| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0046/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/399 |
| Огноо | 2017-12-05 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/399
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,
иргэдийн төлөөлөгч Н.Наранцэцэг,
хохирогч Г.Дарьхүү,
хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, С.Чинбат, Н.Ганбат,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 201619000608 дугаартай 1 хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зуунмод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үс засдаг, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр баг, 1-9 тоотод оршин суух, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан, Монголын үйлдвэрлэлийн Хоршооллын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулж байсан, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ж. Б гэв.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 7 дугаар гудамжны 18 тоот хашааны гадна талд Г.Дарьхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хамрыг нь тас хазаж, нүүрийг нь засаршгүй эвдэж, дүрсийг нь алдагдуулан, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч Ж.Б-гийн: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гаргах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Дарьхүүгийн: ”бодит учирсан хохирол ... төгрө төлөгдсөн. Одоо байнга маскатай явдаг. Миний энэ байдлаас болж гэр бүлийн хүнтэйгээ ч маргах болсон. Хамартаа хагалгаа хийлгэмээр байна. ХАгалгааны төлбөр 40260000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ. Гомдолтой байна.”гэх мэдүүлэг,
мөн Эрүүгийн 201619000608 дугаартай эрүүгийн хэргээс:
мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Б-гийн: "...Би 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал 17-18 цагийн үед манай найз н.Баттулга яриад "Тэх” зоогийн газар хүрээд ир гэсэн юм. Очиход Ууганцэцэг, Баттулга, Төмөрбаатар нар байсан. Би тэр 3 хүнтэй 3 шил пиво уугаад буцаад ажил дээрээ байж байтал 22 цагийн үед манай найзууд н.Аагийн, Болдоо нар машинтай ирж намайг аваад Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 7-18 тоотод очиж архи, пиво ууцгаасан. Тухайн үед тэнд Баттулга, Аагий, Болдоо, Өлзийт, Дарьхүү, Ууганцэцэг, Төмөрбаатар, Чимгээ, Цээгий нар байсан ба Цээгий, Ууганцэцэг хоёр машин барина гээд архи уугаагүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтсон байсан ба нэг мэдэхэд Дарьхүү гараад ир хоёулаа уулзъя гэж байсан. Тэгээд би гэрээс гараад хашааны үүдэнд Дарьхүүтэй маргалдаж байснаа санаж байна, би газар унаад босох гэхэд н.Дарьхүү миний дээр гараад намайг дараад байхаар нь миний уур хүрээд түүний хамрыг нь хазсан юм. Тэгээд би хамрыг нь хазсаны дараа айгаад босоод зугтсан ба Дарьхүү тэр газар хамраа дараад үлдсэн. Хамрыг нь хазсан нь үнэн учир цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлнө. Би гэм буруугаа хүлээж байна.." гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/
мөрдөн байцаалтад хохирогч Г.Дарьхүүгийн: "Би 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод суманд найзуудтайгаа уулзах эж ирсэн юм. Намайг Төв аймгийн Зуунмод суманд ирэхэд Төмөрбаатар, Өлзийт, Болдоо, Баттулга нар сайн танихгүй Ууганаа, Цээгий, Чимгээ нарын хамт тосож авсан юм. Тэгээд бид нар тэндээсээ Цог генералын хөшөө ороод 1 шил 0.75 литрийн 'Соёрхол" нэртэй архи, 2,5 литрийн "Нийслэл" нэртэй пиво ууж эхэлж байхад Аагий машинтай ирсэн ба Аагий, Болдоо хоёр яваад Бг авчирсан. Тухайн үед шөнө харанхуй болсон байсан болохоор бид нар Өлзийбаярынд үргэлжлүүлж архи, пиво ууцгаасан. Тэнд н.Төмөрбаатар, Өлзийт, Болдоо, Аагий, Баттулга, Б, Өлзийбаярын эхнэр гэх нэг эмэгтэй, Ууганаа, Цээгий, Чимгээ бид нар байсан. Тухайн үед Өлзийбаатарын гэрт нь дахин 1 шил 0.75 литрийн "Соёрхол" нэртэй архи, 2,5 литрийн 1 ширхэг пиво ууцгаасан. Тэгээд би нэлээд согтсон ба Бтай би юунаас болж маргалдснаа сайн санахгүй байна, ямар ч л гэсэн түүнтэй хашааны гадна гудамжинд маргалдаж байсан ба нэг мэдэхэд Б миний хамарнаас хазаад "түй" гэж хаяад цаашаа зугтаагаад явсан. Би харин хамраа дарахад хамарнаас маш их хэмжээний цус гараад буцаж гэртээ ороход Өлзийбаярын эхнэр нь түргэн дуудсан. Би тухайн үед нэлээд согтуу байсан ба Б мөн нэлээд согтуу байсан. Би Бг ямар нэгэн байдлаар зодож, цохисон зүйл байхгүй. Б миний хамрыг тас хазсан ба өөр намайг зодож, цохисон зүйл байхгүй. Миний хамрыг хазах үед хоёулаа байсан санагдаж байна. Миний гоо сайханд халдсанд Бд гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Э.Баттулгын: "н.Өлзийбаярын гэрт нь н.Өлзийбаярын эхнэр нь байсан ба бид нар тэдний гэрт нь очоод архи уугаад сууж байтал Дарьхүү, Б хоёр хоорондоо маргалдаад зууралдаад шалан дээр хоёулаа өнхөрч унаад байсан. Тэгэхэд тэд нарыг салгасан ба би тухайн үед нэлээн согтуу байсан учраас хэн салгасныг нь санахгүй байна, тухайн үеийн нөхцөл байдлыг бүдэг бадаг л санаж байна. Тухайн үед Дарьхүүгийн дуу их чанга сонсогдоод агсам тавиад байсан ба би нэг мэдэхэд тасраад гэртээ унтаж байсан ба намайг Төмөрбаатар, Ууганцэцэг нар хүргэж өгөөд Улаанбаатар хотруу явсан байсан. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Болдоо надтай утсаар яриад Б Дарьхүүгийн хамрыг хазсан талаар хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Э.Алтансүхийн: "Өлзийбаярын гэрт Өлзийбаярын эхнэр байсан ба бид нар тэдний гэрт нь очоод 0.75 литрийн архи ууж дуусгаад, дахин 0.75 литрийн архи би авч өгсөн. Намайг архинд Төмөрбаатар, Ууганцэцэгтэй явсан хойгуур Б, Дарьхүү хоёр хоорондоо гэрт маргасан юм шиг байна лээ. Мөн Цээгий тэр үед явсан байсан Тэгээд авсан архиа арай дуусаагүй байхад, мөн авчирсан пивоо ууж дуусаад Төмөрбаатар, Ууганцэцэг хоёр Баттулгыг хүргэж өгөх гээд явсан ба Баттулга тухайн үед нэлээд согтсон байсан. Гэрт Өлзий, Болдоо, Чимгээ, Б, Дарьхүү, Өпэийбаярын эхнэр болон би үлдсэн ба бид нар үлдсэн архиа уугаад сууж байхад Дарьхүү, Б хоёр маргалдаад байсан. Тэгээд Б, Дарьхүү, Чимгээ, Болдоо Өлзийт нар гэрээс гараад явсан ба харин гэрт нь би Өлзийбаярын эхнэртэй нь үлдсэн. Тэгээд удалгүй Өлзийт орж ирээд Дарьхүүгийн хамрыг Б хазсан байна. түргэн дуудаарай гэсэн ба араас нь Дарьхүү орж ирсэн. Тэр үед Дарьхүүгийн хамарнаас их хэмжээний цус гараад хамраа дараад байсан бөгөөд удалгүй түргэний хүмүүс ирээд Дарьхүүг аваад явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэчимэгийн: "...Ж.Б-г ирэхэд бид нар тэндээсээ Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайванд байдаг айлд очсон ба тэр айлд нэг эмэгтэй байсан. Нөхөр нь байхгүй байсан ба тэр айлд бид нарыг Цээгий хүргэж өгөөд Улаанбаатар хот руу буцаад явсан. Тэгээд гэрт нь 2 шил архи, 2,5 литрийн пиво уугаад байж байхад Дарьхүү гэх залуу Б, Болдоо, Өлзийт гэх хүмүүс рүү агсраад байсан. Б, Дарьхүү хоёр гэрт муудалцаад зууралдаж унаад байсан ба удалгүй Баттулга тасарсны дараа Ууганцэцэг, Төмөрбаатар нар Баттулгыг хүргэж өгнө гээд явсан. Түүний дараа Дарьхүү, Б хоёр дахин муудалцаад байхаар нь тэр хоёрыг Өлзийт нь гэрээс аваад гарсан. Удалгүй араас нь Болдоо бид 2 гараад харин гэрт Алтансүх гэх залуу, нөгөө эмэгтэйтэй үлдсэн бөгөөд хашааны гадна Дарьхүү, Б 2 ноцолдоод байсан. Тэгэхэд Өлзийт очоод тэр 2-г салгасан ба Б хүзүүгээ боолгуулсан байдалтай хүзүүнээсээ нэг юмыг татаад гүйгээд явсан ба энэ үед Дарьхүү "Миний хамрыг тас хазчихлаа. Түргэн тусламж дуудаарай" гэж хэлэхэд Өлзийт, Болдоо бид гурав Дарьхүүг гэрт оруулаад түргэн тусламж дуудсан. ...Би хамрыг нь хазсан талаар хараагүй. Гэхдээ тэр хоёр хашааны гадна ноцолдоод байсан ба тэр хоёрыг Өлзийт очиж салгахад Б Дарьхүүгийн хамрыг хазсан талаар мэдсэн. Мөн Дарьхүү Бгаас өөр хүнтэй ноцолдоогүй" гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Ц.Цэрэнцэцэгийн: "...Би тэд нарыг хүргэж өгөөд тус айлд /Өлзийбаяр/ нэг аяга цай уугаад буцаад Улаанбаатар хот руу буцсан. Тэгээд би Улаанбаатао хотод гэртээ хоноод маргааш нь болох 2016 оны 08-р сарын 16-ны өглөө Эрдэнэчимэгтэй утсаар ярихад Б, Дарьхүү 2 хоорондоо маргалдаад Дарьхүүгийн хамрыг Б хазсан гэж байсан" гэх мэдүүлэг/хх-ийн 16-17-р хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Б.Өлзийтын: “Өлзийбаярын гэрт нь архи, пиво уугаад байж байхад Дарьхүү Бтай «аргалдаад байсан ба мөн манай бэр Болороод хандан "Чи бид нарыг яваасай гэж бодож байна уу" гээд байсан. Тэгэхэд нь би Дарьхүүд хандан "Чи боль, нялх жүүхэдтэй хүнд юу хэлээд байгаа юм" гэхэд Дарьхүү болиод Бтай маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр гэрээс гараад муудалцахад нөгөө 2 чинь гадаа муудаад байна шүү дээ гэхэд би гэрээс гарахад Дарьхүү Бгийн хоолойг нь боогоод газар унагасан байхаар нь би салгаад Дарьхүү, Б хоёрыг гэрт оруулсан. Тэгээд бид нар гэрт орж дахин архи пиво уугаад байж байтал Дарьхүү, Б 2 маргапдаж байгаад нэг мэдэхэд гэрээс гараад явсан байсан. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна нэг мэдэхэд түргэн тусламж болон цагдаагийн хүмүүс ирсэн. Би тухайн үед архиндаа согтоод байж байхад Дарьхүүгийн хамарнаас цус гарсан байдалтай гэрт надад хандан хэлэхдээ "Б миний хамрыг хазаад ийм болгочихлоо шүү дээ" гэж Дарьхүү надад хэлж байсныг санаж байна" гэх мэдүүлэг /хх-н 81-82-р хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Б.Болдын: Нэг мэдэхэд би Эрдэнэчимэгтэй гэрийн гадаа зогсож байснаа санаж байна. Тэгээд нэг сэрэхэд би гэрт байсан ба Дарьхүүгийн хамарнаас цус гарсан байдалтай орж ирээд "Миний хамрыг Б хазчихлаа" гэсэн. Удалгүй түргэн тусламж ирээд Дарьхүүг авч явсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 83-84-р хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Ө.Болортуяагийн: "...Б, Дарьхүү 2 гэрээс эхлээд нэг удаа муудалцаж гараад дараа нь гэрт буцаж орж ирээд дахин муудалцаад гарсан бөгөөд удалгүй гэрийн гадаа зодоон болоод байх шиг байхаар нь би гэрээс гарахад Дарьхүү нүүрээ дараад хамарнаас нь цус гараад түргэн дуудаач гээд байхаар нь би түргэн тусламж дуудсан юм. Тэгээд удалгүй түргэн тусламж ирсэн. Дарьхүүгийн биед Б ах гэмтэл учруулсан ба намайг гэрээс гарахад Б ах, Дарьхүү ах хоёр хашааны гадна зууралдаж байгаад Б ах амнаасаа нэг юм хаяад зугтаагаад явсан. Харин Дарьхүү ах нүүрээ дараад үлдсэн ба хамарнаас их хэмжээгээр цус гарч байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 85-86-р хуудас/
мөрдөн байцаалтад гэрч О.Хишигсүрэнгийн: "...Өвчтөн Дарьхүү манай эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон байгаа. ...Г.Дарьхүүд боломжтой бүх эмчилгээг хийсэн байгаа" гэх мэдүүлэг, /хх-ийн 87-88-р хуудас/
хохирогч Г.Дарьхүүгийн бие махбодид учирсан гэмдлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 407 дугаартай дүгнэлтэд "1.Г.Дарьхүүгийн биед хамрын үзүүр хэсэг үгүй болсон гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар эмчилгээний үр дүнгээс хамаарна..." гэжээ, /хх-ийн 23-р хуудас/\
хохирогч Г.Дарьхүүгийн "Илизаров" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, /хх-ийн 90-97-р хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 7 дугаар гудамжны 18 тоот хашааны гадна талд Г.Дарьхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хамрыг нь тас хазаж, нүүрийг нь засаршгүй эвдэж, дүрсийг нь алдагдуулан, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч Г.Дарьхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад: "Би 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод суманд найзуудтайгаа уулзах эж ирсэн юм. Тэгээд би нэлээд согтсон ба Ж.Бтай би юунаас болж маргалдснаа сайн санахгүй байна, ямар ч л гэсэн түүнтэй хашааны гадна гудамжинд маргалдаж байсан ба нэг мэдэхэд Ж.Б миний хамарнаас хазаад "түй" гэж хаяад цаашаа зугтаагаад явсан..." гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтад гэрч Э.Баттулгын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Болдоо надтай утсаар яриад Б Дарьхүүгийн хамрыг хазсан талаар хэлсэн..." гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтад гэрч Э.Алтансүхийн: Өлзийт орж ирээд Дарьхүүгийн хамрыг Б хазсан баина. түргэн дуудаарай гэсэн ба араас нь Дарьхүү орж ирсэн. Тэр үед Дарьхүүгийн хамарнаас их хэмжээний цус гараад хамраа дараад байсан бөгөөд удалгүй түргэний хүмүүс ирээд Дарьхүүг аваад явсан." гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэчимэгийн: "... Б, Дарьхүү хоёр гэрт муудалцаад зууралдаж унаад байсан ба удалгүй Баттулга тасарсны дараа Ууганцэцэг, Төмөрбаатар нар Баттулгыг хүргэж өгнө гээд явсан. Хашааны гадна Дарьхүү, Б 2 ноцолдоод байсан. Тэгэхэд Өлзийт очоод тэр 2-г салгасан ба Б хүзүүгээ боолгуулсан байдалтай хүзүүнээсээ нэг юмыг татаад гүйгээд явсан ба энэ үед Дарьхүү "Миний хамрыг тас хазчихлаа. Түргэн тусламж дуудаарай" гэж хэлэхэд Өлзийт, Болдоо бид гурав Дарьхүүг гэрт оруулаад түргэн тусламж дуудсан. Дарьхүү Бгаас өөр хүнтэй ноцолдоогүй" гэх мэдүүлэг
мөрдөн байцаалтад гэрч Ц.Цэрэнцэцэгийн: " 2016 оны 08-р сарын 16-ны өглөө Эрдэнэчимэгтэй утсаар ярихад Б, Дарьхүү 2 хоорондоо маргалдаад Дарьхүүгийн хамрыг Б хазсан гэж байсан" гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтад гэрч Б.Өлзийтын: Дарьхүү, Б 2 маргапдаж байгаад нэг мэдэхэд гэрээс гараад явсан байсан. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна нэг мэдэхэд түргэн тусламж болон цагдаагийн хүмүүс ирсэн. Би тухайн үед архиндаа согтоод байж байхад Дарьхүүгийн хамарнаас цус гарсан байдаотай гэрт надад хандан хэлэхдээ "Б миний хамрыг хазаад ийм болгочихлоо шүү дээ" гэж Дарьхүү надад хэлж байсныг санаж байна" гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтад гэрч Б.Болдын: "... Тэгээд нэг сэрэхэд би гэрт байсан ба Дарьхүүгийн хамарнаас цус гарсан байдалтай орж ирээд "Миний хамрыг Б хазчихлаа" гэсэн. Удалгүй түргэн тусламж ирээд Дарьхүү авч явсан..." гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтад гэрч Ө.Болортуяагийн: “Дарьхүүгийн биед Б ах гэмтэл учруулсан ба намайг гэрээс гарахад Б ах, Дарьхүү ах хоёр хашааны гадна зууралдаж байгаад Б ах амнаасаа нэг юм хаяад зугтаагаад явсан. Харин Дарьхүү ах нүүрээ дараад үлдсэн ба хамарнаас их хэмжээгээр цус гарч байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 85-86-р хуудас/
мөрдөн байцаалтад гэрч О.Хишигсүрэнгийн: "...Өвчтөн Дарьхүү манай эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон байгаа. ...Г.Дарьхүүд боломжтой бүх эмчилгээг хийсэн байгаа" гэх мэдүүлэг, /хх-ийн 87-88-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 407 дугаартай дүгнэлт, хохирогч Г.Дарьхүүгийн "Илизаров" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, /хх-ийн 90-97-р хуудас/ болон хохирогч Г.Дарьхүүгийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Ж.Б бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял багассан байх тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулах талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчдийн санал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн цаашид гарах гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг буюу эмчилгээнд цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзав.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Ж.Б-гийн торгох ялыг 2020 оны 11 сарын 22-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Б нь хохирогч Г.Дарьхүүгийн нэхэмжилсэн эмчилгээний зардалд 5455000 төгрөгийг нөхөн төлсөн боловч гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг арилаагүй түүнийг мэс засал хийлгэж арилгах шаардлагатай байгааг харгалзан мэс засал түүнд зарцуулах зардалд нэхэмжилсэн 40260000 төгрөгийг шүүгдэгч Ж.Бгаас гаргуулан хохирогч Г.Дарьхүүд олгох нь зүйтэй байна.
Хохирол төлж дуусах хүртэл мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Бгийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт 1 дүгээр байр, 09 тоот 18.79 метр кавдрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай11. хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Х овогт Ж. Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 11000 /арван нэгэн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11000000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-гийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд буюу 2020 оны 11 сарын 22-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь торгох ялыг энэ тогтоолын 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Дарьхүүгийн хагалгааны зардал 40260000 төгрөгийг Ж.Б-гаас гаргуулж хохирогч Г.Дарьхүүд олгосугай.
7.Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, дахь хэсэгт зааснаар Ж.Б-гийн Төв аймаг Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 1 дүгээр байр 09 тоот 18.79 метр кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолын хохирол барагдах хүртэл хугацаагаар хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б-д авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ж.МӨНХТУЯА
Ю.ЭНХМАА