Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2019/0450/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт О.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918005740525 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, Бороо гоүлд алтны уурхайн хамгаалалтын албаны диспетчер ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай, Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай М овогт О.Б,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь шунахайн сэдэлтээр 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ...аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан-Ус суваг ХК-ийн төв цэвэрлэх байгууламжийн агаарын станцын заалнаас 4А-31Б S2УЗ маркийн 160 квт хүчин чадалтай, 2945 эргэлттэй цахилгаан хөдөлгүүрийг цахилгаан тайл хэрэглэж, ... улсын дугаартай  мазда Бонго маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч Дархан-Ус суваг ХК-нд 13,495,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч А.Б “...Дархан Ус суваг ХК-д О.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нийтлэг үйлчилгээний албаны бохир усны төлөвлөлтийн системийн цахилгаанчнаар ажилд орж ажиллаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллагын төв цэвэрлэх байгууламжийн агаарын станцын машин заалнаас буулгасан 160 квтын хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүрийг манаач Эрдэнэбатын эзэмшлийн ачааны машинаар ачиж авч явж хулгайлсан байсан. Тэр өдрөөс хойш ажилдаа ирээгүй, мөн хулгайлсан хөдөлгүүрээ байгууллагад авч ирж өгч компанийг хохиролгүй болгохыг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн хариу хэлээгүй, ирээгүй учраас 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаас нь гаргаж дараа нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Тухайн хөдөлгүүрийг алдагдсан цаг хугацаанд бол ашиглахаа болиод буулгасан байсан юм. ...энэхүү хэрэгт хохиролгүй болсон тул гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч Ч.С  “...О.Б нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дархан Ус суваг ХК-ийн төв цэвэрлэх байгууламжийн агаарын станцын агаарын зааланд байсан 160 квт агаарын насосын хөдөлгүүрийг манай байгууллагын жолооч  Э портер маркийн машиныг гэртээ түлээ буулгах гэж байгаа юм гэж гуйж аваад тэр хөдөлгүүрийг ачиж аваад гараад явсан байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч С.П “...Б нь төв цэвэрлэх байгууламжийн зааланд ороод цахилгаан тайл /цахилгаан өргөгч/-өөр өргөж портер машин дээрээ ачаад авч явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч Б.Э “...Б зах дээрээс мод авсан юм, гэр рүүгээ хүргэх гэсэн юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би машиныхаа түлхүүрийг Б өгч явуулсан. Миний машиныг авч яваад 20 орчим минутын дараа буцаж ирээд модоо зөөчихлөө гэж хэлээд миний машиныг өгчхөөд явсан. Тэр өдрийн орой нь манай байгууллагын удирдлагууд чиний машин хаана байна хэнд өгч явуулсан гэж асуухаар нь би Б өгч явуулсан гэдгээ хэлсэн. Тэгж би Б миний машинаар хулгай хийснийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Г “...эхлээд зарах гээд тэр залуу ирэхээр нь би хоёр талын таг нь хайчихсан юм бэ гэж асуухад энэ миний эзэмшлийн хөдөлгүүр байгаа юм. одоо ашиглахаа больсон юм гэж хэлээд намайг 500,000 төгрөгөөр авчих гэхээр нь би 400,000 төгрөгт л авъяа гэж хэлээд тухайн хөдөлгүүрийг нь худалдаж авч байсан юм” ...400,000 төгрөгөө авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Капитал зууч ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “...2012 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 4А-315 S2УЗ маркийн 160 квт хүчин чадалтай, 2945 эргэлттэй цахилгаан хөдөлгүүр /ашиглаж байсан/ 1 ширхэг эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 13,495,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 36-37/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хулгайлан авсан хөдөлгүүр нэг тонн орчим жинтэй гэх ба тусгай багаж хэрэгсэлгүйгээр түүнийг өргөх, зөвөрлөх боломжгүй тул прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Иймд шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үлэмж хэмжээний хохирол учруулсан ”хулгайлах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч нь хулгайлсан хөдөлгүүрээ байгууллагад буцаан өгсөн, хөдөлгүүрийг зарсан  иргэний нэхэмжлэгч Д.Г 400,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын өмчлөлийн 1996 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Мазда бонго маркийн ... улсын дугаартай цагаан өнгийн ачааны автомашиныг ашигласан байх ба автомашины үнийг шинжээч 4,000,000 төгрөгөөр тогтоожээ.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах, үнийг гаргуулахаар заагаагүй, тухайн зүйл хэсэгт техник хэрэгсэл гэж заасан, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ” Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан, мөн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр заагаагүй тул автомашины үнийг гаргуулах үндэслэлгүй” гэж мэтгэлцжээ.

Хууль тогтоогч “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор зааж 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэсэн агуулгатай байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хураана гэх зохицуулалт нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт ашигласан тохиолдолд гэмт хэрэгт хамааралгүй этгээдийн хөрөнгийг хурааж болохгүй гэсэн агуулгатай ба тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг О.Б-с гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгчийн нь цагдан хоригдсон 31 хоногийг хорих ялын 31 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М овогт О.Б-г “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт М овогт О.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мазда бонго маркийн 81-01 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн ачааны автомашины үнэ 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч О.Б-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 31 хоногийг хорих ялын 31 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД