Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2018/00201

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 22 өдөр

         Дугаар 181/ШШ2018/00201

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:, ГэГзэгт овогт ДагДвын Э /рд /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, М/рд: /-д холбогдох,

 

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Захирлын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн А/129 тоот тушаалыг хүчингүй болгох, хамтын гэрээний дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 12,548,316 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие боловсролын салбарт нийт 31 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс 28 жил Мгэх энэ том байгууллагад ажиллаж хөдөлмөрлөсөн байна. Анх би тус сургуульд 1986 оны 04 сарын 28-ны өдөр бичээчээр ажилд орж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ба тэр цаг мөчөөс одоог хүртэл өөрийнхөө хариуцсан ажилд бүх хүч хөдөлмөрөө зарцуулсны дүнд нэг ч удаа сахилгын шийтгэл арга хэмжээ авагдалгүй ажилласны сацуу салбарын шагнал болох БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”, “Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг”, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдэг” зэрэг шагналуудаар шагнагдаж байснаас гадна байгууллагын олон удаагийн шагнал урмыг хүртэж ажиллаж ирлээ.

Ингээд миний бие 57 насыг хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан бөгөөд ажил олгогч 2017 оны 12 сарын 01-ний өдөр Б/203 тоот тушаал гарган намайг ажлаас чөлөөлсөн.

Ийнхүү ажлаа чөлөөлөхөд Д.Э миний бие Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Захиргаа – Үйлдвэрчний эвлэлийн хооронд 2017 оны 03 сарын 17-ны өдөр байгуулж, 2017 оны 04 сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлж хууль ёсны хүчинтэй болсон Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Профессор багш, ажилчин тэтгэвэрт гарах хуулийн хугацаанд өргөдөл гаргасан үед МУБИС-д ажилласан жилээс нь хамааран үндсэн цалингийн хэмжээгээр /20 буюу түүнээс дээш жил бол 12 сарын/ нэг удаагийн  тэтгэмж олгоно” гэж заасныг үндэслэл болгон надад 12 сарын цалинтай тэнцэх хэмжээнийг нэг удаагийн тэтгэмж олгоно гэж бодож байтал байгууллага маань энэ мөнгийг надад олголгүй зөвхөн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосонд гомдолтой байна.

Надад тэтгэмж олгохгүй байх үндэслэлээ байгууллагын зүгээс тайлбарлахдаа 2017 оны 06 сарын 02-ны өдөр баталсан “МУБИС-ийн хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай” А/129 тоот тушаалаар 60 нас хүрээгүй багш, ажилчдад хамтын гэрээгээр тохирсон хэмжээний тэтгэмжийг олгох асуудлыг насаар зааглан ялгавартай тогтоосон байсан бөгөөд ингэж өөрчлөлт оруулахдаа нийт багш ажилчдын төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хороо, ажил олгогчийн төлөөлөл хэлэлцэн баталсан хамтын гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр дангаараа шийдвэрлэсэн байгаа нь хууль тогтоомж зөрчсөн гэж би нэхэмжлэл гаргаж байна.

Улмаар байгууллагын хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын эрх зүйн хүчин чадлын хувьд харьцуулж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хамтын гэрээ нь хамт олон ажил олгогчтой зөвшилцөж баталдаг, эрх бүхий байгууллага болох төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж байж хүчинтэй болдог зэрэг үндэслэлүүдээр зөвхөн байгууллага дотроо үйлчилдэг дотоод журмаас илүү хүчин чадалтай байхаас гадна ажил олгогчийн зүгээс энэхүү бидний гэрээгээр олгогдсон эрхийг зөрчсөн тушаал гаргахдаа нийт ажилчдад огт мэдэгдээгүй бөгөөд би тэтгэвэрт гарах дөхөөд тэтгэмжээ авах тухай хөөцөлдөж эхлэхдээ буюу 2017 оны 10 сард мэдээд холбогдох хүмүүст өргөдөл гаргасан боловч тус тушаалыг үндэслэн надад тэтгэмж олгохгүй гэсэн тул шүүхэд хандаж байна.

Иймд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Захирлын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн А/129 тоот “МУБИС-ийн дотоод журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалыг хүчингүй болгож, хамтын гэрээний дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 12,548,316 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д “Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэх заалтын дагуу ажлаас чөлөөлөгдөж, тэтгэмж гаргуулах хүсэлтээ сургуулийн захиргаанд 2017 оны 05 сарын 17-ны өдөр, 2017 оны 10 сарын 31-ний өдөр тус тус гаргасны дагуу 2017 оны 12 сарын 01-ний өдрийн Б/203 дугаар тушаал гаргаж Д.Эт 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, ажлаас чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Д.Эрдэнээцэцэгт МУБИС-ийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 1/1926 тоот албан бичгээр түүний гаргасан өргөдөлд хариу өгөхдөө 2015 онд Боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, их дээд сургуулийн багш ажилтанд тэтгэвэр тогтоолгох үед нь төрөөс олгож байсан тэтгэмжийн заалт хасагдсан талаар мэдэгдсэн.

МУБИС-ийн Дотоод журмын 6.2.8-д “Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн 50-59 насны багш ажилтан хүсэлтээ гаргасан тохиолдолд дундаж цалингаар тооцож 1 сарын тэтгэмж олгоно”, 6.2.9-д “Тухайн ажилтны тэтгэмжийг үндсэн цалингаас нь тооцож МУБИС-ийн захирлын тушаалаар тэтгэмж олгоно” гэсэн заалтыг дурьдсанаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасан “Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг нь ажилтны иргэний үнэмлэхийн үндсэн дээр он сар өдрөөр нь тооцоход 60 насанд хүрсэн байхыг ойлгоно” гэсэн хуулийн тайлбарын дагуу тооцож үзэхэд Д.Э 1961 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн байх тул 2017 оны 12 сарын 01-ний өдөр 56 нас 19 хоногтой тэтгэвэрт гарах эрх үүссэн байна.

МУБИС-ийн захиргаанаас Д.Эт 60 нас хүртлээ үргэлжлүүлэн ажиллаад МУБИС-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 4.2, МУБИС-ийн дотоод журмын 6.2.7-д заасны дагуу 12 сарын тэтгэмж аваад, тэтгэвэр тогтоолгох боломжтой гэдгийг мэдэгдсэн боловч өөрийн хүсэлтээр 56 нас 19 хоногтой тэтгэвэртээ гарах шийдвэрээ гаргасан тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэг нь хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн А/129 тоот тушаалыг хүчингүй болгуулах, хамтын гэрээний дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 12,548,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Мнь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Шүүх дараах үндэслэлээр Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо нар харилцан тохиролцож, 2017 оны 03 сарын 27-ны өдөр 01 тоот “Хамтын гэрээ”-г байгуулсан байх ба уг хамтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт 2017 оны 04 сарын 13-ны өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Хамтын гэрээ”-ний хуулбар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 3/62 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т эрх бүхий этгээд хамтын гэрээг хүлээн авч хууль тогтоомжид нийцэж байвал бүртгэх, хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзах талаар зохицуулсан байх ба ийнхүү “Хамтын гэрээ”-г бүртгэсэн үйл баримтаас үзэхэд эрх бүхий байгууллага “Хамтын гэрээ”-г хууль тогтоомжид нийцсэн гэж үзсэн байна гэж дүгнэв.

 

“Хамтын гэрээ” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хүчин төгөлдөр болжээ.

 

“Хамтын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Профессор багш, ажилчин тэтгэвэрт гарах хуулийн хугацаанд өргөдөл гаргасан үед МУБИС-д ажилласан жилээс нь хамааран үндсэн цалингийн хэмжээгээр дараах байдлаар нэг удаагийн тэтгэмжийг олгоно” гээд “20 буюу түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж” олгохоор зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Д.Э нь 2016 оны 11 сарын 12-ны өдөр 55 нас хүрч, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасны дагуу мөн өдрөөс өндөр насны тэтгэвэр авах эрх нь нээгдсэн гэж үзэв. /Дээр дурьдсан хуулийн заалтад 2017 оны 04 сарын 14-ний өдөр өөрчлөлт орсон/

 

Нэхэмжлэгч Д.Э нь “Хамтын гэрээ”-нд заасны дагуу 12 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авах тухай сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан боловч Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 42.1, Дотоод журмын 6.2.8-д зааснаар 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох боломжтой, харин 60 нас хүртлээ үргэлжлүүлэн ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах юм бол 12 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох боломжтой” талаар хариу өгсөн байна.

 

Улмаар, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирлын 2017 оны 12 сарын 01-ний өдрийн Б/203 тоот тушаалаар Д.Эийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэтгэвэрт гарахтай нь холбогдуулан 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “Хамтын гэрээ”-нд заасан үүргээ биелүүлэхийг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.1-д “Хамтын гэрээ” нь тухайн байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон хуулиар зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлэхээр, мөн “Хамтын гэрээ”-гээр үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ зэргийг зохицуулахаар заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хамтын гэрээ нь ажилтны хөдөлмөрлөх нөхцлийг хуульд заасан баталгаанаас илүү нөхцөлөөр хангах үндсэн зорилготой баримт бичиг бөгөөд ажилтанд олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой асуудлыг хамтын гэрээгээр зохицуулах агуулгатай байна.

 

Иймд Мнь “Дотоод журам”-д нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах замаар “Хамтын гэрээ”-гээр тохиролцсон ажилтны эдлэх баталгааг дордуулсан нь  үндэслэлгүй гэж үзлээ.

 

Тодруулбал, Мнь Хөдөлмөрийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу “Хамтын гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл “Хамтын гэрээ”-г шинэчлэн байгуулах асуудлыг ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

 

Гэрч С.Батцоожийн өгсөн “Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хамтын гэрээний 1.9-д заасны дагуу нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэх ёстой. Ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байгаа” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр сургуулийн зүгээс “Хамтын гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчтэй аливаа хэлэлцээр хийгээгүй болох нь тогтоогдож байх ба үүнийг хариуцагч тал няцаагаагүй.

 

Иймд “Хамтын гэрээ”-нд заасны дагуу хариуцагчаас 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Ажил олгогчийн зүгээс нэг сарын тэтгэмжийг Д.Эт олгосон байх тул (1,544,734 + 527,510 + 994,835) \ 3 сар = 1,022,360 төгрөг х 11 сар = 11,245,960 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 1,302,356 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн А/129 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, энэхүү тушаал нь нэхэмжлэгчийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах үндэслэл болсон байх тул хүчингүй болгох шаардлагагүй буюу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас 11,245,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгож, үлдэх 1,302,356 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215,723 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 194,885 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.НЯМБАЗАР