Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/0548

 

 

2015 оны 12 сарын 02 өдөр      Дугаар 221/МА2015/0548

 

 

 

 

 

Ч.М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, А.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 512 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу иргэн Ч.М-н нэхэмжлэлтэй, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч Ч.М  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б-16 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэст мэргэжилтнээр томилогдсон. Гэтэл БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-ы 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 тоот тушаалаар яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн батлагдсан гэсэн нэрээр хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаал гаргасан түр орлон гүйцэтгэгч Т.Б нь хууль бус үүрэг гүйцэтгэгч. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам татан буугдаагүй, харин Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг тухайн яаманд нэгтгэсэн ба миний ажлын чиг үүрэг алдагдаагүй, ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэг хэвээр хадгалагдаж байхад өөр асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан хүнийг тухайн албан тушаалд томилсон нь үндэслэлгүй. Тиймээс Б-27 дугаар тушаалыг хянаж, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдлийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-н 4.4-т Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж заасныг үндэслэн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Ажлын байрны тодорхойлолтыг 2015 онд өөрчилсөн ба түүний шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байсан, ойн мэргэжлийн бус хүн байсан тул БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаарыг гарган ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон дээрх Засгийн газрын 382 дугаар тогтоолд тус тус үндэслэсэн тул хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн зэрэг зөрчил байхгүй, хууль зүйн үндэслэлтэй батлагдсан гэж үзэж байна. гэжээ.

 

 

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОНХАЖЯ-ны  Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.М г 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж,

 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Ч.М гийн ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон олгож, Ч.М гийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр нь тус яамны бүтэц шинэчлэгдэж, орон тоог цөөрүүлж, бүтцийн өөрчлөлт хийгдэж тухайн орон тоо цөөрсөн байхад илт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, хариуцагчийн хариу тайлбарыг үл хайхарсан байна. Тухайлбал: Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, "Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор ажлын байрны чиг үүргийг давхардуулахгүй, төрийн байгууллагын орон тоо, бүтцийн өөрчлөлтийг 15 хувиар цомхотгох, төсвийг хэмнэх үүргийг төрийн бүх байгууллагуудад өгөгдсөн билээ. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд тус яаманд татан буугдсан Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас 7 орон тоо шилжүүлэн ирүүлсэн. Үүнээс гадна Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байсан Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих үүрэг бүхий үндэсний хорооны ажлын алба, Усны үндэсний хороо, Газрын шинэтгэлийн хороог татан буулгаж, Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах алба Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын алба, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх ажлын албаны орон тоог тус тус цөөрүүлж, эрхлэж байсан чиг үүргийг нь тус яаманд шилжүүлсэн.

 

Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор БОНХЯ-ны бүтцийг 108, "Төрийн сангийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж эхлэх тухай" Засгийн газрын 2013 оны 116 дугаар тогтоолоор 2 орон тоо нэмж нийт 110 орон тоотойгоор баталсан билээ.

 

Харин Засгийн газрын шинэ бүтцээр /Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор/ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам 116 орон тоотойгоор батлагдсан бөгөөд дээрх байгууллагуудад ажиллаж байсан 40-өөд ажлын байрны чиг үүргийг тус яамны бүтцэд шилжүүлж, чиг үүргийг нэмэгдүүлж, ажлын байрны ачааллыг нягтруулах төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор орон тоог цөөрүүлсэн болно.

 

Засгийн газрын шинэ бүтцээр /Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор/ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам:

 

1. Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газар (санхүү, эдийн засгийн хэлтэс, цэвэр технологийн хэлтэстэй)

 

2. Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэстэй);

 

3. Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар;

 

4. Ойн бодлого зохицуулалтын газар;

 

5. Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар (газрын нөөцийн зохицуулалтын хэлтэс, усны нөөцийн хэлтэс, сав газрын удирдлагын хэлтэстэй);

 

6. Төрийн захиргааны удирдлагын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

 

7. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар;

 

8. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэж 8 газар 8 хэлтэстэйгээр зохион байгуулагдсан. Хуучин бүтцээр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт 2 мэргэжилтэн, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэст хэлтсийн дарга, 7 мэргэжилтэн нийт 10 албан хаагч Ойн талаарх бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байсан.

 

/Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор/ Шинэ бүтцээр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэс 2-уулаа татан буугдсан бөгөөд Ойн бодлого зохицуулалтын газар байгуулагдаж 8 хүний орон тоотойгоор батлагдсан. Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А-05 дугаар тушаал/

 

Иймд ажлын байрыг нягтруулж, Ойн арчилгаа, цэвэрлэгээний ажлын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Ойн хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрыг нэгтгэн Ойн баялгийн нөөцийн ашиглалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны ойн дагалт баялгийг ашиглах, хамгаалах зорилтыг нэмж, Ойн арчилгаа, цэвэрлэгээ, дагалт баялаг, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх бодлого зохицуулалт хариуцсан ажлын байранд И.Д /Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ойн баялгийн нөөцийн ашиглалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн/, Ч.М  /Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ойн аж ахуйн арга хэмжээ, ойн менежментийн төлөвлөгөөний удирдлага зохицуулалт-арчилгаа цэвэрлэгээ хариуцсан мэргэжилтэн/, Ц.Төмөрбаатар /Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ойн хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/ нараас Ц.Төмөрбаатарыг ойролцоо ажлын байрны хувьд Цэвэр технологийн хэлтэст шилжүүлсэн.

 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт "...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэж заасны дагуу яамны удирдах албан тушаалтан нар 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, ажлын туршлага, мэргэжил, мэргэшил, 2014 оны жилийн эцсийн байдлаар үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэсэн үнэлгээ зэргийг харгалзан үзэж И.Дорж, Ч.М  нарыг өрсөлдүүлсэн. /Хавтас хэрэгт 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хавсаргасан/.

 

Үүнд: И.Дорж-ой зүйч мэргэжилтэй, МУИС-ийн Ой судлалын тэнхмийг 1998 онд бакалавр, 2000 онд магистр цолтойгоор дүүргэсэн. 1998 оноос одоог хүртэл ойн салбарт мэргэжлээрээ дагнан ажилласан бөгөөд үүнээс 10 жилд төрийн үйлчилгээний албан хаагчаар, 3 жилд төрийн захиргааны албан хаагчаар ажилласан. Үүнд: 1999-2009 онуудад ерөнхий инженер, салбарын дарга, албаны даргаар, 2013-2014 онуудад ойн баялгийн ашиглалтын чиглэлээр ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Бүх нийтээр дагаж мөрдөх 2 журам, Засгийн газрын 2 тогтоолын төсөл, Байнгын хорооны 1 тогтоолын төслийг бие даан боловсруулж батлуулсан туршлагатай. 2014 оны жилийн эцсийн байдлаар үр дүнгийн гэрээг дүгнэсэн байдлаар "В" буюу сайн гэсэн үнэлгээ авсан байна.

 

Ч.М -агрономич мэргэжилтэй, ХААИС-ийг дүүргэсэн. 2011-2014 онуудад ойн салбарт ажилласан байна. Үүнээс 3 жилийг төрийн захиргааны албан хаагчаар ажилласан. Тус яаманд 2012-2013 он хүртэл Ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэнээр, 2013-2014 онуудад ойн арчилгаа, цэвэрлэгээний ажлын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан. 2014 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн байдлаар "С" буюу хангалттай гэсэн үнэлгээ авсан байна. Иймд дээрх үзүүлэлтүүдийг харгалзан үзээд Ч.М г ойн мэргэжлээр мэргэшээгүй, мэргэжлийн бус ажлын туршлага бага, ажлын үр дүнгийн үнэлгээ доогуур байх тул орон тоо цөөрүүлсэн, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тул түүнд Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Албан тушаалаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай" Б-27 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3 764 790 /гурван сая долоон зуун жаран дөрвөн мянга долоон зуун ерэн/ төгрөгийг түүнд олгосон нь Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон дээрх Засгийн газрын 382 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн зэрэг зөрчил байхгүй, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн ажлын байранд мэргэжлийн /ойн мэргэжлийн, агрономич биш/ улмаар мэргэшсэн төрийн албан хаагч ажиллуулах талаар тухайлбал:Төрийн албаны тухай хуулийн заалтыг гажуудуулсан шийдвэр болсон байна гэж үзэж байна. Нөгөө талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад "...Ч.М гийн ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговороор зохих журмын дагуу тооцон олгож." гэж заасан нь хариуцагч тал Ч.М г ажлаас чөлөөлөхдөө түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3 764 790 /гурван сая долоон зуун жаран дөрвөн мянга долоон зуун ерэн/ төгрөгийг олгосоныг нэхэмжлэгчид олгох мөнгөн дүнгээс хасах яг хэдэн төгрөгний олговор олгохыг тодорхой зааж өгөөгүй алдаатай шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, зардал хэмнэх чиглэлээр БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаал нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн зэрэг зөрчил байхгүй, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул уг хэргийг магадлан хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар давж заалдах гомдол гаргаж байна.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ч.М  нь БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б-16 тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэст томилогдон ажиллаж байсан ба БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, ажлаас чөлөөлөгджээ.

 

Хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ Яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэс татан буугдаж, Ойн бодлого зохицуулалтын газар байгуулагдаж, ажлын орон тоо хасагдсан тул тухайн хэлтсийн ахлах мэргэжилтэн И.Дорж, мэргэжилтэн Ч.М  нарыг өрсөлдүүлэн, улмаар И.Д-ийг сонгосон. гэж тайлбарлажээ.

 

Засгийн газрын бүтцийн тухай хууль 2014  оны  12  дугаар сарын  04-ний өдөр батлагдсаны дагуу Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор БОНХАЖЯ-ны бүтцийг тогтоожээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэс Ойн бодлого зохицуулалтын газар болж зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ч 8 орон тоотой хэвээр байгаа, Ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламжийн удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтэний албан тушаал Ойн бодлого зохицуулалтын газрын Ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн нэртэй болсон болох нь Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А-07 дугаар тушаал, 2014 оны А-05 дугаар тушаалуудаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэхээр байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар Ч.М г уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар байхад ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Гэтэл хариуцагчаас ажлын байрны орон тоо цөөрсөн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд үүнээс улбаалан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа талаар шалгаруулалт явуулахад танилцуулсан нэхэмжлэгч болон И.Д нарын талаарх бодит бус мэдээлэлд тулгуурласан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн орон тоог цөөрүүлсэн, ажлын чиг үүргийг нягтруулсан гэдэг нь төрийн албан хаагчийг хууль зөрчин чөлөөлснийг зөвтгөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Эдгээр асуудлаар анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг бүрэн тооцож гаргаагүй байх тул түүнийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан Ч.М н 2014 оны цалингийн картаас тооцоолон нэхэмжлэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 7 сар 24 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5216013 төгрөгийг /(7 сар х 1 сарын дундаж цалин хөлс 663309 төгрөг) + (19 ажлын хоног х 1 өдрийн 30150 төгрөг) / БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтоож, үүнээс хуульд заасан шимтгэл, даатгал, татварыг суутган авч зохих журмын дагуу нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх нь зүйтэйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ хуулийн заалтыг оновчтой зөв баримтлаагүй байгааг зөвтгөх шаардлагатай гэж үзэв.

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 512 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4.1, гэснийг хасч, 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М н 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 5216013 төгрөгийг БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас гаргуулан нэхэмжлэгч Ч.М д олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР