Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 820

 

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00201 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч МУБИС-д холбогдох

 

Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/129 тоот тушаалыг хүчингүй болгуулах, хамтын гэрээний дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 12 548 316 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие боловсролын салбарт нийт 31 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс 28 жил Монгол Улсын Боловсролын их сургуульд ажилласан. Ингээд миний бие 57 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан бөгөөд ажил олгогч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/203 тоот тушаал гарган намайг ажлаас чөлөөлсөн. Ийнхүү ажлаа чөлөөлөхөд Д.Э миний бие Монгол Улсын Боловсролын их сургуулийн Захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлж хууль ёсны хүчинтэй болсон Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Профессор багш, ажилчин тэтгэвэрт гарах хуулийн хугацаанд өргөдөл гаргасан үед Монгол Улсын Боловсролын их сургуульд ажилласан жилээс нь хамааран үндсэн цалингийн хэмжээгээр /20 буюу түүнээс дээш жил бол 12 сарын/ нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг үндэслэн надад 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж бодож байтал байгууллага маань энэ мөнгийг надад олголгүй зөвхөн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосонд гомдолтой байна. Надад тэтгэмж олгохгүй байх үндэслэлээ байгууллагын зүгээс тайлбарлахдаа 2017 оны 6 сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай А/129 тоот тушаалаар 60 нас хүрээгүй багш, ажилчдад хамтын гэрээгээр тохирсон хэмжээний тэтгэмжийг олгох асуудлыг насаар зааглан ялгавартай тогтоосон байсан бөгөөд ингэж өөрчлөлт оруулахдаа нийт багш ажилчдын төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хороо, ажил олгогчийн төлөөлөл хэлэлцэн баталсан хамтын гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр дангаараа шийдвэрлэсэн байгаа нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байна. Улмаар байгууллагын хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын эрх зүйн хүчин чадлын хувьд харьцуулж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хамтын гэрээ нь хамт олон ажил олгогчтой зөвшилцөж баталдаг, эрх бүхий байгууллага болох төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж байж хүчинтэй болдог зэрэг үндэслэлүүдээр зөвхөн байгууллага дотроо үйлчилдэг дотоод журмаас илүү хүчин чадалтай байхаас гадна ажил олгогчийн зүгээс энэхүү бидний гэрээгээр олгогдсон эрхийг зөрчсөн тушаал гаргахдаа нийт ажилчдад огт мэдэгдээгүй бөгөөд би тэтгэвэрт гарах дөхөөд тэтгэмжээ авах тухай хөөцөлдөж эхлэхдээ буюу 2017 оны 10 сард мэдээд холбогдох хүмүүст өргөдөл гаргасан боловч тус тушаалыг үндэслэн надад тэтгэмж олгохгүй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/129 тоот Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотоод журам-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалыг хүчингүй болгож, хамтын гэрээний дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 12 548 316 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцална гэх заалтын дагуу ажлаас чөлөөлөгдөж, тэтгэмж гаргуулах хүсэлтээ сургуулийн захиргаанд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус гаргасны дагуу 2017 оны 12 сарын 01-ний өдрийн Б/203 дугаар тушаал гаргаж Д.Э-т 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, ажлаас чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Д.Э-т МУБИС-ийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1926 тоот албан бичгээр түүний гаргасан өргөдөлд хариу өгөхдөө 2015 онд Боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, их дээд сургуулийн багш ажилтанд тэтгэвэр тогтоолгох үед нь төрөөс олгож байсан тэтгэмжийн заалт хасагдсан талаар мэдэгдсэн. Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотоод журмын 6.2.8, 6.2.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасны дагуу тооцож үзэхэд Д.Э 1961 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн байх тул 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 56 нас 19 хоногтой тэтгэвэрт гарах эрх үүссэн байна. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаанаас Д.Э-т 60 нас хүртлээ үргэлжлүүлэн ажиллаад Монгол Улсын Боловсролын их сургуулийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 4.2, Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотоод журмын 6.2.7-д заасны дагуу 12 сарын тэтгэмж аваад, тэтгэвэр тогтоолгох боломжтой гэдгийг мэдэгдсэн боловч өөрийн хүсэлтээр 56 нас 19 хоногтой тэтгэвэртээ гарах шийдвэрээ гаргасан тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулиас 11 245 960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т олгож, үлдэх 1 302 356 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215 723 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 194 885 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Д.Э-т Монгол Улсын Боловсролын их сургууль 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1926 тоот албан бичгээр түүний гаргасан өргөдөлд хариу өгөхдөө 2015 онд Боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, их дээд сургуулийн багш ажилтанд тэтгэвэр тогтоолгох үед нь төрөөс олгож байсан тэтгэмжийн заалт хасагдсан талаар мэдэгдсэн. Д.Э нь 1961 оны 11 дүгээр сарын 12-ны төрсөн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 56 нас 19 хоногтой байсан. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаанаас Д.Э-т 60 нас хүртлээ үргэлжлүүлэн ажлаад Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 4.2, Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотоод журмын 6.2.7-д заасны дагуу 12 сарын тэтгэмж аваад, тэтгэвэр тогтоолгох боломжтой гэдгийг мэдэгдсэн боловч өөрийн хүсэлтээр 56 нас 19 хоногтой тэтгэврээ тогтоолгосон.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хамтын гэрээний 4.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Боловсролын их сургуулиас 11 245 960 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороонд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 01 тоот хамтын гэрээнд өөрчлөлт оруулаагүй бөгөөд Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотоод журмын 6.2.8-д өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн 50-59 насны багш ажилтан хүсэлтээ гаргасан тохиолдолд дундаж цалингаар тооцож 1 сарын тэтгэмж олгоно, 6.2.9-д тухайн ажилтны тэтгэмжийг үндсэн цалингаас нь тооцож, Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын тушаалаар олгоно” гэж заасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтууд болон хамтыг гэрээг зөрчөөгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч МУБИС-д холбогдуулан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/129 тоот тушаалыг хүчингүй болгуулах, хамтын гэрээний дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 12 548 316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Э нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/203 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, Д.Э-т 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.                                                      /хх-7 дугаар тал/

 

Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо харилцан байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хамтын гэрээний 4.2-т “профессор багш, ажилчин тэтгэвэрт гарах хуулийн хугацаанд өргөдөл гаргасан үед Монгол Улсын Боловсролын их сургуульд 1-7 жил ажилласан бол 1 сарын, 8-14 жил ажилласан бол 3 сарын, 14-19 жил ажилласан бол 6 сарын, 20 буюу түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын үндсэн цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж олгохоор тохиролцсон байхад нэхэмжлэгч Д.Э-т 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болох нь хэргийн 48-54 дүгээр талд авагдсан хамтын гэрээгээр нотлогджээ.

 

Нэхэмжлэгч Д.Э нь дээрх хамтын гэрээнд заасны дагуу 12 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авах тухай сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан боловч Монгол Улсын Боловсролын их сургуулиас “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, дотоод журмын 6.2.8-д зааснаар 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох боломжтой, харин 60 нас хүртлээ үргэлжлүүлэн ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах бол 12 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох боломжтой” гэх агуулга бүхий хариу өгсөн үйл баримт хэргийн 14, 26 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргээ хариуцагч байгууллага нь биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад хөнгөлөлт эдлэхийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулагдаагүй харилцааг хамтын гэрээгээр зохицуулдаг байна. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж тусламж зэргийг хамтын гэрээгээр зохицуулахаар заасан байна.

 

Гэтэл ажил олгогч байгууллага нь ажилтнуудын төлөөлөлтэй зөвшилцөлгүй “Хамтын гэрээ”-ний тэтгэмжтэй холбоотой заалтыг дотоод журмаар зохицуулж өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Шүүх гэрч С.Батцоожийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогч байгууллагын захиргаа ажилтнуудын төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй “Хамтын гэрээ“-гээр тохирсон тэтгэмжийг өөрчлөх асуудлаар хэлэлцээр хийгээгүй талаар зөв дүгнэж хариуцагчаас нэхэмжлэгчид 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид олгосон нэг сарын тэтгэмжийг хасч 11 245 960 төгрөг гаргуулсан нь зөв байв.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг тул Д.Эрдэнэцэцэгийн “2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/129 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг агуулаагүй, нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй тул шийдвэрлэх шаардлагагүй болно.

 

Иймд анхан шатны шүүх Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо харилцан байгуулсан хамтын гэрээний дагуу хариуцагчаас 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэж, хариуцагч нь нэг сарын тэтгэмжийг Д.Э-т олгосон тул 11 сарын тэтгэмж болох 11 245 960 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                   

                            ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ