Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2017/02803

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 23 дугаар байрны 19 тоот хаягт оршин суух, эрэгтэй, А.Э /рд: ВТ68072210/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 20/32 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг, Ө б ХХК /рд: 2886316/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 82.388.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, гэрч Г.Ц, Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие гэр бүлийн хүний хамтаар 2001 оноос хойш Өб ХХК-д нарийн боовны түүхий эдийг бэлтгэн нийлүүлж байсан. Удаан хугацааны турш ажилласан болохоор тооцоо нийлсэн актыг үйлдэж, дараа төлбөр тооцоог төлж ирсэн юм. 2012 оны сүүлээр Ө б ХХК-ийн өр их хэмжээгээр хуримтлагдах болж 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар үлдэгдэл тооцоо 184.300.000 төгрөг болсон. 2013 он гараад Ө б ХХК бусдад төлөх төлбөрөө төлөх боломжгүй болсоныг мэдэж, улмаар тус компанийн үүсгэн байгуулагч Г.Ц нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хувьцаагаа өөрийн найз Б.Г, Ш.Т нарт компаниа өрөндөө тооцож өгсөн байдаг. Үүнээс өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар бид тооцоо нийлэхэд 82.388.500 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан юм. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинэ хувьцаа эзэмшигч Б.Г нь компанийг шилжүүлэн авснаас хойш надтай уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүн удахгүй гарна, үлдэгдэл төлбөр тооцоог төлж барагдуулна, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай тул цаашид үргэлжлүүлэн нарийн боовны түүхий эдийг нийлүүлэх хүсэлт гаргасан юм. Би хүсэлтийг хүлээн авч 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарыг хүртэл 146.376.000 төгрөгийн түүхий эдийг нэмэж нийлүүлсэн. Б.Гнь сүүлд авсан энэ төлбөр тооцоог төлж дуусгаад 2015 оны 4 дүгээр сараас хойш надтай уулзахаас зайлсхийж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус компанид нийлүүлсэн төлбөр тооцооноос 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан өр төлбөр болох 82.388.500 төгрөг огт төлөгдөөгүй байгаа тул уг мөнгийг хариуцагч Ө б ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ө б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Ө б ХХК-д холбогдох нэхэмжлэгч А.Э нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.Г миний бие иргэн Г.Ц, түүний нөхөр Б.Ч нарт 2012 онд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн боловч тэд зээлээ буцаан төлөх ямар ч боломжгүй болсон тул 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гэрээ байгуулж, Г.Ц 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Ө б ХХК-ийн хувьцааг авсан юм. Тухайн үед уг компани нь бусдад төлөх төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс их хэмжээний өр төлбөр үүссэн байсныг Г.Ц бидэнд гарган өгсөн Түүхий эд материал бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх өглөгийн тооцоо-нд заасан дүнгээр барагдуулсан. Уг тооцоонд зааснаар 2013 оны 07 сарын байдлаар нэхэмжлэгч А.Э104.000.000 төгрөгийн өглөгтэй байсныг бид бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Э нь 2001 оноос хойш 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл төлбөрт 82.388.500 төгрөгийг шаардаж, хариуцагч Ө б ХХК нь энэ хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

Зохигчид нарийн боовны түүхий эдийг, дээрх хугацаанд нийлүүлж байсан, ийнхүү нийлүүлэхдээ дараа төлбөр тооцоог төлж барагдуулдаг, мөн дараа төлбөр тооцоог төлснөөр харилцан тохиролцсон анхны үнэ нэмэгддэггүй, төлбөрт хүү тооцож байгаагүй талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар зохигчдын маргаагүй үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзэх ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул худалдагч А.Э нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг худалдан авагч Ө б ХХК-иас шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч тал шаардлагаа нотлож, 2010 оноос хойш нийт 7 удаа тооцоо нийлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба хамгийн сүүлд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, талуудын эрх бүхий этгээдүүд1 дахин тооцоо нийлж, гарын үсэг зурж, тэмдэг дарсан байдлаар, 82.388.500 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болохыг бичгээр баталгаажуулсан байна. / 1 хх-ийн 6-12 дугаар тал/

_____________________________

  1. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн бүртгэлийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Г.Цэенмаа нь Өнхрүүш бейкери ХХК-ийг төлөөлөх эрхтэй байсан.

Хариуцагч тал татгалзлаа нотлож, 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 30.000.000 төгрөгийн баримт, 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 10.000.000 төгрөгийн баримт, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10.000.000 төгрөгийн баримт, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10.000.000 төгрөгийн баримт, 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10.000.000 төгрөгийн баримт, 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10.000.000 төгрөгийн баримт, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10.000.000 төгрөгийн баримт, 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 9.578.160 төгрөгийн баримт, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 380.000 төгрөгийн баримт, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3.000.000 төгрөгийн баримт, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5.000.000 төгрөгийн баримтуудыг гаргаж өгчээ. /1 хх-ийн 48-54 дүгээр тал/

Хариуцагчийн гаргаж өгсөн дээрх баримтуудын дагуу төлөлт хийгдсэнээс хойш буюу 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар талууд дахин тооцоо нийлж, 82.388.500 төгрөгийн төлбөр тооцоо төлөгдөөгүй үлдсэн болохыг баримтжуулсан байх тул дээрх баримтуудаар төлөгдсөн төлбөр тооцоог нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 82.388.500 төгрөгийн төлбөр тооцооноос хасаж тооцох үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан төлбөр тооцоо төлсөн гэх бусад баримтууд нь 2014 оны 11 дүгээр сарын 15-нд талууд тооцоо нийлснээс хойшхи хугацааны баримтууд буюу 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны баримтууд авагджээ. /1хх-ийн 102-106, 114-135, 230-250, 2хх-ийн 251-255 дугаар тал/ Эдгээр баримтын дүнгээс үзвэл нэхэмжлэгч нь 139.431.000 төгрөгийг мөн хугацаанд хүлээж авсан гэж үзэхээр байх боловч тэрээр уг хугацаанд нийт 146.376.000 төгрөгийг Ө б ХХК-иас дансаар болон бэлнээр хүлээж авсан талаараа маргаагүй.

Гэвч дээрх хугацаанд нэхэмжлэгчийн хүлээж авсан гэх 146.376.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрт хүлээж аваагүй, харин 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо нийлснээс хойш, дахин 2015 оны 3 дугаар сарыг хүртэл хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрт хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан бараа бүтээгдэхүүн хүлээлцсэн тухай баримтуудаар тогтоогдож байна. /1хх-ийн 138-153 дугаар тал/

Нөгөө талаас, хариуцагч тал нь 2013 оны 07 сарын байдлаар нэхэмжлэгч А.Э 104.000.000 төгрөгийн өглөгтэй байсныг төлж барагдуулсан гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч энэ үнийн дүнгээс илүү гарсан төлбөрийг буюу 139.431.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй тайлбар буюу нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй.

Энэ тохиолдолд хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу, мөн өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан өр төлбөр болох 82.388.500 төгрөгийг төлж барагдуулсан болохоо эргэлзээгүй байдлаар нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй.

Иймд А.т болон Ө б ХХК-ийн хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний үүргээс, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан 82.388.500 төгрөгийн төлбөр төлөх үүрэг биелэгдээгүй гэж үзнэ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан: , ...2013 оны 07 сар...Түүхий эд материал бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх өглөгийн тооцоо... баримт, ...2013 оны 08 сар... Түүхий эд материал бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх өглөгийн тооцоо... баримт, ...2013 оны 11 сар... Түүхий эд материал бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх өглөгийн тооцоо... баримт, ...2014 оны 03 сарын 31 өдөр... Түүхий эд материал бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх өглөгийн тооцоо... баримт, ...2014 оны 04 сар... Түүхий эд материал бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх өглөгийн тооцоо... баримтуудад худалдагч А.Э гарын үсэг зураагүй байх тул эдгээр баримтуудаар худалдагч А.Эр болон худалдан авагч Ө б ХХК-ийн хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний төлбөр тооцоог тогтоосон, тохиролцсон гэж үзэх боломжгүйгээс гадна гэрч Г.Ц, Ж.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 4686 дугаартай дүгнэлт, шүүгчийн захирамжийн дагуу Хаан банк ХХК-иас ирүүлсэн орлогын баримтуудын хуулбарууд нь 82.388.500 төгрөгийн үлдэгдэл төлбөр тооцоог төлж дуусгасан гэх хариуцагчийн тайлбарыг нотлож чадаагүй болно. /1 хх-ийн 62, 64-67 дугаар тал/

Түүнчлэн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь тухайн хуулийн этгээдийг бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болдоггүй ба хэрэгт цугларсан баримтын хэмжээнд Ө бХХК-ийн төлбөр тооцоо буюу өрийг иргэн Г.Ц нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдоогүй. Учир нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар өрийг шилжүүлэн авахад шаардах эрх эзэмшигчтэй буюу Ө б ХХК-тай заавал тохиролцсон байх ёстой байдаг.

2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 08.30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Ө б ХХК-ийн өмгөөлөгч Г.И Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар мэдэгдсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хаяг гэх Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 15-558 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлж, утсаар давхар мэдэгдсэн, хариуцагч Ө б ХХК-ийн хаягаар мөн мэдэгдэх хуудсыг хүргүүсэн боловч хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2017/07584 дугаартай захирамжаар хариуцагч талын хүсэлтийг хангаж, Д.Ү гэрчээр дуудаж мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн боловч хариуцагчийн тодорхойлсон хаягт гэрч оршин суудаггүй болох нь Цагдаагийн Ерөнхий Газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газраас ирүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 25е/802 дугаартай албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон.

Зохигчдын нэрлэн заасан гэрч нь тэдгээрийн тодорхойлж өгсөн хаягт оршин суудаггүй нөхцөлд шүүх дуудаж мэдүүлэг авах ажиллагааг хийх боломжгүй болдог бөгөөд үүнээс үүдэн гарах эрсдлийг тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэж буй талууд хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан, талуудын шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэг-ээс улбаатай ажиллагаа тул 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 184/ШЗ2017/11289 дугаартай захирамжаар хариуцагчийн, гэрч Д.Ү мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Ө Б ХХК-иас 82.388.500 төгрөгийг гаргуулан А.Э олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 569.893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө бХХК-иас 569.893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Э олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.