Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/238

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Амгаланбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Г.Нямхүү,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ийн өмгөөлөгч Г.Нямхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-т холбогдох 1809036340885 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Хотгоодын тайж овгийн Д.Б, 1967 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн авто ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 42-2 дугаар байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 265.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-436 тоотод Б.Д-тай маргалдаж, нүүр лүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, хацар, уруул, цээж, зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б нь энэ хэрэгт 16 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 240 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 240.000 төгрөгийг хасаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-аас нийт 235.000 төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчид төлсөн зардлын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,  Д.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аийн өмгөөлөгч Г.Нямхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолдоо, тухайн үед Д.Б-ийн авчирсан архийг бүгд хуваан ууж байх үедээ хохирогчийн хэлсэн үгэнд дургүйцэж, түүнийг өшиглөж, зодсон талаар хохирогч, хэргийн шууд гэрч нар бүгд мэдүүлдэг. Хэргийн үйл баримт ийм ойлгомжтой байхад Д.Б нь хохирогчийг гүн согтолтын улмаас биеэ хамгаалах, хянах чадваргүй байдлыг нь далимдуулан зориудаар, маш их зовоон тарчлаах аргыг сонгож, үүнийгээ ухамсарлан ойлгож, онц хэрцгий аргаар зодсон гэж үзэх боломжгүй юм. Мөн шинжээч эмч нь тусгай мэдлэгийн хүрээнд эмнэлгийн бичиг баримт бодит үзлэгт тулгуурлан хохирогч Б.Д-ын биед тухайн үед учирсан гэмтлийн зэрэг тогтоосныг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь хохирогч Б.Д-ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтооход холбогдох дүрэм, журам хэрхэн зөрчигдсөн талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг дурдан зааж, түүнийгээ хүндэвтэр гэмтэл хэмээн дахин шинжээч томилуулах үндэслэл болгосныг хүлээн авах боломжгүй.

Хохирогч Б.Д нь нас барсан тул шүүхээс түүний хууль ёсны төлөөлөгчийг томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хуульд заасан эрхийг эдлүүлсэн болохыг дурдаж байна гэсэн дүгнэлт хийж, Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь, 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Д.Б нь Хатанбаатарын гэрт архи уусан үедээ Хатанбаатартай маргалдаж, түүний хууль бус үйлдэлд шаардлага тавьсан түүний эхнэр Б.Д-ыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэж, уг хэргийг шалгаж дуусаад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлжээ. Шүүх хэргийг хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн санаачилгаар урьдчилан хэлэлцүүлэг зарлаж, тэр өдөр талийгаач Б.Д-ын хүү М.А-ийг дуудаж, хэргийн материалтай танилцуулж, шүүх хурал хийж, түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, шүүх хурал зарласан байдаг.

Энэ хэргийн хохирогч Б.Д нь бусдад зодуулж, амь насаа алдсан болохыг хэргийг мөрдөж байсан мөрдөгч С.Мөнхбаяр, хяналт тавьж байсан прокурор нар мэдэж байсан бөгөөд мөрдөн шалгах хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, хавтас хэргийн материалтай танилцуулах гэх мэт хуульд заасан эрхийг хохирогч талд эдлүүлээгүйн улмаас хэргийн талаар нэмж шалгуулах хүсэлт гаргах, дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, хууль ёсны эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авах эрхээ эдлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх зөрчигдөж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны байх зарчим алдагдчихаад байхад шүүх хэргийг прокурорт буцааж болох байсан ч буцаагаагүй. Гэнэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусах өдөр хохирогчийн ар гэрийнхнээс хүн дуудаж, урьдчилан хэлэлцүүлгийг өөрийн санаачилгаар явуулан, М.А-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, шууд гэм бурууг хэлэлцэхээр шүүх хурал зарласан нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

Д.Б-т холбогдох хэрэгт гаргасан шинжээчийн 9439 тоот дүгнэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.            Учир нь, Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б нь “... би нэг удаа л өшиглөсөн, бид нар тухайн үед дөрвүүлээ байсан. ...” гэж мэдүүлдэг. Гэтэл талийгаачийн биед олон тооны гэмтэл үүссэн байдаг. Тэгвэл эдгээр гэмтлийг хэн гэдэг хүн, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэв гэсэн асуулт гарч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс талийгаач нь Д.Б-т зодуулсны дараа байнга толгой нь өвдөж, шүд нь хөндүүрлэж өвдөөд олон хоногоор хоол идэж чадахгүй зовж байна гэж хүүхдүүдээ хэлж байсан, тухайн үед үзсэн 1 дүгээр эмнэлгийн эмч “хавдар нь буухаар чамархай, нүдний ухархайн цөмрөлт байгаа учир хагалгаа хийх шаардлагатай” гэж хэлж байсан. Мөн эмч С.Мөнхбаатарын “...хохирогч Б.Д-ын биед хийсэн үзлэгт “Баруун, зүүн нүдний алимд цус хуралттай, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хацрыг хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай, уг хэсгээр овойж хавдсан, дээд уруулын баруун хэсэгт 2,0x2,0 см, зүүн хэсэгт 2,0х3,0 см, цээжний гол хэсэгт 18x6,5 см, баруун далны доод хэсэгт 3,5x2,5 см хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай, дээд баруун 1-р шүд урагшаа, арагшаа ганхаж хөдөлнө. ...”, Натур эмнэлгийн КТГ-д “Тархины эдэд голомт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, тархины бор, цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай, баруун нүдний ухархайн хана хуучин хугаралтай, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан, хамрын таславч хянган хэсгээрээ хугарч, зүүн тийш мурийсан, зүүн нүд болон хацар яс орчмын зөөлөн эдэд хаван хавдартай бөгөөд 1,8x0,8 см хэмжээтэй +69Н13 нягтралттай. ...” гэжээ.

Эдгээрээс харахад дээрх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа бөгөөд дахин шинжээч томилж, шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулах, мөн гэрчээр тухайн үед Б.Д-ын биеийг үзсэн эмч нарыг гэрчээр асуулгах шаардлагатай гэж үзсэн боловч бидний гаргасан хүсэлтийг хуулийн үндэслэлгүй гэж үзсэнд гайхаж байна. Мөн Д.Б-ийг тухайн үед Хатанбаатарын гэрт байхад хамт байсан хүнийг хэн болохыг тогтоож, тухайн үеийн нөхцөл байдлын талаар тодруулах нь ач холбогдолтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан. Гэвч энэ үүргээ биелүүлж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, гэмт хэргийн нөхцөл байдлын талаар гаргасан дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй байна.

Д.Б нь хохирогч эмэгтэй Б.Д-ыг биеэ хамгаалж чадахгүй, хүч сул байдлыг далимдуулж, түүнд аархаж, түүний биед олон тооны гэмтэл учруулсан үйлдлийн хуулийн зүйл, хэсэг ч өөрчлөгдөх боломжтой талаар хэлж, гэмт хэргийн нөхцөл байдлыг бодиттой тогтоох зорилгоор дахин шинжээч томилуулах, гэрч асуулгах талаар гаргасан санал, хүсэлтийг үгүйсгэсэн үндэслэл нь хуулийн үндэслэл муутай тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хүн хагалгаагаа даалгүй нас барсан гэдгийг мөрдөн байцаагч өөрийн биеэр ирж харсан. Тэр үед энэ хэрэг ямар шатанд явж байгааг надад хэлээгүй. Байцаагчтай ярьсан бичлэг одоо надад байна. “Хаана явааг мэдэхгүй, шүүхэд шилжсэн байх” гэж надад хэлсэн. Тэгээд би хаана явааг нь олж мэдээгүй. Нас барсан эхийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгоё гэхээр хэрэг ямар шатанд явааг, эхийгээ хэний үйлдлээс болж нас барсныг нь мэдэхгүй байсан. Шүүхэд шилжээд, хэлэлцэх хугацаа нь дуусахын өмнөх өдөр нь манай эгч рүү “маргааш хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байна” гэж ярьсан. Би өмгөөлөгч авч амжилгүй, нарийн бичгийн өрөөнд, хүмүүсийн дунд хальт танилцсан.” гэв.

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Д.Б-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэсэн.

Шинжээчийн дүгнэлтийг үндэслэл муутай гарсан гэж үзэж байна. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэргийг мөрдөгч шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн байдаг. Прокурор хэргийг хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шийлжүүлсэн. Шүүх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээж авсан. Хэрэг прокурорын хяналтад байх хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Д нас барсан. Нас барсан талаар хохирогчийн ар гэрээс хууль ёсны төлөөлөгч тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй, мэдээгүй нөхцөл байдал байсан.

Улмаар шүүхэд шилжсэний дараа хохирогч нас барж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүхийн шатанд тогтоож, хэргийн материалтай танилцуулж шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Тухайн үед дуудлагаар очсон цагдаа Батболдыг асуухад, хохирогчийн хүүхэд Занабазар цагдаагийн газар дуудлага өгч, манай ээж ингэж гэмтсэн байна гэдгийг хэлсэн байдаг.

Дуудлага өгсөн хохирогчийн хүүхэд болох Занабазарыг байцаахад “ээжийгээ хамтран амьдрагчдаа зодуулсан байна гэж бодсон. Гэтэл хамт архи ууж байсан, хөрш айлын Д.Б гэж хүн нүүрэн тус газар нь цохиж, гэмтэл учруулсан болохыг ээж надад хэлсэн” гэж мэдүүлсэн. Хэргийн гол гэрч болох Х-г байцаахад “Д.Б нүүрэн тус газар нь 3 удаа өшиглөсөн” гэж мэдүүлсэн.

Шинжээчийн дүгнэлтээр “...Б.Д-ын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, хацар, уруул, цээж зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1 дүгээр шүдний сулрал зэрэг нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. ...” гэж дүгнэсэн.

Талийгаачийн биеийн хавирганы гэмтэл нь хуучин гэмтэл байна гэсэн дүгнэлтийг тусгасан байдаг. Тухайн үед Д.Б-ийн хүчин зүйлээс үүсээгүй учраас түүний үйлдлийн улмаас үүссэн шинэ гэмтлүүдээр зүйлчилсэн байгаа. Хуучин гэмтэл буюу хавирга хугарсан гэмтлийг хэн учруулсан бэ гэдгийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, тусад нь шалгуулах ёстой.

Д.Б-ийн 3 удаагийн үйлдлийн улмаас Б.Д-ын биед үүссэн гэмтэл нь хөнгөн гэмтэл бөгөөд энэ үйлдэлд нь Д.Б-т ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн зүйл байхгүй. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аийн өмгөөлөгч Г.Нямхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд “Прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт.” гэж тус тус заасны дагуу шаардлагатай нотлох баримтуудыг яллах дүгнэлтэд хавсарган дурдах ёстой. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь тодорхой биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэт тодруулаагүй байна.

Прокуророос Д.Б-ийг 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-436 тоотод Б.Д-тай маргалдаж, нүүр рүү өшиглөж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, хацар, уруул, цээж зүүн бугалга, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэж гэмт хэргийн үйл баримтыг тогтоосноос үзэхэд агуулгын хувьд зөрчилтэй болжээ. Өөрөөр хэлбэл, Д.Б-ийн Б.Д-ын нүүр рүү нэг удаа өшиглөсөн үйлдлээс шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүд учирсан гэж үзсэн нь эргэлзээтэй байна.

 Хохирогчийн биед учирсан гэх дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэхээр байх ба эдгээр гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, биеийн аль хэсэгт байдаг эд эрхтнүүдэд ямар гэмтлүүд, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр учирсан талаарх нөхцөл байдлыг шинжээч эмчийг асуух болон шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах ажиллагаа хийх нь зүйтэй.

Яллах дүгнэлтэд заасан хэргийн үйл баримтын тодорхойгүй байдлыг прокурор тодорхой болгож, яллах дүгнэлт үйлдсэний дараа анхан шатны шүүх үйл баримтад дүгнэлт хийх нь хуульд нийцнэ.

Энэ хэргийн хохирогчийн амь нас хохирсон байх бөгөөд ямар учир шалтгааны улмаас хохирогч нас барсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд үүнтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ийн өмгөөлөгч Г.Нямхүүгийн гаргасан давж заалдах гомдлын “...шинжээчээс мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-д хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаж өгөх, ...” гэсэн үндэслэлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ