Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/235

 

Б.А, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаяр,

шүүгдэгч, хохирогч Б.А,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.А, Г.Г нарт холбогдох 1806090442208 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Мянгад овгийн Б.А, 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Дотно өргөө” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9 дүгээр гудамжны 429 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

            2. Модчин овгийн Ганцэцэгийн Ган-Очир, 1994 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэл, орон судлал мэргэжилтэй, “Юниверсал Нет Ворк” ХХК-нд инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар  хороо, Хувьсгалчдын б-1 дүгээр гудамжны 204 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х-апартмент хотхоны 4-1 дүгээр байрны 105 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

            Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Х-Апартмент” хотхоны 1 давхарт хохирогч Б.Ганцацралын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан,

            Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-Апартмент” хотхоны 1 давхарт хохирогч Б.А-ын нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, духанд зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А, Г.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А, Г.Г нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А, Г.Г нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А, Г.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.А, Г.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ойлгомжгүй, оногдуулсан ялыг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр гарсан байна.

Үүнд, шүүгдэгч Б.А, Г.Г нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш торгох ялыг биелүүлэх хугацааг нь дурдаж өгөөгүй нь ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

Харин ялтан Б.А, Г.Г нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа нь болоогүй байхад торгуулийн ялыг төлөх 1 сар буюу 30 хоногийн хугацаа нь дуусаж, ялтан нар нь оногдуулсан 450.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял нь хорих ялаар солигдож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал нь дордохоор байна гэж үзэж байна.

Шүүх хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болоод, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш торгох ялыг биелүүлээгүй талаар тусгаагүй. Шийтгэх тогтоолыг 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ирсэн. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хэдэн сарын дотор төлнө гэж тусгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно гэж үзэх юм бол энэ хүмүүсийн гар дээр шийтгэх тогтоол очих гэсээр байтал 1 сарын хугацаа нь өнгөрөх, торгох ялд заасны дагуу хорих ялаар солигдоод, эрх зүйн байдал нь хүндрэнэ.

Шийтгэх тогтоолд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гэсэн үг үсэг байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргаагүй бол тэр хугацаанд шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болно гэж ойлгоно.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Торгуулиа төлсөн. Хэлэх тайлбар бахйгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Х-Апартмент” хотхоны 1 давхарт хохирогч Б.Ганцацралын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Х-Апартмент” хотхоны 1 давхарт хохирогч Б.А-ын нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ганцацралын хохирогчоор өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн орчим гэртээ орох гээд орц руугаа ороход орцон дотор 2 согтуу хүн манай дүү Ган-Очирын хоёр талд нь гарчихсан ард, урдаас нь зууралдаад цохиод байгаа бололтой харагдахаар нь очоод Б.А гэдэг залууг салгаад гараараа түлхсэн чинь тэр залуу эргэж хараад баруун гараараа зүүн талын нүд рүү нэг удаа цохисон чинь тухайн хэсэгт гал манас гээд би тэрнээс хойш юу болсон эсэхийг сайн санахгүй байна. Тэгээд тэр залуу миний өөдөөс гар утас шидээд дээд уруулд оноод тухайн үедээ тэр хэсэг хавдсан байсан. Намайг цохиулангуут манай дүү миний урдуур орж ирээд Б.А гэдэг залууг шууд цохиод авсан боловч цааш яасан талаар би сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 13-14/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.А-ын хохирогчоор өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз Мөнхбатын гэрт нь очиж архи уусан... Тэднийхээс гарахдаа согтсон байсан... Нэг мэдсэн миний зүүн нүдний зовхины дээд талаас цус гарч байсан. Дээд үүдэн шүд бага зэрэг хөдөлсөн, духны зүүн талд зулгарсан, зүүн нүдний зовхины дээд хэсэгт сэтэрч цус гарсан байсан. Би орцонд чанга чанга яриад байхад дуугаа намсага гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэрнээс болж маргалдаад зодоон хийсэн байх гэж бодож байна. Эхлээд хамгаалагчтай маргалдаад байж байхад нэг эгч ирээд намайг түлхэхээр нь би тэр эгчийн гарыг нь холдуулаад нүүрэн тус газар нь цохисон юм шиг байгаа юм. Тэгсэн тэр тарган залуу намайг цохисон гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17/,

Гэрч Б.Мөнхбатын “...Би тухайн өдөр согтсон, нэг мэдсэн нэг давхарт очсон. Манай найз Б.А хамгаалагчтай муудалцаад би найзыгаа авч явах гээд байснаа санаж байна. Ер нь дийлдэхгүй байсан. Хамгаалагчтай муудалцаж байхад манай найзыг цохисон залуу болиулаад байж байтал нэг эгч гарч ирсэн чинь Б.А тэр эмэгтэйн нүүрэн тус газар нь цохиод тэр махлаг залуу манай найзыг цохиод авсан. ...” гэх мэдүүлэг /хх 20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13529 дугаартай “Б.А-ын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, духанд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13508 дугаартай “...Б.Ганцацралын биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-н 30/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Б.А, Г.Г нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч нарын хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.А, Г.Г нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын “... Шүүгдэгч нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа нь болоогүй байхад торгуулийн ялыг төлөх 1 сар буюу 30 хоногийн хугацаа нь дуусаж, ялтан нар нь оногдуулсан 450.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял нь хорих ялаар солигдож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал нь дордохоор байна гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх эсэргүүцлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн ...шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж ...гардуулан өгнө” гэж, мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ” гэж заажээ.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр хүлээн авах, хуваарилах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэх зэрэг хуульд заасан хугацаатай ажиллагаанууд явагддаг ба мөн хуулийн 160.1 “Ялтан торгох ял оногдуулсан ... шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” хэмээн торгох ялыг биелүүлэх доод хугацааг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хуульд заасан журмын дагуу хийгдэх ажиллагаа нь тухай бүрдээ хуульд заасан тодорхой хугацаатай бөгөөд энэхүү хугацааг ялтны торгох ял төлөх хугацаанд оруулан тооцох нь түүний эрх зүйн байдал дордох үндэслэлтэй тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...1 сарын дотор...” гэснийг “...хуульд заасан хугацаанд...” гэж өөрчлөн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...1 сарын дотор...” гэснийг “...хуульд заасан хугацаанд...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                 Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ