Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2018/00269

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК -д холбогдох

гэрээ цуцалж, 59.173.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С, түүний өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ж ХХК-тай Б Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулсан билээ. Гэрээнд нийт 70,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан 1м.кв-ийн үнийг 1.900.000 төгрөг, нийт байрны үнийг 134.140.000 төгрөг байхаар тохиролцож урьдчилгаа төлбөрийг 1515.10.28-ны өдрөөс эхлэн 2017.03.30-ны өдрийг хүртэл захилагч Б 78.240.000 төлнө. Үлдэгдэл төлбөрийг банкны зээлэнд хамрагдуулж төлөхөөр тохиролцож, Б нь гэрээнд заасан графикийн дагуу урьдчилгаа төлбөрөө хугацаандаа бүрэн төлж үүргээ гүйцэтгэсэн.

 Харин гүйцэтгэгч ЖХХК нь орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд байрыг ашиглалтанд бүрэн оруулж Захилагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч  энэ үүргээ биелүүлсэнгүй. Мөн байр хугацаандаа ашиглалтанд орж чадаагүйгээс болж 8%-ийн зээлэнд хамрагдаж чадахгүй нөхцөл байдалтай байсаар байгаад Б нь 2017.08.06-нд Койкагийн тэтгэлгээр төрийн албан хаагчийн удирдлагын чиглэлээр суралцахаар болсон.

Энэ учир байдлаа гүйцэтгэгч компанитай 2017.7 дугаар сард уулзаж 2 жилийн хугацаанд суралцах болсон энэ хугацаанд Б өөрөө байхгүй учраас 8%-ийн зээлэнд хамрагдаж чадахгүй боллоо. Энэ нөхцөл байдал гүйцэтгэгч компани хугацаандаа байрыг ашиглалтанд оруулж чадаагүйгээс болж үүсэж байна.

Иймд гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. Гэтэл гүйцэтгэгч компанийн борлуулагч нар нь таныг манай байгууллагын хөнгөлттэй зээлэнд 2 жилийн хугацаанд хамрагдуулж өгнө ямарч хүү байхгүй та сард нэг сая төгрөг л төлнө байрны төлбөрөөс хасагдаад явна иймд түр хүлээж бай захирал ирэхээр танилцуулаад шийдээд өгнө гэж хэлсэн.

Ингээд 2017.07 сараас хойш энэ компанийн тухайн үед байсан борлуулагч, захирлууд нь солигдож утсаа авахгүй асуудлыг шийдэж өгөхгүй байсаар байгаад шинэ захирал нь байгууллагын хөнгөлттэй зээлэнд хамрагдуулах боломжгүй гэдгээ хэлсэн.

Иймд гэрээний үүргийг цаашид биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээг цуцалж, гэрээний дагуу урьчилгаанд төлсөн 55.900.000 төгрөг, мөн гэрээний 3.1.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй хоног тутам 0,01%-иар бодож хоногийн 13.414 төгрөг, үүргээ гүйцэтгээгүй 244 хоногийн алданги 3.273.000 төгрөг, нийт 59.173.000 төгрөгийг гүйцэтгэгч ЖХХК-иас гаргуулж өгнө үү гэв

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу  тайлбартаа:

ЖХХК болон Х.Бийн хооронд 2015 оны 10-р сарын 28-ны өдөр №ОБТС/А/12А дугаартай Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээг хийсэн ба 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 55.900.000 төгрөг телсөн.

Туул Гарден төслийн орон сууцны барилга нь эдийн засгийн байдал хүндрэлийн улмаас барилгын салбар уналттай байгаагаас үүдэн гэрээнд заагдсан хугацаанд барилгаа ашиглалтанд оруулж чадаагүй боловч одоогоор барилгын ажил хэвийн 85% гүйцэтгэлтэй , шахуу явагдаж байна. Нэхэмжлэгч гэрээнд зааснаар байр ашиглалтанд орох үед үлдэгдэл төлбөр төлнө.

Манай компани нь захиалагч нартаа байгууллагын хөнгөлөлттэй хүүгүй зээл олгох хөтөлбөр байхгүй ба захиалагчийн 2017 оны 11 сарын 10 нд гаргасан байгууллагын хүүгүй хөнгөлөлттэй нөхцөлөөр байр ашиглалтанд ороход амьдран суух нөхцөлтэйгөөр сар бүр 1 сая төгрөг төлөх хүсэлтэд боломжгүй талаар хариу өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч нь Бнь хариуцагч ЖХХК-иас 59.173.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч  ЖХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний 3.1.1.-д заасны дагуу хариуцагч /гүйцэтгэгч/ ЖХХК нь “Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо GS Tuul Garden орон сууцны 1м.кв талбайг 1.900.000 төгрөгт, нийт 134.140.000 төгрөгөөр  А блокт 70,6 м.кв талбайтай, 1201 тоот орон сууцны барилгыг барьж 2017 оны 1 дүгээр улиралд буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны дотор хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч /захиалагч/ Бнь ажлын хөлсөнд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаа 13.400.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 2.500.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 78.240.000 төгрөгийг байр ашиглалтанд орсон өдрөөс эхлэн сар бүр 1 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай төлж, тухайн хугацаанаас хойш үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамрагдаж төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-11-р хуудас/

Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ”-ний хавсралтаар уг орон сууцны төлбөрийн талаар нэмэлт нөхцөл тохирсон талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус гэрээний 1.2., 3.1.1-т зааснаас үзвэл хариуцагч “Ж” ХХК нь гэрээнд заасан орон сууцыг барьж гүйцэтгэж, 2017 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж байхад гэрээнд заасан 70,6. м.кв талбайтай 3 өрөө орон сууц бодитоор бий болоогүй, гэрээний агуулга, “Ж” ХХК орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгэх үүрэг хүлээсэн зэргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

Хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн болон орлогын баримтаар нэхэмжлэгч Бнь хариуцагч “Ж” ХХК-нд 13 удаагийн үйлдлээр нийт 55.900.000 төгрөг шилжүүлсэн ба зохигчид энэ талаар маргаагүй.

Гэвч гүйцэтгэгч “Ж” ХХК орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн учраас захиалагч Бөмнө шилжүүлсэн 55.900.000 төгрөгийг гэрээнд зааснаар алданги тооцож, нэхэмжилж байгаа ажээ.

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно” гэж заасан.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч “Ж” ХХК 2017 оны 1 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч тус компани Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаарын зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчиж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

Энэ нь, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 Учир нь нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийн үндэслэл болсон орон сууцыг тохирсон хугацаанд хүлээлгэж өгөөгүй гэх тайлбарыг хариуцагч “Ж” ХХК-иас үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй болно.  

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай боловч хариуцагчийн зүгээс үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

Иймд, хариуцагч “Ж” ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны барилга захиалгаар барих гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэв.

 Нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Солонгын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл захиалагч Борон сууцыг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч “Ж” ХХК-иас, өмнө төлсөн 55.900.000 төгрөгийг гэрээнд зааснаар алдангийн хамтаар нэхэмжилж байгааг түүнийг гэрээнээс татгалзаж байна гэж дүгнэв.

Тодруулбал, хэдийгээр хариуцагч “Ж” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан орон сууцыг хугацаа хэтрүүлж барьж гүйцэтгэж байгаа ч захиалагч Бнь түүнийг хүлээн авахаас татгалзаж буй тайлбар, гүйцэтгэгч талд өгсөн хөлсийг алдангийн хамт шаардаж байгаагаар илэрхийлэгдэж байна.

 Иргэний хуулийн 355 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах талаар зохицуулсан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл ажлын үр дүн гэрээг байгуулмагц биелэх бус харин тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулсан. 

Иргэний хуулийн 221.1, 221.3.-т тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна.

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 

Нэгэнт хариуцагч “Ж” ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч Бэнэхүү зөрчлийг үндэслэж, цаашид орон сууцыг хүлээн авахаас татгалзаж буй шалтгаан нь хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс болсон байх тул тэрээр Иргэний хуулийн 221.1, 221.3.-т тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

Үүнийг нэхэмжлэгч Б гэрээнд заасан орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг түүнд хариуцагч “Ж” ХХК-ийн одоогийн гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй болсон гэж үзэж, талуудын хувьд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэг үүссэн гэж ойлгох ба үүрэг гүйцэтгэгч “Ж” ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 55.900.000 төгрөгийг захиалагч Х.Борорцэцэгт буцаан өгөх үүрэгтэй болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх этгээд ийнхүү хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбоотой буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэснийг үүрэг гүйцэтгүүлэгч тал хүлээн авах тохиолдолд гэрээнд заасан алданги төлөх үүрэг хүлээдэг. 

 

Үүрэг гүйцэтгүүлэгч тал Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзснаар түүнд үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн ач холбогдолгүй болсон, гэрээнээс татгалзсан нь гэрээний бүхий л тохиролцооноос татгалзаж байгааг агуулдаг учраас хэдийгээр ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ч гэсэн алданги тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзэх хэдий ч захиалагчийн төлсөн 55.900.000 төгрөгийг гүйцэтгэгч тодорхой хугацаанд хэрэглэж ашигласан гэж үзэж алданги нэхэмжилж байгааг буруутгах үндэсгүй.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.2.-т “Байр ашиглалтанд орох хугацаа хойшилсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үнийн дүнгийн 0,01%-ийн алдангыг захиалагчид төлнө” гэж тохирсон байх тул захиалагчийн төлсөн 55.900.000 төгрөгнөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаа 8 сар 4 хоногийн хугацааны 1.363.960 /5590х244=1.363.960/ төгрөгийн алданги тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

           

Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч “Ж” ХХК-иас гэрээний урьдчилгаанд төлсөн 55.900.000 төгрөгийг, алданги 1.363.960 төгрөг, нийт 57.263.960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.909.040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж өмгөөлөгч авах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулахдаа түүнтэй зөвшилцөж дараагийн шүүх хуралдааны товыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11.30 цагт товлосон болно.

Х.Бийн нэхэмжлэлтэй ЖХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11.30 цагт товлож, хариуцагчийн төлөөлөгч О.А-т шүүх хуралдааны товыг 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр мэдэж тов дээр гарын үсэг зурсан  боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч түүний  эзгүйд нь хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасанаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас 57.263.960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.909.040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453.820 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 444.269 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ИЧИНХОРЛОО