Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00707

 

ТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 188/ШШ2019/00582 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1077 дугаар магадлалтай,

ТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

АЛТ ХХК Д.Э- нарт холбогдох

ТТ ХХК-ийн гадаад харилцагчидтай холбогдох, тус компанийн гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах, 50.000.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Э-, түүний өмгөөлөгч Б.Б- нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхтөр, хариуцагч Д.Э-, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТТ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хариуцагч АЛТ ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.М-, гүйцэтгэх захирал Д.Э- нар нь АЛТ компанийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авч байх үедээ ТТ ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж, хөдөлмөрийн хөлсөө авч ажиллаж байсан юм. Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу компанийн Нууцыг хадгалах, Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээний дагуу үүрэг, хариуцлагаа хүлээж байсан. Гэвч ийнхүү ажиллаж байхдаа "ТТ ХХК-ийн үйл ажиллагааны процессууд, бизнесийн моделийг, гадаад хамтрагчид, үйлчлүүлэгчдийн мэдээллийг хуулбарлан хулгайлан авч, дээрх Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ижил төсөөтэй компани үүсгэн байгуулахад шаардлагатай мэдээлэл, баримт материалыг цуглуулахаар хоорондоо үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар хамтран гүйцэтгэсэн болох нь харагдаж байна. Б.М- нь ажлаас халагдах хүсэлтээ гаргахдаа хүнтэй сууж байгаа тул хөтчөөр ажиллаж гадагшаа явах боломжгүй болсон гэдгээ амаар хэлж, өөрийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэн суралцах шалтгаанаа өргөдөлдөө бичиж 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн. Д.Э- 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Австрали улс руу явж суралцана гэж хэлээд хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгсөн. Гэтэл энэ 2 хүн АЛТ ХХК-ийг байгуулах үйл ажиллагааг аль эрт эхэлсэн төдийгүй Д.Э-ийн ажлаас чөлөөлөгдсөн 2 дахь өдөр, Б.М- ажлаас чөлөөлөгдөөгүй байхад буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус компанийг байгуулж, гэрчилгээг авсан. Энэ нь Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээний үүргээ зөрчсөн төдийгүй, бусдын бүтээсэн оюуны бүтээл, хүч хөдөлмөрийг ёс зүйгүй хулгайлан авч, хуурч мэхлэн худлаа хэлж байсан нь 2 хүний өгсөн өргөдөл, АЛТ ХХК-ийн гэрчилгээгээр нотлогдож байна. ТТ ХХК-ийн гадаад аяллын чиглэлүүдэд ижил аялал зохион байгуулж байгаа нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдсон. Хариуцагч Д.Э-ээс мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Д.Э- нь ТТ компанид ажиллахаас өмнө аялал жуулчлалын мэргэжлээр ажиллаж байгаагүй, ажлын туршлага байхгүй байсан нь түүний ажилд орохыг хүссэн хувийн анкет дээрээ өөр байгууллагад ажиллаж байсныг тэмдэглэсэн байдлаас харагдах бөгөөд энэ нь Жи Мобайл компанийн албан тоот, өмнөх ажлын газрын тодорхойлолт, өөрийн гараар бичиж өгсөн анкет, өргөдөл зэрэг нь нотолно. Д.Э-ийг сургаж туршлагатай боловсон хүчин болгож бэлтгэх, гадаад оронд аялуулах, цалин, урамшуулал зэрэгт ТТ ХХК-аас нийт 90.000.000 гаруй төгрөг зарцуулсан. Иймд ТТ ХХК-ийн бүхий л материалыг хуулбарлан авч, компани байгуулах хүсэлт, материалаа бүрдүүлсэн, харилцагчдын мэдээллийг хулгайлсан төдийгүй, манай олон жилийн харилцагч томоохон компаниудтай уулзаж, манай компанид ажиллаж байсан байдлаа ашиглан зарим компанийг өөрийн байгуулсан компаниар аялуулсан нь баримтуудаар харагдаж байна. Эдгээр бусармаг үйлдлүүд нь ТТ ХХК-ийн удирдлагын итгэлийг олж, үнэнч ажиллана хэмээн харилцан тохиролцож байгуулсан мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээгээ зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул гэрээнд заасан үнийн дүн болох 50.000.000 төгрөгийг гаргуулж, ТТ ХХК-ийн гадаад харилцагчидтай холбогдох, тус компанийн гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч АЛТ ХХК-ийн төлөөлөгч Б.М-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Би тус компанид 6 гаруй жил хөтөч хийсэн. Д.Э- болон бусад хөтөч нартай мэдээлэл задруулахгүй байх тухай гэрээг хийсэн байдаг. Надтай хийх гэхэд нь тайлбараа өгч, Мэдээлэл задруулахгүй, нууц хадгалах гэрээнд байгаа нөхцөлүүд миний ажлын онцлогтой уялдахгүй байсан учраас гэрээний заалтаа өөрчлөх юм бол би энэ гэрээнд гарын үсэг зурж болно гэдгээ хэлж байсан. Бид нар ч гэсэн судалгааны дагуу аяллаа гаргаж байгаа. Тайландын Triplink PC Limited Partnership компанитай 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэрээ хийгээд хамтарч ажиллаж байгаа. Манай компани S.V.D-Express Partnership Limited компанитай хамтарч ажилласан зүйл байхгүй. Наташа Захарова бол ОХУ-ын Тэнгэри трэвел ХХК-ийн захирал бөгөөд би ээжтэйгээ хамт Хонг Конгийн чиглэлд энэ хүнтэй хамт аялж байсан. Би хэнтэй уулзах, нөхөрлөх нь миний эрх бөгөөд тэр эрхийн дагуу би харилцдаг. Манай компани ажил хэрэг бизнесийн журмаар нэг ч удаа та хүн явуулаач, надад аялал өгөөч, би Байгаль нуур руу хүн явуулъя гэж ТТ ХХК-тай харьцаж байгаагүй. Хөтөлбөрийг бид ч бас нарийн судалсан. Аяллын хөтөлбөрийг оюуны өмчөөр патентжуулсан гэрчилгээ байхгүй. Бид Энэтхэгийн Катманду гэх мэт нарийн чиглэлийг гаргадаг, би өөрөө судалдаг. Аяллын ажил чинь заримдаа 2-3 сар ажилгүй, орлогогүй үе ч байдаг, өр зээлтэй хүн өөр юу хийх вэ, өөр компанид хөтчөөр ажиллаад хувиараа ч болтугай хөтчөөр явахыг бодно. АЛТ ХХК-ийн зүгээс ТТ ХХК-ийн харилцагчийг нь булаасан, өрсөлдсөн зүйл байхгүй. ТТ ХХК-ийн харилцагчийг бид манайхтай хамтраач гээд байгааг юугаар нотлоод байгаа юм бэ, Шунхлай ХХК-ийн ямар захирал, мөн цахилгаан станцын ямар ажилтан танд манайхтай хамтарч ажиллах гэж тохирсон гэж хэлсэн юм бэ, нэр устай нь хэлмээр байна. Мөн манай компани нь 2018 оны 11 дүгээр сарын 02-нд гадаад орон руу жуулчин илгээх тур операторын ангиллын гэрчилгээг авсан бөгөөд хэрэгт өгсөн. Иймд манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Э-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Би 2012 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг аялал жуулчлалын менежмент мэргэжлээр төгсөөд, Наран трэйд ХХК болон Жи мобайл ХХК-д ажиллаж байсан. 2013 оны 07 сард тус компанид мэргэжлийн ажилд орох анкет өгч, би 11 сард ажилд орсон. Би 1-3 жил ажиллана гэдэг хүснэгтийг дугуйлсан. Энэ талаар надаас асуухад нь тухайн үед би цаашдаа найзуудтайгаа нийлээд аялал жуулчлалын бааз нээх төлөвлөгөөтэй байгаа гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлж байсан. Ингээд үндсэн ажилтан болсон бөгөөд 2014 оны 06 сард надтай Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээг байгуулсан. Энэ гэрээг анх танилцуулахдаа энэ гэрээний нөхцөл заалтуудыг надад тайлбарлаж өгөөгүй, маш тулгуу, хүчээр шахуу нэг өрөөнд суулгаж байгаад байгуулж байсан, би С.Лхамжав гэдэг захиралд нь 10 жил гэдэг хэцүү байна, би өөрөө аялал жуулчлалын чиглэлээр төгссөн, би энэ компанид ажиллаж байгаад халагдсаны дараа би юу хийх вэ, энэ хугацаанд хоосон байх юм уу гэхэд би энэ хугацааг ярилцана, чи ямар ч байсан гарын үсгээ зурчих гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан. Би эхний 1-2 жилд мэргэшээд, 3 дахь жилээс миний норм төлөвлөгөөгөө биелдэг болсон, 4 дэх жилээс нилээд сайн туршлагатай болсон. Компани өөрөө урамшуулал тогтоож олгох журмын дагуу надад 21 сая төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэж, татварыг нь суутгаад 17 сая төгрөгийг надад бэлэн өгсөн. Үүнд би одоо ч гэсэн талархдаг. Энэ бол 2015-2016 онд ажилласан ажлын үр дүн байсан. Ингээд 2016-2017 онд би ажлаа хийж байсан бөгөөд Австрали улс руу явахаар хөөцөлдөж байсан нь үнэн, энэ тухай ТТ ХХК-ийн удирдлага хэлж байгаагүй. Австрали улсаас хариу ирсэн, тэр үед би 2017 оны урамшуулал олгогдох байх, тэр мөнгөө өмнөх урамшууллын мөнгөний хамт сургалтын зардалд төлөх боломжтой гэж бодож байсан бөгөөд хамт ажиллаж байсан 2 ажилтанд энэ тухай хэлсэн байсныг захирал сонссон байна. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөөний даваа гарагийн хурал дээр миний хариуцлагаас үл хамаарах, надтай холбоогүй асуудлаар намайг буруутгасан. Би үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд С.Туул захирал чи иймэрхүү байдалтай байх юм бол ажлаа хүлээлгэж өг, одоо гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би гаръя гээд өргөдлөө одоо өг гэсний дагуу бичиж өгөөд ажлаас гарсан. Өргөдлөө өгч амжаагүй байхад миний системийн эрхийг хаасан, нярав хажууд зогсоод бүх зүйлийг чамаас хурааж ав гэсэн гээд надаас 1 цаг хүрэхгүй хугацаанд бүх зүйлийг хурааж авсан. Би тэр өдрийн дотор ажлыг хүлээлгэж өгөөд гарсан. Намайг АЛТ ХХК-ийг ТТ ХХК-д ажиллаж байх хугацаанд байгуулсан гэж байна. Би энэ үед ажлаас халагдсан байсан. АЛТ ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.М-, н.А нар санал тавьсан бөгөөд бид хамтарч ажиллахаар болсон. Би Үндсэн хуульд зааснаар хүн сурч хөдөлмөрлөх, ажил хөдөлмөр эрхлэх, хувийн аж ахуй нэгж байгуулах эрхтэй. Иймд надаас 50.000.000 төгрөг гаргуулна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00582 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5., 202 дугаар зүйлийн 202.2.2.-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-ээс 50 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ТТ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э-т холбогдуулан гаргасан ТТ ХХК-ийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1., 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасныг баримтлан хариуцагч АЛТ ХХК-д холбогдуулан ТТ ХХК-ийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зүйлийн 59.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөгөөс 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 70 2000 төгрөгийг буцаан гаргуулж ТТ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1077 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00582 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-ээс 50 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТТ ХХК-д олгож гэж, 4 дэх заалтын 70 2000 төгрөг гэснийг 70 200 төгрөг гэж өөрчилж, буцаан гаргуулж гэсний дараа хариуцагч Д.Э-ээс 407 950 төгрөгийг гаргуулж гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч ТТ ХХК-ийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Э-, түүний өмгөөлөгч Б.Б- нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан маргаан бүхий гэрээний харилцааг буруу үнэлж дүгнэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн тайлбар, татгалзлыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэн зөв үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул уг магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй болно. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаараа Д.Э- болон АЛТ ХХК-д холбогдуулан “ТТ ХХК-ийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан байдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э-т холбогдуулсан энэ шаардлагаасаа татгалзсан, уг шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ “...Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах зохицуулалттай байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон байх тул шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх “...мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах зохицуулалттай байна. Иймд анхан шатны шүүхээс АЛТ ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч ТТ ХХК-ийн гаргасан гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэж, түүнд холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ” гэж дүгнэсэн. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Д.Э-т холбогдуулан тус компанийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал байгуулахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан журмын дагуу баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж давж заалдах шатны шүүх мөн үнэлж дүгнэсэн байх бөгөөд эндээс үзвэл давж заалдах шатны шүүх иргэн Д.Э- нь “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ”-г байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж тохиролцсон байна, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхийг нь зөрчөөгүй, нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй гэж, мөн ...нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э-ээс шаардах эрхтэй гэж дүгнэн, ингэхдээ “Өрсөлдөхгүй, мэдээлэл задруулахгүй байх тухай гэрээ”-ний үүргээ ноцтой зөрчиж хохирол учруулсан учир гэрээний дагуу 50.000.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тус тус дүгнэж гомдлын дагуу шийдвэрт өөрчлөлт оруулж мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох хариуцагч АЛТ ХХК болон Д.Э-т холбогдуулан гаргасан шаардлагыг өрсөлдсөн эсэхийг нотлоогүй, өрсөлдсөн гэвэл Өрсөлдөөний тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагад хандах, дараа нь шүүхэд хандах тухайд анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэсэн давж заалдах шатны өөрийнх энэ дүгнэлттэй нь зөрчилдөж, 2 дахь шаардлага болох иргэн Д.Э-ээс төлбөр гаргуулах шаардлагыг ийнхүү үнэлж дүгнэхдээ Д.Э- гэрээг зөрчиж өрсөлдсөн гэсэн нь шүүх дээрх өөрийн дүгнэлтийнхээ эсрэг үнэлэлт дүгнэлт өгч, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг тус шүүх буруугаар тайлбарлаж хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Э- нь 2013 оны 11 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч байгууллагад аяллын зөвлөхөөр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 31-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт авагдсан, ...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17/42 тоот ажилтанг ажлаас чөлөөлөх тухай ТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн ба эдгээр нотлох баримтуудыг талуудын мэтгэлцээний үйл баримт бусад хэрэгт авагдсан нотлох баримттай нь харьцуулж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлж дүгнээгүй болно. Өөрөөр хэлбэл 2013 оны 11 дүгээр сард туршилтын хугацаагаар ажилд орж, 2014 оны 6 дугаар сард уг ажилтан Д,Энхчимэгийг жинхэнэ ажилтан болгож гэрээ байгуулахдаа энэхүү “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ” гэх хууль зөрчсөн, Үндсэн хуулиар олгогдсон хүний баталгаатай эдлэх эрхийг ноцтой зөрчсөн энэ гэрээг Хөдөлмөрийн харилцааны хүрээнд ажил олгогч нэг талын дарамт шахалтаар байгуулсан үйл баримтыг шүүх үнэн зөв үнэлээгүй. Мөн ажилтан Д.Э- гадаадад суралцахаар судалж байгаагаа компанийн нэг ажилтанд хэлсэн нь мэдээлэгдэж, энэ дагуу ажил олгогч түүнийг “ажлаас гарахыг шаардаж, тэрээр халагдаж гарахгүйн тулд өөрийн хүсэлтээ өгсөн үйл баримтын талаарх хариуцагчийн энэ тайлбар, шүүх хуралдааны мэтгэлцээн, нэхэмжлэгч уг асуудлаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлдээ суралцахаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн зэргээр тодорхойлогдож байхад, мөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж дүгнэж байгаа бол хүсэлтээ 2017 оны 10 сарын 31-нд өгөхөд нь хуульд заасан ажлаас чөлөөлөх 30 хоногийн хугацааг хүлээхгүйгээр ажил олгогч тухайн 2017 оны 10 сарын 31-нд чөлөөлсөн тушаалаа гаргасан байгааг нь тодруулахгүй зэрэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шүүх үнэн зөв үнэлж дүгнээгүй, буруу шийдвэрлэсэн болох нь шууд тогтоогдоно. Давж заалдах шатны шүүх хэрэг маргааны талаар өөрийн өгч буй үнэлэлт дүгнэлтийг үндэслэлтэй болгохын тулд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан “нэрлэгдээгүй гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байна” гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, учир нь иргэн Д.Э- нь ажил олгогч ТТ ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, энэ дагуу хөдөлмөрийн гэрээний харилцааны үүссэн тул ажил олгогч нэг талын санал шаардлагаар ажилтанд маргаан бүхий гэрээгээр үүрэг хүлээлгэж, энэхүү “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээ” гэсэн нэртэй, хууль зөрчсөн гэрээг талууд байгуулсан байгаа бөгөөд үүгээр Хөдөлмөрийн харилцааны дан ганц ажил олгогч нэг талын эрх ашгийг хамгаалсан. Ажилтанд тус гэрээннй бүх үүргийг хүлээлгэсэн агуулгатай ийм гэрээ байгуулагдсан байхад давж заалдах шатны шүүх дүгнэхдээ иргэн Д.Э- болон ТТ ХХК нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан ...талууд гэрээний агуулгыг өөрсдөө харилцан тохиролцож тодорхойлсон гэх үндэслэлтэй гэсэн нь давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэлбэрийн хувьд байж болох ч агуулгын хувьд илт буруу үнэлэлт дүгнэлт өгч, хууль буруу хэрэглэсэн болно. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “...гэрээнд дан ганц Д.Э- үүрэг хүлээхээр заасан нь болон мөн өөрийн эзэмшсэн аялал жуулчлалын менежмент мэргэжлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэх, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхийг урт хугацаанд хязгаарлаж, түүнд хохиролтой, хууль зөрчсөн нөхцлийг тохиролцсон нь хүчин төгөлдөр бус болжээ” гэж үнэлж дүгнэн холбогдох хуулийг баримталсныг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг буруутган, ийнхүү буруутгаж буй үндэслэлээ “...хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах явцад мэдээллийг задруулахгүй, өрсөлдөхгүй, өөрийнх нь эсрэг ашиглахгүй байх нөхцлийг талууд тохиролцсон нь”, мөн Д.Э- зөвшөөрч гарын үсэг зурснаар 10 жил гэсэн хугацаа тохиролцсон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хугацаанд нийцсэн байна, хэт урт, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон гэх үндэслэл тогтоогдохгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь шүүх өөрийн энэхүү “зохигчид тохиролцсон” гэх дүгнэлтдээ нийцүүлж, хөдөлмөрийн гэрээний харилцааны хүрээнд нэг тал давуу эрхээр нөгөө талд үүрэг үүсгэсэн харилцааг нэрлэгдээгүй гэрээ гэж тайлбарласандаа нийцүүлж, хөдөлмөрийн гэрээний харилцаанд ажил олгогч нэг тал давуу байдалтай ханддаг, энэ дагуу тухайн байгуулсан гэрээ зөвхөн дан ганц ажилтанд л үүрэг хүлээлгэсэн, нөгөө талын эрхийг баталгаажуулсан, улмаар түр хугацааны ажилтанг ажилд ороод 6 сарын дараа жинхлэх үед дарамталж, аргагүй эрхэнд зөвшөөрүүлж байгуулсан, нөгөө талаас нь авч үзвэл ажилтан хэн ч, хэзээ ч өөрөө өөртөө ийм хохиролтой байдлыг үүсгэх нөхцлийг тохиролцохгүй болох нь нийтэд тодорхой байхад, мөн ажлаас хүсэлтээрээ гарсан биш ажил олгогчийн шахалт шаардлагаар гарахдаа халагдаж гарахгүйн тулд өөрөө хүсэлт өгч гарсан энэ үйл баримтын талаар мэтгэлцээнээр тогтоогдсон байхад, эдгээр үйл баримтуудыг заавал бичгээр нотлогдохгүй, нотлох шаардлагагүйгээр нийтэд илэрхий үйл баримтууд байгааг тус тус тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь эргэлзээгүй, үнэн зөвөөр үнэлж дүгнээгүйгээр эсрэгээр хуулийг буруугаар тайлбарлаж дүгнэсэн болно. Түүнчлэн давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хариуцагчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан эрхийг зөрчөөгүй гээд, энэ үндэслэлээ тайлбарлахдаа “...зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ”-ээр хориглоогүй, ажил олгогч байгууллагатай холбоогүй бусад ажил үүргийг гүйцэтгэх, үйл ажиллагаа явуулах Д.Э-ийн эрхийг зөрчөөгүй байна гэсэн нь Д.Э- Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан эрхээ эдлэхдээ бусадтай байгуулсан гэрээгээр тохиролцсоноос бусад эрх эдлэх, мөн ТТ ХХК-тай холбоогүй өөр чиглэлийн ажил эрхэлж болно гэж дүгнэсэн нь тус “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ” нь үндсэн хуулиас илүү, дээгүүр эрх хэмжээтэй гэрээ болох тухайг, мөн “Ажил олгогч Тэнгэр трэвэл ХХК-тай холбоогүй бусад ажил, үйл ажиллагаа эрхлэх эрхийг зөрчөөгүй” гэсэн нь тухайн Компани хуулиас дээгүүр, бүр Үндсэн хуульд заасан иргэн хүний баталгаатай эдлэх эрхийг эдлүүлэхгүй байх боломжтойгоор Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасныг, мөн Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.1, 202.2, 202.2.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг тус тус тухайн хэрэгт хамааралтай талаас нь бус өөрийн дүгнэлтдээ нийцүүлэн илт буруугаар тайлбарлаж, хэрэглэсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй болно. Давж заалдах шатын шүүх 50.000.000 төгрөг гаргуулах талаар дүгнэхдээ Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ гэх талуудын хооронд байгуулагдсан маргаан бүхий гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөл тогтоогдохгүй тул гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл буюу Үндсэн хуульд заасан иргэн хүний баталгаатай эдлэх эрхийг зөрчсөн гэрээ байж болохгүй, шүүх илт буруу дүгнэсэн. Нэхэмжлэгчийн 50.000.000 төгрөг гаргуулах тухайдаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ тодорхойлсноор нь, мөн давж заалдах журмаар гаргаж буй гомдлын үндэслэлдээ дурьдсанаар нь хөдөлмөрийн гэрээний харилцааны хүрээнд ажилтан Д.Э- үүргээ биелүүлэхгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар торгууль хэлбэрээр төлүүлэхээр тохиролцсон гэж тус тус заасан байхад шүүх түүнийг нь өөр байдлаар буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь илт буруу, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө хариуцлага гэж тодорхойлон торгуулийн төлбөр шаардсан байхад давж заалдах шатны шүүх гэрээний үүргийн дагуу мөнгө төлөхөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хуулийг илэрхий буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаа тул үндэслэлгүй болно. Иймд дээр дурьдсан гомдол үндэслэлүүдээр Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлж дүгнээгүй, маргалдагч нэг талд буюу нэхэмжлэгч компанитай ижил чиглэл, төрлийн ажил үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахгүй байх, мөн тус компанитай байгуулсан гэрээнд зааснаас өөр ажил мэргэжлийн дагуу ажиллах боломжтой ба энэ нь түүний эрхийг зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь, ийнхүү шүүхийн магадлал гаргахдаа холбогдох хуулиуд, хуулийн зүйл заалтыг дээрх байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, маргаан бүхий энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ТТ ХХК, хариуцагч АЛТ ХХК болон Д.Э-т холбогдуулан тус компанийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах,  Д.Э-ээс 50.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ТТ ХХК нь хариуцагч Д.Э-т холбогдох “...гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах” нэхэмжлэлээс татгалзаж бусад шаардлагаа дэмжиж оролцсон байна.

Анхан шатны шүүх, хариуцагч Д.Э-ээс 50.000.000 төгрөг гаргуулах   нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  түүнд холбогдох  “...гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах” нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хариуцагч АЛТ ХХК-д холбогдох “...гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах” шаардлага бүхий хэргийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх, хариуцагч Д.Э-ээс 50.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн бусад шаардлагын талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Д.Э-, түүний өмгөөлөгч Б.Б- нарын гомдолд дурдснаар  давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт хуульд нийцээгүй боловч магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагч Д.Э-ээс 50.000.000 төгрөг гаргуулсан үндэслэлийн талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн алдааг залруулж магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Нэхэмжлэгч ТТ ХХК нь хариуцагч Д.Э-ээс 50.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ, “...ажлаас чөлөөлөгдөөгүй байхдаа компанид эзэмшсэн мэдлэг, олж авсан мэдээ, мэдээлэл, мэдээллийн бааз, материал зэргийг ашиглан   өөрийнхөө хариуцаж байсан Зүүн өмнөд азийн чиглэлд хөтчөөр ажилладаг Н.Мөнхмандахтай хамтран ижил төрлийн аялал жуучлалын компани байгуулж, гадаад харилцагчтай холбогдон хамтран ажиллах санал тавьсан, аяллын маршрутыг хуулбарлан, адил чиглэлээр аялал зохион байгуулж хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах, мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээний үүргээ ноцтой зөрчсөн” гэжээ.

Хариуцагч Д.Э- нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “...ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарласан мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээ хүчин төгөлдөр бус... нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон үйлдэл гаргаагүй...” гэж тайлбарлан маргасан байна.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээ”-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Зохигч хөдөлмөрийн гэрээндээ байгууллагын нууцыг хадгалах болон мэдээлэл задруулахгүй байх, өрсөлдөхгүй байх үүргийг ажилтанд хүлээлгэснээс гадна энэ талаар тусдаа гэрээ байгуулсан нь хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулагдаагүй боловч Иргэний хуульд заасан үүргийн харилцааг үүсгэсэн нэрлэгдээгүй гэрээ гэх боломжтой.

3. Анхан шатны шүүх, “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээний 3.2.1-3.2.3 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ажил  мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх” хариуцагч Д.Э-ийн эрхийг зөрчсөн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцээгүйгээс ...харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, гэрээний нэг талд илтэд хохиролтой Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2, 202.2.2-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээ нь гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох гэрээний талуудын эрхийг зөрчөөгүй тул хүчин төгөлдөр гэсэн байна. Дээрх байдлаар хоёр шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өөр өөр дүгнэлтийг хийжээ.

Анхан шатны шүүх гэрээг стандарт нөхцөлтэй гэж үзсэн нь учир дутагдалтай талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч тус шүүх үндэслэлээ магадлалд тодорхой тусгаагүй байна.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ”  гэжээ.

Дээрх зохицуулалтаас үзвэл, “гэрээний стандарт нөхцөл” нь олон тооны гэрээнд байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж, нэг тал нөгөөдөө санал болгодог хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон гэрээний агуулгыг бүхэлд нь бүрдүүлж байгаа эсхүл тодорхой нэг хэсэг зохицуулалт байна.

Анхан шатны шүүх, “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээ”-ний 3.2.1- 3.2.3-т заасан заалтыг ямар учраас гэрээний стандарт нөхцөл гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгаж бүрэн дүгнэлт хийгээгүй, зөвхөн гэрээний зохицуулалтын агуулгаар уг гэрээг стандарт нөхцөлтэй гэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь гэрээний 3.2.1-3.2.3 дахь зохицуулалтыг гэрээний стандарт нөхцөл гэж үзсэн тохиолдолд л уг стандарт нөхцлийн агуулга нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-ын “...харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, ...хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой...”, 202.2.2-ын “үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон”-с хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжууд үүсэх юм. Нөгөө талаар гэрээний стандарт нөхцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхэд тухайн стандарт нөхцлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэх тухай Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасныг анхан шатны шүүх хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхой бус болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 200.2-т заасан “талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй” гэсэн зохицуулалтыг харгалзаагүй байна.

“Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээг ажил олгогч буюу ТТ ХХК-с санал болгож, ажилтантай байгуулсныг үгүйсгэх боломжгүй хэдий ч уг гэрээг  хариуцагч Д.Э-ийг ажилд орсноос хойш түүний ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажлын зорилго, чиг үүрэгтэй холбоотой 7 сарын дараа байгуулж, гэрээний нөхцлийг талууд нэг бүрчлэн хэлэлцэж, заалт бүрийг хүлээн зөвшөөрснөө баталгаажуулж хариуцагч гарын үсэг зурсан байх тул, ажилтан ямар үүрэг хариуцлага хүлээж буйгаа бүрэн ухамсарлаж тодорхой мэдсэн гэж үзнэ. Иймд  гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ гэх үндэслэлгүй байна.

“Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээ” байгуулах нь гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг зөрчихгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй боловч тус шүүх гэрээний зарим зохицуулалт хуульд нийцээгүйг анхаараагүй нь учир дутагдалтай.

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу харьцуулан үнэлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, “хөдөлмөрийн гэрээ”, “нууц хадгалах гэрээ”, “мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээний холбогдох зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу тайлбарлаагүй нь алдаатай болсон гэж үзэв.

4. Д.Э- 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний дагуу аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТТ ХХК-д аяллын мэргэжилтнээр ажилласныг зохигч маргаагүй, хэрэгт сүүлд шинээр байгуулагдсан 2017.01.02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, 2014.06.01-ний өдрийн “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ”, 2017.02.10-ны өдрийн “Нууц хадгалах тухай гэрээ” тус тус авагджээ.

Эдгээр гэрээнд “нууц хадгалах”, мэдээлэл задруулахгүй байх, өрсөлдөхгүй байх” үүргийг дараах байдлаар тодорхойлсон байна.

-“Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай” гэрээний 1.1-д гэрээний зорилгыг “...ажил олгогч өөрийн дотоод мэдээллийг бусдад алдахгүй байх, зах зээл дээрх өрсөлдөөнд өөрийн байр суурийг хадгалж үлдэх...” гэж тодорхойлж, уг гэрээгээр нэгдүгээрт, ажилтан ажил олгогчийн мэдээллийг бусдад дамжуулахгүй, задруулахгүй байх, хоёрдугаарт, өрсөлдөхгүй байх гэсэн 2 төрлийн бөгөөд харилцан хамааралтай үүргийг хүлээлгэжээ.

Гэрээний 2.1-т заасан “мэдээлэл задруулахгүй байх” хэсгийн “ажил олгогчийн мэдээлэл” гэдэгт “...гэрээ, хэлцэл, үйлчлүүлэгчийн болон ажилтнуудын талаархи мэдээлэл, ажил олгогчоос баталсан журам, заавар, аргачлалууд, хамтрагч байгууллагуудтай байгуулсан гэрээний нөхцөл, үнэ, тарифын тооцоолол”-ыг, гэрээний 3.2-т “өрсөлдөөн” гэдгийг “...-ажил олгогчтой ижил төрлийн аялал жуучлалын үйл ажиллагаа явуулдаг компанид орж ажиллахыг, -өөрөө эсхүл бусадтай хамтарч аялал жуучлалын үйл ажиллагаа эрхлэх компани байгуулахыг, -өөрөө эсхүл бусдаар дамжуулж аялал жуучлалын компанид зөвлөгөө өгөх, бусад хэлбэрээр хамтарч ажиллахыг” тус тус хамааруулж, эдгээр нь гэрээ хүчинтэй байх хугацаанд, мөн гэрээ дуусгавар болсны дараа 10 жилийн хугацаанд хүчинтэй байхыг заажээ.

-“Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.2.24-т компанийн бизнесийн нууцад хамаарах баримт бичгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцаж нууц задруулахгүй байх, “Нууц хамгаалах журмыг баримтлан ажиллах үүргийг” ажилтанд хүлээлгэсэн. Уг гэрээний 8.1-д нууц хадгалах талаар тусгахдаа “...үйлчилгээ, аяллын бүтээгдэхүүн, компанийн менежментийн аргачлал, ...гадаад дотоод түншүүд, ...маркетингийн албаны хөтөлбөр, хамтрагчид, аяллын бүтээгдэхүүн болон, түүнтэй холбоотой мэдээ, материал, үйлчилгээний үнэ тариф, үйлчлүүлэгчдийн нэр, хаяг утас, ...байгуулсан гэрээ, хэлэлцээр, ...зэрэг мэдээллийг ажилтан ажиллаж байх хугацаандаа эсвэл цаашид хөдөлмөр эрхлэх явцдаа нийтэд буюу гуравдагч этгээд /...дотоод, гадаад хуулийн этгээд, байгууллага, ..хувь хүнд/ мэдээллэх, гаргахыг хориглоно гэжээ.

Хөдөлмөрийн гэрээний “өрсөлдөөнийг хязгаарлах” бүлгийн 9.2-т “гэрээний хугацаа дуусгавар болсны дараа ажилтанд дараах зүйлийг хориглоно гээд үүнд: гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 3 жилийн дотор ажил олгогчтой ижил төсөөтэй эсвэл өрсөлдөгч талын бизнесийн үйл ажиллагаанд шууд болон шууд бус байдлаар оролцох, мөн ажилтан зөвлөх, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгч, түнш, эсхүл хамтрагчийн байр сууринаас хандан ажиллах...”, “...гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 3 жилийн дотор ажил олгогч талд ажиллаж байсан хүнд шууд болон шууд бусаар ажил олгох, санал тавихыг хориглоно” гэжээ.

-“Нууц хадгалах” гэрээний 1.2-т “нууцад хамаарах аливаа баримт мэдээлэл” гэдэгт компанийн бизнесийн ашиг сонирхолд шууд болон шууд бус хамааралтай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн аман болон бичгийн мэдээ, системийн бүх төрлийн мэдээллээс эхлээд эрх ашигт холбоотой бүхий л мэдээллүүдийг хамаарахыг дурдснаас гадна ажилтны ажил үүргээ гүйцэтгэж байхдаа боловсруулсан бэлтгэсэн, олж авсан, эсхүл ажлын шаардлагаар түүний эзэмшил, ашиглалтад шилжсэн бүхий л төрлийн мэдээ, баримт бичиг, нууц хадгалуулагчийн өмч байхыг зааж, нууц хадгалагч нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бизнесийн өрсөлдөгч байгууллагад 5-с доошгүй жил ажилд орохгүй байх үүргийг хүлээлгэсэн байна.

Дээрхээс үзвэл, зохигч “хөдөлмөрийн гэрээ”, “нууц хадгалах”, “мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээний аль алинд “нууц хадгалах” болон “өрсөлдөхгүй байх” үүргийг хүлээлгэжээ.

5. Хариуцагч Д.Э- нь аяллын зөвлөхийн албан тушаалыг эрхэлж, ажлын байрны тодорхойлолтод зааснаар байгууллагын ажилчдыг шууд харъяалан, өөрийн хариуцаж байгаа аяллуудын маркетинг хийж, зар сурталчилгааг явуулж, идэвхижүүлэлт хийх, жуулчин болон аялал сонирхогч этгээдэд чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх, аяллын захиалга авах, бүртгэх, гэрээ байгуулах, төлбөр тооцоог хянах, аялалд гарах бэлтгэл ажлыг нь хангах, үдэж гаргах, аяллыг дуустал нь хяналт тавих, буцаж ирсний дараа дүгнэлт гаргах  чиг үүрэгтэй, ..үндсэн зорилтын хүрээнд аялал жуучлалын зах зээлийг судалж, аяллын чиглэлээ идэвхижүүлэх, маркетинг хийх, санал санаачлага гаргах, хамтран ажиллах түншүүдтэй холбоо тогтоох, аяллын хөтөлбөр боловсруулж, ашиг орлогын тооцоолол хийх, аяллын групп бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, аяллыг амжилттай зохион байгуулах, багийн хамтын ажиллагааг сайжруулах, шинэ зөвлөх сургах дадлагажуулах зорилготой ажиллах үүргийг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч ТТ ХХК нь аялал жуучлалын үйл ажиллагааг эрхэлж байгаагийн хувьд адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанитай өрсөлдөгч болох юм.

Нэхэмжлэгч нь өөрийн дотоод мэдээллийг бусдад алдахгүй байх, зах зээл дээрх өрсөлдөөнд өөрийн байр суурийг хадгалж үлдэхийн тулд ажилтнуудтай мэдээлэл задруулахгүй байх, тус компанид ажиллан ажлын туршлага хуримтлуулж олж авсан мэдлэгээ ашиглан өрсөлдөхгүй байх үүргийг зохих хугацаанд, тодорхой ажилтанд хүлээлгэх нь талуудын гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэх бөгөөд энэ төрлийн гэрээг байгуулахыг хуулиар хориглоогүй байна.

Харин өмнө дурдснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноос хойш “нууц хадгалах буюу мэдээлэл задруулахгүй байх” үүргийг “хөдөлмөрийн гэрээ”-ний 8.3-т  3 жил,    “нууц хадгалах гэрээ”-ний 2.1.3-т 5 жил, “мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээний 5.1-т 10 жил гэж, “өрсөлдөхгүй байх” үүргийг хөдөлмөрийн гэрээнд 9.2-т  3 жил, “мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээний 5.1-т 10 жил гэж тус тус зааж, хугацааг талууд өөр байдлаар тусгажээ.

Ийнхүү үүрэг хүлээлгэсэн хугацааг хоорондоо зөрчилтэй байдлаар зохицуулсан байх тул ...гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлах нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.4-т заасантай нийцэх тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсноос хойш 3 жилийн хугацаагаар “нууц хадгалах буюу мэдээлэл задруулахгүй байх” болон “өрсөлдөхгүй байх”  үүргийг хариуцагч хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нөгөө талаар ажил олгогч ажилтанд “мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” үүргийг 10 жилээр хүлээлгэх нь   хэт урт хугацаа бөгөөд ийм хугацаа тогтоох нь ажилтны хөдөлмөрлөх, ...эрхийг зөрчиж байгаагаас уг нөхцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болох хэдий ч хөдөлмөрийн гэрээнд уг үүрэг хүлээх хугацааг богиноор тогтоосон тул уг хугацааг баримтлах боломжтой гэж дүгнэв.  Давж заалдах шатны шүүх  10 жилийн хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаагаар  тайлбарласан нь үндэслэлгүй, харин 3 жилийн хугацаа нь ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэнтэй тохирох юм.

“Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээний  “өрсөлдөхгүй байх” гэдэгт 3 нөхцлийг хамааруулснаас 2 нөхцөл буюу гэрээний 3.2.2-т “...ажилтан өөрөө эсхүл бусадтай хамтран аялал жуучлалын үйл ажиллагаа эрхлэх компани байгуулах, 3.2.3-т “...ажилтан өөрөө эсхүл бусдаар дамжуулж аялал жуучлалын компанид зөвлөгөө өгөх, бусад хэлбэрээр хамтарч ажиллах”-ыг хориглосон нь гэрээний зорилго, талуудын гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчмыг зөрчихгүй байна. Түүнчлэн энэхүү 3.2.3-т заасан зохицуулалтын агуулгад тухайн гэрээний 2.1-т заасан мэдээлэл задруулахгүй байх болон хөдөлмөрийн гэрээний 3.2.24, 8.1, нууц хадгалах гэрээний 1.2-т тус тус заасан нууц хадгалах утга санаа мөн хамаарч байна.

Гагцхүү гэрээний 3.2.2-т “ажилтныг өөр ижил төрлийн компани байгуулахыг хориглон өрсөлдөхгүй байлгах”-ын зэрэгцээ 3.2.1-д “...ажил олгогчтой ижил төрлийн аялал жуучлалын үйл ажиллагаа явуулдаг компанид орж ажиллах”-ыг хориглосон нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ажил  мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах,...” эрхийг зөрчсөн, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан зохицуулалт болжээ. Хариуцагч Д.Э- аялал жуучлалын менежментийн мэргэжил эзэмшсэний хувьд мэргэжлийн дагуу өөр байгууллагад ажиллах эрхийг гэрээгээр бүрэн хязгаарлах боломжгүй. Иймээс гэрээний 3.2.1-д заасан өрсөлдөхгүй байх нөхцөл хүчин төгөлдөр бус байна.

Дээрх байдлаар хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнүүдийг харьцуулан дүгнээгүй, гэрээний зохицуулалт тус бүрийн агуулгыг харгалзахгүйгээр анхан шатны шүүх гэрээг бүхэлд нь ажилтны ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж, давж заалдах шатны шүүх гэрээний чөлөөт зарчмын дагуу гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилгыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэхийг Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заажээ. Иймээс зохигчийн хооронд байгуулагдсан “мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээний 3.2.1 дэх зохицуулалт болон 5.1-ийн “10 жил” гэснээс бусад зохицуулалт хүчин төгөлдөр хүчин гэж дүгнэх үндэслэлтэй.

6. Хэргийн баримтаас үзвэл, 2017.11.02-ны өдрийн компани үүсгэн байгуулах гэрээгээр Д.Э-, Н.М, Н.А нар АЛТ ХХК-г  аялал жуучлалын чиглэлээр байгуулахаар тохиролцож, тус компанийг 2017.11.14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч, үйл ажиллагаа эхлүүлсэн, тус компанийн дүрэмд зааснаар Н.А хувьцааны 65 хувийг, Д.Э-, Н.М нар тус бүр 17.5 хувийг эзэмших, компанийн гүйцэтгэх захирлаар Д.Э- томилогдсон нь тогтоогджээ.

Д.Э-  гадаадад суралцах болсон шалтгаанаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, аяллын хөтөч Н.М боловсрол, ажил мэргэжлийн түвшинг хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус ТТ ХХК-д хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн, эдгээр үйл баримтаас хариуцагч Д.Э- ажлаас чөлөөлөгдмөгц нэхэмжлэгч ТТ ХХК-тай адил төрлийн, өөрөөр хэлбэл, өрсөлдөгч компани байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.Э- нэхэмжлэгч ТТ ХХК-д 4 жил гаруй ажиллаж ажлын туршлагатай болж, олж авсан мэдлэгээ ижил төрлийн компани байгуулахад ашигласан, ийм төрлийн компанийг байгуулах санаачлагыг ажлаас чөлөөлөгдөөгүй байхдаа гаргаж, улмаар  Айр лэнд трэйвел ХХК-ийн хувьцаа эзэмшигч, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гүйцэтгэх захирал болсон нь ажил олгогчтой байгуулсан “мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээний 2.1.3-2.1.9-д заасан өмнө ажиллаж байсан “компанийн  гэрээ, хэлцэл, үйлчлүүлэгч, цалин хөлс урамшууллын  мэдээлэл, ажил олгогчийн баталсан заавар, журам, аргачлалууд, хамтрагч байгууллагуудтай байгуулсан гэрээний нөхцөл, үнэ, тарифыг дамжуулахгүй, задруулахгүй байх”, гэрээний 3.2.2-т заасан “өөрөө болон бусадтай хамтарч аялал жуучлалын үйл ажиллагаа эрхлэх компани байгуулах”, 3.2.3-т “заасан өөрөө эсхүл бусдаар дамжуулан аялал жуучлалын компанид зөвлөгөө өгөх болон бусад байдлаар хамтран ажиллах буюу өрсөлдөхгүй байх” гэрээний нөхцлийг зөрчжээ. Тухайлбал, ТТ ХХК-тай байгуулсан гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон, гадаад харилцагчтай хамтран ажиллах санал тавьсан, үйлчлүүлэгч нарыг өөрийн компаниар үйлчлүүлэхийг хүсэж хандсан, аяллын хөтөлбөрийг хуулбарлан өөрийн үйл ажиллагаанд ашигласан зөрчил гаргасан нь үгүйсгэгдээгүй байна.

7. “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх” гэрээний 3.2.2, 3.2.3-т зохицуулалтад заасан өрсөлдөхгүй байх үүргээ ажилтан зөрчвөл 50.000.000 төгрөгийг ажил олгогчид төлөхийг зөвшөөрснийг үндэслэн давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Э-ээс дээрх мөнгийг олгохоор шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Зохигч гэрээндээ үүргээ зөрчсөний хариуцлагыг урьдчилж 50.000.000 төгрөгөөр тооцсон бөгөөд нэхэмжлэгч уг төлбөрийн хэмжээний талаар тайлбарлахдаа “...хариуцагч Д.Э- нь тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан үйл ажиллагааны үр дүнд гадаад харилцагчтай холбоо тогтоон хамтран ажиллах, аяллын хөтөлбөр маршрутаа гаргах, үйлчлүүлэгч олох компанийн бизнесийн процесс, моделийг ашиглаж компанийн эрх ашгийг зөрчсөн, 2017 онд 21.338.281 төгрөгийн урамшуулал олгосон” гэснийг   хариуцагч Д.Э- үгүйсгэж чадаагүй байна. Иймд Д.Э-т холбогдох нэхэмжлэлийн талаархи давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

8. Хариуцагч АЛТ ХХК-д холбогдох “гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах “ТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд шинээр байгуулах процесс, шаардлагыг эрх бүхий этгээд хянаж, зөвшөөрөл олгодог бөгөөд нэгэнт байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд өрсөлдөөнийг хязгаарлах эсэх маргааныг эрх бүхий байгууллага шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1077 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-, түүний өмгөөлөгч Б.Б- нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д.Э- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 407.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ