Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 283

 

                                                           

 

 

 

 

 

                                                С.Мд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,

хохирогч Э.Зоригбаяр, Б.Цэрэндолгор, Б.Энхбаяр, Э.Тунгалаг, Ж.Отгон, Ж.Баасандорж, С.Тунгалаг, Л.Дарьсүрэн нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарыг бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Мгийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлоор С.Мд холбогдох эрүүгийн 1808001580124 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Навчилтай овгийн Сжийн Мн, 1972 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршоолол 2 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 256 дугаар магадлалаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:РЮ4/;

 

Шүүгдэгч С.М нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч З.Тэмүүжинг Австрали улсад 6 сарын тэтгэлэгтэй гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө гэж З.Тэмүүжингийн эцэг Э.Зоригбаяраас 2017 оны 6 дугаар сарын 16-нд 1.800.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 9-нд 1.600.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 4.200.000 төгрөг, нийт 7.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, хамт ажиллаж байсан багш Б.Амарбаясгалангаас Зэвсэгт хүчний байгууллагад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэх тендерийн гүйцэтгэлд мөнгө дутаад байна гэж 2016 оны 1 дүгээр сарын 05-нд 1.300.000 төгрөгийг бэлнээр, 6.300.000 төгрөгийг Б.Алтантуяагийн дансаар дамжуулан, нийт 7.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, хамт ажиллаж байсан багш Б.Цэрэндолгороос тендерт оролцож, Зэвсэгт хүчний ангиудад ор хөнжлийн даавуу, гар нүүрний алчуур нийлүүлэхээр болсон гэж 2017 оны 4 дүгээр сарын 5-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 7-нд 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч Э.Сарангоог Япон улс руу сургана гэж түүний төрсөн эх Э.Тунгалагаас 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 600.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч М.Пүрэвнямыг Австрали улсад гадаад хэлний бэлтгэлд явуулж өгнө гэж М.Пүрэвнямын төрсөн эх Ж.Отгоноос 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 600.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 1.550.000 төгрөг, нийт 2.150.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан, мөн Ж.Отгоноос оёдлын үйлдвэрт хөрөнгө оруулаач, мөнгийг чинь өсгөж өгнө гэж 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг дансаар, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 500.000 төгрөгийг дансаар, нийт 5.650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, ангийнхаа сурагч Б.Мөнх-Эрдэнийг Герман улс руу Цэргийн их сургуульд явуулж өгнө гэж түүний төрсөн эх Р.Бямбадаваагаас 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1.300.000 төгрөг бэлнээр, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 720.000 төгрөгийг дансаар, 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 1.200.000 төгрөгийг дансаар, нийт 3.220.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа хамт ажилладаг байсан сургуулийн жижүүр Ж.Баасандоржийг сүлжээний бизнест оруулж өгнө гэж 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр авч залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 81 дүгээр дунд сургуулийн багшаар ажиллаж байхдаа, тус сургуулийн сурагч Ч.Цэнгүүнийг Япон улсад тэтгэлгээр сургуульд сургана гэж түүний төрсөн эх С.Тунгалагаас 2017 оны 8 дугаар сарын 25-нд 3.000.000 төгрөгийг дансаар, 2017 оны 9 дүгээр сарын 19-нд 2.500.000 төгрөгийг дансаар, нийтдээ 5.500.000 төгрөгийг шилжүүлэн залилсан,

хуурч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн гадаа Наранхүүг гэр бүлээр нь АНУ руу явуулж өгнө гэж Н.Наранхүүгийн төрсөн эгч Ж.Дарьсүрэнгээс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3.670.000 төгрөгийг Р.Бямбадаваагаар дамжуулан бэлнээр авч, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2.235.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, нийт 5.905.000 төгрөгийг Даваасүрэнгээс залилсан,

хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Номин” их дэлгүүрийн ар талд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Энхбаяраас “мөнгийг чинь өсгөх ажил оллоо” гэж 5.500.000 төгрөгийг бэлнээр авч залилан нийт 10 удаагийн үйлдлээр бусдад 52.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шавчилтай овогт Сжийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар С.Мг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.Мгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С.Мгийн урьдчилан цагдан хоригдсон 210 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар С.Мгээс 5,800,000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 303-227 тоотод оршин суух ЧТ:73011015 регистрийн дугаартай Э.Зоригбаярт, 7,600,000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 2-2 тоотод оршин суух ЗЮ:78072275 регистрийн дугаартай Б.Амарбаясгаланд, 4,200,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29-128 тоотод оршин суух П0:81091106 регистрийн дугаартай Б.Цэрэндолгорт, 2,300,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 42-34 тоотод оршин суух ХМ:78052806 регистрийн дугаартай Э.Тунгалагт, 5,650,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 7-34 тоотод оршин суух РЭ:72081206 регистрийн дугаартай Ж.Отгонд, 2,140,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 24-33 тоотод оршин суух ТБ:70071961 регистрийн дугаартай Р.Бямбадаваад, 800,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 38-26 тоотод оршин суух ИЙ:72111010 регистрийн дугаартай Ж.Баасандоржид, 5,500,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Талхилтын 1-215 тоотод оршин суух МН:71012067 регистрийн дугаартай С.Тунгалагт, 5,905,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 32а- 69 тоотод оршин суух АЖ:82083008 регистрийн дугаартай Ж.Дарьсүрэнд, 5,500,000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 103-161 тоотод оршин суух ЧБ:74111509 регистрийн дугаартай Б.Энхбаяр нарт тус тус олгож, С.Мгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Мгийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Миний үйлчлүүлэгч ялтан С.Мгийн эрүүл мэндийн байдлын талаар мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч П.Алтанцэцэгийг оролцуулсан шинжээч нарын 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаартай дүгнэлттэй танилцахад П.Алтанцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн саналыг нь дүгнэлтэндээ тусгаад, 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтийг нь шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй, илтэд үндэслэлгүй дүгнэлт гаргасан байдаг.

Иймд шинжээчийн нарын дүгнэлтэд мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч П.Алтанцэцэгийн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтийг тусгуулж, бодит байдалтай нийцсэн, үнэн зөв дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нямбатад шуудангаар дамжуулан 24 цагийн дотор хүргүүлсэн боловч хүсэлтийг хангасан, эсэх талаар прокурорын шийдвэр гараагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь “оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаж байна” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргахад анхан шатны шүүхээс “хяналтын прокурор Ц.Нямбат нь хууль зөрчөөгүй байна” гэсэн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2. Шинжээч эмч П.Алтанцэцэг “Би 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар дүгнэлттэй танилцахад миний 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн саналыг шинжээчийн дүгнэлтэд бичсэн байсан. Би мөрдөгч Баянжаргалд “яагаад миний 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтийг бичээгүй, саналыг бичсэн байна бэ, энэ саналд чинь “би өвчтөнөө өөрийн биеэр үзээгүй тохиолдолд дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн санал шүү дээ гэхэд “прокурор удахгүй нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоол гаргана гэсэн. Тэр үед таны дүгнэлтийг шинжээчийн дүгнэлтэд тусгуулна. Та энэ дүгнэлт дээр л гарын үсэг зураад өг“ гэж гуйгаад байхаар нь 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар шинжээч нарын дүгнэлт дээр гарын үсгээ зурсан юм. Энэ дүгнэлт нь С.Мгийн өвчнийг нотлохгүй. Харин миний 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтээр “С.М нь “Миелин задралын эмгэг, Оптимиелит-синдром Девика, 4 мөчний саа, аарцаг эрхтэний үйл ажиллагааны хямрал, сэдрэлийн үе, хүнд явцтай, цаашид нэн яаралтай нарийн мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэн, эмчийн байнгын хяналтад эмчлүүлэх шаардлагатай маш хүнд өвчин юм” гэсэн тайлбарыг өгсөн ба өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт шинжилгээ хийлгэх саналыг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбоогүй тул жичдээ уг асуудлыг холбогдох газарт нь тавьж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч С.Мгийн дээрх өвчин нь ерөнхий хөдөлмөрийн чадвар 100 хувь алдсан, амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтлийн хүнд зэрэгт хамаарах өвчин” болохыг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 дахь хэсэгт тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгч С.М болон өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах гэтэл өргөдөлд нь зайлшгүй хавсаргах шаардлагатай 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч нарын 80 дугаартай “С.Мгийн энэ өвчин нь хүнд өвчний жагсаалтад хамаарахгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс түүний өргөдөл, гомдол болон холбогдох материалыг нь хүлээн авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, миний үйлчлүүлэгчийн хуульд заасан эрхээ эдлэх нөхцөл боломжийг нь хааж, хууль бусаар хязгаарлаж байна.

3. Яллагдагч С.Мгийн мэдүүлэгт “Гандангийн ард байдаг “Абслют” төвийн 4 дүгээр давхарт 2017 оны 9 дүгээр сард өрөө түрээслэж Сарантуяа гэх эмэгтэйн хамт оёдлын цех ажиллуулж байхдаа түрээсийн мөнгө, хүмүүсээс захиалга авсан хувцас хунар, орны даавуу зэргийг оёхдоо хохирогч нараас авсан мөнгийг хэрэглэдэг байсан. Энэ байдлаар мөнгө авсаар ийм байдалд хүрсэн. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн боловч дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаагүй орхигдуулсан байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт засан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй“ гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Мөн С.Мг “Абслют” худалдааны төвийн 4 дүгээр давхарт өрөө түрээслэн Сарантуяа гэх эмэгтэйн хамт оёдлын цех ажиллуулж байсан эсэхийг бүрэн гүйцэт шалгаагаагүй байж амьдралын эх үүсгэвэр болгосон гэсэн шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэсэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

5. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр явуулж хэргийг шүүхэд шилжүүлэн, шүүх хурлын товыг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зарлан, шүүх хурал хийж шийдвэр гаргасан үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийснээс хойш шүүх хурлын товыг 3-аас доошгүй хоногийн өмнө зарлан, 14 хоногт багтаан шүүх хурлыг хийнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулснаас хойш доод тал нь 3 хоног, дээд тал нь 14 хоногт багтаан шүүх хурлыг хийх”-ээр хуульчилсан байхад шүүхийн "Урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн өдрөөс хойш 2 дахь хоногт шүүх хурал хийж, шийдвэр гаргасан нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, гомдолд дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч С.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж ялласанд гомдолтой байна. Би 2006 онд нийгмийн халамжаас групп тогтоолгосон. Сүүлийн 3 жилд би эцэг, эхтэйгээ амьдарч байсан. Би оёдлын үйлдвэр ажиллуулж мөнгө олдог байсан. Миний эцэг, эх хоёр хоёулаа тэтгэвэр авдаг байсан. Миний авч байсан цалин, тэтгэмж амьдралд хүрэлцэхүйц хэмжээнд байсан. Би хохирогч нараас мөнгө авснаас хойш зарим хүмүүст нь бага багаар мөнгө өгч байсан. Би үлдсэн мөнгөө төлж барагдуулахаа илэрхийлж байна. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа цус харваж хоёр хөл буюу бөгсөн бие мэдээгүй болсон. Би ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Надад байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоё гэсэн санаа байгаагүй. Иймд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч С.Мгийн өмгөөлөгч М.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд ялтан С.Мгийн өмгөөлөгчөөр оролцож Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. С.М нь нэр бүхий хохирогч нараас нийт 52.575.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн. Энэхүү үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдэлдээ туйлын харамсаж хохирлыг төлж барагдуулахаа мөрдөн байцаалтын шатнаас эхэлж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шат болон хохирогчид гомдол гаргахаас өмнө эдгээр иргэдээс авсан мөнгөн хөрөнгийн зарим хэсгийг нь буцааж өгч байсан тухай баримт хавтас хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийг энэхүү залилан мэхлэх үйлдлээ хийхдээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинж байгаа эсэх, үүнийг шалгаж тодруулах шаардлага байна гэж үзэж мөрдөн байцаалтад буцаасан. Үүний дагуу мөрдөн байцаагч, прокурор нь С.Мг энэхүү хохирогч нараас авсан мөнгийг өөрийн амин хэрэгцээгээ хангаж байсан уу гэдгийг шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Учир нь, хавтас хэрэгт С.М нь энэхүү 52.575.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ буюу машин тэрэг авах, орон сууц авах, ар гэр, өөрийн амьдрал, аж ахуйг залгуулсан ямар нэгэн үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй. Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэрт 52.575.000 төгрөгийг байнга амьдралын эх үүсвэл болгож залилсан гэж дурдсан байдаг. Тэгэхээр 52.575.000 төгрөгийг амьдралынхаа эх үүсвэр болгосон юм уу, эсхүл залилж авсан мөнгөө амьдралын эх үүсвэр болгосон юм уу гэдгийг шүүх болон прокурор ялгаж салгаагүй, тогтоож чадаагүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч С.М нь байнгын хөдөлмөр эрхэлж байсан, 81 дүгээр сургуульд 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын дунд хүртэл ажиллаж байсан гэж мэдүүлдэг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан “Ирээдүй” ахлах сургуулийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогддог. Мөн түүний эцэг, эх хоёр нь гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. С.М мөн өөрийн цалин буюу 539.000 төгрөг, 2006 оноос хойш групп тогтоолгосон бөгөөд сар бүр нийгмийн халамжаас 281.000 төгрөг авдаг, эдгээр иргэдээс амьдралынхаа эс үүсвэрийг залгуулах гэж мөнгө залилаагүй гэдгээ хэлдэг. Мөрдөн байцаалтын шатанд С.М нь тодорхой хэмжээгээр мөнгийг нь өсгөнө, сургуульд оруулж өгнө, оёдлын цех гэж удаа дараа дурддаг. Үүнийг нарийн шалгаж тогтоогоогүй. Учир нь 52.575.000 төгрөгийн хэдэн төгрөг нь оёдлын цехэд орсон, оёдлын цехийн ард хэн гэдэг хүн байдаг, С.М нь энэ мөнгийг аваад өөр хэн нэгэнд дамжуулж аваачиж өгдөг юм биш үү гэх хардлага төрж байна. Үүнийг нэг бүрчлэн тогтоохгүйгээр анхан шатны шүүх шийдвэрийг гаргасан нь эргэлзээ бүхий байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Алтанцэцэг гэх шинжээч эмчийн анхны гаргасан дүгнэлт буюу шүүгдэгч С.Мд биечлэн үзлэг хийгээгүй байх үеийн дүгнэлтийг хавсаргаж оруулсан. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх, эсхүл өөрчлөлт оруулж байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг хасаж өгнө үү...” гэв.

 

Хохирогч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Залилах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинж байхгүй байна гэж тайлбарлаж байна. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 2 дахь удаагаа хянан хэлэлцэгдэж байна. Анх хурлаар хянан шийдвэрлэгдэхэд 8 хохирогчтой байсан. Мөрдөн байцаалтад хэргийг буцаахад 2 хохирогч нэмэгдсэн. Нийт 10 хохирогч болсон. Шүүгдэгч ажил хийдэг байсан гэх асуудлыг ярьдаг. С.Мгийн 10 үйлдлийн 9 үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 сар хүртэл байдаг. Нэг үйлдэл нь 2017 оны 7 сараас өмнөх үйлдэл байдаг. Ингээд давж заалдах шатны шүүхээс үргэлжилсэн үйлдэл нь шинээр 2017 оны 7 дугаар сараас хойш үйлдэгдсэн байгаа учраас үүнийг шалга гэх үндэслэлээр буцаасан. Энэ үйлдлийг шалгах явцад тухайн үйлдлүүд нь тодорхой болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл С.Мгийн мэдүүлэгт “энэ мөнгийг би хувийн хэрэгцээндээ хэрэглэдэг байсан” гэсэн удаа дараагийн мэдүүлэг байдаг. Үйлдлийн хувьд байнга ажилтай байна гэдэг нь амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж биш гэж тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй юм. Харин залилж авсан мөнгөө юунд зарцуулсан байдаг юм бэ гэдэг нь өөрөө хууль зүйн хувьд байнга үйлдэл амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамаарч байгаа. Мөн Энхбаяраас 5.000.500 төгрөгийг зээлсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл эхний хоёр үйлдлээр зээлж итгэлийг нь олж авсан. Дараа нь “манай нөхөр генерал цолтой, зэвсэг хүчинд ажилладаг, хоёр хүүхэд маань гадаадад байдаг, би бол боломжтой” гэж итгэл төрүүлсэн. Тэгээд 5.000.500 төгрөгийг аваад эргүүлж өгөөгүй. Энэ үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Мөн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад дараа нь 3 хоногийн дотор шүүх хуралдааныг зарлах ёстой байсан гэдэг. Гэтэл өмгөөлөгч өөрөө хүсэлт тавьж урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгэсэн. Үүний дараа ч шүүх хуралдааны товыг зарласан. Үүнийг Чинбат өмгөөлөгч ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна гэх талаар гомдол гаргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Мгийн өмгөөлөгч нараас гаргасан гомдол, хүсэлтийг сонслоо. Шинжээчийн дүгнэлт гэх асуудлыг тайлбарласан. Гэвч энэ хэрэг нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг биш, харин залилах гэмт хэрэг гэдэг утгаар яллах дүгнэлт үйлдэгдсэн. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэх мэт шүүх хуралдааны товыг зарласан. Шүүх хуралдаан нийт 6 удаа хойшилсон. Шалтгаан нь С.М урд өдөр нь эмнэлэгт хэвтсэн, түргэн дуудаад явсан, ирж чадсангүй гэх шалтгааныг гаргаж байсан. Ийнхүү удаа дараа шүүх хуралдаан хойшилж байсан тул шүүгч шинжээч томилсон. Шинжилгээгээр С.Мд хүнд өвчин байхгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Үүний дараагаар шүүх хуралдаан хэвийн үргэлжлээд явагдсан бөгөөд хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж мөрдөн байцаалтад буцсан. Ингээд шүүгч удаа дараа шүүх хуралдаан хойшилж байсан тул өвчний байдлыг нь тодруулъя гэсэн бөгөөд прокуророос 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжээч томилсон. Үүгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 3 эмч, гуравдугаар эмнэлгийн эмч Алтанцэцэг, хувийн эмнэлгийн нүдний эмч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр мөн адил хүнд өвчний жагсаалтад багтсан өвчин алга байна гэх дүгнэлтийг гаргасан. Алтанцэцэг эмч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дүгнэлт өгсөн. Энэ дүгнэлтийг мөрдөгч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд аваачиж өгсөн. Гэтэл дараа нь Алтанцэцэг эмч 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр дахин дүгнэлт өгсөн. Энэ асуудалд яагаад 2 удаа дүгнэлт өгсөн, эхний дүгнэлтийг шинжилгээний дүгнэлтэд тусгаад гаргасан шүү дээ гэхэд шүүх хуралдаанд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн дүгнэлт нь миний санал байсан гэж тайлбарласан. Тэгэхээр шинжээч санал өгөхгүй, дүгнэлт заавал гаргана гэх байдлаар эхний дүгнэлтийг тусгасан шүү гэдгийг хэлсэн. Тийм учраас хүнд өвчтэй гэх байдал нь үгүйсгэгдсэн. Мөн шуудангаар хүсэлт явуулсан гэж ярьсан. Энэ нь шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх хуралдааны үед надад амжиж ирээгүй бөгөөд сүүлд ирэхэд нь би хэрэг шийдвэрлэгдсэн гэдэг утгаар нь хариуг нь өгч  нэг хувийг нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс хэрэг буцахад нийт 8 хохирогч байсан. Гэтэл мөрдөн байцаалтад 10 хохирогчтой болсон гэж тайлбарласан. Тэгэхээр залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож байна гэдэг нь харагдаж байгаа. С.М нь анги удирдсан багш байсан бөгөөд дандаа ангийн хүүхдүүдийнхээ эцэг, эхийг Америк, Австрали зэрэг улсууд руу явуулна, нэг бол тендерт орлоо гэх байдлаар мөнгө залилж байсан байдаг. Өөрөөр хэлбэл, үнэхээр оёдлын үйлдвэр ажиллуулсан байсан бол үнэн учраа хэлээд мөнгө зээлэх боломжтой байсан. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 3 хоногийн дотор зарлаж явуулсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ урьдчилсан хэлэлцүүлгийг Чинбат өмгөөлөгчийн хүсэлтээр зарлаж урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Ингээд гэм буруугийн шүүх хуралдаан руу шилжүүлж прокурор, өмгөөлөгч нараас хурлын тов давхцаж байгаа эсэх талаар асууж тодруулж байгаад өдөр, цагийг товлосон. Тэгэхээр хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх С.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 248 дугаар захирамжаар яллагдагч С.Мг шүүхэд шилжүүлж, түүний гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагаас хэргийн оролцогч нарыг оролцуулан явуулах, шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогч нарт мэдэгдэж, бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг шүүгчийн туслах Б.Нарантуяад даалгаж шийдвэрлэжээ. /4хх 189-191/ 

 

Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2 дахь хоногт зарлаж, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасныг зөрчжээ.

 

Уг хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан аливаа этгээдийн эрхийг хангах үндсэн зорилтыг агуулсан хуулиар хатуу тогтоосон хугацаа бөгөөд үзэл баримтлалын үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах ёстой зохицуулалт юм.

 

 Энэхүү хуулийн зохицуулалтыг шүүхээс бүрэн хангаж, оролцогчийн эрхийг эдлүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох учиртай.

Нөгөөтээгүүр Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон бусад хуульд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ ямарч хуульд заасан хугацааг өөрчлөх эрх шүүхэд олгосон заалт алга.

 

Шүүхээс хуульд заасан хугацааг өөрчилсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэхгүй.

 

2. Хохирогч Р.Бямбадаваа, Ж.Дарьсүрэн, А.Амарбаясгалан нарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгасныг мэдэгдэж, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “шүүх хуралдаанд сууна” хэмээн өөрсдөө бичиж гарын үсгээ зуржээ. /4хх 95, 98, 100/

 

Гэтэл анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудсуудад хохирогч Р.Бямбадаваа, Ж.Дарьсүрэн, А.Амарбаясгалан /4хх 202-205/ нарыг “хаягтаа байдаггүй, эзэнгүй байв, утас нь холбогдохгүй байв” хэмээн бичиг хүргэгч Б.Мөнхсайхан тэмдэглэл үйлдэж, тэдэнд шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдээгүй байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” эрхийг шүүхээс хангаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх зөрчигдсөн гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, хүний эрхийг зөрчсөн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн үзэх боломжгүй байгааг дурдаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн ажиллахыг  анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох замаар прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 248 дугаар захирамжаар гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр буюу 2 дахь хоногтоо зарласан атлаа захирамжийн 5 дахь заалтад “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогч нарт мэдэгдэж, бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг шүүгчийн туслах Б.Нарантуяад даалгасугай...” гэж хоорондоо зөрүүтэй, уялдаа холбоогүй шүүгчийн захирамж гарчээ. /4хх 189-191/ 

 

 Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Мд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Мгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.