Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00557

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00557

 

 

Б.Чимэдцэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00067 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Чимэдцэрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Гоёцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Бөххуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Чимэдцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч Ц.Гоёцэцэг нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр над руу залгаад настай хүмүүс амралтад явуулдаг, гадаад руу зуучилдаг байгууллага руу дагуулж явсан.Анх 500 000 төгрөгөөр элсэж ордог, тус мөнгийг өсгөж өгдөг, гадаад руу явуулдаг гэсэн тул бид хоёр ярилцаад миний ээмэг, бөгжийг ломбарданд тавьж 1 000 000 төгрөг авсан бөгөөд 500 000 төгрөгийг Ц.Гоёцэцэгт өгсөн. Түүнээс мөнгөө авах гэтэл Ц.Гоёцэцэг бүртгүүлээгүй байсан бөгөөд тэрээр миний иргэний үнэмлэх байхгүй байсан учир өөрийнхөө оронд ач охиныхоо нэрийг оруулсан гэж хэлсэн. Ц.Гоёцэцэг өмнө нь надаас мөнгө зээлж, мөнгөгүй гэсэн атлаа өөрийгөө болон 2 хүүхдээ бүртгүүлсэн байсан. Иймд миний бие 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Ц.Гоёцэцэгээр мөнгө авсан нь үнэн гэсэн тодорхойлолтыг бичүүлж, гарын үсэг зуруулсан. Ц.Гоёцэцэг өмнө нь надаас 275 000 төгрөг зээлсэн байсан. Иймд Ц.Гоёцэцэгт зээлүүлсэн 660 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ц.Гоёцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Чимэдцэрэнгээс огт мөнгө зээлээгүй, тэрээр н.Адъяахишиг, н.Батцэцэг, н.Ариунчимэг нарын санаачилсан сүлжээний бизнест оруулсан 500 000 төгрөгөө надаас нэхэж байгаа юм шиг байна. Энэ сүлжээний бизнест 60 гаруй хүн элссэнээс 13 хүн мөнгөө буцаан авч чадалгүй хохирсон учир Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст н.Батцэцэг, н.Ариунчимэг нарт холбогдуулан гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу цагдаагийн байгууллага эрүүгийн журмаар шалгаж байгаа. Иймд Б.Чимэдцэрэн нь надаас бус дээрх хүмүүсээс энэ мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй. Би түүнд 160 000 төгрөгийг өгсөн. Мөн түүнчлэн н.Чимэгбаяр, н.Шатарцэрэн, н.Балцэрэн, н.Балцэцэг, н.Цэцгээ, н.Чимэдцэрэн болон бид нар н.Адъяахишиг дээр очиж нэхэмжлэгч бид хоёрт 1 000 000 төгрөг өгөхөөр болж, дараа нь н.Адъяахишиг Б.Чимэдцэрэнг өөрийн 1 200 000 төгрөгийн сүлжээнд оруулж бараагаа түүнд өгсөн байдаг. Б.Чимэдцэрэнд өгөх ёстой 500 000 төгрөгийг н.Хулан гэж хүний нэр дээр гаргуулан өгснийг дээрх хүмүүс гэрчилнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Гоёцэцэгээс 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Чимэдцэрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 20 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ц.Гоёцэцэг давж заалдах гомдолдоо:

... Өндөр насны тэтгэврийн болон ажил орлогогүй хүмүүсийн мөнгийг богино хугацаанд өсгөх зорилгоор Батсүмбэр дахь асрамжийн газрын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалыг хамтран борлуулах зорилгоор төрийн бус байгууллага байгуулсан. Анх элсэж орохдоо нэг хүн 500 000 төгрөгөөр ордог гэж хэлэхэд нэхэмжлэгч Б.Чимэдцэрэн өөрөө тэр хүмүүстэй очиж уулзаад ломбарданд ээмэг бөгжөө тавьж 1 000 000 төгрөг авсан. Доороо 2 хүн элсүүлвэл мөнгө нь хурдан хугацаанд өснө гэж нягтлан бодогч н.Батцэцэг хэлэхэд тэрээр намайг нэг хүнийх нь оронд ор гэж 500 000 төгрөгийг н.Батцэцэгт надад зээлүүлсэн гэж хэлээд өгсөн, би тухай үед намайг Хулан гэж нэрээр биччих гэж хэлсэн. Би Ц.Чимэдцэрэнгээс 500 000 төгрөг зээлэхээр тохиролцоогүй, би өөрөө уг мөнгийг авч ашиглаагүй, Ач Бээс ХХК-ийн захирал н.Ариунчимэг, нягтлан н.Батцэцэг хоёроос уг мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй. Надаас мөнгө нэхээд байхаар нь н.Адъяхишиг гэх хүн дээр дагуулж очсон бөгөөд тэрээр одоогоор танай компанид өгөх мөнгө алга, бидний тооцооны жагсаалтаар 8 хүний нийт 4 230 000 төгрөг байна, уг мөнгийг 5 дугаар сарын 2,3 гэхэд өгнө гэсэн. Гэтэл 5 дугаар сарын 6-нд н.Отгонбаяр гэх хүнд 2 300 000 төгрөгийг авч өгсөн байсан. Дараа нь 6 дугаар сарын 8-ны өдөр миний бие н.Шатарцэрэн, н.Чимэгбаяр, н.Балцэрэн, н.Балцэцэг, н.Цэцгээ, Ц.Чимэдцэрэн нартай хамт н.Адъяхишиг дээр очиж уулзахад 8 хүний нэр бүхий жагсаалтаар 2 012 500 төгрөгний үлдэгдэл байгаа боловч одоогоор мөнгө байхгүй. Нэхэмжлэгч Ц.Чимэдцэрэн эгчийн 500 000 төгрөгийг н.Хулангийн нэр дээр оруулсан 500 000 нийт 1 000 000 төгрөг болж байна, та нар миний цахилгаан барааны бизнест орж болно, энэ бизнест ороход 1 200 000 төгрөг болно, орно гэвэл уг мөнгөөр хааж өгье гэсэн. Уг бизнест оронгуут бараа өгнө, хоёр хүн доороо оруулсан нь 2 500 000 төгрөгийг бэлэн авна гэж хэлсэн. Бид нар орохгүй гэхэд Ц.Чимэдцэрэн нь би оръё гэсэн. н.Адъяхишиг Ц.Чимэдцэрэнгийн 500 000 төгрөг, н.Хулангийн 500 000 төгрөгийг хаагаад намайг түүнд өр төлбөргүй болсныг хэлж тохиролцсон. Би ингээд өр төлбөргүй болсон гэж ойлгосон. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст н.Батцэцэг, н.Ариунчимэг нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тул асуудал шийдэгдээгүй байхад гэм буруугүй надаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хулангийн нэр дээр оруулсан 500 000 төгрөгийг хасч, 480 000 төгрөг оруулж, н.Адъяахишигээр гарын үсэг зуруулсныг саяхан мэдсэн. Энэ бүгдийг шүүх нягтлан шалгаагүй, миний бие шүүх хуралдаанд сайн ярьж, ойлгуулж чадаагүй. Шүүх аман хэлцэл хийсэн хөтлөх баримтыг нягтлан шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар миний бие Ц.Чимэдцэрэнд хандаж мөнгө тушаасан, зээлийн гэрээ хийгээгүй, мөнгийг ашиглаагүй учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

  Нэхэмжлэгч Б.Чимэдцэрэн хариуцагч Ц.Гоёцэцэгт холбогдуулан 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн хүсэлтээр 660 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд тэрээр зээлсэн мөнгөө одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ц.Гоёцэцэгээс 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Чимэдцэрэнгийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагч Ц.Гоёцэцэгт гардуулсан байна. /хх-ийн 6-7 тал/

Хариуцагч Ц.Гоёцэцэг нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж, уг тайлбартаа ... нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр би 660 000 төгрөгийг 1 сарын хугацаатай надад зээлүүлсэн гэж бичсэн нь ор үндэслэлгүй гэсэн үндэслэл заан маргажээ. Гэтэл нэхэмжлэгч Б.Чимэдцэрэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... настай хүмүүсийг гадаад руу болон амралтанд явуулахад зуучилдаг сүлжээний бизнест оруулах зорилгоор 500 000 төгрөгийг Ц.Гоёцэцэгт өгсөн, тэрээр бичиг баримт нь байхгүй гээд өөрийнхөө оронд ач охин н.Хулангаа миний дор бүртгүүлсэн, уг мөнгийг одоо хүртэл буцаан төлөөгүй тул буцаан гаргуулна гэсэн өөр агуулгаар тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Б.Чимэдцэрэн шүүх хуралдааны явцад иргэний хэрэг үүсгэх үед бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөн тайлбарласан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тодруулаагүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, эсхүл хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг буцаан гаргуулахаар шаардсан аль нь болохыг тодорхойлохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Чимэдцэрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрэний харилцаанаас үүссэн маргааны хүрээнд бус өөр үндэслэлээр шүүх хуралцааны явцад хэлэлцүүлэг явагдсан байна.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан үндэслэлийг хариуцагч талд бичгээр гардуулж тайлбар гаргах, тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан зохигчдын эрхийг зөрчжээ.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Гоёцэцэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО