Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 9

 

О.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0450/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                     Б.Батсүх

Шүүгдэгч                                      О.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч              Л.Цуурай

Нарийн бичгийн дарга                Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолтой О-ын Б-д холбогдох, 1918005740525 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, урьд:

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай М- овогт О-ын Б-. /********** регистрийн дугаартай.

Шүүгдэгч О.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан-Ус суваг” ХК-ийн төв цэвэрлэх байгууламжийн агаарын станцын заалнаас 4А-31Б 82УЗ маркийн 160 квт хүчин чадалтай, 2945 эргэлттэй цахилгаан хөдөлгүүрийг цахилгаан тайл хэрэглэж, 81-01 ДАХ улсын дугаартай “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч “Дархан-Ус суваг” ХК-нд 13,495,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч М- овогт О-ын Б-г “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар М- овогт О-ын Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар О.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3., 7.5 дугаар зүйлийн 1., 4.т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мазда бонго” маркийн 81-01 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн ачааны автомашины үнэ 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч О.Б-гээс гаргуулж улсын орлогод оруулахаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч О.Б-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 31 хоногийг хорих ялын 31 хоногоор тооцон эдлэх ялаас хасч тооцохоор,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б- давж заалдах гомдолдоо:

Би цахилгааны хөдөлгүүрийг хэлэлгүй авч явахдаа ямар нэгэн байдлаар зарж ашиг олох сонирхол байгаагүй. Тухайн үед уг хөдөлгүүр нь ашиглагдахгүй, актлагдах гэж байсан юм билээ. Тухайн нөхцөлд би хэлэлгүй авч явсан нь миний буруутай үйлдэл гэдгийг ойлгож гэмшиж байна. Мөн би хөдөлгүүрийг буцаан өгч хохиролгүй болгосон. Энэ хугацаанд үнэхээр ойлгож гэмшиж байна. Би саяхан гэр бүлтэй болж, хүүхэд 7 сартай, эхнэр ажилгүй, ийм нөхцөлд ял шийтгэгдээд ийм байдалтай байж байгаадаа маш их харамсаж байна. Надад оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Дахин би ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй гэдгээ чин сэтгэлээсээ илэрхийлж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Б- тайлбартаа:

Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, надад оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Б-гийн өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа:

Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. О.Б-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч О.Б-г 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан-Ус суваг” ХК-ийн төв цэвэрлэх байгууламжийн агаарын станцын заалнаас 4А-31Б 82УЗ маркийн 160 квт хүчин чадалтай, 2945 эргэлттэй цахилгаан хөдөлгүүрийг 81-01 ДАХ улсын дугаартай “Мазда Бонго” маркийн машин ашиглаж хулгайлан “Дархан-Ус суваг” ХК-нд 13,495,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар О.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мазда бонго” маркийн 81-01 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн ачааны автомашины үнэ болох 4,000,000 төгрөгийг шүүгдэгч О.Б-гээс гаргуулж улсын орлогод оруулах, түүний цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялаас хасч тооцох, шүүгдэгч О.Б-д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч О.Б-гийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл шүүгдэгч О.Б-гийн үйлдэл нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт болох:

хохирогч О.Б-ийн ... О.Б- нь “Дархан Ус суваг” ХК-д 2017 оны 04-р сарын 14-ний өдөр Нийтлэг үйлчилгээний албаны бохир усны төвлөрсөн системийн цахилгаанчнаар ажилд орж ажиллаж байгаад 2019 оны 06-р сарын 13-ны өдөр манай байгууллагын Төв цэвэрлэх байгууламжийн агаарын станцын машин заалнаас буулгасан 160 квт-ын хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүрийг манаач Э-ын эзэмшлийн ачааны авто машинаар ачиж авч явж хулгайлсан байсан....гэсэн мэдүүлэг,  

-гэрч С.П-ийн ... О.Б- нь 2018 оны 06-р сарын 13-ны өдөр Дархан сумын 5 дугаарт байрлах Төв цэвэрлэх байгууламжийн агаарын станцын машин заалнаас задалсан цахилгаан хөдөлгүүрийг хулгайлж авч яваад түүнээс хойш ажилдаа ирээгүй алга болсон. Б-гийн ээж С- нь манай байгууллагад ажилладаг учраас 2019 оны 08-р сарын 06-ны өдөр хүртэл хулгайлсан эд зүйлээ авчирч өгөх, эсхүл байгууллагад учруулсан хохирлоо барагдуулахыг хэлж хүлээсэн боловч О.Б- нь ямар ч сураггүй байгаа учраас манай байгууллагаас учирсан хохирлоо төлүүлэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... гэсэн мэдүүлэг,

-мөн шүүгдэгч О.Б-гийн гэрчээр өгсөн ... Би 2016 оны 04-р сарын 25-ны өдрөөс “Дархан Ус суваг” ХК цахилгаанчинаар ажилд ороод 2019 оны 06 сар хүртэл ажилласан. 2019 оны 06 сарын дундуур өглөө 08.00 цагт ажилдаа ирсэн, тухайн үед надад 200,000 төгрөгийн хэрэг гараад Төв цэвэрлэх байгууламжийн хашаан дотроос төмөр авч төмөр тушааж мөнгө олох санаа орж ирээд манай байгууллагад манаачаар ажилладаг Э- ахын Портер машиныг “түр өгч байгаач, ойрхон юманд явчихаад ирье” гээд машиныг нь аваад Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэр дэх Төв цэвэрлэх байгууламжийн хашаа руу ороод хойд хэсэгт байдаг ил гадаа ашиглахаа больсон насосны хөдөлгүүрийг цахилгаан тайлаар унаж очсон Портер машин дээрээ ачаад буцаж гарахдаа хойд хэсгээр нь тойроод модны захын арын замаар яваад түүхий эд авдаг цэгт нөгөө насосны хөдөлгүүрээ аваачиж тушаагаад 450.000 төгрөг аваад өрөндөө өгөөд, үлдсэнийг нь хувьдаа хэрэглэж дуусгасан....гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.Э-ын... 2019 оны 06-р сарын 13-ны өдөр би өөрийн 81-01 ДАХ улсын дугаартай “Мазда” маркийн тээврийн хэрэгслийг унаад ажилдаа ирсэн байсан. Тэр өдөр би “Дархан Ус суваг” ХК-ийн төв дээр манаачаар 24 цаг гарч ажилласан, өглөө 10.00 цагийн үед О.Б- орж ирээд надаас “Та машинаа түр өгч байгаач, би мод зөөх гэсэн юм” гэж хэлсэн, тэгэхээр нь би “юун мод юм бэ” гэхэд О.Б- “ Зах дээрээс мод авсан юм, гэрлүүгээ хүргэх гэсэн юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би машиныхаа түлхүүрийг О.Б-д өгч явуулсан. Тэгээд О.Б- миний машиныг авч яваад нээх удалгүй 20 орчим минутын дараа буцаж ирээд “модоо зөөчихлөө” гэж хэлээд миний машиныг өгчихөөд явсан. Тэр өдрийн орой нь манай байгууллагын удирдлагууд “чиний машин хаана байна, хэнд өгч явуулсан” гэж асуухаар нь би “О.Б-д өгч явуулсан” гэдгээ хэлсэн, тэгж би О.Б-г миний машинаар хулгай хийснийг мэдсэн. Өөрөөр бол би энэ хэргийн талаар мэдэхгүй...гэсэн мэдүүлэг,

-гэрч Д.Г-ийн... Би О.Б- гэх залууг сайн танихгүй. 2019 оны 06 дугаар сарын дундуур О.Б- гэдэг залуу цагаан өнгийн Портер машинтай миний эзэмшлийн төмөр авдаг түүхий эд авдаг цех дээр ирээд “ахаа би хэрэггүй хаягдал төмөр буюу зэстэй мотор зармаар байна, мөнгөний хэрэг гарчихаад байна” гэж хэлсэн.Тэгээд би тухайн моторыг нь харахад 600 орчим диаметртэй нилээн том хэмжээтэй, дотроо зэс утастай, цэнхэр өнгөтэй, хуучирсан дээр үеийн гэмээр хоёр хажуу талын таг нь байхгүй мотор байсан. Тэгээд би тухайн үед О.Б- гэдэг залуугаас “энэ хаанаас авсан мотор юм бэ?” гэж асуухад “энэ хэрэггүй болсон миний эзэмшлийн мотор байгаа юм аа, та санаа зоволтгүй ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайгүй байлгүй дээ гэж бодоод О.Б- гэх залууд 400.000 төгрөг бэлэн өгөөд авсан. О.Б-гээс авсан мотор нь манай төмөр авдаг цехийн хашаанд байгаа. Тухайн моторыг би авсаныхаа дараа доторх зэсийг нь авах гэж нэг талыг нь задлаад дотор талын зэсийг нь авах гэж оролдоход болохгүй байж байтал О.Б- гэдэг залуугийн ээж нь “манай хүүхэд Ус сувагт ажилладаг юм аа, тэгээд байгууллагын хашаанаас акталсан мотор аваад танд зарсан байна, би таньд мөнгийг нь буцааж өгөөд энэ моторыг буцааж авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж тухайн моторыг гагнаад хэвэнд нь оруулаад тавьсан... гэсэн мэдүүлэг болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан мөн Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ял оногдуулсан бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

                                                             ШҮҮГЧИД                                Ц.ТУЯА

                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ