Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 774

 

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00269 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ж.Э.П” ХХК-д холбогдох

 

Гэрээг цуцалж, 59 173 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Д.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Ж.Э.П” ХХК-тай Х.Б орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулсан. Гэрээнд нийт 70,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан 1 м.кв-ийн үнийг 1 900 000 төгрөг, нийт байрны үнийг 134 140 000 төгрөг байхаар тохиролцож урьдчилгаа төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл захиалагч Х.Б 78 240 000 төгрөг төлнө. Үлдэгдэл төлбөрийг банкны зээлэнд хамрагдуулж төлөхөөр тохиролцож, Х.Б нь гэрээнд заасан графикийн дагуу урьдчилгаа төлбөрөө хугацаандаа бүрэн төлж үүргээ гүйцэтгэсэн. Харин гүйцэтгэгч “Ж.Э.П” ХХК нь орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд байрыг ашиглалтад бүрэн оруулж захилагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Мөн байр хугацаандаа ашиглалтад орж чадаагүйгээс болж 8 хувийн зээлд хамрагдаж чадахгүй нөхцөл байдалтай байсаар Х.Б нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Койкагийн тэтгэлгээр төрийн албан хаагчийн удирдлагын чиглэлээр суралцахаар болсон. Энэ учир байдлаа гүйцэтгэгч компанитай 2017 оны 7 дугаар сард уулзаж 2 жилийн хугацаанд суралцах болсон энэ хугацаанд Х.Б өөрөө байхгүй учраас 8 хувийн зээлд хамрагдаж чадахгүй боллоо. Энэ нөхцөл байдал гүйцэтгэгч компани хугацаандаа байрыг ашиглалтад оруулж чадаагүйгээс болж үүсч байна. Иймд гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. Гэтэл гүйцэтгэгч компанийн борлуулагч нар “таныг манай байгууллагын хөнгөлттэй зээлэнд 2 жилийн хугацаанд хамрагдуулж өгнө ямар ч хүү байхгүй та сард нэг сая төгрөг төлнө, байрны төлбөрөөс хасагдана, түр хүлээж бай захирал ирэхээр танилцуулаад шийдээд өгнө” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 7 дугаар сараас хойш энэ компанийн тухайн үед байсан борлуулагч, захирлууд нь солигдож утсаа авахгүй асуудлыг шийдэж өгөхгүй байсаар байгаад шинэ захирал нь байгууллагын хөнгөлттэй зээлэнд хамрагдуулах боломжгүй гэдгээ хэлсэн. Иймд гэрээний үүргийг цаашид биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээг цуцалж, гэрээний дагуу урьчилгаанд төлсөн 55 900 000 төгрөг, мөн гэрээний 3.1.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй хоног тутам 0,01 хувиар бодож хоногийн 13 414 төгрөг, үүргээ гүйцэтгээгүй 244 хоногийн алданги 3 273 000 төгрөг, нийт 59 173 000 төгрөгийг гүйцэтгэгч “Ж.Э.П” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Э.П” ХХК болон Х.Б-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №ОБТС/А/12А дугаартай орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээг хийсэн ба 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 55 900 000 төгрөг төлсөн. Туул Гарден төслийн орон сууцны барилга нь эдийн засгийн байдал хүндрэлийн улмаас барилгын салбар уналттай байгаагаас үүдэн гэрээнд заагдсан хугацаанд барилгаа ашиглалтад оруулж чадаагүй боловч одоогоор барилгын ажил хэвийн 85 хувийн гүйцэтгэлтэй, шахуу явагдаж байна. Нэхэмжлэгч гэрээнд зааснаар байр ашиглалтад орох үед үлдэгдэл төлбөр төлнө. Манай компани нь захиалагч нартаа байгууллагын хөнгөлөлттэй хүүгүй зээл олгох хөтөлбөр байхгүй ба захиалагчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан байгууллагын хүүгүй хөнгөлөлттэй нөхцлөөр байр ашиглалтад ороход амьдран суух нөхцөлтэйгөөр сар бүр 1 сая төгрөг төлөх хүсэлтэд боломжгүй талаар хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг баримтлан хариуцагч “Ж.Э.П” ХХК-иас 57 263 960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 909 040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453 820 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ж.Э.П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 444 269 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-т олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах болзолтойгоор гэрээ хийсэн гэх нь үндэслэлгүй бөгөөд Х.Б-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 2 жилийн хугацаатай компанийн хүүгүй зээлд хамрагдах хүсэлтийг компанийн зүгээс зөвшөөрсөн гэх нотлох баримтгүй, харилцан тохиролцсон эсэхийг нотлож чадаагүй бөгөөд энэ асуудлыг үндэслэн орон сууц захиалгын гэрээг дангаар цуцалж байгааг манай компани хүлээн зөвшөорөх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан "Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 3.2.9-т "Энэхүү гэрээний хүчинтэй хугацаанд захиалагч нь гадаадад тодорхойгүй хугацаагаар явах болвол энэ нь гэрээнд заагдсан захиалагчийн хүлээх үүрэгт нөлөөлөхгүй бөгөөд төлбөр тооцоо хийх итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж гүйцэтгэгч талд мэдэгдэх үүрэгтэй" гэж заасан бөгөөд Х.Б нь тэтгэлгээр гадаадад суралцахаар болсон нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Анх орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээг манай байгууллагатай Д.Хүрээсүрэнтэй байгуулсан бөгөөд захиалагчийн хүсэлтээр гэрээг Х.Б рүү шилжүүлсэн. Уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.4, 6 дугаар зүйлийн 6.5-д тус тус заасны дагуу 2 682 800 төгрөгийг захиалагч тал манай компанид төлөх үүрэгтэй байна. Манай компани тухайн орон сууцны барилгын явц, гүйцэтгэлийг тухай бүр нь захиалагч талд мэдэгдэж байсан бөгөөд мэдэгдэх бүрт шүүхэд гаргасан нэхэмжлэлд бичсэн шиг хугацаандаа байрыг хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргийг цаашид биелүүлэх боломжгүй болсон талаар бидэнд мэдэгдээгүй. Талуудын хооронд байгуулагдсан №С5ТС/А/12А тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.8-д зааснаар ''захиалагч нь энэхүү гэрээг дангаар зөрчиж байраа аваагүй тохиолдолд үнийн дүнгийн 20 хувийн төлбөрийг торгуульд төлнө'" гэсэн заалтын дагуу 26 828 000 төгрөгийг захиалагч X.Б-ээс гаргуулж авах үндэслэлтэй байна. Захиалагч Д.Хүрээсүрэнтэй хийсэн гэрээг Х.Б болгон өөрчлөх үед манай комнанийн менежер Г.Тэмүүлэнтэй үгсэн хуйвалдах замаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн С8ТО/А/12А тоот гэрээний 3.2.8-д заасан заалтыг устган гарын үсэг зурж гэрээ байгуулсны дараа гэрээ цуцлах талаар шүүхэд хандсан байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой байсан боловч хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн манай компанийн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд очиж чадаагүй байхад зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иймд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзээгүй, хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч “Ж.Э.П” ХХК-д холбогдуулан гэрээг цуцалж, 59 173 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр GSTG/А/12А тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 70.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд барьж дуусган хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаа 13 400 000 төгрөг төлөх, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 2 500 000 төгрөг төлөх, байр ашиглалтад ороход үлдэгдэл 78 240 000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тус тус тохиролцсон, энэ талаар талууд маргахгүй байна.                                                                                                                 /хх 6-9, 11 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг болох 3 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүйгээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эсэх талаар маргаан үүссэн байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны төлбөрт нийт 55 900 000 төгрөг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь урт хугацаатай гэрээ бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт “гэрээний нэг тал үүрэг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцалж болно” гэж заажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй байх тул захиалагч гэрээг цуцлах эрхтэй юм.

 

Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдах тул уг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор үр дагаврыг арилгуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний дагуу авсан, өгсөн зүйлийг буцаан шаардах эрхтэй бөгөөд харин гэрээг гүйцэтгэгч зөрчсөнөөс хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги гаргуулах нэмэлт үүрэг нэгэн адил цуцлагдах тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн орон сууцны урьдчилгаанд төлсөн 55 900 000 төгрөг гаргуулсан нь зөв боловч шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн орон сууцны урьдчилгаанд төлсөн 55 900 000 төгрөгөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 8 сар 4 хоногийн хугацааны алданги 1 363 960 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцалсантай холбоотой хохирол шаардах боломжгүй, цуцлагдсан гэрээнд заагдсан алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөх боломжтой.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж.Э.П” ХХК-иас 55 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 363 960 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч “Ж.Э.П” ХХК-ийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00269 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж.Э.П” ХХК-иас 55 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 363 960 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч “Ж.Э.П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 444 269 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-т олгосугай” гэснийг “хариуцагч “Ж.Э.П” ХХК-иас 437 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-т олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ж.Э.П” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ