгчболох нь Д.Дэгийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөх ёсгүй гэдэг нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар тодорхойлогдоно.

3.      Шүүх хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан. Учир нь нэхэмжлэгч Т.Э нь энэхүү маргаантай асуудлаар Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргаж, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өдөр 1408 тоот албан бичгээр хариу, УБЕГ-аас 2014оны 09 дугаар сарын 11-ний өдөр 10/6250 тоот албан бичгээр хариуг тус тус хүлээн авсан байдаг. Т.Э нь хариуг авснаас хойш 2 сар, 13 хоногийн дараа Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэтэл шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх илт буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.Тодруулбал "... маргаан бүхий бүртгэл илт хууль зөрчсөн буюу илт хууль бус байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилгод нийцнэ ..." гэж үндэслэлгүй, хуулийг илтэд буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл илт хууль бус захиргааны актын талаархи маргаанд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэсэн зохицуулалт ямар хуулинд байдаг вэ?

4.       Т.Т Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангаагүй, мөн "...урьдчилан шийдвэрлүүлэхээр өргөдөл өгөх хэрэггүй гэж шийдвэр гүйцэтгэгч хэлсэн..." гэх нэхэмжлэгчийн нотлох баримтгүй хэлсэн үйлдлийг үндэслэл бүхий гэж үзэж шийдвэр гаргасан.

5.       Д.Дэг "шударга өмчлөгч болохыг тогтоож" 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 4179 дугаартай шийдвэр гарсан. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Э нь гуравдагч этгээдээр оролцсон. Талууд одоог хүртэл хэн аль нь давж заалдах шатны журмаар гомдол гаргаагүй.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 373 дугаартай шийдвэрийг хүчингүй болгоно уу. гэжээ.

Гуравдагч этгээд Д банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хүдавж заалдах гомдолдоо: Монгол Улсын иргэн Т.Т, Т.Э нарын нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох, Ү-220503897 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 104 дүгээр байрны д тоот орон сууцны өмчлөх эрхийг иргэн Ж.МЖаас иргэн Д.Дэд шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөх эрхийг Ж.МЖын нэр дээр буцаан шилжүүлэх тухай захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх (Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх) 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 373 тоот шийдвэрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох тус банк эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр дурдсан хэргийг хянан шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн учир шүүхийн 373 тоот шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Д.Дэ нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ж.МЖтай "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан бөгөөд улмаар 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ү-2205038697 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000295290 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдсэн байдаг. Монгол Улсын иргэн Д.Дэ нь уг орон сууцыг иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулан худалдан авахдаа иргэн Ж.МЖын өмчлөх эрх хязгаарлагдсанбайсныг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан.

Энэ нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т "Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно" гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т "Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгааэтгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй" гэж заасны дагуу иргэн Д.Дэг уг орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан, хууль ёсны өмчлөгч болохыг тодорхой илтгэж байна.

Тийм учраас иргэн Д.Дэ нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх (Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх)-д нэхэмжлэл гаргаж, өөрийгөө уг орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан, хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгохыг хүссэн бөгөөд иргэний шүүхээс Д.Дэгийн талд шийдвэр гаргасан. Уг асуудлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд тухайн үед шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байсан учир гуравдагч этгээдүүдийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэж заасан бөгөөд захиргааны хэргийн шүүх хэргийг шийдвэрлэхэд нэн чухал нотлох баримтыг өөрөө цуглуулах үүрэгтэй боловч Иргэний хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг хэрэгт хамааралгүй хэмээн тайлбарлаж, нотлох баримтаар авалгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр байна.

2. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянан шийдвэрлээгүй мөн хуульд үндэслэсэн байх хуулийн шаардлага хангаагүй учир 373 тоот шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй юм.

Учир нь уг хэрэгт гуравдагч этгээдийн байр суурьнаас оролцсон Д банк болон Д.Дэ нар нь хариуцагч Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн гэм буруугийн талаар зөвтгөсөн байдалтай оролцоогүй бөгөөд харин өмчлөх эрхийг шударгаар, хууль ёсны дагуу олж авсан өмчлөгчийн эрхийг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй байгааг тайлбарласан. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн үйл явц, баримтанд нэг бүрчлэн дүгнэлт өгөлгүй зөвхөн хариуцагч Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн гэмбурууд дүгнэлт хийснээр Д.Дэгийн өмчлөх эрхийг хүчингүй болгож буй нь иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болоод байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 373 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шат руу буцааж өгнө үү.гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн байх тул гуравдагч этгээд Д.Дэ болон Д банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/12758 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 6965 дугаар захирамжаар Ж.МЖын Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 104-д тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилсний дагуу уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгджээ. Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1469 дүгээр албан бичгээр Ж.МЖын орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснээ мэдэгдсэн байна.

Ж.МЖ нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уг орон сууцаа гуравдагч этгээд Д.Дэд худалдсан байх бөгөөд Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс нь худалдах, худалдан авах гэрээ болон холбогдох баримтуудыг үндэслэн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр уг орон сууцны өмчлөх эрхийг Д.Дэгийн нэр дээр шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгосон, Д.Дэ нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр уг орон сууцыг Д банкинд барьцаалан 53.900.000 төгрөгийн зээл авч, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Гуравдагч этгээд тайлбартаа ... битүүмжилсэн захирамжийн үйлчлэл ... шүүхийн шийдвэр гарснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2-т ... заасны дагуу дуусгавар болсон гэж маргасан байна.

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 6965 дугаар захирамжаар орон сууцыг битүүмжилсэн захирамж нь Т.Эийн нэхэмжлэлтэй Ж.МЖд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан бөгөөд уг иргэний хэргийг Баянгол дүүргийн шүүх 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2234 дүгээр шийдвэрээр шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэр нь хэзээ хүчин төгөлдөр болсон, уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор эд хөрөнгийг шийдвэр гаргах хүртэл битүүмжилсэн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон эсэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ...36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч Т.Эийн төлбөрийг гаргуулахаар Ж.МЖын тухайн орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гаргаж улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн Ж.МЖаас 9.300.000 төгрөгийг гаргуулан Т.Тд олгохоор шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2071 дүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 171/13 дугаар тогтоолоор Ж.МЖын өмчлөлийн Ү-2205038697 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжилсэн боловч маргаж буй уг орон сууцыг Д.Дэгийн нэр дээр 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэхээс өмнө Т.Тын төлбөрийг гаргуулахаар эд хөрөнгийг битүүмжилсэн талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл уг орон сууцны захиран зарцуулах эрхийг шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа түдгэлзүүлж байсан, мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд бүртгэгдэж байсан, тэдгээрийн зарим нь дуусгавар болж байжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд уг орон сууцны захиран зарцуулах эрх нь хэн, хэний ямар шийдвэрийн дагуу түдгэлзсэн, тэдгээр нь тус бүртээ сэргээгдсэн эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар болон гуравдагч этгээд Д.Дэ нь шударга өмчлөгчөөр тогтоолгох, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой маргааныг /давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь иргэний хэргийн шүүхэд энэ талаарх маргаан байгаа

 

 

 

 

 

талаар тайлбарласан/ иргэний хэргийн шүүх шийдвэрлэсэн эсэх, нэхэмжлэгч тус бүр нь төлбөр авагчийн хувьд төлбөр төлөгч Ж.МЖын уг орон сууцнаас төлбөр гаргуулах эрх нь үүссэн эсэх зэрэгтэй холбоотой баримтуудыг цуглуулан улсын бүртгэлийн байгууллагын хууль бус үйлдлийн үр дагавар нь нэхэмжлэгч нарын зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой шууд хамааралтай эсэхийг тогтоож дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байна.

2. Мөн шүүх хэргийн оролцогчдын маргасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан эсэх болон нэхэмжлэл гаргах хугацааны талаар дүгнэхдээ нэхэмжлэгч Т.Э нь урьдчилан шийдвэрлүүлсэн тул Т.Т урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж шийдвэр гүйцэтгэгч хэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж, нэхэмжлэгч илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй, шүүх илт хууль бус болох талаар шийдвэрлээгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тооцохоор заагаагүй байхад маргаан бүхий бүртгэл илт хууль бус байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах захиргааны хэргийн шүүхийн зорилгод нийцнэ гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Нэхэмжлэгч Т.Э болон Т.Т нар нь нэхэмжлэлийг хамтран гаргасан боловч хууль бус захиргааны актын улмаас тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан тул тус бүрдээ нэхэмжлэл гаргахад тавигдах шаардлагыг хангах үүрэгтэй. Нэхэмжлэгч Т.Э нь улсын бүртгэлийн байгууллагад хандсаны дагуу хариу албан бичгийг хэзээ хүлээж авсан, Т.Т урьдчилан шийдвэрлүүлэхээр захиргааны байгууллагад хандаж хариу авч байсан эсэхтэй холбоотой баримтыг цуглуулсны үндсэн дээр уг асуудлыг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэх шаардлагатай.

Түүнчлэн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтанд ямар нэгэн акт гаргахыг даалгаагүй атлаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.4-т заасныг удирдлага болгосон нь буруу байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн[1] 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МЖ