Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2018/00159

 

 

 

      2018 оны 01 сарын 12 өдөр

                Дугаар 184/ШШ2018/00159

                 Улаанбаатар хот

                                    

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Гэрээнээс татгалзаж, 5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, А.Э, хариуцагч Д.Г, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Г нь эрүүгийн хэрэгт өмгөөлөл хийнэ гэж гэрээ байгуулан “прокурор, мөрдөн байцаагчтай ярихад хэрэглэнэ” гэж 4 000 000 төгрөг, 1 адуу, 2 хонь буюу 1 000 000 төгрөгөөр үнэлэгдэх  өвлийн идэш авсан. Хариуцагч Д.Г нь өмгөөлөл хийж цагдаад гомдол гаргахын оронд шар тос, өвлийн идэш нэхэж, эхнэр хүүхдийг минь дарамталж, өөрийгөө аврагч гэж дуудуулан өмнөө мөргүүлж сөхрүүлсэн асуудал гарсан. Уг хэрэг маргаан нь Ц.Бийг санаатай алах гэж дайрч орж ирэн модоор цохьсон, цохьсон мод нь хугарахаар эргүүлэн цохьсон ийм гэмт хэрэг гарсан. Гэтэл өмгөөлөгч Д.Г нь хохирогч байх ёстой Ц.Бийн эрх ашигийг хамгаалах талаар идэвхтэй ажиллаагүй байж, цагдаа прокурорт мөнгө өгнө гэж авсан ба дээрээс нь эхнэрийг маань сөхрүүлж суулгаад өөртөө мөргүүлсэн учир 2016 оны 12 дугаар сарын эхээр хэлцлээс татгалзаж байгаагаа түүнд дуулгасан боловч миний хэргийн материалтай танилцаад явсан байсан. Хариуцагч Д.Гыг өмгөөлөгчөөр ажиллуулахаас татгалзсаны дараа заналхийлж доромжлох хандлага гаргасан учир Монголын хуульчдийн холбоонд гомдол гаргуулж шалгуулснаар Мэргэжлийн хариуцлагын хорооноос ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн шийтгэл ногдуулсан. Ингээд хэлцлээс татгалзсаны төлбөрийг өгөх байх гэж 2 сар хүлээгээд аргагүйн эрхэнд шүүхэд хандан нэхэмжлэл гаргахад хүрлээ. Би Д.Гын Хаан банк дах 5034 4254 63 тоот дансанд 3 000 000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 1 000 000 төгрөг, идэшний үнэ 1 000 000 төгрөг нийт  5 000 000 төгрөг өгсөн. Д.Г нь гэрээ байгуулахдаа мөнгөн дүн тохироогүй ба надаас цагдаа прокурорт гэж мөнгө эд зүйл авсан. Иймд хариуцагчаас 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчид хандан 2 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх санал гаргаж байна.   

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Бтой 2016 оны 10 дугаар сарын 11-нд өмнө нь 2-3 удаа уулзаж зөвлөлдсөний дараа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн. Гэрээ хийсэн  өдрөөс хойш 2016 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл Улаанбаатар хотоос Төв аймаг руу 6 удаа явж, мэдүүлэг өгөх үед байлцаж, зөвлөгөө өгч, хэрэгт чухал шаардлагатай баримтыг бүрдүүлэх талаар ажилласан. Хохирогч буюу хүнд гэмтэл авсан этгээдтэй 2 удаа биечлэн уулзаж, хохирол төлбөрийг барагдуулах талаар ярилцсан, мөн өмгөөлөх талд ашигтай мэдүүлэг өгөх гэрч нарыг мэдүүлэг өгөх үед зааж зөвлөсөн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотоос Ц.Бийн хамаатны эгч С.Цг авч Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийг өмнө ярилцаж тохиролцсоны дагуу өөрийн унаагаар Төв аймгийн Бүрэн сум очиж гэрчүүдээс байцаалт авахуулсан. Сүүлд 2016 оны 12 дугаар сарын 25-нд хэргийн материал уншиж танилцсанаар хэрэг прокурорт шилжсэн, мөн 2017 оны 1 дүгээр сарын 13-наас 2017 оны 1 дүгээр сарын 25-ыг хүртэл прокурорын шатанд 3 удаа хүсэлт гомдол гаргаж хэргийг хөнгөрүүлэх, хэрэгсэхгүй болгох зорилго тавьж ажилласан. Ажлын хөлсөнд 4 000 000 төгрөг авсан, идэшний 1 адуу,  2 хонь бол ихээр бодоход 550 000 төгрөг л хүрнэ. Миний бие 3 сарын хугацаанд ажиллахдаа тодорхой зардал гаргасан үнэн, энэ хүний төлөө гэрээний дагуу ажиллахдаа хөлс урамшуулал авах нь хууль ёсных тул нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй, харин шүүх хуралд нь оролцоогүй тул 1 500 000 төгрөгийг хэмжээнд хүлээн зөвшөөрч болох юм. Ёс зүйн алдаа гаргасан тухайд бол Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос  арга хэмжээ авахуулсан энэ талаар маргах зүйл байхгүй. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Гад  холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.   

Зохигчид гэрээ байгуулсан, гэрээний дагуу хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Ц.Бт хууль зүйн туслалцаа үзүүлж байсан талаар маргахгүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай гүйцэтгээгүйгээс бодитой үр дүн гараагүй, мөн өмгөөлөгч хүнд байхааргүй зан араншин гаргаж, архидан согтуурч, эхнэрийг нь сөхрүүлж мөргүүлсэн тул гэрээнээс татгалзсан гэж,  хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, өөр өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан тул  зөвхөн шүүх хуралд оролцоогүй гэж тус тус тайлбарлаж байна.

Зохигчдын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд үнийн дүнгийн талаар заагаагүй боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч Д.Гын Хаан банк дах 5034 4254 63 тоот дансанд 3 000 000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 1 000 000 төгрөг, мөн өвлийн идэш гэж сувай гүү 1,  шүдлэн эр хонь 2-ыг өгсөн болох нь тогтоогдоно.

Хариуцагч нэхэмжлэгчээс 4 000 000 төгрөг авсан талаар маргахгүй, харин өвлийн идэш гэх 2 хонь, 1 адууны үнийн талаар маргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилон тогтоолгосон бөгөөд шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр сувай гүү 750 000 төгрөг, шүдлэн эр хонь 90 000 төгрөг гэж үнэлсэн, энэхүү үнэлгээний талаар хариуцагч маргаагүй тул түүний нэхэмжлэгчээс  өвлийн идшэнд авсан малын үнийг 930 000 төгрөг гэж тооцох үндэслэлтэй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн ба хөлсөөр ажиллуулагч нь хөлсөөр ажиллагчийн ажлын үр дүн хангалтгүй, мөн  ёс зүйгүй зан авир гаргасан гэж үзэн гэрээнээс татгалзаж, энэ тухайгаа мэдэгджээ. 

Хэдийгээр хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж маргаж байгаа ч нэхэмжлэгч Ц.Б нь гэрээнээс татгалзаж, Э.Шинэцэцэгтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, хариуцагч Д.Г шүүх хуралд биечлэн оролцоогүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон болно. 

Хариуцагч Д.Г архи ууж, ёс зүйн алдаа гаргасан үйлдэлдээ Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор арга хэмжээ авагдсан, нэхэмжлэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах хүртэл хугацаанд түүнд эрх зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж, холбогдох зардлуудыг гаргаж байсан талаар талууд маргахгүй байна.  

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.3 дах хэсгүүдэд “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байх,  үүрэг гүйцэтгэгч нь гэрээ ёсоор хариу ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн бол мөнгөн төлбөрийн оронд хариу гүйцэтгэсэн үүргийг орлуулж болно гэж тус тус заасан байна.

Иймд хариуцагч Д.Гаас 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид гэрээний дагуу авах хөлс болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд гарах зардлын талаар тохиролцоогүй, ялгаж зааглаагүй, хариуцагч нэхэмжлэгчээс авсан хөлсийг юунд, хэрхэн зарцуулсан талаар тодорхой тайлбар гаргаагүй  болохыг дурьдах нь зүйтэй.              

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  359 дүгээр зүйлийн 359.1  дэх  хэсэгт   заасныг баримтлан хариуцагч Д.Гаас 2 500 000 /хоёр сая таван зуу/ төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 /хоёр сая таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                  

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ