Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч О.*******,

түүний хууль ёсны төлөөлөгч *******,

шүүгдэгч Б.*******,

шүүгдэгч нарын өмгөөлөгч улсын ахлах өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, О.******* нарт холбогдох 1815000180008 дугаартай, 163/2018/0040/Э индекстэй эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суудаг, одоо Булган сум, шинэ хороо 10-н цагаан байр, 7-1 дүгээр байранд оршин суух, ял шийтгэлгүй, Хөх овогт *******ын ******* РД: *******.

Өсвөр насны шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Гөрөөчин овогт *******ын ******* РД: *******.

Холбогдсон хэргийн талаар: Б.*******, О.******* нар нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Зүйдийн шүтээн” гэх хийдэд нэвтрэн бурхан, судар зэргийг хулгайлж 765000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Би Орхон аймгаас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Тэшиг сум руу хаягаа шилжүүлэхээр ганцаараа явсан. Тэгээд бичиг баримт байхгүй учир шилжүүлгээ хийлгэж чадаагүй. Булган аймгийн Тэшиг суманд ах дүү нарынхаа гэрээр байсан. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр орой Оюун гэдэг айлд пиво ууж сууж байгаад О.*******ийн хамт Мөнхсүх ахын гэр лүү явсан. Тэгээд би Мөнхсүх ахтай нэг шил архи хувааж уугаад Мөнхсүх ахыг гэрээсээ гарсан хойгуур гэрт нь байсан түлээ хагалдаг сүхийг нь аваад *******ийн хамт Булган аймгийн Тэшиг сумын төвийн хойд хэсэгт Мөнхсүх ахын гэрээс холгүй байдаг модон байшинтай хийдэд очиж зүүлттэй байсан цоожийг нь армуторын төмөр болон сүх ашиглаж цохиж онгойлгоод дотогш ороод 3 ширхэг шавар бурхан, 1 ширхэг гуулин бурхан, 2 ширхэг шар даавуун боолттой судар, зурмал бурхан 1 ширхэг зэрэг эд зүйлийг авч гараад хийдийн хаалгыг буцааж түгжсэн. Тэгээд Мөнхсүх ахын гэрт ирээд гадаа нь хулгайлсан эд зүйлээ нуугаад гэрт орж унтсан....Хулгай хийх санааг би анх гаргасан.... Би Булган аймгийн Тэшиг сумаас Улаанбаатар хот орох зардал байхгүй учир зардал олох зорилгоор хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* ах Булган аймгийн Тэшиг суманд ирсэн байсан. ******* ахтай төрлийн холбоо байхгүй манай ахын найз болохоор би сайн мэддэг юм. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай гэрт ирээд хөзөр тоглосон. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би гар утсаа Сүрнээ гэдэг айлд цэнэглээд зааланд тэмцээн үзэж байхад ******* ах миний утсыг аваад явсан болохоор нь утсаа авах гээд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн орой Оюун гэх айлд очиход ******* ах хүмүүстэй пиво ууж байгаад надтай хамт Мөнхсүх ахынх руу явсан. Тэгээд явж байхдаа ******* ах надад сумын төвд байдаг хийд рүү орж бурхан авъя гэхэд нь би юм хэлээгүй. Үүний дараа бид хоёр Мөнхсүх ахынд очсон бөгөөд тэр хоёр 1 шил архи хувааж уугаад Мөнхсүх ахыг гэрээсээ гарсан хойгуур гэрт нь байсан түлээ хагалдаг сүхийг ******* ах аваад намайг дагуулаад Булган аймгийн Тэшиг сумын төвийн хойд хэсэгт Мөнхсүх ахын гэрээс холгүй байдаг модон байшинтай хийдэд очиж зүүттэй байсан цоожыг нь ******* ах армуторын төмөр болон сүх ашиглаж цохиж онгойлгоод дотор нь орж гурван ширхэг шавар бурхан, нэг ширхэг жижиг гуйлан бурхан, хоёр ширхэг шар даавуун боолттой судар, нэг ширхэг зурмал бурхан зэрэг эд зүйлийг авч гараад хийдийн хаалгыг ******* ах буцаагаад түгжсэн. Тэгээд Мөнхсүх ахын гэрт ирээд гадаа нь хулгайлсан эд зүйлээ нуугаад гэрт орж хоёулаа унтсан гэх мэдүүлэг,

1815000300020 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч ий өгсөн: ....Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт байрлалтай “Зүйдийн шүтээн” нэртэй хийд нь миний хариуцаж эзэмшдэг газар юм. Би тэр хийдэд сум орныхоо иргэдийн сайн сайхны төлөө лам уриж ном хуруулж, би өөрөө хүмүүс цуглуулж бясалгал хийдэг байсан. Би алга болсон эд зүйлүүдийг ерөнхий байдлаар нэрлэе. Миний мэдэхээр хананд өлгөөтэй байсан дэлгэмэл бурхан 1 ширхэг, гуйлан Очирваань бурхан 1 ширхэг, шохойгоор хийсэн суугаа байрлалтай бурхан 2 ширхэг, Алтангэрэл судар 1 ширхэг /богино хэмжээтэй/, гаанжуур судар 1 ширхэг, шохойгоор хийсэн жижиг бурханууд хэд хэд байхгүй байх шиг байсан. Би хэсгийн төлөөлөгчөөс хийдээс алдагдсан эд зүйлсийг өнөөдөр хүлээн авсан. Эд зүйл хүлээн авсантай холбоотой гомдол байна. Учир нь суугаа байрлалтай 2 бурханыг хагалж, ямар ч ашиглах боломжгүй болгосон байна гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуудас/,

Гэрч ийн өгсөн:...би хийд дотор байдаг бурхан болон бусад эд зүйлийг нэрлэж мэдэхгүй. Багцаагаар харахад шаргал өнгөтэй 3 ширхэг бурхан /2 бурхан нь ижилхэн байсан санагдаж байна/, хананд өлгөөтэй байсан даавуун дээр зурсан бурхан 1 ширхэг мөн тахил дээр өрөөтэй байсан гадуураа шар өнгийн баринтигааар ороосон судар 1 ширхэг, шар баринтигтай сударнууд дээр байсан бутархай 5000-6000 төгрөг байсан нь алга болсон байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч ийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дөлгөөн бид хоёр хонох газаргүй болчихоод Дархан буудалд өрөө авсан байсан. Тэр өдөр үдээс хойш 15 цагийн үед гар утсаа асаахад Б.******* над руу залгаад зардалгүй болчихлоо мөнгө бэлдээд байж байгаарай гэсэн. Орой 21 цагийн орчимд ирчихлээ гэхээр нь би 20000 төгрөг аваад Хүлэг захын урдаас тосож авсан. Тэгэхэд Б.******* О.******* гэх танихгүй залуутай хамт ирсэн. Би тэр хоёрыг дагуулан байрлаж байсан буудалдаа ирсэн. Б.******* хэсэг сууж байснаа зүүн гарынхаа ханцуйнаас эвхээстэй зурмал бурхан гаргаж ирээд цүнхэнд чинь түр хийе гээд миний барьж явсан хар өнгийн цүнхэнд хоёр ширхэг шар өнгийн даавуун ороолттой судар, эвхээстэй зурмал бурхан зэргээ хийсэн. Би түүнээс чи юун бурхан авч яваа юм бэ яах гэсийм бэ гэхэд хөгшин нь Тэшигийн Хар толгойн өвөрт байдаг хийдээс авчихсан юм аа гэсэн... гэх мэдүүлэг /хх-н 44-р хуудас/,

Гэрч ий өгсөн:...Б.******* ажил бүтсэнгүй паспортоо мартаад явсан байна гэж ярьж байснаа улаан цүнхэн дотроос шар өнгийн даавуугаар ороосон судар гаргаж иртэл сударны завсараас нугалаатай цаас гарч ирснийг Б.******* жижиглэж ураад ширээн дээр байсан үнсний саванд хаясан... гэх мэдүүлэг /хх-н 45-р хуудас/,

Гэрч гийн өгсөн:...удалгүй хаалга тогшихоор нь би хаалга онгойлготол цагдаа нар орж ирээд өрөөнд байсан хар болон улаан цүнхийг уудалж дотроос нь бурхан, шар даавуугаар ороож боосон судар ном шиг зүйлсийг гаргаж ирээд биднээс энэ хэний ачаа вэ гэхээр нь би мэдэхгүй ахаа манай найз нарынх байх гэсэн. Тэр үеэр манай нөгөө хэд бүгд сэрсэн. Ингээд бид нарыг цагдаа руу авч явсан. Би тэр хоёрыг бурхан авч явааг нь мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-н 46-р хуудас/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-7 хуудас/,

эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-13 хуудас/,

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 16-21 хуудас/,

эд зүйлийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-57 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 78, 82 хуудас/ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Шүүгдэгч О.*******, өсвөр насны шүүгдэгч О.******* нар нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт байрлах “Зүйдийн шүтээн” гэх үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хийдэд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад 765000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.*******ын...Мөнхсүх ахын гэрээс холгүй байдаг модон байшинтай хийдэд очиж зүүлттэй байсан цоожийг нь армуторын төмөр болон сүх ашиглаж цохиж онгойлгоод дотогш ороод 3 ширхэг шавар бурхан, 1 ширхэг гуулин бурхан, 2 ширхэг шар даавуун боолттой судар, зурмал бурхан 1 ширхэг зэрэг эд зүйлийг авч гараад хийдийн хаалгыг буцааж түгжсэн..., хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэх,

өсвөр насны шүүгдэгч О.*******ийн...Мөнхсүх ахыг гэрээсээ гарсан хойгуур гэрт нь байсан түлээ хагалдаг сүхийг ******* ах аваад намайг дагуулаад Булган аймгийн Тэшиг сумын төвийн хойд хэсэгт Мөнхсүх ахын гэрээс холгүй байдаг модон байшинтай хийдэд очиж зүүттэй байсан цоожыг нь ******* ах армуторын төмөр болон сүх ашиглаж цохиж онгойлгоод дотор нь орж гурван ширхэг шавар бурхан, нэг ширхэг жижиг гуйлан бурхан, хоёр ширхэг шар даавуун боолттой судар, нэг ширхэг зурмал бурхан зэрэг эд зүйлийг авч гараад хийдийн хаалгыг ******* ах буцаагаад түгжсэн...гэх,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оюун-Эрдэний ....хананд өлгөөтэй байсан дэлгэмэл бурхан 1 ширхэг, гуйлан Очирваань бурхан 1 ширхэг, шохойгоор хийсэн суугаа байрлалтай бурхан 2 ширхэг, Алтангэрэл судар 1 ширхэг /богино хэмжээтэй/, гаанжуур судар 1 ширхэг, шохойгоор хийсэн жижиг бурханууд хэд хэд байхгүй байх шиг байсан гэх, гэрч ийн...шаргал өнгөтэй 3 ширхэг бурхан /2 бурхан нь ижилхэн байсан санагдаж байна/, хананд өлгөөтэй байсан даавуун дээр зурсан бурхан 1 ширхэг мөн тахил дээр өрөөтэй байсан гадуураа шар өнгийн баринтигааар ороосон судар 1 ширхэг, шар баринтигтай сударнууд дээр байсан бутархай 5000-6000 төгрөг байсан нь алга болсон байна...гэх,

гэрч ийн...Б.******* хэсэг сууж байснаа зүүн гарынхаа ханцуйнаас эвхээстэй зурмал бурхан гаргаж ирээд цүнхэнд чинь түр хийе гээд миний барьж явсан хар өнгийн цүнхэнд хоёр ширхэг шар өнгийн даавуун ороолттой судар, эвхээстэй зурмал бурхан зэргээ хийсэн. Би түүнээс чи юун бурхан авч яваа юм бэ яах гэсийм бэ гэхэд хөгшин нь Тэшигийн Хар толгойн өвөрт байдаг хийдээс авчихсан юм аа гэсэн...гэх, гэрч ий...улаан цүнхэн дотроос шар өнгийн даавуугаар ороосон судар гаргаж иртэл сударны завсараас нугалаатай цаас гарч ирснийг Б.******* жижиглэж ураад ширээн дээр байсан үнсний саванд хаясан гэх,

гэрч гийн...цагдаа нар орж ирээд өрөөнд байсан хар болон улаан цүнхийг уудалж дотроос нь бурхан, шар даавуугаар ороож боосон судар ном шиг зүйлсийг гаргаж ирээд биднээс энэ хэний ачаа вэ гэхээр нь би мэдэхгүй ахаа манай найз нарынх байх гэсэн гэх мэдүүлэгүүд, эд зүйлийн үнэлгээ, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймд Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2.1-д зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******, өсвөр насны шүүгдэгч О.******* нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Өсвөр насны шүүгдэгч О.*******, шүүгдэгч Б.******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаснд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээлэлийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.*******, шүүгдэгч Б.******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1.1, 1.1.2-т зааснаар хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч О.*******, шүүгдэгч Б.******* нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэрэгт оролцсон нь хангалттай нотлогдсон болно.

Харин Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хуулиар тогтоосноос хөнгөрүүлэх, чөлөөлөх журмыг шүүх хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан...,хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д ...”гэмт хэрэг хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”...гэж заасан ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгч О.Баянмөх, шүүдэгч Б.******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.*******өд хорих ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх, шүүгдэгч Б.*******ыг хорих ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Баямөнх, шүүгдэгч Б.******* нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тэдний нас, биед тохирсон, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэж хэрэгжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 765000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид хулгайлсан эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн бөгөөд хэрэгт хохирлын талаархи баримтыг нэмж гаргаагүй болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан үзүүр хэсэг нь хагас муруйсан 39 см урттай арзгар төмөрийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 34 см урттай иштэй, хуучин төмөр шаантагтай 1 ширхэг төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Хөх овогт *******ын *******, өсвөр насны шүүгдэгч Гөрөөчин овогт *******ын ******* нарыг үйл ажиллагаа явуулах зорилулалтын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.*******ийг 2 жилийн хугацаагар хорих ялаар шийтгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.*******өд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 8.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.*******өд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн байгууллагад, шүүгдэгч Б.*******ын 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 8.1 дүгээр зүйлийн 3- т зааснаар өвсөр насны шүүгдэгч О.*******өд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас тус тус чөлөөлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.*******, шүүгдэгч Б.******* нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3, 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.*******өд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, шүүгдэгч Б.*******т тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх даалгаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

9. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 34 см урттай иштэй, хуучин төмөр шаантагтай 1 ширхэг төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох, үзүүр хэсэг нь хагас муруйсан 39 см урттай арзгар төмөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.*******, О.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, өсвөр насны шүүгдэгч О.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН