Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/00067

 

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/00067

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоотод оршин суух, Тайж овогт Б.Ч /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Авзага овогт Ц.Г /РД: ГЮ53060505/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 660,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Чимэдцэрэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: Г нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр над руу залгасан, хоёулаа нэг газар руу явъя гээд намайг дагуулж явсан. Дандаа настай хүмүүс амралтад явуулдаг, гадаад руу зуучилдаг байгууллага байсан. 500,000 төгрөгөөр элсэж ордог, мөнгийг маань өсгөж өгнө, гадаад руу явуулна гэсэн. Бид 2 ярилцаад мөнгө байхгүй байсан учраас миний ээмэг, бөгжийг ломбардад тавьж 1,000,000 төгрөг авсан, ингээд 500,000 төгрөгөө Гт өгсөн, буцаагаад мөнгөө авах гэтэл Гийн нэр бүртгүүлсэн нэрсийн жагсаалтад байгаагүй. Тэгээд би Гээс асуухад миний иргэний үнэмлэх байхгүй би өөрийнхөө оронд ач охиныхоо нэрийг оруулсан байсан, тэгээд миний дор Хулангийн нэрийг оруулсан байсан. Г өмнө нь надаас мөнгө зээлсэн байсан, мөнгө байхгүй гэсэн хирнээ өөрийгөө болон 2 хүүхдээ бүртгүүлсэн байсан. Би 4 дүгээр сарын 8-ны өдөр Гээр мөнгө авсан нь үнэн гэсэн тодорхойлолтыг бичүүлж, гарын үсэг зуруулсан. Г өмнө нь надаас 275,000 төгрөг зээлсэн байсан. Иймд Гт зээлүүлсэн 660,000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 Хариуцагч Ц.Гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Ч эгчтэй утсаар яриад уг газарт очсон нь үнэн. 1 хүн доороо 2 хүн олж элсүүлэх ёстой байсан. Ч эгч чи миний дор орчих тэгвэл би 500,000 төгрөг өгье гэж хэлсэн, ломбардаас мөнгө аваад Батцэцэг дээр очоод намайг миний дор орох хүн шүү гэсэн. Гэхдээ би өмнө нь элссэн байсан, тэгээд ч надад бичиг баримт байхгүй байсан учраас хүүгийнхээ нэрээр орсон, Ч эгчтэй байнга уулзаж байсан, би Ач бэйс ХХК-ийн Батцэцэг гэдэг хүнд Ч эгчээс авсан 500,000 төгрөгөө өгсөн, миний бичиг баримт байхгүй байсан учраас ач охиныхоо нэрийг бичүүлсэн. Өмнө нь 130,000 төгрөгөөр Жи тайм-д Ч эгчийн танилыг элсүүлсэн, гэтэл саяхан 7 сард Ч эгчээс мөнгөө нэхээд 130,000 төгрөгийг өгсөн байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Ц.Гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 660,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч ... авсан мөнгөө цааш нь Батцэцэг гэж хүнд өгсөн тул төлөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Ц.Гтэй 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, 500,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Талуудын 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан гэрээнд хүү, алданги авахаар тохиролцоогүй, мөн нэхэмжлэгч хүү, алданги нэхэмжлээгүй. Ийм хариуцагчаас 500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 160,000 төгрөг холбогдох хэсгийг нь баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Хариуцагч ... авсан мөнгөө цааш нь Батцэцэг гэж хүнд өгсөн тул төлөхгүй гэж маргаж байх энэ нь түүнийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Гээс 500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 20,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХТӨР