Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 19

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Т.Ц-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг даргад  холбогдох “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2020/0011/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ш, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Б, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Т.Ц миний бие анх 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажилласан. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн б/18 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан учир гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлж 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/33 тоот захирамжаар ажилдаа эгүүлэн томилогдсон. Ингээд ажлаа хийж байтал 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн б/11 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Иймд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн б/11 тоот захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1447348 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч Т.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Миний бие 2014 онд Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий  боловсролын сургуулийн захирлаар томилогдож  ажилласан. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Г хууль зүйн үндэслэлгүй намайг ажлаас халсан. Би Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн томилогдсон. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр намайг захирлын ажлаас халсан. Намайг ажлаас халсан, миний ажлаасаа халагдсан шалтгаан бол хувь хүний өс хонзонгийн улмаас захиргааны дарамт үзүүлж ажлаас хууль зүйн үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааныхаа цалин болох 6907800 төгрөг нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ... Би астма  өвчинтэй  хүн учир 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 10-ныг хүртэл акттай байсан. Богд сумын эмнэлэг 13 дугаар маягт хийж өгөөд 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ныг хүртэл 10 хоногийн акттай байсан. Намайг акттай байхад ажлаас халсан би халагдсан гэдгээ мэдээгүй” гэв.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т.Ц-ыг ажлаас халахдаа хууль зүйн үндэслэлтэй халаагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах гэсэн заалт байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол хөдөлмөрийн гэрээ хэрэг байхгүй байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн 41 дүгээр зүйлд заасан Контрактыг цуцлах журам гэж заасан. Үр дүнгийн гэрээг дүгнэхэд заавал өөрийг нь байлцуулах ёстой байхад байлцуулаагүй. Тушаалдаа Захиргааны хуулийн 44, 46 дугаар зүйлийг заасан тоот нэхэмжлэгчид явуулсан байсан. Тухайн үед нэхэмжлэгч өвчтэй байсан. Хөдөлмөрийн тухайн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар энэ хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Ийм заалтууд хэрэгт байхгүй байна. Захиргааны Ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд зааснаар бичиг баримттай танилцах эрхээр хангаагүй байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа гэж үзнэ гэж заасан. Нэхэмжлэгч түргэн тусламж дуудаад түүнээс хойш өвчтэй байсан. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн  ажлаас халсан тушаал үндэслэлгүй тул хүчингүй болгож  өгнө үү. 2020 оны 04 дүгээр сарын 08-наас 2020 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг бүрэн гаргуулж  өгнө үү? ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дугаар зүйлд ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж заасан. Салбарын тусгай комисс нь хүний ажилд дүн шинжилгээ хийж  энэ ажилд тэнцэхгүй байна гэсэн дүгнэлт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Гэтэл энэ заалтуудыг бариагүй байна” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргаас шүүхэд албан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“... Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Т.Ц-ыг захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Ч-ийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/11 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл, шийдвэр гаргах ажиллагааны үе шат нь хуулийн хүрээнд гарсан болно. Үндэслэлийн хувьд Т.Ц нь 2018 онд ажилдаа эргүүлэн томилогдсоноос хойш ажлаа огт хийгээгүйн дээр ажил сайжруулах талаар ямар ч ажил зохион байгуулаагүй, байгууллагатай холбоотой төсөв хөрөнгө, удирдлага зохион байгуулалтын талаар ямарч ажил санаачлаагүй, хэрэгжүүлээгүй хүн. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргаас Т.Ц-тай 2019 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулсан хэдий ч өөрийн үйл ажиллагааны алдаа, дутагдалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй, өмнөх жилүүдийн санхүүгийн зөрчлөө арилгаагүй, дахин давтан гаргасаар байсан нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсон, 2019 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, удирдах албан тушаалтан ажлын байран дээрээ байж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, албан хаагчдын ажиллах нөхцөл, байгууллагын уур амьсгал, орчин нөхцөл сайжрахгүй, удирдах арга барил хангалтгүй, ажил үүрэгтээ тэнцэхгүй байгаа зэрэг нь тус тус эрх бүхий байгууллагуудын үнэлгээ, дүгнэлт, орон нутгийн харьяалах төрийн бусад байгууллагуудын үнэлэлт, иргэдийн санал гомдлоор тогтоогдсон байдаг. 2. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэсэн заалтын дагуу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн санал дүгнэлт хүргүүлэх тухай 20 дугаар албан бичгээр ирүүлсэн Т.Ц-ын 2019 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу 54.05 хувьтай үнэлэгдсэн үнэлгээгээр ажлаас чөлөөлөх шаардлагатай, мөн төсвийн шууд захирагчтай байгуулсан “Төсвийн сахилга хариуцлагын гэрээ”-г ноцтой зөрчсөн тухай албан тушаалаас чөлөөлөх санал, дүгнэлт мөн эрх бүхий байгууллагаас ирүүлснийг уламжилсан байдаг. Дээрх гэрээнд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлд суралцагчдын сурлагын чанараар сүүлд орсон нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарч тусгагдсан нь Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, стандартын хэрэгжилт сүүлийн жилүүдэд огт ахихгүй байгаагийн нэг гол шалтгаан нь удирдах албан тушаалтны тогтвор суурьшилтай ажилладаггүй, байгууллага хамт олны ёс зүйн манлайлал, удирдлагын арга барил хангалтгүй байгаагаас дүгнэж болно. 3. Улмаар тус аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ӨВА2020/117/СТА-ТШЗ-01/40 дугаар зөрчил арилгуулах албан шаардлагаар хүүхдийн хоолны норматив зардлыг 1305.1 мянган төгрөгөөр хэтрүүлсэн, түлш халаалтын зардлыг 10627.7 мянган төгрөгөөр илүү шилжүүлсэн зэрэг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.8.4 дэх хэсэгт заасан “Төсвийг зохистой удирдаж, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчин давтан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 29/01 дугаар бүхий хяналт, шалгалт зохион байгуулсан дүгнэлтээр мөн л төрийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, хуурамч баримт бүрдүүлж тайлан гаргах зэрэг зөрчлүүдийг давтан гаргасаар байдаг нь Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц-тай аймгийн Засаг даргыг төлөөлөн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Н-ын 2017-2020 он хүртэл байгуулсан “Төсвийн сахилга хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилт, аймгийн Засаг даргын Засаг даргын 2016 оны “Төсвийн сахилга, хариуцлагын тухай” 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлдэггүй, санхүү хариуцсан албан хаагчдаа хянадаггүй, үүрэг чиглэл өгч ажлаа хуулийн хүрээнд явуулдаггүй, ашиг сонирхлын зөрчил гаргаж, зориуд санаатай хууль бус үйлдлүүдээ даамжруулсаар байгааг нь харж болно. 4. Аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн газраас Захиргааны ерөнхий хуулийг удирдлага болгон Т.Ц-тай холбогдуулан шийдвэр гаргахаар удаа дараа дуудаж, хууль бус үйлдлүүдэд нь дүгнэлт өгөх, санал солилцох, түүнд холбогдуулан албан байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх улмаар гаргах шийдвэрт хуульд заасан эрхийг нь ханган оролцуулж, тайлбар авахыг оролдсон ч зориуд санаатайгаар зайлсхийсээр өнөөдрийг хүрсэн. Улмаар хуульд зааснаар мэдэгдэх хуудас хүргүүлж, сонсох ажиллагааг зохион байгуулсан ч оролцохгүй гэж гарч явдаг, огт ирдэггүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраасаа зугтааж алга болсоор ирсэн нь Т.Ц-ын хариуцлага тооцох сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээж аваагүй, дуудсан цагт ирдэггүй, сонсох ажиллагаанд оролцоогүй тухайлбал сонсох ажиллагаанд ирж оролцох албан бичиг, мэдэгдэх хуудсыг 2019 оны 11 дүгээр сарын 01, 2020 оны 02 дугаар сарын 14-нд тус тус байгууллагын хаягаар хүргүүлсэн албан бичгүүдээс харж болно, мөн Т.Ц-д утасны дугаараар удаа дараа холбогдон мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй, ямар нэг хариу тайлбар мэдээллийг ирүүлээгүй. 5. Мөн Т.Ц нь 2019 онд ажиллах хугацаандаа Улаанбаатар хотод биеэ эмчлүүлж буй нэрийдлээр удаа дараа ажлын байраа удаан хугацаагаар орхиж явсан, мэдэгдэж албан ёсоор чөлөө зөвшөөрөл аваагүй, ажлын цагийг цалгардуулж ажил тасалдаг, эрх хэмжээгээ хэтрүүлсэн тушаал шийдвэр гаргасан, мөн 2019 онд аймгийн төрийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хандсан тус сумтай холбоотой асуудлаар ирсэн 7 асуудлын 5 нь сургуулийн үйл ажиллагаатай холбоотой эцэг эхчүүдээс хандсан гомдол, мэдээлэл байсан нь байгууллагын удирдах ажилтны менежерийн үүрэг буюу дотоод зохион байгуулалт хангалтгүй, ёс зүйн болоод удирдах албан тушаалтны хувьд хариуцлага хүлээх чадваргүй зэрэг нь 2020 оны 2 дугаар сард зохион байгуулсан Боловсрол, соёл, урлагийн газрын даргын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэж тогтоогдсон байдаг. Дээрх нөхцөл байдлууд нь Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын стандарт, сурлагын үнэлгээ, чанар жил тутамд муудаж, 19 сумаас сүүлийн 2-т орж гэрээгээр хүлээсэн үүргээ маш хангалтгүй биелүүлж, ажилдаа хайнга хандаж, олон зуун суралцагч хүүхдүүдийн нийтлэг эрх ашгийг Т.Ц нь хохироосоор байгаадаа огт дүгнэлт хийдэггүй хариуцлагагүй үйлдлүүдийг нь нэн даруй таслан зогсоож, олон хууль бус зөрчил дутагдалд нь үнэлэлт дүгнэлт өгч ажлаас нь чөлөөлсөн. Иймд Т.Ц-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Т.Ц нь 2018 онд ажилдаа эргүүлэн тогтоолгосноос хойш ажлаа огт хийгээгүй, ажил сайжруулах талаар ямар ч ажил зохион байгуулаагүй. Байгууллагатай холбоотой төсөв хөрөнгө удирдан зохион байгуулах талаар ажил санаачилж хэрэгжүүлээгүй. Ажлаас чөлөөлөх 1 дэх үндэслэл нь Засаг даргаас Т.Ц-тай хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулсан хэдий ч өөрийн ажлын алдаа дутагдалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Үр дүнгийн гэрээнд сонгон шалгаруулалтаар хамгийн эцсийн оноо авсан нь ажлаас халах үндэслэл болно гэж заасан.  Өвөрхангай аймгийн Богд сум нь 18 сургуулиас хамгийн сүүлийн байранд орсон байна. Хоёрдугаар үндэслэл нь жилийн эцсийн үр дүнгийн гэрээнийхээ 54.5 хувийг биелүүлсэн байна. Энэ биелэлт нь гэрээг дүгнэсэн энэ үндэслэлээр батлагдаж байна. Гуравдугаар үндэслэл нь төрийн Аудитын газраас удаа дараа өгсөн зөрчил дутагдлыг арилгуулах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна. Дөрөвдүгээр үндэслэл нь удаа дараа сонсох ажиллагаа явуулахаар мэдэгдсэн ажлаас чөлөөлөх үндэслэлүүдээ  тайлбарласан гэтэл энэ бүгдийг хүлээж аваагүй. Нэхэмжлэгч тухайн үед өвчтэй байсан гэх боловч нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. Эмчлүүлсэн 13 дугаар баримт байхгүй. Эмнэлгийн тодорхойлолт байх боловч цалингаа 100 хувь авсан байна ... Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байгаа нь хөдөлмөрийн харилцаа үүссэн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ харилцааг контракт гэрээ үзсэн. Контракт гэдэг нь ховор чухал авьяасыг түр зуурын байдлаар хэрэглэхээр гэрээ байгуулсныг хэлнэ. Төрийн байнгын албан хаагчид контракт гэсэн ойлголт байхгүй. Үр дүнгийн гэрээг өөрийг нь байлцуулаагүй дүгнэсэн гэж байна. Нэхэмжлэгч тухайн үед нь санал гомдлоо гаргаад шалгуулаад явах боломж байхад гомдлоо гаргаагүй. Гэтэл нэг ч гомдол гаргаагүй байгаа нь хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр юм. Нэхэмжлэгчийг өвчтэй байхад ажлаас халсан гэж  хэлж байна. Хүнийг ажлаас халсан өдөр гэдгийг хуулинд тодорхой  заасан байдаг. Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан байдаг тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна” гэв.

Гуравдагч этгээд Х.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Иргэн Т.Ц-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гэрч Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг дарга Ч.Ч шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ:

“Т.Ц-ын хувьд урьд нь мөн ажлаасаа чөлөөлөгдөөд 2018 онд ажилдаа эргэн орж байсан. Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хангалтгүй хийсэн гэж үзэж байна. Чөлөө зөвшөөрөлгүй явж сургуулийн ажлыг самгардуулж байсан. 2018 оноос хойш томилогдож ажиллахдаа урьд гаргасан алдаагаа дахин гаргаж байсан. Санхүүгийн зөрчил гаргаж энэ талаар нь Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагаас дүгнэлт гарч байсан. Төгсөгчдийн элсэлтийн ерөнхий  шалгалтын үнэлгээн дээр ахиц гаргаж ажиллаагүй .. 2018 оноос хойш 4 удаа томилолтоор явж байсан. Бусдаар хүсэлт өргөдөл өгч албан ёсоор чөлөө авч үзээгүй ... Сургалтын чанарыг сайжруулахтай холбоотой  асуудлыг сургуулийн захирал тодорхойлдог. Миний  хувьд материаллаг баазыг бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч орон нутгийн хөрөнгө оруулалтыг хийж явсан. 2019 онд шинээр 320 хүүхдийн сургуулийн байр баригдсан, бүхий л засвар үйлчилгээг хийсэн ...” гэв.

Гэрч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.П шүүхэд мэдүүлэхдээ:

“Аймгийн Засаг дарга Г.Г нь Богд сумын Ерөнхий  боловсролын сургуулийн захирал Т.Ц-тай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулж ажилласан.  Үр дүнгийн гэрээ нь нийт тухайн жилд хийж гүйцэтгэх ажиллагаагаа 5 хэсэгт хувааж, 14 багц  зорилтын хүрээнд 71 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Боловсролын чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг орон  нутагт хариуцдаг байгууллага нь манай байгууллага юм. Манай газрын мэргэжилтнүүд газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж гэрээг 5 чиглэлээр дүгнэсэн байгаа. Нийт арга хэмжээ 15.1 хувьтай, тусгай арга хэмжээ 23.2 хувьтай, манлайллын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ нь 15.75 хувь буюу нийт үнэлгээгээрээ 54.5 буюу “F” үнэлгээтэй  дүгнэгдсэн. 2019 оны гэрээний  ялгагдах онцлог нь улсын хэмжээнд боловсролын байгууллагын үзүүлэлт болох элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээс оноо сүүлээсээ хоёрт орсон сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан. Энэ талаар сургуулийн захирал нарт мэдэгдэж төсвийн ерөнхийлөн захирагч албан ёсоор хэлж гэрээ байгуулсан. Богд сумаас 22 сурагч төгсөж хэмжээс оноогоороо аймгийн дунджаас 55 оноогоор улсын дунджаас 37 оноогоор бага үнэлэгдэж, 24 сургууль элсэлтийн шалгалт өгснөөс 24 дүгээр байранд жагссан. Гэрээний  тайлагнал гэрээний  үүргийн биелэлт зэргийг үнэлж, Боловсролын тухай хуулийн 30.1.15 дугаар зүйлийн дагуу санал дүгнэлтээ аймгийн Засаг даргад албан ёсоор хүргүүлсэн ... Үр дүнгийн гэрээг үнэлэх журам буюу Засгийн газрын тогтоолоор батлагдсан журам байдаг. Тэр журмынхан дагуу үнэлж дүгнэсэн байгаа ... Гэрээгээ дүгнэснийхээ дараа албан ёсоор танилцуулсан. Газар дээр нь очиж шалгах болон цаасаар баримт материалыг нь татаж авах зэргээр гэрээг дүгнэдэг. Би Т.Ц-д ийм ийм материалууд дутуу байна. Ийм зүйл байхгүй байна гэж хэлж тэдгээрийг бүрдүүлж өгөх боломж хугацаа өгч байсан ...” гэв. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ц нь Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Т.Ц-ыг захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Ч-ийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/11 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 50 дугаар зүйлийн 50.2, 50.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 43, 46 дугаар зүйлийг тус тус үндэслэн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т-ийн Ц-ыг 1-рт 2019 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2-рт тухайн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, 3-рт удаа дараа ажил тасалж, ажлын байраа орхиж явсан, 4-рт хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн үйдлийг гаргасан гэх дөрвөн зөрчлийг илэрсэн гэж үзэж мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч талаас хариуцагчийн захирамж, тайлбарыг үгүйсгэж, хариуцагч талаас захирамжаа үндэслэлтэй гэсэн тайлбарыг өгч мэтгэлцэж байгаа болно.

  Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд л үнэлэлт дүгнэлт өгнө.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Т.Ц-ыг захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Чинзоригийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/11 дугаар захирамжаар Т.Ц-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэл буюу зөрчлүүд нь баримт нотолгоотой хөдөлбөргүй тогтоогдсон эсэх, хууль зүйн хувьд түүнийг ажлаас нь чөлөөлөх үндэслэл байсан эсэхийг хянавал:

1. 2019 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх эхний зөрчлийн тухайд:

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар “Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчаас Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралтай 2019 онд Засгийн газрын болон Засаг даргын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх талаар байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, тайлангийн дүгнэлт[1]-ийг хийж 2020.01.28-ны өдрийн 20 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад хүргүүлжээ. Уг үр дүнгийн гэрээний биелэлт, тайлангийн дүгнэлтэд “... үр дүнгийн гэрээний нийт арга хэмжээний биелэлт 15.1 оноо, тусгай арга хэмжээний биелэлт 23.2 оноо, манлайллын зорилтын биелэлт 15.75 оноо, нийт 54.05 оноогоор “F” үнэлгээтэй үнэлэгдэж гэрээгээр хүлээсэн үүргээ “Хангалтгүй” биелүүлсэн гэж дүгнэгдсэн тул ... албан тушаалаас чөлөөлөх санал хүргүүлж байна[2] гэсэн байна.

Шүүх хуралдааны явцад гэрч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.П энэхүү үр дүнгийн гэрээний биелэлт, тайлангийн дүгнэлтийг хэрхэн яаж гаргасан талаар дэлгэрэнгүй тайлбар хийж гэрчийн мэдүүлэг өгсөн болно. Мөн нэхэмжлэгч нь хэрэв намайг ажил хийх боломж бололцоогоор бүрэн дүүрэн хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллуулсан бол ийм үнэлгээ авахгүй байх байсан гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргажээ.

Шүүхээс үр дүнгийн гэрээний биелэлт, тайлангийн дүгнэлтийг зохих хууль журам эрхийн актынхан дагуу эрх бүхий байгууллагаас үнэлж дүгнээд гаргасан, тэдгээр нь баримтаар нотлогдон тогтоогдож байх тул 2019 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх эхний зөрчил тогтоогдож байна гэж дүгнэв. 

2. Тухайн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх удаах зөрчлийн тухайд:

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 29/01 дүгнэлтэд[3] “... шалгалтаар илэрсэн зөрчил хугацаатай албан шаардлагын дагуу барагдсан ч шалгалт хийгдэх хүртэл хугацаанд буюу дараагийн санхүүгийн жилийн 9 дэх сарын үйл ажиллагаа явагдаж байхад төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж хүчин төгөлдөр бус баримтаар хөрөнгийг хий орлогод авч, тайланд хуурамчаар тусгаж байсан нь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан ажилдаа хариуцлагагүй хайнга хандаж байсан ... байна. Иймд ... сургуулийн захирал Т.Ц-д ... арга хэмжээ тооцох нь зүйтэй...”[4] гэжээ. Уг зөрчил нь захирамжид дурдаж байгаачлан санхүүгийн ноцтой зөрчил гэж үзэхээргүй зөрчил байна гэж шүүхээс үзлээ. Учир нь зөрчил шаардлага тавьсны дагуу арилсан байх ба арилах хүртлээ зөрчил үргэлжилж байсан тул арга хэмжээ авах ёстой гэж үзсэн нь эргэлзээтэй, уг зөрчлийг санхүүгийн ноцтой зөрчил байсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

3. Удаа дараа ажил тасалж, ажлын байраа орхиж явсан гэх 3 дахь зөрчлийн тухайд:

Хариуцагчийн болон түүний өмгөөлөгчийн тайлбар, мөн нэр бүхий гэрчүүдийн өгч буй мэдүүлгээр нэхэмжлэгчийг 2019 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын эхэн, 2020 оны 2-4 дүгээр сар хүртэл ажил дээрээ байгаагүй, ажлаа хийгээгүй, олдохгүй байсан гэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох “Эмнэлгийн хуудас”[5], өргөдөл[6],  “Яаралтай тусламжийн хуудас”[7], “Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лаборатори ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ”[8], шинжилгээний дүгнэлт[9], эмчийн тэмдэглэл[10] зэргээр нэхэмжлэгч Т.Ц нь ШУГТЭ-д УСТ-д 2019 оны 11 дүгээр сарын 08-25-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч сургуулийнхаа санхүүд гаргасан өргөдөлдөө[11] 2019.11.05-ны өдрөөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул Дотоод журмын 8.6.2 заалтын дагуу цалин бодож олгоно уу гэсний дагуу түүний 11 сарын цалингийн дутууг 12 сарын цалинтай хамт бодож олгожээ. Энэ талаар сургуулийн нягтлан бодогч Д.Ичинхорлоо гэрчийн мэдүүлэгтээ дурьдсан байх бөгөөд нэхэмжлэгч үгүйсгээгүй, хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, цагийн бланс зэргээр эдгээр нь мөн давхар нотлогдож байна.

Мөн Т.Ц нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар[12] 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Богд сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс эмнэлгийн магадлагаатай байсан, чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан гэж маргажээ. Хавтаст хэрэгт авагдсан Богд сумын ЭМТ-ийн эмнэлгийн 2 ширхэг магадлагаанаас харахад эхний магадалгаагаар Т.Цыг 2020 оны 04 дүгээр сарын 7-10-ны өдөр ажлаас чөлөөлснийг магадалж, удаах магадалгаагаараа 2020 оны 04 дүгээр сарын 10-20-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлснийг магадалжээ.

Гэтэл Өвөрхангай аймгийн Богд сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11 тоот албан бичигт[13] “... Ц нь ... сумын эрүүл мэндийн төвд 2019 оны 02 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 01 өдөр, 03 дугаар сарын 15-аас 03 дугаар сарын 22-ний өдөр, 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 13-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 09-нд тус тус ... хэвтэн эмчлүүлсэн нь үнэн болно” гээд дарга Т.Э гарын үсэг зурж, байгууллагын тамга дарагдаж албажсан байна.

Эмнэлгийн хуудас олгох нь хууль тогтоомжийн дагуу олгогдох ажиллагаа байх ба эмнэлгийн тусламж үйлчилгээ авч ажлаас чөлөөлөгдөхөд зайлшгүй эмнэлгийн хуудсыг зохих журмын дагуу авах ёстой ажээ. Энэ талаар Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 38/66 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан эмнэлгийн хуудас олгох журам, Эмнэлгийн хуудасны Маягт зэргээр олгох ёстой болохыг журамлан зааж нарийвчлан зохицуулж өгчээ. Өөрөөр хэлбэл түүнийг чөлөөтэй байхад нь ажил албан тушаалаас нь чөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан хэрэв удаан хугацаагаар өвчтэй байсан, хэвтэн эмчлүүлсэн бол тэр нь эмнэлгийн хуудас, өвчтэй байсныг батлах бусад баримтууд болох өвчтөний өвчний түүх, эмчилгээ хийлгэсэн эмчийн бичвэр, эмчилгээ оношилгоо хийлгэсэн хариу, эмчилгээний дүн буюу эмнэлгээс гарах үеийн бичвэр болон хэвтэх үеийн бичвэр гэх мэт бусад олон олон баримтаар нотлогдох ёстой, албан ёсоор өвчний баримтаа мэдүүлэх ёстой байсан. Төрийн ажил явж байгаа учраас албан ёсоор өвчний болон эмчилгээтэй холбоотой баримтуудаа хавсаргаж байгууллагын албан бланк дээр хэвлэсэн албан ёсны албан бичгээр мэдэгдэх ёстой байсан. Мөн 5-аас дээш хоногоор өвчтэй байсан, хэвтэн эмчлүүлсэн бол эрүүл мэндийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмж авах ёстой байсан гэсэн тайлбар хийж байгааг дурьдах нь зүйтэй байна.

Т.Ц-ын цагийн бүртгэл цалингийн бланс зэргээр ажил хийгээгүй атлаа ажилласан гэж ажлын цагаа бүртгүүлж цалингаа бүтнээр нь авч байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

4. Хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг гаргасан гэх сүүлийн буюу 4 дэх зөрчлийн тухайд:

Хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн буюу тодорхой зөрчлүүдийг гаргасан гэсэн тайлбар хийж байгаа боловч Т.Ц нь хэрхэн яаж эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан, тэр нь чухам ямар баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байна. Иймд хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан гэх энэхүү зөрчил нь баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна. Хэдийгээр Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц-тай холбоотой гомдол Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсанд ирж байсан гэх боловч гомдлыг гаргасан иргэд нэр, утасны дугаараа нууцлахыг хүссэн гэсэн нь ойлгомжгүй байна. Овог нэр, утас, хаяг нь тодорхойгүй гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан гомдолд тавигдах хууль зүйн шаардлагыг хангахгүй байна. 

5. Т.Ц-ыг ажлаас чөлөөлөх хууль зүйн хангалттай үндэслэл тогтоогдсон эсэх тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Т.Ц-ыг захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Ч-ийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/11 дугаар захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 50 дугаар зүйлийн 50.2, 50.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 43, 46 дугаар зүйлийг тус тус үндэслэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2, 50.3, Захиргааны ерөнхий хуулийн 43, 46 дугаар зүйлүүд нь маргаанд шууд хамааралтай биш, хариуцагч Засаг даргад ажлаас чөлөөлөх эрх хэмжээ олгосон зүйл заалтууд биш байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтууд нь хариуцагчид эрх хэмжээ олгосон заалтууд ажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор хуульчлан заасан байна.

Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг баримтлан хэрэглэсэн нь буруу. Учир нь Т.Ц нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаагүй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Үр дүнгийн гэрээ нь контракт гэрээний 1 хэлбэр контракт гэрээ гэж ойлгох ёстой гэж маргажээ.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн мэтгэлцэж байгаачлан хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй тул Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтыг хэрэглэсэн нь буруу боловч контракт гэрээгээр ажиллаж байсан гэж үзэх нь мөн хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Засаг даргын захирамжаар томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан юм. Өөрөөр хэлбэл захирал бол хөдөлмөрийн гэрээ, контракт гэрээгээр биш үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг субьект байна. Тиймээс түүний ажлын гүйцэтгэл, үнэлгээ дүгнэлт гагцхүү үр дүнгийн гэрээний хэрэгжилттэй холбогдож яригдана.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д[14]аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” бүрэн эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заажээ.

Хуулийн уг зүйл заалтыг баримталсантай талууд маргаагүй байх бөгөөд уг зүйл заалтыг баримтлан “Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчаас Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралтай 2019 онд Засгийн газрын болон Засаг даргын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх талаар байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, тайлангийн дүгнэлт[15], Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот албан бичгээр Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц-ыг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр байна.

Тодруулбал маргаан бүхий захиргааны актад дурьдагдсан тодорхой зөрчлүүдээс 2019 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил нь батлагдаж тогтоогдсон байх бөгөөд Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу гаргасан, хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т.Ц-ын “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


[1] Хавтаст хэргийн 63-72 дахь тал.

[2] Хавтаст хэргийн 71 дэх тал.

[3] Хавтаст хэргийн 89-90 дэх тал.

[4] Хавтаст хэргийн 90 дэх тал.

[5] Хавтаст хэргийн 189 дэх тал.

[6] Хавтаст хэргийн 190 дэх тал.

[7] Хавтаст хэргийн 211 дэх тал.

[8] Хавтаст хэргийн 212 дахь тал.

[9] Хавтаст хэргийн 213 дахь тал.

[10] Хавтаст хэргийн 214 дэх тал.

[11] Хавтаст хэргийн 190 дэх тал.

[12] [12] Хавтаст хэргийн 110 дахь тал.

[13] Хавтаст хэргийн 110 дахь тал.

[14] Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг хүчингүй болгосон Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болон мөрдөгдөж байгаа болно.

[15] Хавтаст хэргийн 63-72 дахь тал.