Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/00231

 

 

 

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2018/00231

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжпэгч: С -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БХЗХТБАА-д холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Д.С, түүний өмгөөлөгч М.Т, нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

С би 1996 оноос БХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын материалын хэрэглээний төмрийн худалдааны захыг ажиллуулан үйл ажиллагаа явуулж байхдаа Мэдээлэл сан ХЗХ-оос зээл авсан.

 Зээлийн асуудлаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 тоот тогтоол тус тус гарсан.

Улсын Дээд шүүх Мэдээлэл сан хадгаламж зээлийн хоршоонд 188.612.500 төгрөгийг БХХК биш, харин иргэн Снь төлөхөөр тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулахдаа дараах байдлаар хууль зөрчсөн. Үүнд:

1.БХХК-ийн захирал С миний эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байсан барилгын материалын хэрэглээний төмрийн худалдааны захыг 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай 0001707 актаар битүүмжлэхдээ төмрийн худалдааны зах дээр нь очиж үзэлгүйгээр акт үйлдсэн. Мөн хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй.

2. Мөн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрөө Барилгын материалын хэрэглээний төмрийн худалдааны зах дээр очиж үзэлгүйгээр миний эзэмшилд байсан барилгын хэрэглээний 133 нэр төрлийн төмөр материалуудыг Эд хөрөнгө хураах тухай 000034 тоот акт гаргасан, мөн хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, эд хөрөнгө, төмрийн захын хашаа зэрэг эд хөрөнгөнд нэг бүрчлэн үзлэг хийгээгүй.  хөрөнгийн тоо хэмжээнд бүртгэл хийгээгүй, хөрөнгийн тэмдэглэл хөтлөөгүй зэрэг дээрх хууль бус үйлдлүүдийг хийхдээ албан тасалгаандаа дээрх актуудыг гаргасан

3.Шинжээч томилох тухай 112 тоот тогтоолыг гаргахдаа эд хөрөнгийн тооллогын комиссын бичиг баримтыг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуурамчаар нөхөн үйлдэж, шийдвэр гүйцэтгэлийн материалд хавсаргасан байсан

Мөн Барилгын материалын хэрэглээний төмрийн худалдааны зах дээр очиж үзэлгүйгээр дээрх тогтоолын дагуу хийгдсэн гэх Эд хөрөнгийн үнэлгээ нь шинжээч томилсон тогтоолын өмнөх өдөр буюу 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр комиссын гишүүдийн гарын үсэгтэй бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна.

4. Шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нь Төмрийн худалдааны захын эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар ямар ч арга хэмжээ аваагүй, хяналт тавиагүйн улмаас Мэдээлэл сан ХЗХ-ны захирал Д.С нь битүүмжлэх болон эд хөрөнгийг хураасан акт үйлдэгдсэний дараа төмрийн захад зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж өөрийн харуул хамгаалалтыг тавьж, төмрийн зах дээр байсан барилгын хэрэглээний төмөр, материалуудыг дур мэдэн үнэ хямдруулан худалдан борлуулж, эд хөрөнгийг үрэн таран хийж байхад шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нь дээрх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авалгүй, борлуулалтын орлогуудыг нь шийдвэр    гүйцэтгэлийн дансанд тушаалгаагүйн улмаас төлсөн төлбөрөөс хасалт хийгээгүй зэрэг хууль бус үйлдлүүдийг үйлдсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дараах гомдлуудыг ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт гаргаж байсан. Үүнд:

1/ 2005 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өгсөн гомдол,

2/ 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Эрдэнэбатад өгсөн гомдол,

3/ 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны гүйцэтгэгч Д.Золжаргалд өгсөн гомдол,

4/ 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өгсөн гомдол,

5/ 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайванд өгсөн гомдол,    

6/ 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, мөн хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд авах, худалдан борлуулах ажиллагааг хийлгэх” тухай хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайванд гаргасан гомдол,

7/ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайванд,

8/ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид,

9/ 2010 оны 12 дугаар сарын 09-нд Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулан ажлын албанд өгсөн гомдол,

10/ 2011 оны 8 дугаар сарын 22-нд Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулан ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч Э.Дүүрэнцэнгэлд өмнө гаргасан гомдлын хариу авах, өр зээлийг дуусгавар болгох тухай тогтоол гаргуулах хүсэлт,

11/ 2012 оны 7 дугаар сарын 02-нд Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулан ажлын албанд шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд гаргасан гомдол болон “Хөрөнгийн үнэлгээ хийлгэх” тухай өмгөөлөгчийн 2011/07-01 тоот хүсэлтийг 2 удаа,

12/ 2012 оны 8 дугаар сарын 28-нд Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулан ажпын албанд “Хөрөнгийн үнэлгээ хийлгэх” тухай хүсэлт,

13/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны хариу 35 тоот хариу мэдэгдэх хуудас,

14/ 2014 оны 10 дугаар сарын 06-нд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд дээрх алга болсон төлбөр төлсөн баримтуудыг дахин хавсаргаж гомдлын хамт дахин,

15/2015 онд Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Цэрэнхандад гаргасан гомдол,

16/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өгсөн хүсэлт, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулан ажпын албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Батмөнхөд гаргасан гомдол зэрэг болно.

            Нийт 16 удаа урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдлуудыг ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт өгч байсан боловч тухайн үед нэг ч хариу өгөөгүй.

Иймээс шийдвэр гүйцэтгэгч н.Анхтуяа нь миний эзэмшлийн барилгын хэрэглээний төмөр материалууд болон бусад эд хөрөнгө, төмрийн захын хашаа зэрэгт эд хөрөнгийн тоо хэмжээг тогтоолгүй, үнэлгээ хийлгүй, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын талаар ямар ч арга хэмжээ авалгүй, хяналт тавиагүй зэрэг хууль бус байдлын улмаас барьцаа хөрөнгө болон миний хөрөнгүүд үрэгдсэн.

Тухайн үед зах дээр байсан барилгын төмөр материалуудыг нэг бүрчлэн үнэлэхэд 273.000.000 төгрөгийн үнэ бүхий 133 нэр төрлийн барилгын хэрэглээний төмөр хийцийн тоног төхөөрөмжүүд байсан.

Анх Мэдээлэл сан ХЗХ-оос 2001 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс нийт 197.265.000 төгрөгийн зээл авч дараах байдлаар зээлийн төлбөрийг төлсөн. Үүнд:

1. Зээлийн үндсэн төлбөрт нийт 210.883.862 төгрөг төлсөн.

2. 2003 оны 6 дугаар сарын 13-наас 2003 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 3.999.884 төгрөгийг төлсөн.

3. 2003 оны 7 дугаар сарын 05-наас 2006 оны 8 дугаар сарын 30-ны хооронд 49.266.378 төгрөгийг төлсөн.

4. Барилгын хэрэглээний төмөр материалын захад байсан 273.000.000 төгрөгийн бараа материалаас зарагдсан 100.000.000 төгрөгийг бэлнээр Мэдээлэл сан ХЗХ-д төлсөн.

Дээрх төлбөр төлсөн баримтууд, шийдвэр гүйцэтгэлийн материалаас үзэхэд зарим төлбөрүүдийг хасалт хийгээгүй, анхны төлөх үнийн дүнд өөрчлөлт оруулалгүйгээр өнөөдрийг хүртэл Улсын Дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн 188.612.500 төгрөгийн төлбөр нэхэмжлэгдсээр байна.

Жишээ нь:

1.Төлбөр авагч дараах төлбөрүүдийг авснаа хүлээн зөвшөөрч “28,612 500 төгрөг хүлээн авсан нь үнэн болно” гэсэн баримт байхад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрөөс хасалт хийгээгүй байна.

2.2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр авагч Мэдээлэл сан хоршооны албан бичигтээ 8.144.832 төгрөгийг өрийн үлдэгдлээс хасч тооцно уу гэснийг төлбөрөөс хасалт хийгээгүй байна.

3.Өндөр насны тэтгэврийн дансыг битүүмжпэхдээ 1.300.000 төгрөгийг авсан байна.

4.Эд хөрөнгө битүүмжпэх болон Эд хөрөнгө хураах актууд гарах үед миний эзэмшилд байсан барилгын хэрэглээний төмөр материалын зах дээр 173.000.000 төгрөгийн үнэ бүхий төмөр материал, 100 х 60 метрийн харьцаатай төмрийн захын модон хашаа, газар эзэмших эрх нь байхгүй болсон болно.

Энэ нь төлбөл зохих 135.346.238 төгрөгөөс 37.653.752 төгрөгийн үнэ бүхий материал илүү байсан.

Иргэн Сби төлвөл зохих төлбөрөө бэлэн мөнгөөр болон эд материалаар бүрэн төлж, илүү төлөлттэй дуусгасан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагаанаас болж 2003 оноос одоог хүртэл 14 жилийн хугацаанд бие сэтгэлээрээ хохирч, гадаадад зорчих иргэнийхээ эрхээ хасуулан, өндөр насны тэтгэвэр болон харилцах дансаа хаалгаж хохирсоор байна.

Иргэн Снь Мэдээлэл сан ХЗХ-оос авсан үндсэн зээл болон зээлийн хүүний төлөлтийг бэлэн мөнгөөр болон барилгын хэрэглээний төмөр материалаар төлбөрөө бүрэн төлж дуусгасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлалаар Саас 188.612.500 төгрөгийг гаргуулан  Мэдээлэл сан  Хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч Снь төлбөр төлөөгүй тул 2003 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа төлбөр төлөгч Сын БХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах төмрийн захыг, төмөр материалын хамт битүүмжилж, 0000304 дугаар эд хөрөнгө хураах актаар хураан, Баянзүрх дүүргийн Газрын албанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/6545 дугаар албан бичиг хүргүүлж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Дээрх төмрийн захыг 2002 онд Улсын мөрдөх байцаах газраас битүүмжлэн Мэдээлэл сан ХЗХ-ны захирал Д.Сд хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд битүүмжпэгдсэн төмрийг төлбөр төлөгчийн хяналтан доор худалдан борлуулахаар талууд харилцан тохиролцож, төлбөр авагч тал төлбөр төлөгчийн эгч С.Үржинсүрэн нар хамтран худалдан борлуулж, төлбөрөөс 48.000.000 төгрөгийг барагдуулж, одоо 140.600.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна. Үүнээс өөр төлбөр төлсөн баримтыг төлбөр авагч гаргаж өгөөгүй учир үлдэгдэлтэй гэж үзэж байгаа.

Иймд Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө.

Гуравдагч этгээд Д.Сарангэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сын хийж байсан бизнес нь тухайн үед их амжилттай сайн явж байсан болохоор нь би түүнд итгэж байсан. Түүнд хамгийн сүүлд 140.000.000 төгрөгийг зээлснээс энэ бүхэн болсон юм. Би Гэрэлцэцэгт хоршооноос мөнгө гаргаач гэж хэлсэн нь миний буруу байсан. Энэ Саас болж би ял үүрсэн. Тухайн үед би Япон хүнээс мөнгө авсан тул мөнгөтэй байсан. 2002 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Стөмрийн захыг хулгайгаар нүүлгэх гээд байж байсан, үүний дараа битүүмжлэх үйл ажиллагаа явагдсан. Би тэр төмрүүдийг дур мэдэж зараагүй, мөрдөн байцаагч ирж эд хөрөнгө бүртгэсэн, энэ үед Сосорбарам өөрөө хэлж, бид бичиж байсан, мөн түүний эгч Үржинсүрэн нь байсан. Улсын дээд шүүхийн шийдвэрээс хойш 48.000.000 төгрөг л төлөгдсөн, өөр төлбөр төлөөгүй, одоо 140.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа нь үнэн. Би шоронд 5 жил болсон, гарч ирээд 4 жил болж байна. Би энэ хүнээс болж маш ихээр хохирч  байна, би зөвхөн тэтгэврээрээ амьдардаг, хүнд өвчтэй, 3 хүүхэдтэй, одоо тэтгэврээ хаалгасан маш хэцүү байна  гэв.

Шүүх хуралдаанаар, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                               ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Снь хариуцагч БХЗХТБААнд холбогдуулан шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн хэмжээ 189.661.562 төгрөгөөс илүү үнэ буюу 273.196.950 төгрөгийн эд хөрөнгийг төлбөртөө хураалгаад буцаан аваагүй тул төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, гүйцэтгэх баримт бичгийг хааж өгөхийг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч төлбөр төлөгч  48.000.000 төгрөгийг төлсөн, одоо 140.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар тогтоолоор Саас нийт 189.661.562 төгрөг гаргуулж 188.612.500 төгрөгийг нь Мэдээлэл сан ХЗХ-нд, 1.049.062 төгрөгийг нь улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн ба уг шүүгчийн захирамжид гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Баян зүрх дүүргийн 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нь 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрдах БХХК-ийн Төмрийн зах, хэмжээ нь мэдэгдэхгүй хэрэгцээний төмрүүдийг Эд хөрөнгийг битүүмжлэх акт үйлдэж битүүмжлэн, мөн өдөртөө хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан Эд хөрөнгийн хураасан актыг тус тус үйлдэж, хураасан эд хөрөнгийг үнэ хаялцуулан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хадгалж, гарсан зардлыг төлбөр төлөгчөөс гаргуулахаар уг актад заажээ.  /хх-ийн 13-16-р хуудас/

Мөн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БХХК-ийн Төмрийн захад “Шинжээч томилох тухай” 112 дугаартай тогтоолыг үйлдсэн байх боловч 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр труба, швелер төмөр  гэсэн  19 нэр төрлийн төмрийг үнэлсэн үнэлгээ бүхий баримтыг үйлдэж, ямар байгууллагын хэн гэдэг үнэлгээчин үнэлсэн эсэх нь тодорхойгүй, үнэлгээний комиссын шийдвэр, дарга, гишүүдийн гарын үсэг зурагдаагүй байна. /хх-ийн 17-19-р хуудас/

Эндээс үзэхэд шинжээч томилох тухай 112 дугаартай тогтоолыг үйлдсэн боловч Шинжээчийн дүгнэлт /Эд хөрөнгийн үнэлгээ/ гаргасан гэж үзэх үндэсгүй байна.

Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч С.Амартүвшин 2002 оны 9 дүгээр  сарын 26-ны өдөр хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл үйлдэж, мөн өдөртөө Мэдээлэл сан ХЗХ-ны захирал Д.С, гишүүн Б.Бурмаа, Д.Гэрэлцэцэг, БХХК-ийн захирал С, Бурмаа нарыг байлцуулан БХХК-ийн Баянзүрх дүүрэгт орших Төмрийн захын бараа, материалын тооллогын бүртгэлийг үйлджээ. /хх-ийн 117-123-р хуудас/

Эд хөрөнгө битүүмжилж,  тоолсон дээрх үйлдэл нь Улсын дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар тогтоол гарахаас өмнө хийгдсэн ажиллагаа байх бөгөөд уг ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад хийгдсэн ажиллагаа гэж үзэх баримтуудыг талууд шүүхэд ирүүлээгүй болно.

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхийг шаардаж 2004 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 2005 оны 8 дугаар сарын 31-ний өдрүүдэд төлбөр төлөгч Стай уулзаж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлжээ./хх-ийн 71-72-р хуудас/

Төлбөр авагч Д.Стэй 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хорих 407 дугаар ангид очиж уулзан “төлбөр төлөгч Саас бэлнээр 48.000.000 төгрөг авсан 2002 онд Стөмрийн захаа нүүлгэх гэж байхад бид мэдээд Цагдаагийн хэлтэст мэдэгдэж Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч Амартүвшин уг захыг битүүмжилсэн тухай” шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлджээ./хх-ийн 74-р хуудас/

Төлбөр төлөгч Снь Мэдээлэл сан ХЗХ-нд төлөх төлбөрийг төлсөн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож гүйцэтгэх баримтыг хаалгах тухай хүсэлтүүдийг 2005 оны 8 дугаар сарын 30, 2011 оны 8 дугаар сарын 22, 2014 оны 10 дугаар сарын15, 2014 оны 10 дугаар сарын 15, 2016 оны 12 дугаар сарын12-ны өдрүүдэд,

шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй байгаад гомдолтой байгаа тухай болон тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн гомдлыг  2006 оны 10 дугаар сарын 25,  2006 оны 11 дүгээр сарын 01, 2007 оны 5 дугаар сарын 14, 2007 оны 5 дугаар сарын 21, 2010 оны 12 дугаар сарын 09, 2012 оны 7 дугаар сарын 02, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажпын албанд хүргүүлж байсан байна./хх-ийн 28-37-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа БХЗХТБАА болон ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд дээрх гомдол, хүсэлтүүдийн хариуг 35, 2/53, 3/72 дугаартай албан бичгүүдээр төлбөр төлөгч Сболон түүний өмгөөлөгч С.Хишигбаяр нарт  явуулжээ. /хх-ийн 50, 54, 56-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-т зааснаар “...төлбөр төлөгч Снь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” байтал тухайн үед шүүхэд хандаагүй байна. 

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулах замаар битүүмжилж, эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2, 36.5, 36.7-д заасны дагуу хийгдсэн байх боловч ийнхүү битүүмжлэх, хураан авахдаа эд хөрөнгийн жагсаалт үйлдээгүй, чанар, хэрэгцээ, элэгдлийн байдлыг актад тусгаагүйгээс өөрийн хадгалалтад ямар хэмжээний ямар эд хөрөнгийг авсан нь тодорхойгүй байх тул дээрх ажиллагааг зохих ёсоор хийгдсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Мөн хураан авсан эд хөрөнгийг үнэлүүлэх зорилгоор БХЗХТБАА 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 112 тоот тогтоолоор шинжээч томилсон байх боловч шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүйгээс шинжээч үнэлгээ хийсэн эсэх асуудал тодорхойгүй байх бөгөөд талууд тухайн үед Эд хөрөнгийн үнэлгээг гаргасан гэж байгаа боловч хэдийд ямар үнэдгээний комисс хичнээн нэр төрлийн хөрөнгө үнэлсэн талаарх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураараа барагдуулаагүй төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжпэх, хураах, эд хөрөнгийг талуудаар үнэлгээ тогтоолгох, ийнхүү үнэлэх боломжгүйг нь шинжээчээр үнэлүүлэх, хөдлөх эд хөрөнгийг хураан авснаас хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг явуулах, үл хөдлөх эд хөрөнгийн тухайд албадан дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор албадан дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг шат дараалласан ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулах үүргийг хуулиар хүлээдэг байна.

Төлбөр төлөгч Сын эд хөрөнгийг битүүмжпэх, хураах, үнэлэх, үнэлүүлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүйгээс Сын зээлийн барьцаа хөрөнгө болох битүүмжлэгдэж, хураагдсан БХХК-ийн төмрийн зах буюу эзэмшлийн газар, хашаа, түүний доторх хэрэгцээний төмрүүд нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй, хэдэн төгрөгийн үнэ ханштай хөрөнгө байсан нь тодорхойгүй үлдсэний зэрэгцээ одоо байхгүй тэдгээр хөрөнгө ямар замаар, хаана, хэнд очсон, худалдсан бол хэдийд хэн хэдэн төгрөгөөр борлуулсан, борлуулалтын орлого бүхэлдээ төлбөр төлөгчийн төлөх ёстой төлбөрөөс хасагдаж чадсан эсэх, хасагдаагүй бол хаана, хэнд шилжсэн болох,  өөрийн хадгалалтад байлгах шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр хэрэгжсэн эсэх зэрэг олон асуултад хэргийн баримт хангалттай хариулт өгч чадахгүй байна.

Дээрх хөрөнгүүд нь “Мэдээлэл сан” ХЗХ-ны зээлийн барьцаанд байсан нь Баянзүрх дүүргийн шүүхийн 702 дугаар шийдвэрт тусгагдсан бөгөөд түүний доторх хэрэгцээний төмрүүд буюу бараа, материалууд нь Сын ганц гишүүн бүхий БХХК-ийн эзэмшлийн хөрөнгө байсан байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба  /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа БХЗХТБАА/ нь төлбөр төлөгч Сыг 48.000.000 төгрөгийг төлсөн, одоо 140.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй болохыг хүлээн зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10,12.1., 13.1, 20, 31, 34.1.1, 34.1.2, 34.1.4, 34.1.6., 35.7., 37.1., 37.2.2., 38.1., 38.2., 39.1., 39.3., 40.1.1.,40.1.2,. 43,47.1. зэрэг заалтуудыг зөрчсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Мөн төлбөр авагч /гуравдагч этгээд/ Д.С нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр бүрэн төлөгдөөгүй болохыг тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.,115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Саас 189.661.562 төгрөг гаргуулж, Мэдээлэл сан ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар тогтоолын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО