Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг, Улсын яллагч П.Шижиртуяа, Хохирогч Л.Г*******, Шүүгдэгч Т.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т Г*******т холбогдох эрүүгийн 1715001360037 дугаартай, 132/2017/0137/э индэкстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: М улсын иргэн, 1978 оны 07 дүгээр сарын 15-ны өдөр Ула******* хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Булган АЗЗА” ТӨХК-д харуул ажилтай, ам бүл , Булган аймгийн Булган сумын * дугаар баг, * хэсгийн **-** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Т Г******* 

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Г******* нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын * дугаар багийн нутаг “Д” ХХК-ийн урд талд засмал зам дээр хохирогч Л.Г*******ын нүүрэн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г*******ийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Г*******ын өгсөн: Миний хамар зүүн тийшээ муруйгаад үзүүр хэсэг нь хугарсан байгаа. Барьдаг хүн дээр очиж тэгшлүүлж бариулсан. Хамар эмчлүүлэх талаах судалж үзсэн тэгээд эмчилгээний зардалд 900000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, 1715001360037 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Л.Г*******ын өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дийн урдуур явж байхад Т.Г******* гэгч залуу хүмүүстэй зогсож байсан. Хажуугаар нь өнгөрөхдөө “Сайн уу ах” гээд толгой дохичоод гарсан чинь “ахтайгаа 2 ирээд гар барьчиж болохгүй байн уу” гэхээр нь очиж гар барьж мэндэлсэн. Тэгсэн чинь миний татаж байсан тамхийг харчихаад яасан гоё тамхи татдаг болчихсон юм гэсэн. Тэгэхлээр нь би явах гэтэл тамхиа гаргаад ир гэсэн. Би байхгүй хүн тамхилсан юм гэж хэлчихээд цаашаа хараад явтал араас хүрч ирээд “чи яахаараа хүн хүндэлдэггүй юм” гээд уруул хэсэг рүү нэг цохьсон. Тэгтэл цүнх газар унахлаар нь цүнхээ авахаар тонгойход ахиад цохьсн. Тэгэхээр нь би өндийгөөд барилцаж аваад “та одоо яагаад байгаа юм” гэхэд миний хамарлуу 2-3 удаа гараа зангидаж байгаад цохьсон. Тэр үед Дийн хашаанд байсан нэг эгч хашгирахад Г******* “ээжээ уучлаарай би энэ хүнийг зодоогүй” гэхэд цаана нь байсан эгч зүгээр явж байсан хүнийг барьж аваад зодлоошдээ гэсэн.

Тэгээд би цагдаа дуудна гэхэд тэр цагдаа нараа дууд, намайг барьж чадахнуу харъяалдаа гэж байсан. Удалгүй ногоон банктай хятад мотоцикль унаад Сүүдэр царам захруу явсан гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Ж.М өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд өөрийн танил ах Г*******ын хамт бага сургуулиас гараад дээд Төрийн банкны харалдаа явж байтал Дэвшил сонины урд талд Г*******ын ахын танил ах Г*******тэй тааралдсан. Г******* ах Г*******тэй толгой дохиод өнгөрсөн чинь Г******* ах хүрч ирээд Г******* ахыг ямар гоё тамхи татдаг юм гэсэн. Тэгээд Г******* ах бид 2 холдоод явтал араас Г******* ах дуудаад байсан.

Тэгтэл Г******* ах араас хүрч ирээд Г******* ахын нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Дараа нь би утсаараа цагдаа дуудсан. Г******* ах мотоциклоо унаад явсан гэх мэдүүлэг /хх 6-7 тал/, Гэрч Б.Э өгсөн: 2017 оны 9 дүгээр сард Д сонины урд асфальтан зам дээр ажилаа хийгээд байж байтал Г******* ирээд бид нартай юм яриад зогсож байсан. Тэгэхэд 2 залуу хажуугаар явж байгаад нэг нь Г*******тэй юм яриад байсан. Г******* нэг залуугаас нь тамхи гуйгаад байх шиг байсан. Нөгөө залуу нь цаашаа явахдаа Г*******т эвгүй үг хэлэх шиг болоход Г******* юу гэнээ гэж хэлсэн. Нэг мэдэхэд Г******* зам дээр бөгсөөрөө саваад унасан. Г******* босч ирээд тэр залуутай барилцаад авсан. Удалгүй өөрсдөө салсан. Би тухайн үед хэн хэнийгээ цохисныг хараагүй гэх мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугаартай 1. Л.Г*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, дууд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хамар уруул хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 29 тал/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 1 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 02 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах 3 тухай тогтоол /хх 17 тал/, багийн засаг даргын тодорхойлолт /хх 19 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 20-21 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 тал/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 25 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Г******* нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “Д” ХХК-ийн урд талд засмал зам дээр хохирогч Л.Г*******ын нүүрэн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Л.Г*******, насанд хүрээгүй гэрч Ж.Мөнхсайхан, гэрч Б.Эрдэнэбат нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №283 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Г*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Т.Г*******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Г*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Г*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хохирлын баримтаа гаргаж өгөөгүй болохыг дурьдаж, эрүүл мэндэд учирсан зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 4

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Т Г*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Г*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Г******* нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч Л.Г******* нь эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шүүгдэгч Т.Г******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ