Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0304

 

 

 

 

 

 

2020 оны 5 сарын 08 өдөр              Дугаар 128/ШШ2020/0304          Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Т.М” ГХОХХК РД:5*******,

Хариуцагч: ТЕГ УТОХГХШХ ТУБ Х.Н, Ж.Э нарт холбогдох,

Гомдлын шаардлага: “ТЕГ УТОХГХШХ ТУБ Х.Н, Ж.Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Ч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Р.М, Ч.Ц, хариуцагч Х.Н, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т.М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Р.М нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...ТЕГ УТОХГХШХ ТУБ Х.Н, Ж.Э нар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсаар тус компанийг татварын хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж нийт 5.797.531.128.80 /Таван тэрбум долоон зуун ерэн долоон сая таван зуун гучин нэгэн мянга нэг зуун хорин найман мянга наян мөнгө/ төгрөгийн төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан. Уг шийтгэлийн хуудсын хувийг манай компани 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шуудангаар хүлээн авсан.

Татварын улсын байцаагч нар нь илрүүлсэн зөрчилдөө нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлага байгаагүй гэж үзэж хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудас оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Тухайлбал,  нэхэмжлэгчийн татварын зөрчилтэй холбоотой асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасны дагуу зөрчлийн хэргийг нээж хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1 “ямар зөрчилд холбогдон, шалгагдаж байгааг мэдэх”, 2.3 “эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах”, 2.4 “хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах”, 2.5 “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.9 “зөрчлийн хэрэгтэй танилцах”, зэрэг холбогдогчийг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор хангаагүй.

Иймд татварын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... ТУБ нар нь “Т.М” ХХК-д татварын хяналт шалгалт явуулж үр дүнд нь зөрчил илрүүлж түүнийг нотлох, шийтгэл оногдуулах үйл ажиллагаанд нэгдүгээрт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хоёрдугаарт, Татварын ерөнхий хууль болон Татварын ерөнхий газрын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/3 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. “Т.М” ХХК-ийн 2014-2018 оны ТЕГ УТОХГХШХ ТУБ Х.Н, Ж.Э нарт олгосон байдаг. Энэ нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хяналт шалгалтын газрын дарга н.Х гарын үсэгтэй томилолт байцаагч нарт өгсөн учир манай компанид хяналт шалгалт хийх болсноо тайлбарлаж үүний дагуу холбогдох материалаа авч, эрх бүхий албан тушаалтантай уулзаж хяналт шалгалтыг явуулсан. Шийтгэлийн хуудсыг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Шийтгэлийн хуудас нь 1 хуудас байгаа түүнийг дагалдаад Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл мөн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8 хуудас материал, мөн энэ өдрийн 1 дугаартай хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол 1 хуудас, 01 дугаартай эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл 1 хуудас, 1 дугаартай холбогдогчоос авсан мэдүүлэг 4 хуудас, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1 дугаартай эрх бүхий албан тушаалтанд шийтгэлийн хуудсыг гардуулсан тухай тэмдэглэл 2 хуудас, “Т.М” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил ногдуулалтын төлбөрийн тооцоо 10 хуудас, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалтын төлөлтийг баталгаажуулсан акт, тооцоо 5 хуудас, хоёр ярилцлагын тэмдэглэл, нэг нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай нэг хуудас, нөгөө нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай хоёр хуудас тэмдэглэл байна. Энэ ярилцлагын тэмдэглэл болон гардуулсан тэмдэглэлээс бусад 35 хуудас баримт нь нэг өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэсэн он сартай гарсан. Бидэнд шуудангаар энэ баримтууд болон холбогдох баримтууд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн.

Татварын хяналт шалгалт явуулах журам болон зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, процессын алдаа гаргасан шийтгэлийн хуудсыг эрх зүйн үндэслэлтэй гэж үзэх үндэслэлгүй байгаа учир гомдлын шаардлагаа шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох гэж гаргасан.

Хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохицуулдаг эрх зүйн актыг зөрчсөн гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласан. Хариуцагчийн зүгээс асуулт хариултын явц, хариу тайлбараа өгөхдөө дээр дурдсан нотолж байгаа бичиг баримтууд үйл явдал он, сарууд дээр тодорхой няцаалт өгөөсэй гэж хүсч байсан хэдий ч тойруулаад хариултыг өгөөгүй. Зөрчил шалган шийдвэрлэх хууль нь эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг нарийн зохицуулсан. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийг илрүүлсэн гэдгээ танилцуулсан нь тодорхой. Гэхдээ зөрчлийг үүнээс өмнө ч илрүүлсэн байх магадлалтай. Илрүүлсэн гэдгээ нотлох эрх, үүрэгтэй этгээд, албан тушаалтнууд байна. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримт дээр тодорхой бичсэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зөрчил илрүүлснээ танилцуулсан. Нотлох баримт цуглуулах ажиллагааг хийлээ гэдгээ тодорхой хэлсэн. Мэдүүлэг авна гээд процесс байгааг тайлбарласан. Тэгээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1.2 дахь хэсэгт заасан шийдвэр 3 хоногийн дотор гаргах үүргээ биелүүлээгүй. Энэ талаар тайлбар өгөхөөр татварын хэрэгт зөрчлийн хэрэг нээхгүй, хууль хэрэглээний маргаанд хялбаршуулсан журам хэрэглэдэг гэж хуулийн үндэслэлгүй зүйл хэлдэг. Ямар үед зөрчлийн хэрэг нээдэг вэ гэхээр нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн бол стандартаар баталгаажуулсан хэмжилтийн хяналтын төхөөрөмжөөр нотлох боломжгүй үед зөрчлийн хэрэг нээдэг гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд тодорхой заасан. Манай нөхцөл дээр нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан гэдэг нь тодорхой байгаа. Улсын байцаагч нар хэлсэн бид нягтлан бодогч нартай суугаад тоогоо тулгаж баталгаажуулж гаргана гэдгээ хэлсэн. Гэтэл энэ үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулж бэхжүүлсэн бол та бүхний энэ тооцоолол нотлох чадвараа алдаж байна. Иймд шийтгэлийн хуудсанд заасан тоо хэмжээ нь хуулийн үндэслэлгүй нотлох чадваргүй. Зөвхөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн биш, Татварын хяналт шалгалт явуулах үйл ажиллагааны журам зөрчигдсөн. Татварын байцаагч нарын ярилцлагыг, уулзалтыг хяналт шалгалтын үед хийж байгаа ярилцлага уулзалт хийхэд заавал маягт хөтөлнө, энэ нь гаргасан шийдвэрийн үндэслэл болно гэдгээр журамласан. Хэн хэн яаж гарын үсэг зурахыг нь заасан байхад хэрэгтэй тэмдэглэлээ гарын үсэг зураад хийчихдэг. Шаардлагагүй гэж үзсэнээ хав дардаг. Энэ нь өөрөө зөвхөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль биш Татварын хяналт шалгалтын журмыг зөрчиж байна. Гомдол гаргагчийн хүсэлтээр хийсэн уулзалт юм гээд яриад байна гомдол гаргагч хүсэлт гаргаж болно. Уулзалтыг хийх, ярилцлагын тэмдэглэл хийх журам нь өөрийн хүслээр хийдэг ажиллагаа биш. Ямар ажиллагаа хийхийг шаарддаг тэрийг баримталдаг, харамсалтай нь хийгдээгүй. Мөн уулзалтууд дээр гомдол гаргагч нь өөрийн хүсэлтээр яриад дууссан биш. Хяналт шалгалтын дарга О.Т нь мэдүүлэг авсан ба хамгийн сүүлд хэлсэн үг байгаа татварын алба шийдвэрээ гаргана. Татварын улсын байцаагч баталгаажуулаад хүргүүлнэ гэж хэлсэн. Дээр хэлсэн нөлөөлөөгүй, хяналт шалгалтад оролцоогүй гэдэг нь үндэслэлгүй ба хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. Үүнээс харахад зөрчил шийдвэрлэх олон журмуудыг зөрчсөн бид зарим нэг зөрчил дээр маргаангүй байгаа гэдгээ хэлсэн хэдий ч хуулиар журамласан харилцааг зөрчөөд гаргасан шийдвэрийг эрх зүйн үндэстэй гэж үзэхгүй ба буцах боломжтой. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоод татварын улсын байцаагч шалгалтаа анхнаас нь зөв явуулах боломжийг шүүхээс олгож өгөх байх гэж найдаж байна. Татварын улсын байцаагч нар тэдгээрийн төлөөлөгч нь эрх зүйн үндэстэй тайлбар өгч чадсангүй гэдгийг шүүх анхааралдаа авч үзнэ үү. Мөн таван зөрчил илрүүлснээ танилцуулсан хэдий ч зургаан зөрчил болж хувирсан гэж хэлж байна. Энэ нь мэдсэнээс хойш гурав хоногийн дотор шийдвэр гаргана гэдэг нь хэдэн зөрчлийн тухай асуудал биш нэг зөрчлийн талаар танилцуулаад дараа нь нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх ажиллагаа явуулсан бол энд хамаатай. Дараа дараагийн уулзалтын тэмдэглэлүүд дээр тодорхой байгаа. Хариуцагч нар гомдол гаргагчийг буруутгасан. Гүйцэтгэх захирлын мэдүүлэг дээр яагаад худал ярьсан бэ гэсэн ингэж ярихаасаа өмнө ямар баримт бичиг гэдгээ шалгах хэрэгтэй. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ирэх захирлуудтай холбоотой мэдүүлгийн мэдээлэл ярьж байна. Бид тийм цаг хугацаатай мэдээлэл хавтаст хэрэгт хараагүй. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гээд таны гарын үсэгтэй гарсан мэдүүлэг нь хууль бус байна. Та хэнд ч хууль тайлбарлаж танилцуулаагүй мөртлөө эрх үүргийг нь танилцууллаа гэсэн худал мэдүүлэг бичээд хэрэгтээ хавсаргаад прокурорт хянуулаад бүртгүүлсэн байна. Тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй байхад үндэслэл шалтгааныг огт дурддаггүй. Эдгээр байдлыг харгалзан шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох байх гэж найдаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Шийтгэлийн хуудас дээр зургаан зөрчил байгаа. Сэлбэг буцаан олголт дээр 842000 төгрөгийн нөхөн торгуультай байгаа. Үүний нарийн тооцооллыг харвал үүнд хамааралгүй Комацу лимитэд корпораци уруу буцаагаагүй 1,1 тэрбум төгрөгийн сэлбэг буцаалтыг жагсаалтад буруу оруулсан байсан. Бид энэ үнийн дүнтэй асуудал дээр маргаантай байгаа. Сэлбэгийг буцааж байгаа нь борлуулалт уу, энгийн буцаалт уу гэдгийг борлуулалт гэдгийг хуулийн зүйл заалт болгоноор тайлбарласан. Бараа борлуулсан, экспортолсон гэдгийг хуулийн зүйл заалтаар тайлбарласан. Бид нөхөн олговор гэдэг асуудлаар маргалдсан. Нөхөн олговор нь яагаад НӨАТ-ын суурь биш вэ гэдэг дээр хуулийн үндэслэлээ хэлсэн. Нөхөн олговрын орлого гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа борлуулсан үүний нэг хэсэг гэж хэлэхэд нь хуулийн үндэслэлээ хэлнэ үү гэхэд хэлээгүй. Энэ нь өөрөө нөхөн олговортой Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлогдоогүй бараа мөн гадаадаас авсан. Худалдан авалтын хэсгийг бууруулж байгаа хэсгийн дүн, нягтлан бодох бүртгэлийг бууруулж байгаа хэсгийн дүн, нягтлан бодох бүртгэлийн статусаар 2015-2017 он хүртэл худалан авалтын хөнгөлөлт гэж явж байгаад 2015 оноос нягтлан бодох бүртгэлийн стандартын 15 гэж стандарт өөрчлөгдсөн учир нөгөө талдаа орлого гэдгийг Олон улсын стандартын дагуу хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр НӨАТ ногдох борлуулсан барааны хэсэгт оногдуулах нөхөн олговор биш гэдгийг хуулийн зүйл заалттай, нотлох бичиг баримттай оруулсан. Комацу лимитэд корпорацаас хэдэн төгрөгийн нөхөн олговор олгосон жагсаалт байдаг. Ямар үндэслэлээр нөхөн олговор гэж тооцсон гэхээр бид тэгэж үзэж байна, тооцож байна гэсэн түгээмэл хариултыг хэлсэн. Энэ байдлыг харахад бид няцааж байгаа үндэслэлээ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зүйл заалт, үг үсгээр мөн түүнийг нотлох баримтуудыг үндэслэж ярьж байгаа. Шүүх эцсийн шийдвэр гаргахдаа хуулинд заасан үг үсэг утга агуулга үзэл баримтлал хуулинд юу гэж заасан нотлох баримтуудын асуудлыг авч үзэж хуулийн хүрээнд шийдвэр гаргана гэж найдаж байна...” гэв.

Хариуцагч Х.Н, Ж.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус компанийн 2014-2018 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, илрүүлсэн зөрчил нь санхүү, татварын тайлан, журнал, анхан шатны баримтаар нотлогдож байгаа, хуулийг хэрхэн хэрэглэх асуудал байгаа нь Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол зөрчлийн хэрэг нээх шаардлагагүй, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 210300314 дүгээр шийтгэлийн хуудсыг үйлдсэн.

Гүйцэтгэх захирал Д******* Т*******д холбогдогчийн мэдүүлэг авахаар тэмдэглэл үйлдэн Санхүүгийн албаны дарга С.А орчуулга хийлгэх гэсэн боловч, томилолтоор гадагшаа явсан ирээгүй байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж заасныг баримтлан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 210300314 дүгээр шийтгэлийн хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Холбогдогч эзгүй байснаас шуудангаар хүргүүлж байгаа нөхцөлд орчуулагчийг оноож томилох шаардлагагүй, орчуулагч сонгох эрх нь нээлттэй байна. Тус компанийн гадаад удирдлагууд компанийн үйл ажиллагаанд байнга оролцож, Монгол Улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомжид захирагдан, Монгол хэлээр тайлан баланс гаргаж байгаа болно.

“К” ХХК, “О Т” ХХК болон “Т М” ХХК-ийн хооронд байгуулсан сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д заасны дагуу тоног төхөөрөмж, эд ангийг “К” компанид буцаан хүргүүлсэн атлаа түүнийг анх худалдан авахдаа гаалийн байгууллагад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдолд залруулга, буцаалт хийхгүйгээр бусад борлуулсан бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно” 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчлгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн” 14.6-д “Дараах бараа,ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.4-д “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж төлбөр ногдуулсан.

“К Л болон Э Э Э Э И компаниудын хооронд 2010оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан ”Р Т ХММ 2009” гэрээ болон нэмэлт өрчлөлт оруулах гэрээний дагуу “О Т” ХХК-д нийлүүлсэн хүнд механизм, эд ангийг хямд үнээр нийлүүлсэн “К” компаниас олгож буй зах зээлийн борлуулалтын үнийн зөрүү орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 9.1-д “Албан татвар тооцох үнэлгээг доор дурдсан журмаар тодорхойлно”, 9.1.2 “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар, тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж нөхөн төлбөр ногдуулсан. Тус компанид орж ирж байгаа нөхөн олговор гэж нэрлэгдэх орлого нь борлуулалтын орлого мөн гэж тодорхойлсон...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Татварын хууль, Татварын хяналт шалгалтын үеийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байна. Нотлох баримтуудыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас буруу авсан гэж байна. Татварын хяналт шалгалт нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан хяналт шалгалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн үүргийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааж өгсөн байдаг. Энэ үүргийг биелүүлж байна уу гэдэг дээр хяналт шалгалт хийдэг. Тэгэхээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь хэсэгт анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам бол нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу санхүү, аж ахуй үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргадаг. Хяналт шалгалтыг хийхэд дурдсан томилолт, удирдамжийн дагуу хяналт, шалгалтыг хийдэг. Татварын хяналт шалгалт нь онцлог байдаг ба тухайн аж ахуйн нэгжийн өнгөрсөн он цаг дээр буюу тухайн аж ахуйн нэгжийн анхан шатны баримт, тайлан тэнцэл санхүү, гэрээнүүдийг нягталж шалгалт хийдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байцаагч нарыг нотлох баримтыг буруу үнэлж, буруу гаргасан гэж тайлбарласан. Манайх тухайн аж ахуйн нэгжээс гаргаж өгсөн өөрийнх нь баримтад үндэслэж тухайн зөрчлийг шалгадаг. Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13 дахь хэсэгт татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалт хамрагдана гэж заасан байдаг. Татвар төлөгчийн өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтад тулгуурлан хяналт шалгалт хийдэг. Хуурамч баримт өгсөн бол нэхэмжлэгч байгууллага өөрсдөө гаргаж өгсөн гэж үзнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж нэг хоногийн дотор хяналт шалгалт хийгээд дуусгаж алдаа дутагдал гаргасан гэж тайлбарласан. Үүн дээр бид томилолт, удирдамжийн дагуу хяналт үүсч татварын хяналт шалгалтыг өнгөрсөн цаг дээр хийдэг. Томилолт, удирдамж нь хяналт шалгалтын байцаагчид анх олгогдсоноос хойш танай дээр шалгалт хийнэ гэдгийг мэдэгдэж шалгалт эхэлдэг. Энэ шалгалтыг хийгээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол” мөн хуулийн 6.1.2 дах хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”. Энэ зүйлээс илрүүлсэн бол анхан шатны баримтуудыг нягтлан бодох бүртгэл, стандарт, тайлан бланс бүх зүйлийг шалгаж үзээд зөрчил илрүүлсэн бол гурав хоногийн дотор хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэсэн дөрвөн үндэслэлийн нэгийг гаргаж байгаа. 2.3 дахь хэсгээр зөрчлийн хэргийг гаргаж байгаа. Үүнийг гаргаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол хялбаршуулсан журмыг ашиглана гэж заасан. Тухайн аж ахуйн нэгжийн санхүү, татварын тайланг өнгөрсөн цаг дээр хийж ирүүлснээс хойш хялбаршуулсан журам ашиглаж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж байгаа зүйл биш огт биш. Зөрчлийн актууд бүгд хэрэгт авагдсан. Томилолт үүсгэсэн хоёр байцаагч гарын үсэг зурсан. Түүнээс н.Т, Ц.Т нарын гарын үсэг байдаггүй. Хоёр байцаагч тухайн үед юу гэж оролцсон бэ гэхээр бидний үйл ажиллагааны журам, Татварын хяналт шалгалтын журам дээр тухайн хяналт шалгалтын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллана гэсэн заалт байдаг. Үүний дагуу чиг үүргийн хүрээнд өөрсдийнх нь хүсэлтээр тэр уулзалтыг хийсэн. Дээр дурдсан таван зөрчил байдаг. Таван зөрчил дээр санхүү бүртгэлийн тайлан, ерөнхий журнал, гэрээнүүдээр татварын зөрчил илэрсэн гэдгийг нотлоод зөрчлийн шалгалт хийгээд акт тавигдсан...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөрчлийн хэрэг нээх байсан гэж үзээд байна. Зөрчлийн хэрэг нээх шаардлагагүй. Учир нь зөрчлийн хэрэг нээнэ гэдэг нь татвар төлсөн эсвэл төлөхгүй байна гэдгийг нотлох ажиллагаа юм. Зөрчлийн хэрэг нээх нь хавтаст хэрэг нээхээс илүү материал цугларах биш. Нэмэлтээр нотлох баримт гарч ирэхгүй. Энэ маргаан маань хууль хэрэглээний маргаан юм. Нэг нь татвар оногдуулна, нөгөө нь татвар оногдуулахгүй гээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийг хоёр талаасаа тайлбарлаж байгаа хуулийн хэрэглээний маргаан юм. Татвараа төлөхгүй байгаа, давхардсан байдлаар татвар оногдуулсантай холбоотой нотлох баримт гаргаж ирэхгүй үед хууль хэрэглээтэй холбоотой маргаан дээр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлээд дуусаж байна. Өмнө нь хоёр удаагийн бичмэл тэмдэглэл байгаа. Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж байна. Бид уулзалтын тэмдэглэлийг татварын хяналт шалгалтын явцад хийсэн, татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгчтэй хэдэн ч удаа уулзаж болох ба тэмдэглэл бичих, уулзах эрх нь татварын улсын байцаагчид байдаг. Татварын хяналт шалгалт хийх журмын 6.4.3 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн. Уулзалтын гол ач холбогдол нь нэхэмжлэгч компанийн захирал Д овогтой Т Монгол Улсад байдаггүй, гадагшаа буцах болсонтой холбоотойгоор, тэр хүнийг явахаас өмнө хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой уулзалтыг хийсэн. Энэ уулзалтын явцад компанийн эрх бүхий албан тушаалтан захирал нь өөрийн эрхийг санхүүгийн албаны дарга, хуулийн хэлтсийн дарга нарт шилжүүлэх талаараа буюу энэ хүмүүс дараагийн хяналт шалгалтын процессын ажиллагаанд оролцоно гэдгийг татварын улсын байцаагч нарт тэмдэглүүлсэн байдаг. Нөгөө талаас хууль хэрэглээтэй холбоотой маргаан учир татвар төлөх, төлөхгүй гэдэг асуудлыг хоёр талаасаа хуулийн хувьд мэтгэлцсэний үндсэн дээр шүүхийн шийдвэр гарна. Ярилцлагын явцад Татварын хяналт шалгалтын газрын дарга болон миний бие оролцсон. Тэр ярилцлага нь шүүх хуралдаанд оролцож байгаа компанийн хоёр ажилтны хүсэлтийн дагуу хийгдсэн уулзалт байгаа. Энэ хүмүүс уулзалт хийе бид асуудлаа танилцуулъя, маргаантай асуудал байна гэж хүсэлт тавьсны дагуу уулзалт хийсэн. Харин бид хөндлөнгөөс ямар нэгэн хяналт шалгалтын үйл ажиллагаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөөгүй юм. Бид энэ ярилцлагад оролцсоноороо хүчингүй болох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Хяналт шалгалтын ажлын явцад Татварын хяналт шалгалт хийх журмын 6.4.3 дахь хэсэгт заасны дагуу шаардлагатай мэдээллийг татвар төлөгчөөс гаргуулах, хэдэн ч удаа уулзаж тэмдэглэл хөтлөх эрхтэй гэж заасан. Энэ эрхийн хүрээнд уулзалтыг хийсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Гомдол гаргагч үүн дээр маргаан үүсгэж байна. Хоёр удаагийн уулзалт нь хяналт шалгалтын үеэр хийгдсэн. О.Т дарга болон миний бие хяналт шалгалтын ажлын хүрээнд татвар төлөгчийн хүсэлтийн дагуу удирдлага болон хуулийн холбогдох мэргэжилтнүүдээс хяналт шалгалтын явцад зөвлөгөө авч явдаг. Үүний дагуу бид уулзалтад тэдгээрийн хүсэлтийн дагуу оролцсон. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд биш зөвхөн татварын хяналт шалгалтын шатанд хийгдсэн ажиллагаа байгаа. Татварын хяналт шалгалт үргэлжлээд явж байгаад 2019 оны 08 дугаар сард хоёр уулзалт болсны эхний уулзалтад таван зөрчил илрүүлсэн гэдгийг тогтоосон байсан гэж байна. Бид тогтоогоогүй. Учир нь хэдэн онд ямар төгрөгийн зөрчил тогтоосон гэдгийг уулзалтаар татвар төлөгчид танилцуулаагүй. Энэ ажиллагаа хяналт шалгалтын процессын дагуу хийгдээд явж байсан. Сүүлд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1 дэх хэсэгт заасны дагуу хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад шалган шийдвэрлүүлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн бол хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тухайн зөрчлүүд тодорхой болж ирсэн. Хэдэн онд ямар зөрчил гарсан гэдгийг бид илрүүлээд тухайн цаг хугацаанд нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар хялбаршуулж шийдвэрлэсэн. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2.1 дэх хэсэгт Зөрчлийн хэрэг бүртгэл хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хуулийн хүрээнд хянана гэж заасан. Хоёр хавтаст зөрчлийн материалын процесс ажиллагаанууд нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх үүргийг хангаж байна уу гэдгийг прокурор хянаж гарын үсгээ зураад баталгаажуулсан. Бидний зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын хяналт доор хууль ёсны дагуу хийгдсэн гэдгийг нотолж байна. Нөгөө талаас зургаан зөрчил илрүүлснээс гурвыг нь хүлээн зөвшөөрч, гурвыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа. Гурван зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөвшөөрч байна. Хууль хэрэглээний маргааны тухайд нэг зүйл дээр тодорхойлж тайлбар хэлье. “О*******” ХХК-д нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэлтэй холбоотой зах зээлийн үнээс хямд нийлүүлсэн гэдэг нь нотлогдож аль аль нь хүлээн зөвшөөрч байна. Энэ хямд нийлүүлж байгаагийн зөрүү мөнгө нь нөхөн төлбөр гэдэг өөрсдийнх нь ярьж байгаа нөхөн төлбөр гэдэг хэлбэрээр орж ирж байгаа. Нөхөн төлбөрөөс Монгол Улс татвараа авч чадахгүй болсон. Бид хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасны дагуу төлбөр зохих татварын ногдлыг тодорхойлон гаргаж ирсэн. Энэ нь зах зээлийн үнэлгээг хэрхэн хийх талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт тодорхой заасан. Зах зээлээс хямд борлуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэндээс зөрүү мөнгө нь орж ирж байгаа тохиолдолд зөрүү төлүүлэх арга хэмжээ авна. Бид хууль ёсны дагуу хуулийг үндэслэл болгож, татварын ногдлыг хийсэн нь хуульд нийцэж байгаа учир татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсын биелэлтийг хангуулах, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагч улсын байцаагч Х.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Шийтгэлийн хуудсыг бичсэн үүн дээр уулзалтын тэмдэглэлийг хэрэг нээсний дараах тэмдэглэлтэй андуурч яриад байна. Энэ бол татварын хяналт шалгалт хийх хугацаанд уулзсан уулзалтын тэмдэглэл ба Зөрчлийн хэрэг нээсэн уулзалт биш юм. Нэхэмжлэгч компанийн захирал нь гадаад хүн ба санхүүгийн албаны захирал болон ерөнхий захиралтай нь нийлээд хоёр удаа уулзсан ба уулзалтын тэмдэглэлүүд байгаа. Бид хяналт шалгалт хийх явцад томилолтоо үзүүлээд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгч шаардсан материалуудыг бүрэн дүүрэн өгсөн. Шалгалтыг С.А ахалж оролцсон. Шалгалтын явцад 2019 оны 08 дугаар сард гадаад захиралтай уулзсан ба уулзсан учир нь захирал нь гадагшаа, дотогшоо ирж явдаг ба дахин явах тухай яригдаж байсан. Нэхэмжлэгч компанийн 10 жилийн ой болох тухай яригдаж байсан ба гадаад захирлын явах асуудал тодорхой бус байсан учир зөрчил шалгачхаад түүний үр дүнг танилцуулсан уулзалт биш бид хамтраад ажиллаад нотлох баримтуудыг үзэж, мөн компанийн нягтлангууд ч тайлбараа гаргаж байсан. Татварын улсын байцаагчийн зүгээс дараах таван зүйлийг зөрчил гэж үзэхээр байна гэхдээ эцэслээд тоогоо дүгнээгүй нотлох баримтаа цуглуулаагүй байна. Бид хэлж байсан татварын хяналт шалгалтын байдал арай 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс өөр байдлаар явагдаж эхэлсэн. Мэдүүлэг гэдэг зүйлийг авна энэ хатуу сонсогддог. Үүн дээр бид эрх, үүргийг танилцуулаад, зөрчлийн хэрэг нээх эсвэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эсэхээ шийддэг гэдгийг танилцуулсан ба С.А гадаадын захирлын биеийн байцаалтыг өөрөө авч ирж надад бичүүлж байсан. Захирал нь хэлэхдээ бид татварын шалгалт гэхээр шууд авчраад өгчихдөг гэж бодсоноос биш ингэж уулзана гэж ойлгоогүй. Бид мэдүүлэг гээд жаахан хатуу сонсогддог гэдгийг тайлбарласан. Үүнээс хойш Б.Ч захирал бидэнтэй нэг удаа уулзсан ба ажил төрлийн байдлаас болоод эрт уулзаж чадсангүй гэж хэлж байсан. С.А, Б.Ч нарт ажлыг хариуцуулж байна гэсэн. Хяналт шалгалтыг эцэслэн гаргах хүртэл олон үйл ажиллагаа явуулдаг. Зөрчил танилцуулсан гэж Р.Мөнхжаргал ярьж байгаатай санал нийлэхгүй байна. Бид урьдчилан удирдлагад танилцуулах ёстой. Тэр дундаа нэг асуудал дээр тайлбар хийхгүй бол өөр ойлголттой байна гэж ярьж байсан. “О Т” ХХК-д өгсөн тоног төхөөрөмжийн нөхөн олговрын асуудал байна. Үүнд дээр татварын алба цаг товлосон ба Татварын хяналт шалгалтын арга зүйн газрын хуульч н.Т гэж хүн байсан. Тэд арга зүйгээр хангадаг манай хуульч юм. Гарын үсэг зурах байцаагч биш хэдий ч арга зүйгээр хангаж, асуух зүйлээ асуудаг. Татвар төлөгч өөрөө хүсэлт тавьсан ба тэр хүсэлтийг уламжилж бид цаг авч уулзсан. Үүний үндсэн дээр 10 жилийн ой болсон ба нэхэмжлэгч компанийн захирал гадагшаа явсан байсан. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зөрчил танилцуулж 2019 оны 09 сард өгсөн гэж ярьж байна. Тэр хооронд нотлох баримт авсан, гарын үсэг авсан, тоогоо тулгасан ба бидэнд тооны маргаан байхгүй. Нягтлан бодох бүртгэлд тусгаагүй буюу нуусан зүйл байхгүй. Бүх баримт бичгээ тусгасан байсан ба бидний хооронд хуулийг яаж хэрэглэх вэ гэдэг асуудал байгаа. Зөрчлийн хэрэг нээгээд нэхэмжлэгчээс гаргуулах баримт байхгүй. Тухайн цаг хугацаанд бүх нотлох баримтыг гаргаж өгч байсан. Зөрчлийн хэрэг нээх шаардлагагүй гэдэг нь ойлгомжтой байсан. Нотлох баримт дээр хариуцаж байсан нягтлан бодогч нараар гарын үсэг зуруулж, зөрчлийн холбогдох баримтуудыг авсан ба зөрчлийн хэрэг нээсний дараа авах баримтууд биш. Татварын хяналт шалгалт хийхдээ татварын байцаагчид татвар төлөгч баримтуудыг гаргаж өгдөг. Тэр нь зөрчлийн хэрэг нээсний дараа байх ёстой юм шиг яриад байна тийм биш юм. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулсан. Түүнээс хойш нэхэмжлэгч компанийн захирал гадагшаа явсан ба манай компанийн дараах хоёр ажилтан оролцоно, надтай дахин уулзах шаардлагагүй. Захирал нь ирэх учраас хүлээсэн, тэр хооронд нотлох баримт бэхжүүлсэн, тодруулсан. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэг дэх өдөр байсан. С.А уруу бид байнга утасдаж захирал нь ирсэн үү гэж асуухад 5 дахь өдөр ирсэн гэж хэлсэн учир С.А дуудаж хүргүүлсэн ба орчуулаад гурав дахь өдөр хүрэх нь гэснээ захирал нь байхгүй бид санхүүгийн захиралтай андуурсан байна гэж хэлсэн. Тийм учраас бид шуудангаар хүргүүлсэн. Үүний дараа татварын хяналт шалгалтын актаар зургаан төрлийн зөрчлөөр акт бичсэн. Нэгдүгээрт, гадагшаа буцаасан тоног төхөөрөмж дээр 0 хувьтай борлуулалт гэж үзэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар борлуулалт нь харагдаж байхад 0 хувь тавьчхаар НӨАТ нь байхгүй болно. Харин энэ борлуулалт биш гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Ашиглагдаагүй буюу шаардлага хангаагүй тоног төхөөрөмжийг буцаахаар байгаа. Буцааж байгаа тохиолдолд Монгол Улсын хилээр мэдүүлээд, НӨАТ-ын татварын тайландаа 0 хувьтай борлуулалт биш буцаалтаар тайлагнах ёстой учир нь худалдан авалтын буцаалт гэсэн мөр багана байдаг. Иймд зөрчилд тооцсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар бид гадагшаа гаргахдаа Гаалийн хуулийн дагуу гаргасан учир 0 хувьтай борлуулалт гэсэн тайлбар өгч байна. Хоёрдугаарт, К л корпорацаас олгож байгаа нөхөн олговор дээр НӨАТ оногдуулаагүй. Нөхөн олговор нэртэй нэхэмжлэгч компанид НӨАТ орж ирж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ хоёр компани хооронд“О*******” ХХК тодорхой кодтой бараануудыг нийлүүлэхэд хямдарсан үнээр өгнө. Тэр хямдралыг “Т М” ХХК-аар дамжуулан хүргэнэ очоод суурилуулсны дараа зах зээлийн үнээс доогуур өгнө. “О Т” ХХК-д хөнгөлөлт үзүүлж байгаа бол 1300-аар өгөх гэж байгаа зүйлээ 1000-аар өгөх, гэтэл эндээсээ 1000-аар өгчхөөд дахиад 3000-г нь нэхэмжлэгч компаниас хассан. Тэгэхээр Монгол Улсын гааль дээр 1000 доллараар арилжаад “О Т” ХХК-д зарсан. Үүн дээрээ 100 долларын НӨАТ авчихдаг. Хил гаалиар 5000 мэдүүлээд орж ирсэн. Гэтэл нэхэмжлэгч компани тайлангаа өгөхдөө 100 доллараас 50 долларыг хасаад 50 доллар өгнө гэж тайлангаа өгсөн. Монгол Улсын хилээр мэдүүлээд орж ирсэн зүйлийг 500 доллар биш 300 долларыг нь буцаагаад танд өгнө гээд 200 доллар болгосон. Нэгэнт 200 доллар болгож байгаа бол 500 долларын 200 долларын зөрүү буцаалт хэн дээр байх ёстой вэ. 1000 доллараас төлсөн 100 долларыг хасах дүн нь өөрөө 3000 долларыг хасаад 200 доллар болох ёстой. Нэхэмжлэгч нь орлогоо зөв тодорхойлсон гэхдээ 0 хувьтай борлуулалтаа оршин суугч бус этгээдээс ирж байгаа нөхөн олговрын орлого гээд НӨАТ оногдуулаагүй. Тэгэхээр НӨАТ оногдох суурь мөн үү НӨАТ оногдохгүй ямар орлого байдаг вэ гэдэг асуудал гарч байна. Энэ нь “О Т” ХХК-тай хамаатай асуудал, учир нь “О Т” ХХК тодорхой тоотой тоног төхөөрөмж өгсний төлөө авч буй нөхөн олговрын бууралт, үүнийг тооцохдоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр дансаар орж ирдэг зүйл биш, тэдний хоорондын тооцоондоо суутган тооцоолол хийдэг. Үүнийг бид НӨАТ оногдох орлого учир нь зах зээлийн үнээр “О Т” ХХК-д борлуулж байгаа орлого юм. Хэрэв та буцаагаад явуулж байгаа бол Монгол Улсын хил гааль дээр зөв мэдүүлгийг өгөх хэрэгтэй учир нь бараа ажил үйлчилгээ орж ирсэн бол бараа оруулж ирсэн 500 долларын авч ирж байгаа үнийг бууруулж байгаа учир орлого биш гэж тайлбарлаад байна. Хэрэв тэгэж байгаа бол 500 доллараа бууруулах хэрэгтэй ба зөрүү бууруулсан 300 долларын бууралтаа хийнэ.

Татварын хяналт шалгалт хууль журмын дагуу бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Зөрчлийн тухай урьд нь гурван зөрчлийн тухай тайлбарласан. Үүнд тооцоолол дээр алдаа байна гэж байна. Тооцоолол дээр ямар ч алдаа байхгүй. Учир нь С.Ариунтуяа, хоёр нягтлан нартай анхан шатны баримттай тулгаж үзсэн. Өөрөө эцсийн байдлаар гаргаад санхүүгийн тэмдэг дараад, нягтлан гарын үсэг зураад хүлээлгэж өгсөн…” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 “Т М” ХХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 1-ээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд ТЕГ УТОХГХШХ ТУБ Х.Н, Ж.Э нар Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын даргын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийхдээ “... нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар ногдуулах орлогыг дутуу тооцсон, хуулиар тогтоосон хязгаараас давсан урсгал засварын зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэж үзэж, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсаар 39,105,986,936.26 төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 5,797,531,128.80 төгрөгийн төлбөр ногдуулж, арга хэмжээ авсныг гомдол гаргагч нь бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Гомдол гаргагчийн зүгээс “... хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, ... татварын хууль тогтоомжийг буруу ойлгож, хэрэгжүүлсэн...” хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс “... томилолт удирдамжийн дагуу татварын хяналт шалгалтыг явуулж гаргасан зөрчилд нь хуулийн дагуу шийтгэл оногдуулсан, хууль зөрчөөгүй” хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдлыг хариуцагч нараас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.12, ... 6.16, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т: “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл ... заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.12, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулж өгчээ.

Хариуцагч эрх бүхий татварын улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Холбогдогч “Т М” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1: “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1: “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3:  “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж. санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэснийг зөрчихийн хамт, нэгдүгээрт, Япон Улсын хуулийн дагуу байгуулагдсан “К Л” корпораци болон Монгол Улсын хуулийн этгээд болох “Т М” ХХК-ийн хооронд 2010 оны 6 таар сарын 1-ний өдөр байгуулагдсан Дистрибьюторьн гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулагдсан хүнд механизм, эд ангид баталгаат засварын хугацаанд засварын үйлчилгээг үзүүлж, “К Л” корпорациас нэхэмжилж авсан 2015 онд 460,017,843.00 төгрөг, 2016 онд 155,379,413.00 төгрөг, 2017 онд 232,893,654.00 төгрөг, 2018 онд 325,470,000.00 төгрөг, нийт 1,173,760,910.00 төгрөгийн үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл: ”Албан татварын тэг /0/ хувь хэрэглэх” 12.1: “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.1.4: “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ”, 12.2: “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд энэ хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй” гэснийг, хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн боловч ашиглах боломжгүй, “К Л” корпораци болон “Т М” ХХК-ийн хооронд 2010 оны  6 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Дистрибьюторын гэрээнд заагдсан “Эд ангийн талаарх бодлого, үйл ажиллагааны гарын авлага”-д заасны дагуу 2016 онд 3,987,088,899.00 төгрөг, 2017онд 799,717,499,00 төгрөг, 2018 онд 830,059,355.00 төгрөгийн тоног төхөөрөмж, эд ангийг “К Л” -д буцаан хүргүүлэхдээ “анх худалдан авахдаа гаалийн байгууллагад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол”-д залруулга, буцаалт хийхгүйгээр ”0” хувьтай борлуулалтаар тооцсоноор нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг 5,616,865,753.00 төгрөгөөр бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1: “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.2: ”худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар имлортоор оруулсан бараанд төлсөн”, 14.6: “Дараах бараа, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан атвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.6.4: “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэснийг, гуравдугаарт, 2015 онд 73,504,496,75 төгрөгийн хуулиар тогтоосон хязгаараас давсан урсгал засварын зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.6, 12.2-т заасныг, дөрөвдүгээрт, 2014 онд 3,709,016.20 төгрөг, 2015 онд 31,875,774.40 төгрөг, 2016 онд 11,271,456,40 төгрөг, 2017 онд 8,222,467.90 төгрөг, 2018 онд 14,639,646.30 төгрөг, нийт 69,718,361.20 төгрөгийн хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6: “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.6.2: “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэсэн заалтыг, тавдугаарт, 2014 онд 3,873,454.50 төгрөг, 2015 онд 5,047,272.70 төгрөг, 2016 онд 8,942,182.00 төгрөг, 2017 онд 20,636,363.60 төгрөг, 2018 онд 29,810,091.80 төгрөг, нийт 68,309,364.60 төгрөгийн суудлын авто машин, түүний сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6,  14.4.1-д заасныг, зургаадугаарт, “К Л” болон “Э Э Э Э И” компаниудын хооронд 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан ”РТ ХММ 2009” гэрээний дотоод дилерийн нэмэлт гэрээний хавсралт 1-д заасны дагуу “О Т” ХХК-д нийлүүлсэн хүнд механизм, эд ангийг хямд үнээр нийлүүлсэн, зах зээлийн үнийн зөрүүгээр тооцон “К Л” компаниас олгож буй 2015 онд 9,169,458,213.14 төгрөг, 2016 онд  7,183,319,686.77 төгрөг, 2017 онд 6,689,186,981.83 төгрөг, 2018 онд 9,059,845,169.00 төгрөг, нийт 32,101,810,050.71 төгрөгийн зах зээлийн үнийн зөрүү орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1: “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар когдуулна” 7.1.1: “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 9.1: “Албан татвар тооцох үнэлгээг доор дурдсан журмаар тодорхойлно” 9.1.2: “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн” гэснийг тус тус зөрчсөн нь санхүүгийн тайлан тэнцэл, татварын тайлан, нягтлан бодох бүргэлийн анхан шатны баримт кассын орлого, зарлагын баримтуудаар тогтоогдсон гэж хариуцагч татварын улсын байцаагчдын зүгээс үзсэн ба зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал баримтууд хэрэгт авагдсан байна.

Эрх бүхий татварын улсын байцаагч нар нь  холбогдогч “Т М” ХХК-ийн гаргасан 39,103,968,936.26 төгрөгийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3,4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 8 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2,  4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус үндэслэн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нийт 5,797,531,182.80 төгрөгийн төлбөр оногдуулсан, гомдол гаргагчийн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалгах боломжтой гэж үзжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нэг, гурав, тавдугаарт дугаарлагдсан зөрчил дээр маргаан байхгүй, гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд бүхэлд нь хүчингүй болгуулах нь зүйтэй гэж гомдол гаргагч нь тайлбарласныг хэргийн оролцогчдын маргаагүй хэсэгт дүгнэлт өгөхгүй байх нь зөв гэж шүүх үзэж, маргасан хэсгүүдэд заасан зөрчлийн тогтоогдсон байдал буюу татвар ногдуулалт төлөлтийн байдалд дүгнэлт өгөхгүйгээр гомдлын шаардлагыг хэсэгчлэн хангасныг тэмдэглэж байна.

Шүүх ийнхүү хэсэгчлэн хангахдаа хамгийн гол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тухайд дүгнэлт хийсэн. Учир нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу “Т М” ХХК нь татвар төлөгчийн хувьд татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, нөгөө талд эрх бүхий татварын улсын байцаагч хяналт шалгалтыг хэрэгжүүлж, зөрчил гаргасан нь тогтоогдвол хариуцлага тооцох, албадлагын арга хэмжээ авах  бүрэн эрхтэй.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцох, шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т: “... “Зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зөрчил гаргаагүй гэж маргаж байхад хариуцагчаас зөрчил ил тодорхой болсон гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй байна.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4-д: “оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлнэ гэж тодорхойлсон. Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1: “зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 2: “холбогдогч дараах эрхтэй”, 2.1: “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 2.2: “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, 2.3: “эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах”, 2.5: “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.7: “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 2.8: “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх”, 2.9: “зөрчлийн хэрэгтэй танилцах” гэж зааснаар өмгөөлөгч авах эрхийг нь хангаагүй, зөрчлийн материалд хийгдсэн бүх ажиллагаа 2019 оны 9 дүгээр сарын 23 гэсэн огноотой байгаа нь дээр дурдсан эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг холбогдогчид олгож байсан гэдэг нь эргэлзээтэй, холбогдогч нь нэг дор дээр дурдсан эрхүүдээр нэгэн зэрэг хангагдах боломжгүй байна, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд мэдүүлэг авах ажиллагааг зохицуулахдаа мөн зүйлийн 1-д: “эрх бүхий албан тушаалтан 6-д: “эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явуулна”, мөн зүйлийн 14-д: “эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасныг зөрчсөн, энэ байдал нь зөрчлийг шийдвэрлэсэн материал /3-6-р хуудас/-д холбогдогчийн мэдүүлэгт хариулт огт байхгүй, мэдүүлэг өгсөн этгээдийн гарын үсэг байхгүй зэргээр нотлогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд: “дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гээд 1.1-д: “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-д: “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д: “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэх эдгээр гурван үндэслэл байвал зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр хуульчилсан байна. Энэ зүйлийн агуулгаас үзэхэд, зөрчил үйлдэгдсэн талаар ил тодорхой байх, газар дээр нь шууд шийдвэрлэх боломжтой байх, өөрөөр хэлбэл, холбогдогч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байх, нотлох талаар ажиллагаа хийх шаардлагагүй байх, камерын бичлэгт үлдсэн, дуу дүрсээр бичигдсэн гэхчлэн зөрчлийг шууд тогтоох үндэслэл байх, маргаангүй байх нь хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэх нөхцөл байна. Нөгөө талд дээрх хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж хатуу зохицуулсан байна.

Маргаан бүхий энэ тохиолдолд дээрх зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл огт байхгүй байна, харин 1.1-д зааснаар зөрчил нь ил тодорхой байхыг хуульчилсан гэтэл гомдол гаргагч нь “ямар зөрчилд холбогдуулж шалгагдаж байгаагаа мэдэхгүй, танилцуулаагүй”, “зөрчил гаргасан гэж үзэхгүй байна, зөрчил гаргаагүй” гэх тайлбаруудыг гаргаж байхад хариуцагчийн зүгээс зөрчлийн хэрэг нээж, ямар нэгэн эргэлзээгүйгээр зөрчлийг нотлох үүргээ, нотлох баримтыг бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь хуульд нийцээгүй гэж шүүх үзсэн болно.

Эрх бүхий албан тушаалтан нарын зүгээс гомдол гаргагч “Т М” ХХК-ийн шалгалтад хамрагдах хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд шалгалт явуулж, зөрчил илрүүлж шийтгэл оногдуулахдаа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1.5: “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явуулаагүй үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж ажиллаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмууд зөрчигдсөн гэж нэгтгэн дүгнэж, маргаж буй хүрээнд гомдлын шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Гомдол гаргагч “Т М” ХХК-ийн гаргасан гэх зөрчилд /маргаан бүхий/ эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан “Т М” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ТЕГ УТОХГХШХ ТУБ Х.Н, Ж.Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 дүгээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн хуудасаны 2, 4, 6 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 5,586,766,290.00 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсэг болох маргаан бүхий шийтгэлийн хуудасны 1, 3, 5 дахь хэсэгт хамаарах зөрчилд оногдуулсан 210,764,838.80 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан гомдол гаргагч “Т М” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН