Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/00815

 

С.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00231 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Сын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Бнд холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Хишигбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 1996 оноос Б ХХК-ийн захирлаар ажиллаж, төмрийн худалдааны захын үйл ажиллагаа явуулж байхдаа М хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан. Зээлийг Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 тоот тогтоолоор шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхээс М хадгаламж зээлийн хоршоонд 188 612 500 төгрөгийг С.С нь төлөхөөр тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулахдаа дараах байдлаар хууль зөрчсөн.

 

Үүнд: Б ХХК-ийн захирал С.Сын эзэмшилд байсан төмрийн худалдааны захыг 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 0001707 актаар битүүмжлэхдээ зах дээр нь очиж үзэлгүйгээр акт үйлдсэн. Хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. Мөн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрөө төмрийн худалдааны захад очиж үзэлгүйгээр нэхэмжлэгчийн барилгын хэрэглээний 133 нэр төрлийн төмөр материалуудыг хураах тухай эд хөрөнгө хураах 000034 тоот акт гаргасан ба хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. Эд хөрөнгө, төмрийн захын хашаа зэрэгт нэг бүрчлэн үзлэг хийгээгүй, хөрөнгийн тоо хэмжээнд бүртгэл хийгээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, албан тасалгаандаа дээрх актуудыг гаргасан. Шинжээч томилох тухай 112 тоот тогтоолыг гаргахдаа эд хөрөнгийн тооллогын комиссын бичиг баримтыг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуурамчаар нөхөн үйлдэж, шийдвэр гүйцэтгэлийн материалд хавсаргасан. Мөн эд хөрөнгийн үнэлгээ нь шинжээч томилсон тогтоолын өмнөх өдөр 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр комиссын гишүүдийн гарын үсэгтэй бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэгч Д.А нь төмрийн худалдааны захын эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар ямар ч арга хэмжээ аваагүй, хяналт тавиагүйн улмаас М хадгаламж зээлийн хоршооны захирал Д.С нь битүүмжлэх болон эд хөрөнгийг хураасан акт үйлдэгдсэний дараа төмрийн захад зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж өөрийн харуул хамгаалалтыг тавьж, төмрийн зах дээр байсан барилгын хэрэглээний төмөр, материалуудыг дур мэдэн үнэ хямдруулан худалдан борлуулж, эд хөрөнгийг үрэн таран хийсэн. Шийдвэр гүйцэтгэгч Д.А нь дээрх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй. Борлуулалтын орлогуудыг нь шийдвэр гүйцэтгэлийн дансанд тушаагаагүйн улмаас төлсөн төлбөрөөс хасалт хийгээгүй. Эдгээр ажиллагаануудад удаа дараа буюу  нийт 16 удаа урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдлуудыг ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт өгч байсан боловч тухайн үед нэг ч хариу өгөөгүй. Иймээс шийдвэр гүйцэтгэгч н.А нь төмөр материалууд болон бусад эд хөрөнгө, төмрийн захын хашаа зэрэгт эд хөрөнгийн тоо хэмжээг тогтоолгүй, үнэлгээ хийлгүй, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын талаар ямар ч арга хэмжээ авалгүй, хяналт тавиагүйн улмаас барьцаа, бусад хөрөнгүүд үрэгдсэн. Тухайн үед зах дээр байсан барилгын төмөр материалуудыг нэг бүрчлэн үнэлэхэд 273 000 000 төгрөгийн үнэ бүхий 133 нэр төрлийн барилгын хэрэглээний төмөр хийцийн тоног төхөөрөмжүүд байсан. Анх М хадгаламж зээлийн хоршооноос 2001 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс нийт 197 265 000 төгрөгийн зээл авч дараах байдлаар зээлийн төлбөрийг төлсөн.

Үүнд: Зээлд 210 883 862 төгрөг, 2003 оны 6 дугаар сарын 13-аас 2003 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 3 999 884 төгрөг, 2003 оны 7 дугаар сарын 05-аас 2006 оны 8 дугаар сарын 30-ны хооронд 49 266 378 төгрөгийг төлсөн. Барилгын хэрэглээний төмөр материалын захад байсан 273 000 000 төгрөгийн бараа материалаас зарагдсан 100 000 000 төгрөгийг бэлнээр М хадгаламж зээлийн хоршоонд төлсөн. Дээрх төлбөр төлсөн баримтууд, шийдвэр гүйцэтгэлийн материалаас үзэхэд зарим төлбөрүүдийг хасалт хийгээгүй, анхны төлөх үнийн дүнд өөрчлөлт оруулалгүйгээр өнөөдрийг хүртэл Улсын Дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн 188 612 500 төгрөгийн төлбөр нэхэмжлэгдсээр байна. Төлбөр авагч 28 612 500 төгрөг хүлээн авсан нь үнэн болно гэсэн баримт байхад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрөөс хасалт хийгээгүй байна. 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр авагч М хоршооны албан бичигтээ 8 144 832 төгрөгийг өрийн үлдэгдлээс хасч тооцно уу гэснийг төлбөрөөс хасалт хийгээгүй байна. Өндөр насны тэтгэврийн дансыг битүүмжлэхдээ 1 300 000 төгрөгийг авсан нь хасагдаагүй. Эд хөрөнгө битүүмжлэх болон эд хөрөнгө хураах актууд гарах үед нэхэмжлэгчийн эзэмшилд байсан барилгын хэрэглээний төмөр материалын зах дээр 173 000 000 төгрөгийн үнэ бүхий төмөр материал, 100 х 60 метрийн харьцаатай төмрийн захын модон хашаа, газар эзэмших эрх нь байхгүй болсон болно. Энэ нь төлбөл зохих 135 346 238 төгрөгөөс 37 653 752 төгрөгийн үнэ бүхий материал илүү байсан. Иргэн С.С нь төлбөл зохих төлбөрөө бэлэн мөнгөөр, эд материалаар бүрэн төлж, илүү төлөлттэй дуусгасан. М хадгаламж зээлийн хоршооноос авсан зээл, хүүг бэлэн мөнгө, төмөр материалаар бүрэн төлж дуусгасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлалаар С.Саас 188 612 500 төгрөгийг гаргуулан М хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч  нь төлбөр төлөөгүй тул 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.А С.Сын Б ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах төмрийн захыг, төмөр материалын хамт битүүмжилж, 0000304 дугаар эд хөрөнгө хураах актаар хураан, Баянзүрх дүүргийн газрын албанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/6545 дугаар албан бичиг хүргүүлж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төмрийн захыг 2002 онд Улсын мөрдөх байцаах газраас битүүмжлэн М хадгаламж зээлийн хоршооны захирал Д.Сд хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд битүүмжлэгдсэн төмрийг төлбөр төлөгчийн хяналтад худалдан борлуулахаар талууд харилцан тохиролцож, төлбөр авагч тал, төлбөр төлөгчийн эгч С.Ү нар хамтран худалдан борлуулж, төлбөрөөс 48 000 000 төгрөгийг барагдуулж, одоо 140 600 000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна. Үүнээс өөр төлбөр төлсөн баримтыг төлбөр авагч гаргаж өгөөгүй учир үлдэгдэлтэй гэж үзэж байгаа. С.Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт заасныг баримтлан С.Саас 189 661 562 төгрөг гаргуулж, М хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар тогтоолын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч С.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, битүүмжилж, эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон акт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй. Анхан шатны шүүх төлбөр төлөгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрч тухайн үөд шүүхэд хандаагүй  гэж буруу дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар тогтоолыг зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхэд гаргахаар байгаа, өнөөдөр ч "тогтоол" гаргаагүй. Тоотоор хариу өгснийг шүүхэд хандах эрх нээгдсэн гэж ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажилгаанаас хохирсон тухайгаа нотолсон байхад эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой. Битүүмжлэх, хураах үнэлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүйгээс газар хашаа, түүний доторх хэрэглээний төмрүүд нь ямар шинж чанартай, тоо хэмжээтэй, хэдэн төгрөгийн үнэтэй ханштай хөрөнгө байсныг тодорхойлох боломжгүй болсон талаар шүүх дүгнэсэн атлаа үндэслэл болгосонгүй. Төлбөрөө бэлэн мөнгө эд материалаар бүрэн төлж, илүү төлөлттэй дуусгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэгдсэн, цаг хугацааны хувьд 2002.01.10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үеийн маргаанд хуучин хууль үйлчлэнэ, түүнчлэн одоо явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах гомдлын шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Бнд холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулж, гүйцэтгэх баримт бичгийг хаалгахыг ша ардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх-ийн 1-4, 69 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар тогтоолоор нийт 188 612  500 төгрөгийг М хадгаламж зээлийн хоршоонд төлөхөөр шийдвэр гарснаар, гүйцэтгэх хуудас бичигдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ./ хх 20-26, 69 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэгч нь 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хууль зөрчсөн талаар тайлбарлаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргадаг гомдлын шинжтэй үндэслэлүүд заасныг анхан шатны шүүхээс хуульд заасан журмын дагуу тухай бүрд нь шүүхэд гомдол гарган хянуулаагүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр төлбөр авагч М хадгаламж зээлийн хоршоонд төлөх ёстой байсан 188 612 500 төгрөгийг бараа материал, бэлэн мөнгөөр төлж барагдуулсан, илүү төлөлттэй байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох ёстой гэсэн агуулгатай байна. / хх-ийн 1-4 дүгээр хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй юм.

 

Хариуцагч болон гуравдагч этгээдийн “шүүхийн шийдвэрээр гаргуулах ёстой өр төлбөр бүрэн биелэгдээгүй, 140 600 000 төгрөгийн төлбөр үлдсэн” талаарх тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй. Хэрэгт нотлох баримтаар гаргасан улаан хавтастай кассын зарлагын ордер гэх баримтууд нь цаг хугацааны хувьд шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цагт хамаарч байхаас гадна хамаарлын хувьд хэнд холбогдох болон хүлээн авагч нь тодорхойгүй, гарын үсэггүй гэх мэт эргэлзээтэй баримтууд байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй юм.

 

Төлбөрөө бүрэн төлснөө нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00231 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Сын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            .                        М.НАРАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                          Ш.ОЮУНХАНД