Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 828

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00159 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Г-ад холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь эрүүгийн хэрэгт өмгөөлөл хийнэ гэж гэрээ байгуулан “прокурор, мөрдөн байцаагчтай ярихад хэрэглэнэ” гэж 4 000 000 төгрөг, 1 адуу, 2 хонь буюу 1 000 000 төгрөгөөр үнэлэгдэх өвлийн идэш авсан. Хариуцагч нь өмгөөлөл хийж цагдаад гомдол гаргахын оронд шар тос, өвлийн идэш нэхэж, эхнэр хүүхдийг минь дарамталж, өөрийгөө аврагч гэж дуудуулан өмнөө мөргүүлж сөхрүүлсэн асуудал гарсан. Уг хэрэг маргаан нь Ц.Б-ийг санаатай алах гэж дайрч орж ирэн модоор цохьсон, цохьсон мод нь хугарахаар эргүүлэн цохьсон ийм гэмт хэрэг гарсан. Гэтэл өмгөөлөгч Д.Г- нь хохирогч байх ёстой Ц.Б-ийн эрх ашгийг хамгаалах талаар идэвхтэй ажиллаагүй байж, цагдаа прокурорт мөнгө өгнө гэж авсан ба 2016 оны 12 дугаар сарын эхээр хэлцлээс татгалзаж байгаагаа түүнд дуулгасан боловч миний хэргийн материалтай танилцаад явсан байсан. Хариуцагч Д.Г-ыг өмгөөлөгчөөр ажиллуулахаас татгалзсаны дараа заналхийлж доромжлох хандлага гаргасан учир Монголын хуульчдын холбоонд гомдол гаргаж шалгуулснаар Мэргэжлийн хариуцлагын хорооноос ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн шийтгэл ногдуулсан. Ингээд хэлцлээс татгалзсаны төлбөрийг өгөх байх гэж 2 сар хүлээгээд аргагүйн эрхэнд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Би Д.Г-ын Хаан банк дах 5034425463 тоот дансанд 3 000 000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 1 000 000 төгрөг, идэшний үнэ 1 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг өгсөн. Д.Г- нь гэрээ байгуулахдаа мөнгөн дүн тохироогүй ба надаас цагдаа прокурорт гэж мөнгө эд зүйл авсан. Иймд хариуцагчаас 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчид хандан 2 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх санал гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б-той 2016 оны 10 дугаар сарын 11-нд өмнө нь 2-3 удаа уулзаж зөвлөлдсөний дараа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн. Гэрээ хийсэн өдрөөс хойш 2016 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл Улаанбаатар хотоос Төв аймаг руу 6 удаа явж, мэдүүлэг өгөх үед байлцаж, зөвлөгөө өгч, хэрэгт чухал шаардлагатай баримтыг бүрдүүлэх талаар ажилласан. Хохирогч буюу хүнд гэмтэл авсан этгээдтэй 2 удаа биечлэн уулзаж, хохирол төлбөрийг барагдуулах талаар ярилцсан, мөн өмгөөлөх талд ашигтай мэдүүлэг өгөх гэрч нарыг мэдүүлэг өгөх үед зааж зөвлөсөн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотоос Ц.Б-ийн эгч С.Цэвэлмааг авч Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийг өмнө ярилцаж тохиролцсоны дагуу өөрийн унаагаар Төв аймгийн Бүрэн сум очиж гэрчүүдээс байцаалт авахуулсан. Сүүлд 2016 оны 12 дугаар сарын 25-нд хэргийн материал уншиж танилцсанаар хэрэг прокурорт шилжсэн, мөн 2017 оны 01 дүгээр сарын 13-наас 25-ыг хүртэл прокурорын шатанд 3 удаа хүсэлт гомдол гаргаж хэргийг хөнгөрүүлэх хэрэгсэхгүй болгох зорилго тавьж ажилласан. Ажлын хөлсөнд 4 000 000 төгрөг авсан, идэшний 1 адуу, 2 хонь бол ихээр бодоход 550 000 төгрөг л хүрнэ. Миний бие 3 сарын хугацаанд ажиллахдаа тодорхой зардал гаргасан үнэн, энэ хүний төлөе гэрээний дагуу ажиллахдаа хөлс урамшуулал авах нь хууль ёсных тул нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй. Харин шүүх хуралд нь оролцоогүй тул 1 500 000 төгрөгийг хэмжээнд хүлээн зөвшөөрч болох юм. Ёс зүйн алдаа гаргасан тухайд бол Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос арга хэмжээ авахуулсан энэ талаар маргах зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-аас 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00159 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэгт нь өмгөөлөгчөөр оролцохоор харилцан тохирч өмгөөлөлийн хөлсөө 5 сая төгрөгөөр тохиролцсон. Уг хөлснөөс хөлс, зардлыг ялгаж зааглаагүй гэж шүүх үзсэн. Төв аймаг Улаанбаатар хотоос 45 км хол ирэх очих 100 км, өглөө яваад орой очиж тарах үед зорьсон ажил бүтэж, зарим үед мөрдөгч байхгүй хөдөө явсан үе таарч үр дүнгүй ирж байгаа удаа ч бий. Эрүүгийн хэрэг үүссэнээс мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах хүртэл 6 удаа явж гэрээний үүргээ биелүүлж, явах бүрдээ өөр эзэмшлийн автомашинаар бүх ажлаа хойш тавьж явж байсан. Үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг, сонирхлыг илүүд үзэн түүний ах дүүсийг 3 гэрчийг байцаалгахаар хүсэлтээ илэрхийлж, мөн өөрийн унаагаар бүхий л зардлаа даан явснаар өвлийн ес эхэлсэн хүйтэнд хөдөөний малчид Улаанбаатар хот, Төв аймагт очиж мэдүүлэг өгөх цаг хугацаа алдах, хэрэг сунжрах, очих зардлыг нь хүртэл хэмнэж байсан. Ийнхүү явахдаа илүү их зардал гарсан гэдэгтэй нэхэмжлэгч маргадаггүй. Гэрээний дагуу хийсэн ажлын үр дүн урьдчилсан байдлаар шууд тодорхой болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн хүнд хэргийг 97 дугаар зүйлд заасан хүндэвтэр гэмт хэрэг болгон хөнгөрөх бүхий л баримт хэрэгт цугларч тэр баримтуудын хүрээнд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Хариуцагч намайг яг хэзээ гэрээнээс татгалзсан гэдгийг шүүх үнэн зөв тогтоогоогүй. Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэрэг прокурорт шилжиж, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 3 удаа Төв аймаг орж гомдол хүсэлтээ прокурорт гаргаж байх үед ч надаас татгалзсан тухайгаа огт илэрхийлээгүй. Харин нэмж нэг өмгөөлөгч шинээр авсан байсан. Түүнээс хойш надтай харьцах нь багасч хэрэг шүүхэд шилжин шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгчийн яг бодит үнэн төрх нь намайг илт гүтгэн доромжилж гэрээний үндсэн дээр өгсөн хөлсөө л буцаан авах сонирхол байсан. Би ажлаа хангалттай  хийсэн. Хөдөө явахдаа нэхэмжлэгчийн авга ах, үеэлийнд нь 2 хоног байх үедээ ууж идсэн нь үнэн, түүний бичсэн шиг доромжилсон, ёс зүйгүй үйлдэл гаргасан зүйл огт болоогүй байхад нэхэмжлэгчийн хүн чанаргүй ёс зүйгүй, миний 3 сар гаруй түүний төлөө хөдөлмөрлөсөн сэтгэл, үр дүнг шууд үгүйсгэсэн, доромжилж улмаар хууль ёсны дагуу өгсөн мөнгөө авах гэсэн хууль бус үйлдлийг зөвтгөсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Ямар ч хуульч миний хэрхэн ажиллаж ямар үр дүн гаргачихаад эргээд Ц.Б-т ор үндэслэлгүй гүтгэн гутаан доромжилуулсан гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хараад ойлгоно гэдэгт итгэж байна. Надаас 2 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б- хариуцагч Д.Г-ад  холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, өөр өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан учир зөвхөн шүүх хуралд оролцоогүй тул 1 500 000 төгрөг төлнө” гэж маргасан байна.

   

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд үнийн дүнгийн талаар заагаагүй боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид дансаар 3 000 000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 1 000 000 төгрөг болон өвлийн идэш гэж сувай гүү 1, шүдлэн эр хонь 2-ыг өгсөн талаар талууд маргаагүй, харин малын үнийн талаар маргажээ. /хэргийн 6-8 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр сувай гүү 750 000 төгрөг, шүдлэн эр хонь 90 000 төгрөг гэж үнэлсний дагуу хариуцагчийн нэхэмжлэгчээс авсан дээрх 3 тооны малын үнийг 930 000 төгрөг гэж тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн нь зөв.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж, өмгөөлөгч Э.Ш-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, хариуцагч Д.Г- шүүх хуралд биечлэн оролцоогүй гэх үйл баримт тогтоогджээ.

  

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах хүртэл түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж, тодорхой зардлуудыг гаргаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул хариуцагчаас гэрээгээр төлсөн төлбөрийн тал хувь болох 2 500 000 төгрөгийг гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Хариуцагч хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажлаас ямар хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг баримтаар нотлоогүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтооогдож байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                        С.ЭНХТӨР